Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч П,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б,

шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х д холбогдох эрүүгийн 2113********** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Х , регистрийн дугаар БГ89******

Шүүгдэгч Х  нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Н ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт сууж байсан иргэн Т гийн тайлж тавьсан өмдний халаасанд байсан 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Х ээс мэдүүлэхдээ: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14-15 дугаар хуудас/,

2. Гэрч Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/,

3. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

4. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

5. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

6. Яллагдагч Х ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х ий холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х  нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Н ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт сууж байсан иргэн Т гийн тайлж тавьсан өмдний халаасанд байсан 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр надад холын хамаатан Н  залгаад та миний мотоциклийг засаад өгөөч гэхээр нь орой 21 цагийн үед тэдний гэрт очсон ба гадуур куртк болон гадуур өмдөө тайлаад гэрийн хойморт буй буйдангийн сандалд хувцаснуудаа эвхэж тавьсан, тухайн өмдний халаасанд 700.000 төгрөг байсан ба гараараа тэмтэрч үзээд мөнгөтэй карманаа дотогшоо эвхэж тавьсан.

....Мотоциклийн мотор коробкыг Д  бид хоёр засаж байхад гаднаас Х , Т  нар Н ийн гэрт орж ирээд мэндлээд миний хувцас тавьсан буйдангийн сандлын баруун талд буйданд Х  суугаад буйдангийн сандлын зүүн талд энгийн сандалд Т  зайтай сууж байсан. Х  2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво гаргаж ирээд уг пивыг Н , Х , Т  нар хувааж уусан. Дараа нь Х , Т  нар яваад өгсөн, би юмаа засаж дуусаад цай, ундаа уугаад явах гээд хувцсаа өмсөхөд өмдний халаасанд байсан мөнгө маань алга болчихсон байсан. Х  надад эхний удаад 568.000 төгрөг өгч, дараа нь үлдсэн 132.000 төгрөгийг төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. 700.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14-15 дугаар хуудас/,

- Гэрч Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орой Х  өөрөө манай гэрт халамцуу ирээд би Н т мөнгө өгөх ёстой хоёулаа ханьдаа очоод ирэх үү гэхээр нь тэгье гээд цуг очсон, замдаа дэлгүүрээс 2.5 литрийн 2 пиво, 1 тамхи худалдаж авсан. Тухайн үед Н ийн гэрт тайлаад тавьсан хувцсанд байсан мөнгийг хулгайлсныг Т д мөнгийг нь хүлээлгэн өгч байхад мэдлээ. Т ий ярьснаар түүний халаасанд 700.000 төгрөг байсан байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дугаар хуудас/,

- Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэд уг шар айргийг уугаад манай гэрээс шөнийн 00 цагийн үед явсан. Тэднийг явсны дараа Т  явахаар болж хувцсаа өмсөж байгаад халаасандаа хийсэн мөнгө байхгүй байна гэж мөнгөө хайсан. Тэгээд бид түүний мөнгийг Х  хулгайлж авсан байж магадгүй гэж бодож, дараа нь Цагдаагийн газарт хандсан болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

- Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х , Т тай хамт манай гэрээс шөнө 00 цагийн үед гарч явсан ба түүнийг явсны дараа Т  манай гэрээс явахаар болох үед тэрээр миний хувцасны халаасанд байсан мөнгө байхгүй байна, хэн хулгайлж авсан бэ гэж хэлэн хайж олоогүй. Манай гэрт тухайн үед гаднаас Х , Т  нараас өөр хүн орж гараагүй болохоор бид тэднийг хулгайлж авсан байна гэж сэжиглэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т ий 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр биедээ бэлэн хэдэн төгрөг авч явж байсныг мэдэхгүй. Тэрээр мөнгө, төгрөгөө байнга бэлэн биедээ хувцасныхаа халаасанд хийж авч явдаг. Т  надад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр орой Н ийн гэрт түүний мотоциклийг янзалж өгөхөөр болж явсан. Тэрээр мөнгөө алга болголоо гэж маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өглөө хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

- Яллагдагч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний сууж байсан буйдангийн хажууд хувцаснууд байсан бөгөөд бид гадаа гарч гэрт орж ирж сууж байгаад уг хувцаснуудыг тэмтэрч үзэхэд хувцасны халаасанд мөнгө байхаар нь уг мөнгийг гэрт сууж байсан хүмүүст мэдэгдэлгүйгээр хулгайлж авсан. Би Н ийн гэрт хэсэг сууж байгаад Т ы хамт гэрт харихаар болж яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагдагчаас шүүгдэгч Х  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаагүй байхгүй хэмээн тайлбарласан болно. 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгоно. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Х  нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед иргэн Н ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т гийн тайлж тавьсан өмдний халаасанд байсан 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

Шүүгдэгч Х ий гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Х ий шунахай сэдэлт, согтуурсан байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Т д 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Хохирогч Д.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “миний бие Х ийг уучилсан. Ямар ч гомдол, санал үгүй. Бидний хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. Шүүх хуралд оролцохгүй. Гомдолгүй, уучилсан болно” /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Х ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Х д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х  нь хохирогч Д.Т тэй сайн дураараа эвлэрч, хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай саналд яллагдагч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Х д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Бугат сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Х  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х д 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Бугат сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ