Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00265

 

 

 

 

 

 

             

    2024          02            02                                       210/МА2024/00265

 

ИГ ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэртэй,

 

ИГ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Б, Д.Ж нарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт 154,934,247 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С.Б нь ИГ ББСБ ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 22/16 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 110,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11 байр, 37 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, хамтран зээлдэгч Д.Жын өмчлөлийн, Баянгол дүүрэг, ********************* талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй.

1.2. Зээл төлөхгүй шалтгаанаа “нийлмэл хүүтэй зээл олгосон” гэж тайлбарладаг. БЖЧ гэдэг хүнээр зээлээ төлүүлж дахин ББСБ-аас зээл олгосныг нийлмэл хүүтэй зээл гэж тайлбарлаж байгаа. Анх С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1 жилийн хугацаатай 100,000,000 төгрөгийн тус ББСБ-аас зээлж, төлөлтөө 2022 оны 11 дүгээр сар хүртэл хийсэн. Энэ хугацаанаас хойш зээлийн төлөлтөө хийгээгүй бөгөөд хүүгийн хамт 110,000,000 төгрөг болсон бөгөөд зээлийн мэдээллийн санд муу жагсаалтад орох гээд байна гэж тайлбарлан БЖЧаар зээлээ төлүүлж, мөн өдрөө 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж өөрийн дансаар зээлийн мөнгийг хүлээж авсан. Ингэснээр зээлийн санд хэвийн зээлтэй гэж харагдах нь цаашдаа өөрт нь хэрэгтэй юм.

 Иймд хариуцагч С.Бээс зээл 110,000,000 төгрөг, зээлийн хүү 38,099,178 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,835,068 төгрөг, нийт 154,934,247 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг С.Б, Д.Ж нарын барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. С.Б, Д.Ж нар нь ИГ ББСБ ХХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 110,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зээлээ төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй гэдгээ ББСБ-д илэрхийлсэн. Гэрээний хугацаа хэтэрсэн хүүг төлж байж гэрээ сунгагдах эсэх нь яригдана, эсвэл шинээр гэрээ байгуул, бид төлөлт хийхийг шаардахгүй, зээл төлөх тухай мэдэгдэл хүргүүлэхгүй гэсэн болзол тавьсаны дагуу 110,000,000 төгрөгийн гэрээг байгуулсан.

Өмнөх зээлээ ИГ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БЖЧээс 110,000,000 төгрөгийг авч зээлээ хааж, шинээр гэрээ байгуулсан. Мөнгө шилжүүлэх үйл явдлыг харвал 30 минутын зайтай мөнгө нэгээс нөгөө рүү шилжсэн гүйлгээ харагддаг.

2.2. С.Б иргэний нэрээрээ зээлийн гэрээг БЖЧтэй байгуулаагүй гэх маргаан байдаг. Энэ хүн өөрөө хувьцаа эзэмшигч, тухайн зээлийн гэрээний үйл ажиллагаанд оролцдог, зээл олгох асуудал дээр гарын үсэг, тамга дардаг этгээд юм.

 Гэтэл өөрөө зээл чөлөөлөх асуудал хэлээд буцаагаад ББСБ-ын үйл ажиллагаанд оролцоод гарын үсэг зураад зээл олгох асуудлыг хийгээд байгаа нь өөрт ашиг олох зорилгоор шинэ гэрээ хэлцэл байгуулсан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А/203 тушаалын 5 дугаар зүйлийн 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байхад давуу эрхээ эдэлж зээлдэгчид дарамт шахалт үзүүлж шинэ гэрээ байгуулсан. Нийлмэл хүүтэй зээл олгогдсон тул тус гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Бээс 154,934,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ИГ ББСБ ХХК -д олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар С.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг, **********************3 өрөө орон сууц, Д.Жын өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 32 байр, 25 тоот хаягт байрлах 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,366,370 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 1,296,170 төгрөг, хариуцагч Д.Жаас 70,200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжпэгч ИГ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ИГ ББСБ ХХК  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн.

Хариуцагч С.Б, Д.Ж нар нь ИГ ББСБ ХХК -тай 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, хүүгийн хамт 110,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлж гэрээ дуусгавар болсон.

 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус ББСБ-д 110,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт илэрхийлж, өмчлөлийн орон сууцаа барьцаалж зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд 110,000,000 төгрөгийн гүйлгээ буюу зээл олгох ажиллагаа хийгдэж, зээлийн гэрээ байгуулагдсан байна гэжээ.

Гэтэл хариуцагчаар өмнөх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүүний хамт 110,000,000 төгрөг болгож зээлийн төлбөрийг төлүүлэхээс өмнө 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ИГ ББСБ ХХК -ын 36 хувийн хувьцаа эзэмшигч болох БЖЧ нь ИГ ББСБ ХХК -д 110,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргуулж, зээлийн гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт шинээр бүртгэл хийлгэсний дараа буюу эхний зээлийн гэрээг дуусгавар болгоогүй байхад дараагийн зээлийн гэрээ байгуулах замаар зээлийг төлүүлж байгаа нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар А-203 “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг баталж, тус журмын 1.3.6-д “Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.5-д “иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно” гэсэн журмыг зөрчсөн учир 154,934,247 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлиин гэрээний төлбөрийг төлж гэрээг дуусгавар болгож, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн 110,000,000 төгрөгийг шилжүүлж, нийлмэл хүүтэй зээл авсан тул зээлийг төлөхгүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв гэжээ.

Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд шинээр зээл олгох зөвшөөрлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр БЖЧ нь гүйцэтгэх захиралд зээл олгох эрх олгосон. Уг эрхийн үндсэн дээр хоёр дахь зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэл хийлгэсний дараа зээлийн төлбөрийг олгох БЖЧы төлбөрийг төлүүлэх замаар өмнөх зээлийн төлбөрийг хаалгасан.

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000, 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах, мөнгө зээлэх хүсэл зориг надад огт байгаагүй байхад ИГ ББСБ ХХК  нь болон БЖЧы нар нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийг гэрээг хүүгийн хамт төлүүлэхийн тулд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулж С.Бийн дансанд 110,000,000 төгрөг шилжүүлүүлэн буцаан авч байгаа нь дүр эсгэсэн гэрээ мөн болно.

Учир нь С.Б надаар өмнөх зээлийн төлбөрийг төлүүлэх гэж дуудахдаа зохион байгуулалттайгаар шинээр гэрээ байгуулж, дунд нь ИГ ББСБ ХХК -аас зээл олгох зөвшөөрлийг урьдчилан гаргуулж, БЖЧаас өмнөх зээлийн төлбөрийг төлүүлсэн болгож зээлийг хаасан болно.

Мөн тус шийдвэрийн үндэслэх хэсэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхой бус, хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарт дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Эхний зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад хоёр дахь зээлийн гэрээг байгуулж төлбөр төлүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр эсгэсэн хүчин төгөлдөр бус гэрээ мөн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүйд тооцож давж заалдах гомдлыг хангаж өгнө үү

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан тайлбарын агуулга: С.Б нь зээл төлөх хугацааг сунгах хүсэлт гаргасан тул банк бус санхүүгийн байгууллагын зүгээс бодогдсон хүүгийн төлбөрөө төлсөн тохиолдолд зээлийг сунгах боломжтой гэж тайлбарласан. Мөн С.Б нь хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй байсан учраас өмнөх зээлээ хаахыг санал болгосон. Өмнөх зээлээ хааж, дахин зээл олгосон тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу ангиллын зээл биш хэвийн ангиллын зээлд хамаарахыг тайлбарласан. Уг нөхцөл байдлын дагуу зээл чөлөөлөх асуудлыг судалж үзэхэд зээл чөлөөлөлт хийж буй хүмүүс 1 хувийн шимтгэл тооцож байсан. Тухайн нөхцөл байдлаас харгалзан Солонгос улсын иргэн 0.5 хувийн шимтгэл авч, зээлээс чөлөөлж өгөхөөр болсоны дагуу С.Бийн данс руу 110,000,000 төгрөгийг шилжүүлж, өмнөх зээлийг хаасан. ИГ ББСБ ХХК-аас 110,000,000 төгрөгийг С.Бийн данс руу шилжүүлж, Солонгос улсын иргэнээс авсан зээлээ буцаан төлсөн. Уг нөхцөл байдлаар С.Б нь цагдаагийн байгууллагад хандаж, асуудалтай байна гэж үзэж, хөрөнгө оруулагчаас 550,000 төгрөг авсныг буцаан төлсөн.

Хүчээр хүнд мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй бөгөөд хүчээр зээл олгосон тохиолдолд С.Б нь тухайн мөнгийг өөрийнхөө дансанд байлгаж болох байсан. С.Бт хүчээр дарамталж зээл олгосон гэх гомдол нь нотлогдохгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн журамд зааснаар нийлмэл хүүтэй зээл олгосон гэх боловч нийлмэл хүүтэй зээл гэж байхгүй. Нийлмэл хүү нь зөвхөн хадгаламжид яригдах ёстой. Талуудын хооронд нийлмэл хүүтэй зээл байгуулагдаагүй. Мөн талуудын хооронд дүр үзүүлэн хийсэн хэлцэл байхгүй. Бодит нөхцөл байдалд С.Бийн дансанд мөнгийг шилжүүлж, банк бус санхүүгийн байгууллагын зүгээс үүргээ 100 хувь биелүүлсэн. С.Б зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Солонгос улсын иргэн БЖЧ нь ИГ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь н.Эрдэнэчимэг юм. С.Бт зээл олгох шийдвэрийг н.Эрдэнэчимэг гаргасан. БЖЧ-ы хийсэн үйлдэлтэй холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар компани, хувьцаа эзэмшигч гэх ойлголтуудыг ялгаж үзэх ёстой.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ИГ ББСБ ХХК нь хариуцагч С.Б, Д.Ж нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрчээ.

 

3. ИГ ББСБ ХХК нь С.Б, Д.Ж нартай 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 110,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, зээл олголтын шимтгэл 0,5 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд С.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004333 дугаартай, Баянгол дүүрэг, ******************* 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Д.Жын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Баянгол дүүрэг, 07 дугаар хороо, *************************** 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

3.1. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь ИГ ББСБ ХХК нь С.Бтэй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, зээл олголтын шимтгэл 0,5 хувь байхаар харилцан тохиролцжээ. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан 2021 оны зээлийн гэрээний төлөлт хийсэн байдлаас дүгнэвэл хариуцагч нар нь энэ гэрээний үүрэг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 99,632,668 төгрөг, зээлийн хүү 47,342,386, нэмэгдүүлсэн хүү 2,727,234 төгрөг байх бөгөөд төлсөн үндсэн зээл 367,332 төгрөг, зээлийн хүү 36,943,170 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,358,136 төгрөгийг хасвал 111,401,279 төгрөгөөр тодорхойлогдож байна.

2 дахь зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх байдлыг өмнөх зээлийн гүйцэтгээгүй үүргийг мөн өдрөөр 111,401,279 төгрөгөөр тодорхойлсон байдалтай харьцуулан дүгнэвэл зээлийн хүүгээс дахин хүү тооцож байна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий болжээ.

3.2. Эхний зээлийг хааж дараагийн зээл олгосон цаг хугацаа давхцсан байдал, иргэн БЖЧ нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч байх бөгөөд түүнээс 110,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлж авсан өдөртөө зээлдэгч нь нэхэмжлэгч байгууллагад шилжүүлжээ.

3.3. Иймд талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас олгосон гэх 110,000,000 төгрөгийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглах боломжгүй байснаар гэрээний зорилго биелэгдээгүй, гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан ба дүр үзүүлсэн хэлцлийн талууд ямар нэгэн эрх зүйн үр дагавар гаргах буюу эрх, үүрэг хүлээхийг хүсээгүй байдаг.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж тайлбарласан.

 

С.Б нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй, харин Монгол банкны зээлийн муу ангилалд орохгүйн тулд гэрээ байгуулсан гэж дүгнэнэ.  

 

Нэхэмжлэгч ИГ ББСБ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 110,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч уг зээлээр өмнөх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн үүргийг гүйцэтгүүлсэн нь хүүг нэмж зээл олгосон шинжтэй болжээ.

 

 Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь эрх, үүрэг бий болгохгүй тул нэхэмжлэгч ИГ ББСБ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г үндэслэн хариуцагч С.Б, Д.Ж нараас зээлийн гэрээний үүрэг, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхгүй.

 

Иймд талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин уг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр халхлагдсан ИГ ББСБ ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбоотойгоор шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар С.Б, Д.Ж нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт 154,934,247 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай ИГ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ИГ ББСБ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,622 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                           

         ШҮҮГЧИД                                 Т.ГАНДИЙМАА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА