Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00544

 

 

 

 

 

 

 

 

     2024       03            18                                    210/МА2024/00544

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Т-д холбогдох,

9,074,283 төгрөг гаргуулах үндсэн, 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

И ХХК нь Б.Т-тэй 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож барьцаат зээлийн 190802 дугаартай гэрээ байгуулсан. Б.Т-гийн хувийн хэрэгцээнд 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс 5,000,000 төгрөгийг Б.Т-гийн данс руу шилжүүлсэн. Б.Т- нь барьцаат зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй.. Б.Т- нь гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүү 623,333 төгрөг төлөх байсан боловч төлөлгүй хугацаа хэтрүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Үүнээс 15 хоногийн алданги 46,750 төгрөг, хүүгийн төлбөрт 253,250 төгрөгийн тооцсон. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл зээл 2,916,669 төгрөг, хүү 946,664 төгрөг, нийт 3,863,333 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтрүүлсэн 183 хоногийн алданги 3,534,950 төгрөг болсон. Төлсөн 1,494,000 төгрөгийг алдангид суутгасан.

Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг нийт 9,074,283 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Г.Б-гэдэг хүн өөрийн таньдаг барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газар болох И ХХК-аас зээл аваад өгөөч гэсэн хүсэлтийг Б.Т-д тавьсан. Б.Т- зөвшөөрч туслахаар болж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр И ХХК-тай зээлийн гэрээ байгуулан өөрийн 1908 дугаартай автомашиныг барьцаалан зээлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Г.Б-нь тухайн зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй, зээлийн төлөлт хийнэ гэсэн амлалтдаа хүрээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Г.Б-нь өөрийн таньдаг И ХХК-д Б.Т-гийн автомашиныг барьцаанд тавьж, зээл авхуулсан. Нэхэмжлэгч “И ХХК” нь барьцаа хөрөнгийг Б.Т-гийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. “Приус 20” маркийн, 8608 УНД улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд орж ирсэн автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг Б.Т-тэй байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд хариуцагчийн “Приус 20” маркийн автомашиныг барьцаалсан. Тухайн авто машиныг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр фидуцийн гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авсан. 14 хоногийн дараа Б.Т-ий хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг н.Б-д шилжүүлж өгсөн. Маргаан бүхий автомашиныг Б.Т-ий зөвшөөрөлгүй шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Хавтаст хэргийн тодорхой баримтаар тогтоогдоно гэж үзэж байна. Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөгийг төлсөн. Үүнээс харахад И ХХК нь Б.Т-гийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй худалдан борлуулсан нь нотлогдоно.

Б.Т- энэ хугацаанд хоёр удаагийн төлөлтийг манай компанид төлсөн. Энэ үйл баримтыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийг 15,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Т-гээс 8,107,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 967,023 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч И ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, талуудын эрх тэгш нотлох баримтаа хуульд заасан журмаар цуглуулж мэтгэлцэх эрхийг зөрчсөн.

Зээлийн гэрээний хуваарь зөрчигдөхөд нэхэмжлэгчээс зээлд тооцож автомашиныг албадан хурааж авсан. Б.Т-гийн зүгээс энэ тухай Г.Б-д хэлэхэд ах нь “мөнгийг нь төлчихнө, И ХХК-ийн чамаас хурааж авсан автомашинаа зээлд суутгаж зээл нь хаагдсан” гэсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс зээл шаардаж Б.Т-тэй нэг ч удаа холбоо бариагүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад мэдсэн. Б.Т-гийн зүгээс Г.Б-болон И ХХК-ийн аль алинаас нь өөрийн автомашины төлбөрийг авч чадаагүй байхад дээрээс нь нэмж шүүхээс 8,107,260 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдал, шударга ёстой нийцэхгүй байна.

Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн барьцаанд шилжүүлсэн 86-08 УНД дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь барьцааны зүйл болох автомашиныг хариуцагчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хариуцагчийн зүгээс автомашиныг үнийг шаардах эрхтэй болно.

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 86-08 УНД улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг зах зээлийн бодит үнэлгээг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.1, 25.2.2, 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох эрх, үүргийн хүрээнд хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн үндсэн эрхийг зөрчсөн. Түүнчлэн, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн хувийн хэргийг бүхэлд гаргуулья гэхэд нэхэмжлэгч зээлийн хувийн хэрэг байхгүй, олдохгүй байна гэж зориуд худал тайлбар гаргасан. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь байхад зээлийн хувийн хэрэг нь байхгүй гэж нотлох баримт гаргаж өгөхөөс татгалзсан зэргээс нэхэмжлэгч худал хэлж бодит баримт гаргаж өгөхөөс зайлсхийж байгааг нотолж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүй автомашиныг худалдан борлуулсан тогтоогдож байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ хуваарийн дагуу төлөөгүй учир И ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг албадан хурааж авсан гэх агуулгаар тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, дансны хуулга, цаг хугацааг харахад гэрээг байгуулснаас хойш 14 хоногийн дараа тухайн тээврийн хэрэгслийг Г.Б- гэх хүний нэр рүү шилжүүлсэн байдаг. Хуваарийн дагуу сарын дараа төлөх ёстой төлбөрийг хариуцагч төлөөгүй. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс өөр ямар ч төлбөр хийгээгүй. Дээрх үйл баримтаар Б.Т- нь Г.Б- руу шилжүүлсэн, үүний дараа төлбөр төлж байсан талаар харагдана. Сөрөг нэхэмжлэлээр 15,000,000 төгрөг шаардаж байгаа боловч энэ талаарх баримт байдаггүй. Автотээврийн үндэсний төвөөс гаргасан түүхчилсэн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл 2019 оны 08 дугаар сард Г.Б- руу шилжсэн, үүний дараа 2-3 этгээд рүү шилжсэн байдаг. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаж, хувийн хэрэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Маргааны зүйл нь зээлийн гэрээний эргэн төлөлттэй холбоотой маргаан учир хувийн хэрэг ач холбогдолтой биш юм. Тухайн хувийн хэрэг хариуцагчид байхгүй гэдгээ албан бичгээр хүргүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,074,283 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр190802 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, И ХХК нь 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй Б.Т-д зээлдүүлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө 190802 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Б.Т-гийн өмчлөлийн 86-08 УНД улсын дугаартай, “Тоёота Приус 20” маркийн автомашиныг И ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх6-9/

 

3. Талууд дээрх зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн тооцооллын  талаар маргаангүй байна. Хариуцагч Б.Т- нь татгалзлын үндэслэлээ  “... Г.Б-ийн хүсэлтээр түүний таньдаг И ХХК-д өөрийн автомашинаа барьцаанд тавьж, зээл авч өгсөн, Г.Б-зээлийг төлөх ёстой” гэж тайлбарлан маргажээ. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр190802 дугаартай зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг талууд бичгээр байгуулж, гэрээнд зээлдүүлэгч И ХХК, зээлдэгч Б.Т- нар  гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Иймээс Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Мөн И ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Т-гийн данс руу шилжүүлсэн тул хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний маргаантай холбоотой нотлох баримтыг үнэлж, хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой.

 

4.1. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд байх боловч талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх эрх бүхий этгээд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх хөрөнгө буюу автомашиныг фидуциэр шилжүүлж авсныг хуулиар хориглоогүй тул буруутгахгүй.

 

5. Фидуцийн зүйл болох Тоёота Приус 20 маркийн автомашин Г.Б-ын өмчлөлд шилжсэн байна. Нэхэмжлэгч “ ... Б.Т-гийн хүсэлтээр автомашиныг шилжүүлсэн” гэж тайлбар нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч И ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 190821 дугаартай албан бичгээр тус компанийн нэр дээр бүртгэлтэй 86-08 УНД улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн автомашиныг иргэн Г.Б-ын өмчлөлд шилжүүлэх тухай хүсэлт “Авто тээврийн үндэсний төв”-д гаргаж, улмаар фидуцийн зүйл болох автомашин Г.Б-ын нэр дээр шилжин бүртгэгджээ. /хх19-20, 45-46/

 

6. Дээрхээс дүгнэхэд, хариуцагч Б.Т- нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, мөн фидуцийн зүйл болох автоамашиныг нэхэмжлэгч И ХХК захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэгт автомашиныг тооцон авснаар үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

7. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,074,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Мөн дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь автомашины үнийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй тул түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасантай нийцэх тул “хариуцагчид хохирол учирсан гэх” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “1” болон “2” дахь заалтыг нэгтгэн “1” дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т-гээс 9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч И ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т-гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн “3” дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчлөн,

тогтоох хэсгийн “3, 4” гэснийг “2, 3” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ