Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

М.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Е-д холбогдох эрүүгийн 2013003950026 дугаартай хэргийг шүүгдэгч болон хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч М.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч Х.Х, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг /цахим сүлжээгээр/, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн А сумын  дугаар баг, Б-т оршин суух хаягтай, одоо тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Н овогт Мийн Е /БЖ0000000/ нь Баян-Өлгий аймгийн А сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр малын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Хыг баруун гуя руу нь хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

  Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н овогт Мийн Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

                Шүүгдэгчийн давж заалдах гомдолд: “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Дугаар 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн М.Е би “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзээд уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүгдэгч М.Е би 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр малын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Хыг баруун гуя руу нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж,  гэм буруугаа хүлээн  зөвшөөрч, түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд       2.338.818 төгрөгийг шийтгэх тогтоол гарахаас өмнө төлж барагдуулсан.

 Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...харин үлдэгдэл хохирол хор уршиг болох 123,456 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Е-аас гаргуулан Х.Х-д олгох нь зүйтэй” гэжээ. Би дээрх мөнгийг төлж өгөхөө илэрхийлээгүй байхад илэрхийлсэн гэж дурджээ. Мөн хэсэгт хохирогч Х.Х-ы хүмүүсээр малаа хариулсан төлбөр гэж нэхэмжилсэн 2,340.000 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэхдээ “Хохирогч Х.Х нь 2020 оны 11-р сарын 02-наас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан онгоцны билет, өмгөөлөгч Н.Оюунчимэгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Х.Х-ы өвчний түүх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна” гэжээ.

Тэгвэл Х.Х нь 2020 оны 11-р сарын 9-ний  өдөр онгоцоор Улаанбаатар хотод очиж Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 12-р сарын 06-ны өдөр ирээд гэрийн тусгаарлалтад орсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Энэ нь гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдаад 1-р сарын 20-ноос эхлэн хэвийн амьдралд шилжсэн гэсэн үг юм. Харин хохирогч Х.Х нь Улаанбаатар хотоос ирсний дараа ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн, эмчид үзүүлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байгаа ба шүүхийн хэлэлцүүлгийн үед миний өмгөөлөгчийн зүгээс энэ талаар Х.Хаас асуухад хотоос ирсний дараа эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж, эмнэлэгт үзүүлээгүй гэдгээ илэрхийлж хариулж байсан. Мөн иргэн С.С, Х.Х нараар 2020 оны 11-р сарын 02- ноос 2021 оны 01 дүгээр 21-ний өдрийг хүртэл өдөрт 30,000 төгрөгөөр тооцож мал маллуулсан гэж дээрх хүмүүсийн бичсэн тодорхойлолтыг үндэслэсэн байгаа боловч тэр нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12-р сарын 5- ны өдрийн тушаалын 1-р хавсралтаар Гэмтлийн зэрэг тогтоох журмыг баталж, уг журмын 2-т Гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжүүдийг тогтоосон байдаг ба үүнд: Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг “Гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10 хувь тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заажээ. Үүнээс үзэхэд Х.Хы биед учирсан гэмтэл нь 4 долоо хоногийн дотор буюу 2020 оны 12-р сарын 01-ний өдөр гэхэд эдгэрсэн байх боломжтой юм гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” Гэжээ.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хохирогч Х.Х 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, өмгөөлөгч Н.Оюунчимэг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр /шуудангаар/ гардаж авсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд гомдлыг гаргаж байгаа болно.

1. Хохирогч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс Шинжээчийн 476, 33 дугаар Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан үндэслэлээр “Шинжээч томилуулж, дахин шинжилгээ хийлгэх тухай” хүсэлтийг гаргасан боловч хангахаас татгалзсан тул шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах хүсэлтийг гаргаж Шинжээч эмч Г.Энхбаатар хуралд оролцож мэдүүлэг өгсөн.

Шинжээч эмчийн мэдүүлгээр “Дүгнэлтийн үндэслэлээ тодорхойлж байгаа нь эргэлзээтэй, Дүгнэлт гаргах болсон үндэслэл нөхцөл өөрчлөгдөж болох талаар мэдүүлсэн”-д шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 27.8 дугаар зүйлийн 2, 35.21 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүйгээс гадна хэргийн зүйлчлэл, гэм бурууг тогтооход чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр шалгаж үнэлээгүй.

2.Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ “өмгөөлөгчтэй байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй. Хохирогч эрх ашгаа хамгаалуулахаар өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүйн улмаас улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтийг харахад “Гэмт хэргийн улмаас хохирч хохирогч болсон бол зардал гаргаж өөрийгөө өмгөөлүүлж Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авч эрх ашгаа хамгаалуулж байгаа чинь чиний л асуудал, үүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд огт хамаа байхгүй ” гэсэн агуулга харагдаад байгаа юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч хохирогч болоогүй бол өмгөөлөгчид хөлс, зардал төлж хууль зүйн туслалцаа авах үндэслэл бий болохгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т зааснаар “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хууль заасан эрх ашиг, сонирхлоо хамгаалуулах үр дагавар бий болж байгаа” тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хохирогчийн хуульд заасан эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/68 дугаартай Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Шүүгдэгч М.Е нь Баян-Өлгий аймгийн А сумын  дугаар багийн нутаг дэвсгэрт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр малын бэлчээрийн маргааны улмаас хохирогч Х.Хыг баруун гуя руу нь хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

 

            Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Х.Хы эрүүл мэндэд нь санаатай халдсан нь тогтоогдсон байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч М.Е-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

 

Шүүгдэгч М.Е-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч М.Е-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм бурууд нь тохирсон байх тул “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М Е-аас хохирогчид 2.338.500 /хоёр сая гурван зуун гучин найман мянга таван зуу/ төгрөг төлснийг дурдаж, түүнээс 2.463.456 /хоёр сая дөрвөн зуун жаран гурван мянган дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Х.Х-д олгож, илүү нэхэмжилсэн 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд хохирлыг дутуу гаргуулсан талаар гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                                               

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК