Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01850

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01850

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03038 дугаар шийдвэртэй,

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 86,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “Н” ХХК нь “Т” ХХК-тай Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Билүүт талбайд 320 метр хайгуулын өрөмдлөгийн ажлыг 44,800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ,  мөн сумын нутаг дахь Хар айраг овоо талбайд 300 метр ажлыг 33,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ, мөн сумын нутаг Зүүн далан талбайд 250-400 мерт ажлыг 35,000,000-56,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцож 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.2. Тус гурван гэрээний төлбөрийн үлдэгдэл 70,780,000 төгрөг болсон.

1.3. Компанийн өмчлөлд байсан - улсын дугаартай Ниссан навара пикап маркийн автомашиныг хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажилдаа хэрэглэх зорилгоор 22,000,000 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед урьдчилгаа 6,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг төлөөгүй.

Х.Б нь “Т” ХХК, “С” ХХК-ийн захирал бөгөөд тухайн үед автомашиныг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, “Т” ХХК-ийн нэр дээр тооцоо хийнэ гэж бичээд гарын үсгээ зурсан.

1.4. Төлбөрийн нийт үлдэгдэл 86,780,000 төгрөг байсныг хоёр компанийн санхүүчид тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч, 2016 онд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, төлбөрийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгана гэж тохиролцсон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй.

1.5. Хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон тул шүүхэд хандан эрэн сурвалжлуулж, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн албан тоотоор хариуцагчийн хаягийг олж тодорхойлж өгсөн.

Иймд хариуцагч “Т” ХХК-аас 86,780,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2012 оноос “Н” ХХК-тай хамтран ажиллаж ирсэн. 2014 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 3 ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг өгч байсан боловч тохиролцсон ажлыг гэрээнд заасан шаардлагыг хангахуйц байдлаар хийж гүйцэтгээгүй. Ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй тул тухайн үед Ө.Ж захиралд хэлж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэдгийг мэдэгдсэн.

2.2. “С ХХК”-ийн үүсгэн байгуулагч нь Х.Б боловч одоо өөр хүн рүү шилжсэн. Хоёр компанийн хоорондын санхүүгийн асуудлыг Х.Б мэдэхгүй. Тооцоо нийлсэн актад Х.Б гарын үсэг зураагүй. Хоёр компанийг хооронд нь холиод машины төлбөрийг нэхэмжилж байх шиг байна. Машины төлбөрийг “С” ХХК-аас нэхэмжлэх байх.

2.3. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 86,780,000 төгрөгийн үнийн дүнд машины үлдэгдэл төлбөр орсон. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг төлөхгүй. Энэ талаар тухайн үед баримт үйлдээгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-иас 86,780,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 591,850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-наас 591,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.2.2-т заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарыг үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.1. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,780,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3 дахь хэсэгт заасан зохицуулалтуудад нийцсэн тодорхой заалтууд бий. Тухайлбал: гэрээний 2.2- т “Цооног өрөмдөх градус 45-90, керний гарц 90%-аас дээш байх шаардлагатай”, 7.5-д “Захиалагч өөрийн геологичийг дээж хүлээж авах ажилд өдөр тутам оролцуулж бүх документаци хөтлүүлж, өрөмдлөгийн репортонд гарын үсэг зурна”, 8.3-т “Гэрээт ажлыг өрөмдлөгийн ажлын технологийг баримтлан чанартай, хурдан шуурхай захиалагчийн тавьсан техникийн нөхцөл геологийн даалгаврын дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй”, 8.5-д. “Гүйцэтгэгч нь захиалагчид геологи техникийн нөхцөлд - тохирсон цооног хүлээлгэж өгөх үүрэгтэй”, 8.8-д “Гүйцэтгэгчийн өрмийн мастерууд захиалагчийн геологич нар өрөмдлөгийн ажлын явцын тухай репорт хөтөлж өдөр тутмын гүйцэтгэлийг гаргаж гарын үсгээр баталгаажуулалт хийж байна” зэрэг болно.

Иргэний хуулийн зохицуулалт, түүнд нийцүүлэн зохигчийн хооронд байгуулсан гэрээний заалтуудаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Н” ХХК нь гэрээнд заасан ажлыг тохиролцсон хугацаанд, гэрээгээр тогтоосон байршилд, заасан хэмжээ, гүн, градус, керний гарцын шаардлагыг хангасан байдлаар хийж гүйцэтгэж, захиалагч “Т” ХХК-ийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй, ажлын үр дүнг шилжүүлэх, хүлээлгэж өгөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн хувьд тохиролцсон ажлаа гэрээнд заасан шаардлагыг хангахуйц байдлаар хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг ч хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед “Н” ХХК-ийн захирал Ө.Жд энэ талаар хэлж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, урьдчилгаа төлбөрөө буцаан нэхэмжлэх нөхцөл бүрдэж байна шүү гэдгийг мэдэгдэж, анхааруулж байсан.

Түүнчлэн нэхэмжлэгч нь талуудын маргааны зүйл болж байгаа ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгөх үүргээ биелүүлснээ шүүхийн өмнө нотлох, шүүх энэ байдал нотлогдож буй эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн хоёр компанийн нягтлан бодогчид баталгаажуулсан гэх “Тооцооны үлдэгдлийн баталгаа” нэртэй баримтыг Х.Б би урьд нь харж, танилцаж байгаагүй, мөн тухайн баримтад гарын үсэг зурсан гэх манай компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М.П нь надад ийм тооцоо нийлсэн, гарын үсэг зурсан талаар хэлж байгаагүй болно. Тухайн баримт нь мэдэгдэхүйц засвартай, гараар нэмж бичсэн зэрэг нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх нь эргэлзээтэй байхад эх сурвалжийг магадлах замаар нягтлахгүйгээр ийм дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад: “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт: “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” талаар заасан. Хариуцагчийн хувьд гомдолд дурдаж байгаачлан Ө.Жтай ярилцаж, тохиролцоод гэрээний гүйцэтгэлтэй холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэгдсэн гэж ойлгож байтал 9 жилийн дараа төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа тайлбарласан боловч анхан шатны шүүх хэт нэг талын эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хаацайлсан шийдвэр гаргалаа.

4.2. “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 16,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэлд дурдсан автомашины төлбөр тооцоо манай компанид хамааралгүй ба нэхэмжлэгчээс “С” ХХК автомашиныг худалдан авсан. Тухайн хоёр компанийн хооронд үүссэн харилцаа юм. Үүнийг нотолсон баримтуудыг нэхэмжлэгч талаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн байх ёстой. Нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсгээгүй, автомашиныг өмчлөлдөө шилжүүлж аваагүй “Т” ХХК-д бусдын үүргийг хариуцуулан шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

4.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд:

Даргалагч шүүгчийн зүгээс мэтгэлцэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй, талуудын тэгш оролцоог хангаагүй, мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг хариуцагчийн төлөөлөгчдөд бүгдийг танилцуулаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 86,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “Н” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Бигүүт талбайд 320 метр хайгуулын өрөмдөлгийн ажлыг 44,800,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөн сумын нутаг дахь Хар айраг овоо талбайд 300 метр ажлыг 33,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөн сумын нутаг Зүүн далан талбайд 250-400 мерт ажлыг 35,000,000-56,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.   

 

4.1. Талууд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 70,780,000 төгрөг, Ниссан навара пикап автомашины үнэ 16,000,000 төгрөг, нийт 86,780,000 төгрөг болохыг, мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтийг тулгаж хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 86,780,000 төгрөгийн өртэй гэж бичигдсэн. Дахин 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтийг тулгаж хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь 86,780,000 төгрөгийн өртэй, өрийн үлдэгдлийг жил бүр хувь тэнцүүлэн төлсөөр 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, 2 талын няглан бодогч нар гарын үсэг зурж, хариуцагч компанийн санхүүгийн тэмдэг, нэхэмжлэгч компанийн тамга тус тус дарж баталгаажуулсан байна.

4.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах үе буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаагаар тооцвол 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь уг хугацааны дотор багтаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

4.3. Мөн дээр дурдсан тооцоо нийлсэн акт болон 2 удаагийн тооцооны үлдэгдэл баталгаа гэх баримтуудыг хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангаагүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж хариуцагч тал тайлбарлах боловч өрийг хүлээн зөвшөөрсөн дээр дурдсан баримтуудыг баталгаажуулсан байдлаар үгүйсгэгдэж байна.

4.4. Мөн хариуцагч тал анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой тайлбар гаргаагүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг өмнө нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцаж байгаагүй гэх хэсгийг хүлээж авах боломжгүй байна. 

4.5. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх 3 гэрээний үүрэгт 70,780,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Харин тооцоо нийлсэн актад дурдагдаж буй “Ниссан навара” маркийн автомашин нь “Н” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр “С” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байна. Иймд нэхэмжлэгч “Н” ХХК болон хариуцагч “Т” ХХК-ийн хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үнэ шаардах эрхгүй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.    

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/03038 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 86,780,000 ...” гэснийг “70,780,000” гэж, “... олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 16,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “... хариуцагч “Т” ХХК-аас 591,850 ...” гэснийг “хариуцагч “Т” ХХК-аас 511,850” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА