Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03038

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/03038

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  НД ХХК

Хариуцагч:  ТР ХХК

Гэрээний үүрэгт 86,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч НД ХХК нь хариуцагч ТР ХХК-нд холбогдуулж гэрээний үүргийн биелэлтэд 86,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч НД ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НД ХХК нь ТР ХХК-ийн захирал Х.Бтай Д аймгийн Да сумын нутаг дахь Билүүт талбайд 320 метр хайгуулын өрөмдлөгийн ажлыг 44,800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн сумын нутаг дахь Хар айраг овоо талбайд 300 метр ажлыг 33,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн сумын нутаг Зүүн далан талбайд 250-400 мерт ажлыг 35,000,000-56,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус гурван гэрээний төлбөрийн үлдэгдэл 70,780,000 төгрөг болсон. Компаний өмчлөлд байсан .. УНП улсын дугаартай ниссан навара пикап маркын автомашиныг 22,000,000 төгрөгөөр тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан ба тухайн үед урьдчилгаа 6,000,000 төгрөг төлж 16,000,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Х.Б нь ТР ХХК, Н ХХК-ийн захирал бөгөөд тухайн үед автомашиныг Н ХХК-ийн нэр дээр шилжүүлж ТР ХХК-ийн нэр дээр тооцоо хийнэ гэж бичээд гарын үсгээ зурсан. Гэрээгээр тохирсон ажлыг хийх ажилдаа уг машиныг хэрэглэх зорилгоор манайхаас худалдаж авсан. Ажилдаа ч ашигласан. Нийт төлбөрийн үлдэгдэл 86,780,000 төгрөг байсныг хоёр компанийн санхүүчид тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч, 2016 онд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, төлбөрийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана гэж тохиролцсон. Тооцоо нийлсэн өдрөөр төлбөрийн сүүлийн жилийг тохирсон боловч мөнгөө өгөхгүй байсан тул офисст нь очиж захирал Х.Бтай удаа дарааллан уулзаж, утсаар ярьж төлбөрөө нэхэхэд цар тахлаас шалтгаалаад байнаа гэсэн тайлбар өгдөг байсан. Гэтэл удалгүй уг хаягнаас компани нүүж захирлын 99119876 дугаар зарагдаж, компаний хувьцаагаа гуравдагч этгээд рүү шилжүүлсэн байсан. Хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон тул шүүхэд хандан эрэн сурвалжлах шийдвэр гарч Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоотоор хариуцагчийн хаягийг олж тодорхойлж өгсөн. Х.Б нь НД ХХК-ийн захирал Ө.Жтай тохиролцоогоо баталгаажуулсан мөртлөө юу ч мэдэхгүй юм шиг тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Хариуцагч ТР ХХК-наас 86,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ТР ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б миний бие ТР ХХК-ний үүсгэн байгуулагч. 2012 оноос эхлэн НД ХХК-тай хамтран ажиллаж ирсэн. 2014 онд Д аймгийн Да сумын нутагт 3 ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг өгч байсан боловч тохиролцсон ажлыг гэрээнд заасан шаардлагыг хангахуйц байдлаар хийж гүйцэтгээгүй. Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул тухайн үед Ө.Ж захиралд хэлж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэдгийг мэдэгдэж байсан. Н ХХК-ийн үүсгэн байгуулагч нь би боловч одоо өөр хүн рүү шилжсэн. Хоёр компаний хоорондын санхүүгийн асуудлыг би мэдэхгүй. Тооцоо нийлсэн актад би гарын үсэг зураагүй, мэдэхгүй байна. Хоёр компанийг хооронд нь холиод машины төлбөрийг нэхэмжилж байх шиг байна. Машины төлбөрийг Н ХХК-наас нэхэмжлэх байх. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 86,780,000 төгрөгийн үнийн дүнд машины үлдэгдэл төлбөр орсон. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлөхгүй. Энэ талаар тухайн үед баримт үйлдээгүй гэв.

3. 2014 оны 03 дугаар сарын 14, 2014 оны 04 дүгээр сарын 17, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Д аймгийн Да сумын нутагт баганат өрөмдлөгийн /чөмөгтэй/ ажил гүйцэтгэх гэрээнүүд, Тооцооны үлдэгдлийн баталгаа, НД ХХК-ийн тооцоо нийлсэн акт, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 102/ШШ2022/03625 шийдвэр, 2014 оны 24 дүгээр сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг шүүхэд баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Талууд үлдэгдэл төлбөр 86,780,000 төгрөгийг актаар баталгаажуулж жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана гэж тохиролцсон гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь тохиролцсон ажлыг гэрээнд заасан шаардлагыг хангахуйц байдлаар хийж гүйцэтгээгүй. Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлсэн актад би гарын үсэг зураагүй, машины төлбөрийг Н ХХК-наас нэхэмжил гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Зохигчийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 44,800,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 33,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 35,000,000-56,000,000 төгрөгөөр тохиролцож Д аймгийн Да сумын нутагт хайгуулын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулагдсан.

Гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үнийн дүнд талууд маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

4.1.2. Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 12 дугаар зүйлийн 12.1.1-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэгч талд энэ талаар мэдэгдсэн баримтгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасан гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч НД ХХК зөрчсөн талаар баримтгүй тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

4.1.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал Х.Б нь ТР ХХК, Н ХХК-ийн захирал бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээгээр автомашиныг Н ХХК-ийн нэр дээр шилжүүлж ТР ХХК-ийн нэр дээр тооцоо хийхээр тохиролцож нийт тооцооны үлдэгдлийн баталгааг актаар баталгаажуулсан гэсэн тайлбар нь хэрэгт баримтаар авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. Үүнд:

Гэрээний талууд гэрээг дүгнэж, гэрээт ажлын тооцоог 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийлж төлсөн урьдчилгааг хасч эцсийн байдлаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 70,780,000 төгрөг, ниссан навара пикап авто машины үнэ 16,000,000 төгрөг нийт 86,78,000 төгрөгийг төлөхөөр акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. /хх-17 хуудас/

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллага хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ТР ХХК нь 86,780, 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, энэхүү өрийн үлдэгдлийг 2016 онд багтаан тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. /хх-18/

Мөн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллага хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж ТР ХХК нь 86,780,000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталгаажуулж, энэхүү өрийн төлбөрийн үлдэгдлийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгана гэж тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож тооцооны баримт тус тус үйлдсэн. /хх-16 хуудас/

Иймд хариуцагчийн тайлбарласан ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэж өгөөгүй, автомашины үнийг төлөхгүй гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэв.

4.1.4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч ТР ХХК нь үүргээ хүлээн зөвшөөрч, талууд эцсийн байдлаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон тул хөөн хэлэлцэх хугацааг төлбөр төлөх сүүлийн он сараар тооцоход мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дуусаагүй байна.

Хариуцагч ТР ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс компанийг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгээр ТР ХХК болон захирал Б.Энхтуяагийн хаягийг олж тогтоосноор нэхэмжлэгч тогтоосон журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ТР ХХК-наас 86,780,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ТР ХХК-иас 86,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТР ХХК-наас 591,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НД ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА