Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2023/00824

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Х овогт З.Б,

Хариуцагч: А аймгийн Б сумын СЕ (захирал С.А),

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Хариуцагч А аймгийн Б сумын СЕ-ийн захирал С.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.Б А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие З.Б нь 2018 оны Боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийг химийн багш мэргэжлээр төгсөөд А сумын СЕ, Буянт сумын СЕ, нийслэлийн Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургууль, 69 дүгээр сургууль, 30 дугаар сургуулиудад мэргэжлээрээ ажиллаж байсан.

1.2.Өнгөрсөн зун Б сумын иргэн Е.Серикболаттай гэр бүл болж Б суманд шилжиж ирсэн. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б сумын СЕ нь химийн багш шалгаруулж авах талаар сургуулийн цахим хуудсанд зар тавьсан.

1.3.Миний бие түүний дагуу очиж бүртгүүлсэн ба шалтгааныг 8 дугаар сарын 31-ний өдөр авах ёстой байсан боловч А.А гэгч ирээгүй. Түүний ээж нь ирээд А.А аймаг руу явсан, шалтгааныг маргааш хүртэл хойшлуулж өг гэж хүсэлт тавьсны дагуу тэр өдөр шалгалт авагдаагүй. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагт шалгалт эхлэх байсан боловч А.А мөн ирээгүй. Түүнийг нэг цаг хүлээгээд ирэхгүй болохоор нь шалгалт эхэлсэн. Би ганцаараа шалгалт өгч 85 оноо авч тэнцсэн.

1.4.Тэрний дагуу намайг сургуулийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар химийн багшийн ажилд томилж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би тэрнээс хойш ажлаа хийж байгаад 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр жирэмсний амралт авсан.

1.5.Өмнө нь тус сургуульд химийн цагийн багшаар ажиллаж байсан А.А нь сонгон шалгаруулалтад ирээгүй мөртлөө А аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/1112 тоот шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.   

А.А нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 212/МА2023/0032 тоот магадлалаар түүнийг урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Ингэж шийдвэрлэхдээ намайг ажилд томилсон тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоогүй.

1.6.Харин ажил олгогч сургуулийн захирлаас ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзэж ажилд эгүүлэн томилсон.

А.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс Б сумын СЕ-д химийн цагийн багшаар томилогдож ажиллаж байсан. Мөн сургуульд химийн багшаар ажиллаж байсан. Ж.К 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба түүний оронд А.А-ыг томилсон ямар нэгэн тушаал гарч байгаагүй.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх болоход Ж.К багшийн орон тоо сул байсан учир сургуулиас тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, би түүнд тэнцэж ажилд томилогдсон.

1.7.Гэтэл тус сургуулийн захирал 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг үндэслэн миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байна. 

Миний бие 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл жирэмсний амралттай, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл амаржсаны амралттай байсан. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү А-г төрүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр амралт дуусах дөхөж байгаа учир хэзээ орохоо мэдэх гээд сургуульд очиход сургуулийн бичиг хэргийн ажилтан Мейрам сургуулийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг гардуулж өгсөн.

1.8.Сургуулийн захирлын дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир түүний шийдвэрийг эс зөвшөөрч А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан.

Тус хороо миний гомдлыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 34 дугаартай тэмдэглэлээр “Гишүүдийн олонхын саналаар талууд тохиролцоонд хүрээгүй гэж үзэж А аймгийн Б сумын СЕ-ийн захирал С.А-ын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “З.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ талаар гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр миний өмгөөлөгч Х.Б-д гардуулж өгсний дагуу шүүхэд хандаж байна.

1.9.Сургуулийн захирлын дээрх тушаал нь дараах үндэслэлүүдээр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

1.10.А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/0032 тоот магадлалаар А.А-ыг ажилд эгүүлэн томилоохдоо намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгоогүй.

1.11.Ажил олгогч сургуулийн захирлаас ажлаас чөлөөлсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй атлаа А.А-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан химийн багшийн үүрэгт ажлыг гүйцэтгүүлээгүй байдлыг ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй адилтгаж үзэж ажилд эгүүлэн томилсон.

1.12.А.А-ыг миний томилогдсон Ж.К багшийн оронд томилогдсон ямар нэгэн тушаал шийдвэр гарч байгаагүй.

1.13.Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах заалтыг зөрчиж намайг жирэмсний болон амаржсаны амралттай байхад ажлаас чөлөөлсөн.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А аймгийн Б сумын СЕ-ийн захирал С.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч З.Б-ын тушаалыг хүчингүй болгосон талаар өөрт нь утсаар мэдэгдсэн тухайн үед З.Б өөрөө байхгүй байсан. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр З.Б өөрөө химийн багшаар ажиллаж байсан. Багш А.А-ыг Ж.К  багшийн оронд А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гаргасан 212/МА2023/00032 дугаартай шийдвэрийг үндэслэн ажилд нь эгүүлэн томилсон юм. Шүүхийн шийдвэрийг үндэслэн А.А-ыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэж ажилд эгүүлэн томилсон.

2.2.Нэг л багшийн үндсэн орон тоо гараад шүүхийн шийдвэрээр хүн томилогдсон тул өөр орон тоо байхгүй. Харин цагийн багшаар ажиллуулах санал тавьсан боловч З.Б хүлээж аваагүй болно.

2.3.А.А-ыг эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж З.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч нь тухайн үед ирж чадаагүй. Дараа нь 6 дугаар сарын үед ирээд тушаалыг аваад явсан болно.

Иймд нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас”,  2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас”, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн С.Ам-ийн №390169984642 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаартай “З.Б-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал, А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай хуралдааны тэмдэглэл, А аймгийн Б сумын СЕ-ийн багш нарын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай “Химийн багш Ж.К-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01112 дугаартай шийдвэр, А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай магадлал зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас  гаргаж өгсөн бичгийн нотлох баримт байхгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч З.Б дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ажил олгогч (хариуцагч) Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан.

7.Хариуцагч А аймгийн Б сумын СЕ-ийн захирал С.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай шийдвэрийг биелүүлж, багш А.А-ыг ажилд нь эгүүлэн томилсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1.Хавтаст хэрэгт авагдсан А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан химийн багш Ж.К-ыг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

8.2.А аймгийн Б сумын СЕ-ийн химийн багшийн орон тоонд сонгон шалгаруулалтад (нэхэмжлэгч) З.Б оролцож авах ёстой оноо 68 онооноос 58 оноо авч, 85%-тай тэнцсэн болох нь А аймгийн Б сумын СЕ-ийн сонгон шалгаруулалт явуулсан комиссын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр нотлогдож байна.

8.3.Улмаар А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ш.М-ийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар сонгон шалгаруулалтаар 85% тэнцсэн багш (нэхэмжлэгч) З.Б-ыг химийн багшаар томилсон байна.

8.4.Гэтэл А аймгийн Б сумын СЕ-ийн химийн багшаар ажиллаж байсан Ж.К 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж оронд нь үндсэн багшаар шилжин ажилласан гэж Ш.А шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2022/00032 дугаартай магадлалаар А.А-ыг А аймгийн Б сумын СЕ-ийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

8.5.Энэхүү А.А-ын нэхэмжлэлтэй, А аймгийн Б сумын СЕ-ийн захиралд холбогдох “А аймгийн Б сумын СЕ-ийн химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн” иргэний хэрэгт (нэхэмжлэгч) З.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон болох нь А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2022/01112 дугаартай шийдвэр, А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай магадлал-аар тус тус нотлогдож байна.

8.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д “тухайн ажлын байранд өмнө нь ажиллаж байсан хүнийг 61.1-д заасны дагуу эгүүлэн авсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болно” гэж заасан байна.

Иймд А аймгийн Б сумын СЕ-ийн химийн багшийн ажилд А.А-ыг эгүүлэн тогтоосон А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2023/00032 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул химийн багшаар ажиллаж байсан З.Бын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон байна.

8.7.Нэхэмжлэгч З.Б-ын ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг А аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж “...гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байна.

8.8.Хариуцагч нь нэхэмжлэгч З.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан талаар 4 дүгээр сарын 16-ны өдөр түүнд утсаар мэдэгдсэн гэх боловч энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна.

8.9.Нэхэмжлэгч З.Б нь 2023 оны 02 дугаар сарын 27-ноос 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд, мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралттай байсан нь “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас”-аар, мөн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүү С.А-г төрүүлсэн болох нь С.А-ийн №390169984642 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбараар тус тус нотлогдож байна.

8.10.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар А.А-ыг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч (ажил олгогч) А.А-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй.

Тодруулбал, нэхэмжлэгч З.Б-ын урьд нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон А аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 212/МА2022/00031 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-ийг зөрчөөгүй болно.

9.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А аймгийн Б сумын СЕ-ийн захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан химийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Х овогт З-ийн Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК