Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03922

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03922

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ИГФ ХХК

Хариуцагч Б

Хариуцагч: М

Гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов. /хариуцагч Д.М эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ИГФ ХХК нь хариуцагч С.Бт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг С.Б, Д.М нарын барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. Нэхэмжлэгч ИГФ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.Б нь ИГФ ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №22/16 дугаартай зээлийн гэрээ байгуулж 110,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн ..тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, хамтран зээлдэгч Д.Мын өмчлөлийн .. хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч ямар ч төлөлт хийгдээгүй. Зээл төлөхгүй шалтгаанаа нийлмэл хүүтэй зээл олгосон гэж тайлбарладаг. Нийлмэл хүү гэдгээ БЖ гэдэг хүнээр зээлээ төлүүлж дахин ББСБ-аас зээл олгосныг нийлмэл хүүтэй зээл гэж тайлбарлаж байгаа. Анх С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай 100,000,000 төгрөгийн зээлийг тус ББСБ-аас зээлж, төлөлтөө 2022 оны 11 дүгээр сар хүртэл хийж явсан. Энэ хугацаанаас хойш зээлийн төлөлтөө хийгээгүй бөгөөд хүүгийн хамт 110,000,000 төгрөг болсон бөгөөд зээлийн мэдээллийн санд муу жагсаалтад орох гээд байна гэж тайлбарлан БЖаар төлүүлж зээлээ хааж, энэ өдрөө 110,000,000 төгрөгний зээлийн гэрээг байгуулж өөрийн дансаар зээлийн мөнгийг хүлээж авсан. Ингэснээр зээлийн санд хэвийн зээлтэй гэж харагдах нь цаашдаа өөрт нь хэрэгтэй юм. Иймд хариуцагч С.Бээс зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 38,099,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,835,068 төгрөг нийт 154,934,247 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг С.Б, Д.М нарын барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. БЖийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзаж байна гэв.

2. Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б, Д.М нар нь ИГФ ХХК-наас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 110,000,000 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Зээлээ төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй гэдгээ ББСБ-д илэрхийлсэн. Гэрээний хугацаа хэтэрсэн хүүг төлж байж гэрээ сунгагдах эсэх нь яригдана, эсвэл шинээр гэрээ байгуул, бид төлөлт хийхийг шаардахгүй, зээл төлөх тухай мэдэгдэл хүргүүлэхгүй гэсэн болзол тавьсан. Ингээд 110,000,000 төгрөгний гэрээг байгуулсан. Өмнөх зээлээ ИГФ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БЖээс 110,000,000 төгрөг авч зээлээ хааж, шинэ гэрээ байгуулагдсан. Мөнгө шилжүүлэх үйл явдлыг харвал 30 минутын зайтай мөнгө нэгээс нөгөө рүү шилжсэн гүйлгээ харагддаг. С.Бийн хувьд иргэний нэрээрээ зээлийн гэрээг БЖтэй байгуулаагүй гэх маргаан байдаг. Энэ хүн өөрөө хувьцаа эзэмшигч, тухайн зээлийн гэрээний үйл ажиллагаанд оролцдог, зээл олгох асуудал дээр гарын үсэг, тамга дардаг этгээд. Гэтэл өөрөө зээл чөлөөлөх асуудал хэлээд буцаагаад ББСБ-ын үйл ажиллагаанд оролцоод гарын үсэг зураад зээл олгох асуудлыг хийгээд байгаа нь хэр бодит байдалтай таарх юм бэ. Өөрт ашиг олох зорилгоор шинэ гэрээ хэлцэл байгуулсан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А/203 тушаалын 5 дугаар зүйлийн 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байхад давуу эрхээ эдэлж зээлдэгчид дарамт шахалт үзүүлж шинэ гэрээ байгуулсан. Нийлмэл хүүтэй зээл олгогдсон тул тус гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Д.М нь ИГФ ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ээс татгалзаж байна. ИГФ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Б, Д.М нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Д.М, С.Б нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл эргэн төлөх хуваарь, Зээл олгох тухай хүсэлт, зээлдэгч С.Б, Д.М нарын 2019, 2020, 2021, 2022 оны зээлийн хувийн хэрэг, БЖий Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга,

5. Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, С.Бийн Хаан банкны дансны хуулга зэргийг баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж мөнгийг шилжүүлж авсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус банк бустай зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг зээлж, хүүгийн хамт 110,000,000 төгрөгний төлөлт үлдсэн, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүссэн тул нэхэмжлэгчийн дарамт шахалтаар хувьцаа эзэмшигч БЖ зээл чөлөөлж, 110,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, нийлмэл хүүтэй зээл олгогдсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн барьцаанд Д.Мын өмчлөлийн ...хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, С.Бийн өмчлөлийн ... хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж гэрээ байгуулагдсан болох нь зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

4.1. Нэхэмжлэгч ИГФ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч С.Б, Д.М нар нь ИГФ ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгний зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж хүүгийн хамт 110,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлж гэрээ дуусгавар болсон, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус ББСБ-д 110,000,000 төгрөгний зээл авах хүсэлт илэрхийлж, өмчлөлийн орон сууцаа барьцаалж зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд 110,000,000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгдэж, зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч нь 110.000.000 төгрөгийн зээл авч тэр өдрөө зээл чөлөөлүүлсэн БЖы дансанд мөнгийг шилжүүлсэн тул зээлийг төлөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д зааснаар мөнгийг эргүүлэн төлөх үүрэгтэй.

Тодруулбал хариуцагч С.Б нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авч өөр хүнд шилжүүлсэн гэх үйлдэл нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд зээлдүүлэгч зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байгаа тул өөрийн өмчлөлд авсан мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй юм.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А-203 Журам шинэчлэн батлах тухай тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг баталж, тус журмын 1.3.6-д Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгоно гэж тодорхойлоод 5 дугаар зүйлийн 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж журмалжээ.

Нэхэмжлэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг төлж гэрээг дуусгавар болгон, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн 110,000,000 төгрөгийг шилжүүлж авсан тул нийлмэл хүүтэй зээл олгогдсон тул зээлийг төлөхгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Эрдэнэчимэг хариуцагч С.Б нь 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг дуусгавар болгон, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000,000 төгрөгийг зээлдэж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд ББСБ-ыг төлөөлж би гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн болно.

4.2. Хариуцагч нар нь ...хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, ... хаягт байрлалтай 40 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт тус тус барьцаалсан тул барьцаалагч ИГФ ХХК нь Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй байна.

5. Иймд хариуцагч С.Бээс үндсэн зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 38,099,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,835,068 төгрөг нийт 154,934,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИГФ ХХК-нд олгож, барьцаа хөрөнгө С.Бийн өмчлөлийн ..тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Д.Мын өмчлөлийн .. хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс С.Бтэй байгуулсан 2019-2021 он хүртэлх зээл, барьцааны гэрээг ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь БЖийг гэрчээр асуулгах хүсэлтээс татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Бээс 154,934,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИГФ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Бийн өмчлөлийн ..тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Д.Мын өмчлөлийн .. хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,366,370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 1,296,170 төгрөг, хариуцагч Д.Маас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ИГФ ХХК-нд олгосугай.

4. Нэхэмжлэгч нь гэрчээр БЖийг оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА