Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/03780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн ПГЧ ..

Хариуцагч: А.

Хууль бусаар санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б, өмгөөлөгч К.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Л, иргэдийн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ПГЧ нь хариуцагч О.Ат холбогдуулж хууль бусаар санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Б, өмгөөлөгч К.Бн нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ПГЧ нь Л.Ат холбогдуулан гэм хорын хохиролд 2016 оны 06 дугаар сард авсан 60,000,000 вон буюу 158,400,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд В.Атгаар дамжуулан өгсөн 33,932 ам доллар буюу 116,115,304 төгрөг, цахилгааны трансформатр авна гэж авсан 8,250,000 төгрөг, блокон хашаа барихад зориулан авсан 12,000,000 төгрөг, ТМ ХХК-ийн өр төлбөрт тооцож өгсөн бойлуурын үнэ 40,000,000 төгрөг нийт 334,765,304 төгрөг гаргуулах шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. О.А нь ... хаягт байрлах 1038 мкв талбай бүхий газрыг эзэмшдэг, уг газар дээрээ агуулахын барилга барина гэж 2016 оны эхээр 60,0 сая вон зээлж авсан. Энэ мөнгийг каргогоор шилжүүлсэн нь тогтоогдсон. Хэрэгт 60,0 сая вон зээлсэн гэсэн баримт нь байгаа. Ингээд агуулах барьж бойлуур оруулж цаашдаа хамтран ажиллахаар тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хооронд В.Атгаар дамжуулан нийт 33,932 ам долларыг шилжүүлсэн. Долларыг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. 2017 оны 01 дүгээр сард 8,250,000 төгрөгийг цахилгаан трансформатар, блокон хашааны үнэ 12,000,000 төгрөг тус тус шилжүүлж авсан. О.А өөрийн эзэмшдэг дээрх газартаа 1800 мкв талбайтай агуулах барьж 2017 онд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь н.П гэгчтэй хамтран эзэмшигчээр гарсныг мэдсэн. 2017 онд ПГЧ нь Монгол улсад ирж О.Атай уулзан хамтран ажиллах боломжгүй бол өгсөн мөнгөө буцааж авна гэхэд одоогоор мөнгө байхгүй байна, гэхдээ танай компаний бараа бүтээгдэхүүнийг авсан мөнгөнийхөө хүүнд бодоод хадгалж өгч болно гэхээр нь Wooin компаний нэр дээр ПГЧийн Солонгос дахь үйлдвэрээс ПГЧ, В.Ат нарын оруулж ирсэн бойлуур, түүний эд ангийг хадгалуулсан боловч эдгээрээс 40,000,000 орчим төгрөгний бойлуурыг бусдад төлөх өрөндөө тооцож ТМХХК-нд өгсөн байна. Энэ цаг хугацаанаас хойш дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад орж ирж чадаагүй. Удаа дараагийн хууран мэхлэх энэ үйлдэлтэй нь холбогдуулж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж үйлдлийг шалгаад О.Аыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 792 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Уг тогтоолоор О.А нэхэмжлэлийн шаардлага 334,765.304. төгрөгийг залилан мэхлэх замаар учруулсан болох нь тогтоогдож байна. Гэм хорыг иргэний шүүхээр нэхэмжилж авах бүрэн эрхтэй гэдэг байдлаар хэрэг хаагдсан. Ковидын нөхцөл байдалтай холбоотой 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 08 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирж чадахгүй нөхцөл үүссэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Засгийн газрын шийдвэрээр хилийн боомтууд түр хугацаанд хаагдсан байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан. 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хамгийн сүүлд 33,932 ам долларыг шилжүүлсэн байдаг тул энэ хугацаанаас тооцоход 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3 жил болж байна. Монгол улсын хилээр орж ирэх боломжтой болсон 2022 оны 01 дүгээр сарын 31-нээс эхлэн цагдаагийн байгууллагад хандсан. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг тооцоход 189 хоног болж байна. 1 жил цагдаагийн байгууллагаар шалгагдсан хугацааг тооцож хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэмт хэрэг үйлдэх замаар буюу анхнаасаа санаатайгаар хууран мэхэлж байсанг мөрдөн байцаалтын шат тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөгийг хариуцагч О.Ааас нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд 60,000,000 вон зээлэх асуудал яригдсан боловч хэрэгжээгүй. Зээлийн анх яригдсан 60,000,000 вон нь хамтран ажиллах гэрээний дагуу 33,932 ам доллар хэлбэрээр шилжиж Yин глобал нэртэй компани байгуулсан. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдан, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр компаний захирлаар нэхэмжлэгчийн гэр бүл В.Ат томилогдсон. Компани байгуулсны дараа 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 26-ны хооронд 33,932 ам долларыг О.Ат шилжүүлсэн. Энэ мөнгө ажилчдын цалин, бараа материал хадгалах зэрэг компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан. Нэхэмжлэгч нь Прокурорын тогтоолыг үндэслэн санаартайгаар хууран мэхлэж гэм хор учруулсан хохирол гэж нэхэмжилдэг боловч гэм бурууг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол байхгүй. Үндсэн хууль болон хүний эрхийн түгээмэл тунхаглалд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр гэм буруутай гэж үзэж болохгүй гэж заасан байдаг. Прокурорын тогтоолыг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шүүхэд анх хамтран ажиллах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр мөнгөө эргүүлж авъя гэсэн нэхэмжлэл гаргасанг хариуцагч хүлээн авч мөнгийг хамтран ажиллах гэрээний дагуу компаний үйл ажиллагаанд зарцуулсан гэсэн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч тал 2017 онд шаардах эрхээ мэдсэн, 2022 оны 12 дугаар сард шүүхэд хандсан гэж үзэхээр гэрээний маргаантай хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. Мөн энэ хугацаанаас тоолоход гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа ч дууссан. ПГЧ нь В.Атд 33,000 ам доллар шилжүүлсэн тул шаардах эрхээ шилжүүлээгүй гэж үзэж байна О.Ат цахилгаан трансформаторын мөнгө 8,250,000, хашаа барихад зориулж 12,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байхгүй. 40,000,000 төгрөгний үнэ бүхий бойлуур нь агуулахад хадгалаатай байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай анхан шатны баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нь өөрөө гэм хор учруулснаас үүдэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгөнд нь хохирол учирсан байхыг шаарддаг эрх зүйн зохицуулалт. О.Аын хууль бус үйлдлийг тогтоосон, үйлдэл гэм хорын хооронд тогтоосон шалтгаант холбоо байхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 792 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Прокурорын хариу мэдэгдэх хуудас, Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Прокурорын дугаар 04 тогтоол, В.Атгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч гэрчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сард КДВоос 60,000,000 воныг Пак Гын Чолд зээлсэн тодорхойлолт, КДВ 2016 онд хилээр орсон, гарсан лавлагаа,

4. Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2016 оны 06 дугаар сарын 15-ны огноотой Yин глобал ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хамтын ажиллагааны гэрээ, компаний дүрэм,

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас О.А, В.Ат, Ч.П нарын гэрчийн мэдүүлэг, нүүрэлдүүлэн байцаахад татгалзахгүй тухай О.Аын хүсэлт, О.Аын дансны хуулга, О.Ааас В.Атд олгосон итгэмжлэл, Ай даблью ХХК-нд бойлер хүлээлгэж өгсөн баримт, 1800 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 900 мкв талбайтай газрын гэрчилгээ, О.Аын амины газар эзэмших эрхийн гэрчилгээ, О.А, Ч.П нарын тохиролцсон гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн огноотой О.Аын гарын үсэгтэй мөнгө зээлэх тухай 60,000,000 вон зээлсэн баримт зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмулэгч нь 2016 оны 06 дугаар сард 60,0 вон зээлж, зээлийн баталгаанд О.Аын эзэмшлийн газар барьж байгаа агуулахын гэрчилгээнд нэрээ оруулж хамтран ажиллахаар тохиролцон 33,932 ам доллар дансаар шилжүүлж, цахилгаан транформатр авах 8,250,000 төгрөг, блокон хашаа барих 12,000,000 төгрөг өгсөн. Мөн О.Аын агуулахад 40,000,000 төгрөгний бойлуур хадгалсан. Агуулахын гэрчилгээнд 2017 онд өөр хүний нэрийг оруулж цаашид хамтран ажиллахгүй болсон, энэ хүн санаатайгаар хууран мэхэлж байсанг мөрдөн байцаалтын шат тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч 60,0 вон зээлэх асуудал яригдаж баталгаа бичиж өг гэсний дагуу бичиж өгснөөр 33,932 ам доллар хэлбэрээр шилжүүлсэн. Мөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан. Гэм хороор шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэм хор учруулснаас үүдэх хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөрөнгөнд нь хохирол учирсан, хууль бус үйлдлийг тогтоосон, үйлдэл гэм хорын хооронд тогтоосон шалтгаант холбоо байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Нэхэмжлэгч нь 2017 онд агуулахыг өөр хүнтэй хамтран эзэмших гэрчилгээ гарсныг мэдсэн гэж тайлбарласан тул энэ хугацаанаас хойш тооцоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил дуусаагүй байна.

4.1.2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн тайлбар, баримтаар О.А нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20х30 хэмжээтэй үйлдвэрлэлийн зориулалттай байшин барилга барих ажлын улмаас БНСУ-ын воноор 60,000,000-ыг тохиролцон зээлж 1 жилийн дотор төлж барагдуулах мөнгө зээлэх тухай гэрээ байгуулах бичиг үйлдсэн, 60,0 вон буюу 98,000,000 төгрөгийг Вип каргогоор шилжүүлсэн, В.Ат нь нэхэмжлэгч ПГЧийн шилжүүлсэн 33,932 ам долларыг О.Ат 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 11-ний хооронд шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт, гэрч В.Атгийн мэдүүлэг, дансны хуулга гэсэн баримтаар тогдоогдсон. Харин цахилгаан транформатр авах 8,250,000 төгрөг, блокон хашаа барих 12,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй байна.

Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хохирогч ПГЧ, гэрч О.А нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт нэхэмжлэгч ПГЧ 2016 оны 06 дугаар сард 60,0 вон, 07 дугаар сард 40,0 воныг доллар болгон В.Атгийн дансаар шилжүүлж нийт миний хувьд 100,000,000 вон шилжүүлсэн тэрийгээ авна, 100,000,000 вон зээлүүлсэн мөнгөний хүүг тооцож авна, 2017 онд Монгол улсад ирж О.Аын барьсан сэндвичин барилгад 40 тоннын 2 ширхэг контейнер байрлуулж хамтдаа бизнес эрхлэх болохоор бойлероо байрлуулсан. 2018 онд О.Атай уулзсан, гэрч О.А ПГЧтай 2015 онд анх уулзсан, мөнгө зээлэх болж гараараа баримт бичиж өгсөн. 2016 онд доллар авсан, мөнгө зээлэхийн хувьд зээлж авсан. 2016 оны сүүл 2017 оны эхээр ПГЧ бойлуур оруулж ирж өөрийн авсан 2 контейнерт хадгалсан гэх мэдүүлэг,

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ПГЧ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ бойлерын үйлдвэр барьж миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулна, мөнгө зээлүүлээч гэсэн тул 60,0 вон вип каргогоор явуулж дахин 40,0 вон хэрэгтэй гэхээр нь доллараар шилжүүлсэн. Дахин 20,0 вон зээлүүлээч гэхэд нь сонин санагдаад гэрчилгээн дээрээ миний нэрийг оруулаачээ гэж хэлсэн. 2016 оны сүүлээр манай бүтээгдэхүүн импортоор орж ирж цаашид хамтарч ажиллах болохоор уг баригдаж дуусаагүй үйлдвэрт нь оруулж тавьсан, одоо ч гэсэн байгаа,

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч О.А гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2015, 2016 онд ПГЧтэй уулзаж сэндвичин байшин барина мөнгө дутаад байна, байшингаа барьвал тэндээ бойлерын угсралт, үйлдвэрлэлээ цугт нь хийгээд явъя гэж хэлээд 50,0 орчим сая төгрөгийн вон каргогоор ирж н.Птай хамтран 1800 мкв сендвичин барилга барьсан. Угаасаа тухайн газар бойлер угсарна гэж тохиролцож байсан,

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр В.Ат гэрчээр өгсөн мэдүүлэгтээ О.А ПГЧтай уулзаад хөрөнгө оруулалт хийгээд өгвөл агуулах барьж хамтран эзэмшинэ, 60,0 вон хэрэгтэй байна гээд вип каргогоор шилжүүлж авсан. Удалгүй дахин мөнгө хэрэгтэй байна гээд 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 7 удаагийн гүйлгээгээр 33,932 ам доллар шилжүүлж авсан. 2017 онд тог татуулах, хашаа барих хэрэгтэй гээд 20,000,000 төгрөг авсан. 2016 онд ерөнхийдөө 200 төхөөрөмж босгох эд анги оруулж ирж О.Аын агуулахад нь хийсэн

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрч Ч.П гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2016 оны 05 дугаар сард О.А БНСУ-ын нэг иргэнтэй хамтарч бойлерын үйлдвэр барьж оруулж ирнэ, хөрөнгө оруулалтыг Солонгос хүн оруулж байгаа, хашаандаа агуулах барих болсон гээд агуулахаа барьж дуусгаад Солонгос улсаас бойлуур оруулж ирж угсарсан. Гэхдээ энэ ажилд нь би оролцоогүй гэх мэдүүлгийн баримтууд хэрэгт авагдсан байна.

4.1.3. Шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх мэдүүлгээр хариуцагч О.А өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо Туул 15 дугаар гудамж 21 тоот хаягт байрлах 1038 мкв газарт агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих зорилгоор ПГЧаас 2016 оны 06 дугаар сард 60,000,000 вон зээлж, зээлээ үндэслэн цаашид талууд агуулахын байрыг ашиглалтад оруулж хамтран эзэмшиж, бойлуур оруулж ирж угсрах бизнес эрхлэхээр тохиролцон нэхэмжлэгч ПГЧ 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 11-ний өдрүүдэд агуулахын барилгад хөрөнгө оруулатын зорилгоор 40,000,000 вон буюу 33,932 ам долларыг шилжүүлж, 2016 онд Монгол улсад ирж О.Аын барьсан сэндвичин барилгад 40 тоннын 2 ширхэг контейнер байрлуулж бойлуур оруулж ирж хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн нүүрэлдүүлэн байцаах явсан өгсөн мэдүүлгээр анхнаасаа барилгын ажил 100,000,000 вон болно гэж хэлсэн байсан тул 7 дугаар сард барилгын материал өссөн үлдэгдэл 40,000,000 вон хэрэгтэй гэсэн тул 33,932 ам долларыг шилжүүлсэн. Миний хувьд 100,000,000 вон өгсөн, тэрийгээ авмаар байна. Барилгын ажлын цахилгааны утас татах 8,250,000 төгрөг, блокон хашаа 12,500,000 төгрөгийг В.Атгаас авсан байгаа, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт барилга баригдаж дуусаагүй байхад 2016 оны сүүлээр байх манай бүтээгдэхүүн импортоор орж ирээд уг баригдаж дуусаагүй үйлдвэрт нь оруулж тавьсан, угаасаа хамтарч ажиллаж барилга нь миний мөнгөөр баригдсан тул тэр газарт нь тавьсан гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж, хариуцагч ажил үйлчилгээг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Үүгээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж хөрөнгө оруулсан тал хамтын ажил үйлсдээ зориулж хураамжаа төлсөн ба хөрөнгө оруулалтаар бий болсон агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд буюу .. хаягт байрлалтай 1800 мкв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр О.А, Ч.П нар 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэнээр талууд хамтын үйл ажиллагаагаа зогсоосон болох үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

4.1.4. Хуулийн 497.1 дэх зохицуулалтаар гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэрлэн заасан хөрөнгөнд гэм хор учирсан байх үндсэн нөхцөл шалтгаан бүрдсэн байх, Хуулийн 510.1 дэх зохицуулалтаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлж барагдуулахаар заажээ.

5. Хариуцагч О.А нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хорын хохирол учруулж, учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгч ПГЧ нь хариуцагч О.Ааас хууль бусаар санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

6. Иргэдийн төлөөлөгчийн О.А өөрт буй давуу талаа ашиглаж БНСУ-ын иргэн Пак Гуэн Чулаас 60,0 вон, 33,932 ам доллар, 20,250,000 төгрөг авсан гэх ба хэрэгт холбогдох материал мэдүүлгийг үндэслэн хариуцагч О.А нь ПГЧаас авсан гэх 33,932 ам долларыг буцаан өгөх шаардлагатай гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан ба шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч О.Ааас хууль бусаар санаатай үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 334,765,304 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ПГЧ ..-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,831,776 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ш.ОЮУНТУУЛ