Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/03721

 

   

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 дугаар сарын 17 өдөр                    Дугаар 102/ШШ2023/03721                Улаанбаатар хот

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч А.Ч ХХК

 

Хариуцагч Ө.А холбогдох

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 103.978.907 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О

Хариуцагч Ө.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгч А.Ч ХХК, хариуцагч Ө.Ат холбогдуулан 20.000.000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч 103.978.907 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

               2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

          3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         А.Ч ХХК өмгөөлөгч Ө.Атай өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаар 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх хоёр гэрээ байгуулсан.

         Ө.А өмгөөлөгч гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг авсан.

         Манай компанийн зүгээс 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээний дагуу үйл ажиллагаа хийгдээгүй 4 сарын хугацаа өнгөрлөө, тиймээс гэрээгээ цуцлаад уг ажил дээрээ өөрсдөө явъя гэх мэдэгдлийг хүргүүлсэн боловч Ө.А өмгөөлөгч 20.000.000 төгрөгийг буцааж өгөхөөс татгалзсан тул шүүхэд хандсан.

        Тухайн хэрэг дээрх үнэн зэв байдлыг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

           Ө.А өмгөөлөгчийн байр суурийг сонслоо. Нөгөө л нэг Ц.О холбоотой зүйл ярьж байна.

           Хавтаст хэрэгт авагдсан баримт өөрөө 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээг Ц.г болон Ю.Л нарын хоорондоо хийсэн байдаг. А.Ч ХХК энд ямар ч хамааралгүй.

           Үнэхээр шаардах зүйл байгаа бол Ц.О нэхэмжлээд явах хэрэгтэй.  Ю Л эд хөрөнгийн Ц.О худалдаж авч байгаагийн хувьд үүний эрх зүйн зохицуулалт тусдаа явах асуудал.

          Тиймээс Ц.О хамааралтай зүйлс ярихаа болих хэрэгтэй. Ц.О хоёр орон сууц авч өгсөн. 500.000.000 төгрөгийг А.Ч ХХК-д төвлөрүүлсэн гэж ярьж байна.

          Ц.О 0 тоотыг гаргаад өгсөн байсан. 49 тоотыг гаргаад өгсөн байхад хүчингүй болгосон гэвэл бүхэл бүтэн цагдаа, захиргаа, иргэний хэргийн шүүхээр яригдах ёстой асуудал.

          Улсын бүртгэгч 2 тоотыг гаргах гэж байгаад 00 тоотыг андуураад гаргасан байна, тиймээс үүнийг хүчингүй болгоод 2 тоотыг сольж гаргаж байна гээд бичээд өгсөн байдаг.

          Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцаад Ц.О туслалцаа үзүүлсэн бол Ц.О асуудлаа шийд, тэр бол бидэнд хамаагүй асуудал. 06 дугаар сарын 24-ний өдөр Ю.Л, Ц.О барилга ашиглалтанд оруулсан 3 хуудас акт авсан байдаг.

         Хавтаст хэргийг шинжлэн судлахад гэрээ болон материал хангалттай байгаа учраас шүүх хурлын дунд ярилцаад явах нь зүйтэй байх.

         Тиймээс зөвхөн хэргийнхээ хүрээнд хэлэлцээд явъя, хамаагүй битгий худлаа хэлээч гэж хүсмээр байна, гэжээ.

         

          4. Хариуцагч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Хууль зүйн үйлчилгээ огт үзүүлээгүй гэсэн агуулгаар 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна.

Тухайн цаг хугацаанд А.Ч ХХК болон А.Ч ХХК-ийн асуудалтай давхар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Ц.О нартай холбоотой нийт 4 гэрээ байгуулсан.

Эдгээр гэрээ дээр 30.000.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгнө гэж тохирсон.

Тус 30.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгийг Ц.О гэж нэрлэгдэж байгаа боловч А.Ч ХХК-ийн захиалгаар бариулсан хөрөнгөнөөс 4 орон сууцыг авахаар харилцан тохиролцсон байдаг.

Ингээд .... иргэн Ю.Л гэх хүнээс А.Ч ХХК-ийн нэр дээр авч болохгүй байсан. Маргаан бүхий “Алтаргана” хотхон ...... дүүрэгт байрладаг бөгөөд тус хотхоны 00-А, 00-Б, 00-В, 00 дүгээр байр гэж нэрлэгддэг. Тухайн үед А.Ч ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Х.Ц шийдвэр гүйцэтгэл дээр төлбөр төлөгч байсан учраас 44 дүгээр байрны доод зогсоолын давхрын 80 метр квадрат талбай болон А.Ч ХХК-ийн дансыг битүүмжилсэн байсан.

Тиймээс бид тухайн хөрөнгүүдийг А.Ч ХХК-ийн нэр дээр шууд авах бололцоо байгаагүй учраас Ц.О буюу “А.Ч” ХХК-ийг төлөөлж байсан буюу Х.Ц эхнэрийн төрсөн дүүгийн нэр дээр орон сууцыг шилжүүлэн авсан байдаг. Шилжүүлж авахдаа тус орон сууцыг Улсын комиссоос байнгын ашиглалтанд хүлээн авсан.

Гэтэл захиалгаар бариулах гэрээ хамтран ажиллах гэрээний үргэлжлэл байдлаар төлбөр тооцоонд орон сууц шилжиж ирсэн.

Энэ үндэслэлээр Ц.О нэр дээр байр очсон хэдий ч А.Ч ХХК-ийн үндсэн хөрөнгө юм. Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хууль зүйн туслалцаанд ямар харилцаа байх ёстой талаар зохицуулж өгсөн.

Иймээс А.Ч ХХК-тай гэрээ байгуулсан.

Гэрээний урьдчилгаа төлбөрийг А.Ч ХХК 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг төлсөн.

Бусад гурван гэрээний 10.000.000 төгрөгийн төлбөр орж ирээгүй. Энэ төлбөрийг мөн А.Ч ХХК төлөх ёстой байсан.

Үүнээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр явагдаж байгаа үйл ажиллагаа А.Ч ХХК-тай байгуулсан гэрээтэй хамааралтай гэдэг нь харагдаж байна.

Уг гэрээ, эрх зүйн зохицуулалтаар тухайн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг төлөөлж хэн нэгэн хамаарал бүхий этгээд эрхийг нь хамгаалахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулахыг хуулийн хүрээнд зөвшөөрч тогтоосон.

Энэ үүднээс гэрээг байгуулахад аливаа маргаангүй гэж харилцан тохиролцож А.Ч ХХК-тай дангаар гэрээ байгуулсан.

 Гэрээний агуулгад дурдагдсан бүх үйл ажиллагаа явагдсан.

 Ямар ажиллагаа хийхийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээн дээр тодорхой тусгасан. Өмгөөлөгчийн үйл ажиллагаа зөвхөн гомдол, хүсэлт гаргах, заавал бичгийн хэлбэрээр албажуулагдсан байхаар шаардана.

Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр ямар ажиллагаа явагдсан түүнээс ямар үр дагавар гарсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.

Явуулсан үйл ажиллагааны үр дүнд хоёр орон сууц Ц.О нэр дээр бүртгэгдэж, үлдсэн хоёр орон сууцыг бүртгэхээс татгалзсан.

Н.О нэр дээр бүртгэгдсэн хоёр орон сууцны нэг орон сууцны бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сард гаргасан байдаг.

Хэрвээ би хууль зүйн туслалцаа үзүүлж байсан бол ямар шалтгаанаар нэг орон сууцны бүртгэлийг хүчингүй болгосон талаар шийдүүлэх нөхцөл боломж байсан.

Тухайн орон сууц А.Ч ХХК-ийн өмч мөн гэдгийг нотолсон нотолгоо захиалгаар бариулах гэрээтэй холбоотой.

Хоёрдугаарт энэ орон сууцыг хамтран ажиллах гэрээгээр 1 метр квадрат талбайг 1.000.000 төгрөгөөр тохирсон.

Гэтэл захиалгаар бариулах гэрээг хийхдээ 2019 оны 01 дүгээр сард орон сууц хэдийн баригдаад ашиглалтад орсон байсан.

Тэр үеийн зах зээлд А.Ч ХХК орон сууцны 1 метр квадрат талбайг 3.500.000 төгрөгөөр худалдсан.

Үүгээрээ А.Ч ХХК болон Ю.Л хооронд байгуулсан гэрээний үргэлжлэл гэдгийг хангалттай нотолж байгаа.

Эдгээр нөхцөл байдлаар орон сууцтай холбоотой асуудал захиргааны эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудал байсан. Энэ үүднээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтийг гаргах этгээд Ц.О байхаас өөр аргагүй байдалд хүрсэн.

Энэ журмаар хүсэлт гаргах нөхцлийг бүрдүүлж ..... дүүргийн бүртгэлийн хэлтэст 7 дугаар сард хүсэлт гаргаж 8 дугаар сард Ц.О нэр дээр бүртгэгдсэн.

Өнгөрсөн хугацаанд ямар шалтгаанаар Улсын бүртгэлийн газраас Ц.О нэр дээр бүртгэхээс татгалзсан шалтгааны нэг нь захиалгаар бариулах гэрээг үндэслэлгүй гэж үзэж байсан.

Харин орон сууц баригдаж байгаа тохиолдолд захиалгаар бариулах гэрээг захиалгаар бариулж байгаа этгээд бусад этгээдүүдтэй хийдэг.

Энэ гэрээгээр орж ирсэн хөрөнгө тухайн орон сууцны хөрөнгө оруулалтанд зарцуулагддаг. Орон сууцыг урьдчилсан байдлаар захиалгаар бариулах гэрээгээр худалдан авсан этгээд өөрөө улсын бүртгэлийн газар хүсэлт гаргаж тэмдэглэгээ хийлгэдэг.

Ингээд орон сууц нэгэнт ашиглалтанд орсны дараа захиалгаар бариулах гэрээгээр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд тухайн захиалгаар бариулагч этгээдээс үнэ төлбөрийн асуудалгүй гэх тодорхойлолтыг авч холбогдох бичиг баримтын хамт улсын бүртгэлийн газарт хандсанаар орон сууцыг өөрийн хууль ёсны өмчлөлд шилжүүлэх эрх нээгддэг.

Орон сууц худалдаж авах тохиолдолд ашиглалтанд орсны дараа эрхийн болон биет байдлын доголдолгүй гэдэг нь нотлогдсон орон сууцыг худалдаж авах эрх нь үүсдэг.

Тиймээс Ц.О орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр биш захиалгаар бариулах гэрээ хийнэ гэсэн шаардлага тавьж гэрээ хийсэн гэх асуудал яригдаж байсан.

Энэ асуудалд Ц.О өөрөө идэвх санаачлагчтай байсан нь баримтуудаар нотлогддог.

Миний хувьд баримт шаарддаг, шаардсан баримтыг гаргаж өгдөг.

Маш олон баримтуудыг хүлээж авч судалсны эцэст 7 дугаар сард дүгнэлтээ танилцуулсан. А.Ч ХХК-ийн захирал Х.Ц  үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хоёр талаас баталгаажуулсан гар тэмдэглэгээг хэрэгт өгсөн. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн өөрийн зөрчигдсөн, хөндөгдсөн эрхийг сэргээлгэх, хамгаалуулахтай холбоотой хүсэлтийг захиргааны хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагаагаар гаргадаг.

Үүний дагуу Ц.О хүсэлтийг дахин гаргасны үр дүнд хоёр орон сууцыг Ц.О нэр дээр бүртгэж, нэг орон сууцыг хүчингүй болгож, үлдэх 2 орон сууцыг бүртгэхээс татгалзсан.

Хэрвээ дөрвөн орон сууцыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээд шатны байгууллага гэдгээрээ гомдлыг гаргаж урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа дуусна.

Өмнө гаргасан бүртгэгчийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах процессын дагуу явагддаг.

Энэ бүхий л үйл ажиллагаанд эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд өөрөө оролцож, өмгөөлөгч түүнд зөвлөгөө өгөх, туслах чиг үүрэгтэй ажиллагаа явагддаг.

Нэгэнт эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд өмгөөлөгч бие даасан, хараат бусаар оролцож явах боломж нээгддэг.

Миний хувьд өнгөрсөн хугацаанд 25 төрлийн асуудлаар өмгөөллийн туслалцаа үзүүлсэн. Үүнээс 11 асуудал нь гэрээний эрх зүйн маргаанд явдаг ба бусдыг нь хаяасан. Уг 11 маргаанаас бусад маргаанд нэг ч төгрөгийн төлбөр төлж гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлж байгаагүй.

Ямар хэмжээний баримт хүлээн авч ямар хэмжээний баримт хүлээлгэж өгсөн нь тодорхой харагдана. Миний хувьд 06 дугаар сарын 14-ний өдрөөс өмнөх хугацаанд хийгдэж байсан гэрээгээр хүлээсэн үүргүүдийг шаардаж, мэдэгдэл хүргүүлж эхэлсэн.

Ингэж шаардлага хүргүүллээ гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлаж байна, төлбөрийг төл гэсэн. Миний хувьд хийсэн бүтээсэн ажлаа үнэлүүлэх зүйл зайлшгүй шаардлагатай байдаг.

 Гэтэл нэхэмжлэгч эдгээр асуудлаар Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын газарт хандаж, яваагүй газар гэж байхгүй.

Өнгөрсөн хугацаанд миний үйлчлүүлэгч дунд адгийн хулгайч, алуурчин ч байсан. Эрх хууль ёсны ашиг сонирхолыг нь хамгаалахаар өөрийнхөн төлөө явж байсан өмгөөлөгчөө ...... сайд, .... байгууллага, ...... тэмцэх газар, .......холбоо гээд өгөөгүй газаргүй. Үүний үр дүнд миний өмгөөлөлийн үйл ажиллагааг 2 жил хохироосон. Монголын өмгөөлөгчдийн холбооны шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах, Хяналтын шатны шүүхээр хэргийг хүчингүй болсон. Хэрвээ би ямар нэгэн алдаа гаргасан тохиолдолд мэргэжлийн хариуцлагын хүрээнд хариуцлага хүлээнэ.

Энэхүү гэрээг байгуулж өмгөөллийн үйлчилгээ үзүүлснээрээ Өмгөөллийн тухай хууль бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгийг цаг хугацаанд тогтоосон. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт бий. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч надаас татгалзсан.

Татгалзсан тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Мэдээж би энэ гэрээ, эрх зүйн харилцаагаар маргаад явж болох ч өнөөдрийн хүчин төгөлдөр Өмгөөллийн тухай хуулиар тодорхой үйл ажиллагаа тухайн үйлчлүүлэгчийн бичгээр гаргасан зөвшөөрлөөр явагдахыг хуульчилсан.

Энэ агуулгын хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул өөрт байсан 99 хуудас баримтыг хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн.

Бидний ярьж байгаа асуудал талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай болон ерөнхий нөхцөлд тодорхой дурдагдсан.

Миний хувьд 592.885.980 төгрөгийн мөнгөн хөрөнгийг А.Ч ХХК-д төвлөрүүлж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч эсвэл түүний сонгосон этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна гэж заасан.

          Мөн гэрээнд заасны дагуу үйл ажиллагаа явуулна. Ц.О хувьд гэрээнд заасан үйл ажиллагаанд оролцож байсан.

          Миний хувьд зөвхөн гэрээний агуулгын хүрээнд үйлчилгээ үзүүлэх эрхтэй учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна.

          Нэхэмжлэгч А.Ч ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээ татан авч байгааг баталж өгнө үү, гэжээ.

         5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

         6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны  өдрийн 03 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан “А.О” ХХК-ийн шинэчилсэн “Дүрэм”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Хас” банк ХХК-ийн “Төлбөрийн баримт”, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Шаардлагын хариу хүргүүлэх тухай”, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай “Итгэмжлэл”, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0762 дугаартай “Итгэмжлэл”, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэл гаргах нь” 

 

         7.Хариуцагчаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаартай “Сөрөг нэхэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт”, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай “Баримт бичиг хүргүүлэх тухай”, 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл”, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Монголын нотариачдын танхимын “Мөнгөний тасалбар”, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 00000 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл”, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл”, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай “Давж заалдах шатны шүүх Магадлал”, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Төлбөрийн баримт”, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаартай Монголын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны Тогтоол, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай “Итгэмжлэл”, Баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0000 дугаартай “Итгэмжлэл”

 

         8.Шүүхийн журмаар 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/2797 дугаартай “Албан бичиг”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай “Албан бичиг”, ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 000 дугаартай “Албан бичиг”, А.Ч ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 47 дугаартай “Албан бичиг”, “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1419 дугаартай “Албан бичиг”, ...... улсын бүртгэлийн хэлтэсийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2083 дугаартай “Хариу хүргүүлэх тухай”, Улсын бүртгэлийн ерөнхий  газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 000000000 дугаартай “Төрөл садангийн лавлагаа”, ....... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, .... дүүргийн улсын бүртгэлийн газрын 2023 оны 01  дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаартай “Албан бичиг”,  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, ...... дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаартай Албан бичгийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Манай компани хариуцагчтай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хоёр гэрээ байгуулсан боловч хариуцагч үүргээ биелүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, өөмгөөлөлийн үйлчилгээ үзүүлээгүй учраас бид өөрсдөө шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн” гэж тайлбарлав.

 

  3.Хариуцагч Ө.А “Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тухайн үед А.Ч ХХК шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчөөр явж байсан учраас бид ярилцаад хоёр байрны гэрчилгээг Ц.О нэр дээр гарсан. Бидний хооронд нэхэмжлэгчийн хэлж байгаа 000-000 дугаар байрны тухай асуудал яригдаагүй. Миний нэхэмжлэгчийн санал болгосон 000000 дугаартай орон сууцнуудад зөвлөгөө өгсөн” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

  4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

        5.Нэхэмжлэгч А.Ч ХХК, хариуцагч Ө.А тай 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Хуууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулж, А.Ч ХХК-ийг төлөөлж Х.Цогнойжамцын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн .....-ын иргэн Y.L-той байгуулсан “Өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр ...... дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны ....... хотхоны 00-В дугаартай, 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны байрнаас 0000 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг Y.L-ийн өмчлөлд шилжүүлж бусад хэсгийг А.Ч ХХК-ийн өмчлөлд үлдэхээр тохиролцсон гэрээ болон байрнаас худалдан авсан иргэдийн өмчлөх эрхэд халдсан үйлдлийг таслан зогсоох

          Мөн өдөр М.Б, Х.Ц 2018 онд 800.000.000 төгрөгийг авч 1.600.000.000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон хэлцэл болон М.Б түүний нөхөр Ж.Б нарын байгуулсан “М” ХХК, А.Ч ХХК-ийн өмчлөлийн дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэсэн түрээсийн төлбөр 300.000.000 төгрөгийг гаруулах ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцон А.Ч ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэхээр зохигчид гэрээнүүдийг байгуулжээ.

         6.Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлслөхөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         7.Талуудын тайлбар, “Хууль зүйн туслалцааны гэрээ”-гээр хариуцагч Ө.А өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх эрхтэй этгээд болох нь нотлогдож байна.

 

         8.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараас үзэхэд дээрх гэрээнүүдийг байгуулах тухайн цаг үед А.Ч ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Ц байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож харин Ц.О А.Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ц 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон нь тогтоогдож байна.

 

         9.Тэрээр төрөл садан, гэрлэсэний лавлагаагаар Х.Цогнойжамц Ламын гэгээн овогт Ц.Э нөхөр, Х.Ц, Ц.Э нар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О эцэг, эх, Ц.О төрсөн дүү  Ц.Э болох нь нотлогдож байна.

 

        10.Хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэг тал нь тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх, нөгөө тал тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрвээ гэрээнд заасан үйлчилгээг үзүүлээгүй тохиодолд ажиллуулагч буюу хөлс төлөгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

        11.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх хөлсний урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг авсан талаар маргахгүй байна.

 

         12.Түүнчлэн хариуцагч Ө.А “хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлаа хийж харилцан захидал илгээж, захиргааны журмаар шийдэгдэнэ гэдэг зөвлөгөөг үзүүлснээр 2 орон сууцны өмчлөгчөөр Ц.О бүртгэгдэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө хүсэлтээр гэрээнээс татгалзсан тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

         13.Өмгөөлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрийн үзүүлсэн хууль зүйн мэргэжлийн туслалцааны төлөө хөлс авах, үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хууль зүйн үр дагаврыг тайлбарлах, үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдэгдэж, өмгөөллийн үйл ажиллагааны зорилгод хүрэхээр үйлчлүүлэгчтэй зөвлөлдөж, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүргээ биелүүлж, талууд байгуулсан гэрээний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотойгоор хамтран ажиллаж, харилцан мэдээлэлээ солилцсон нь баримт бичгийг хүлээлгэн өгч, буцаан авсан талаарх 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 12 ширхэг, нүүрээр 14 ширхэг баримт, 2023 оны 12 дугаар сарын 0000 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр үйлчлүүлэгч А.Ч ХХК-аас өмгөөлөгч Ө.А нийт 25 хуудас, нүүрээр 27 ширхэгийг баримтыг хүлээн авсныг Х.Ц хүлээн өгөв” гэж бичсэн баримтыг үйлдэн хоёр тал гарын үсгээ зурж батлгаажуулан баримтыг нотариатаар баталгаажуулж хариуцагч төлбөрийг төлсөн баримт, “Монгол шуудан” ХХК-аар дамжуулан нэхэмжлэгчид хүргүүлсэн иргэнд очих баримт, хариуцагч өөрийнхөө ........цахим хаягаас нэхэмжлэгчийн ......гэсэн нэртэй цахим хаяг руу бичсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

       14.Иймээс хариуцагч гэрээнд заасан ажлын үр дүнг бий болгох зорилгоор зөвлөгөө өгснөөр А.Ч ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.О өмчлөлд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дүүрэг, 2 дугаар хороолол, 3 дугаар хороо, Үйлдвэр-17060, Чингисийн өргөн чөлөө гудамжны 00-В дугаар байрны 00 метр квадрат талбайтай, 3 өрөө, 02 тоот орон сууц мөн хаягт байрлах 3 өрөө 00 метр квадрат талбайтай 00 тоот орон сууц бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

       15.Тодруулбал, өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч үйлчүүлэгчдээ ямар нэгэн амлалт өгөхийг хуулиар хориглох бөгөөд зөвхөн гэрээнд заасан үр дүнг бий болгон ажиллах үүргийг хүлээдэг.

 

       16.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд “гэрээний дагуу 00 дугаар байрны 00 давхрын 0000 дугаартай орон сууцнуудад зөвлөгөө өгөх байсан боловч гэрээнд хамааралгүй 0000 дугаартай орон сууцнуудад үйлчилгээ үзүүлсэн”,

 

       Хариуцагч Ө.А А.Ч ХХК 00 дугаар байрны 0000 дугаартай орон сууцнуудад өмгөөллийн туслалцаа үзүүлэхийг санал болгосны дагуу зөвлөгөө өгсөн, 00000 дугаартай орон сууц нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй буюу эдгээр байрны дугаарыг одоо сонсож байна” гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

        17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлож үгүйсгэж чадаагүй, эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон хэдий ч нотлох баримтаа бүрдүүлэх цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, зохигчдын хооронд байгуулсан хоёр гэрээнд 00 дугаар байрны хэд хэдэн тоот орон сууцанд үйлчилгээ үзүүлэх талаар дурдаагүй, хариуцагч үйлчлүүлэгчийн санал болгосон гэх 00000 дугаартай орон сууцанд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөөлөгч нотлох баримтаар няцааж чадаагүй, хариуцагч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалан ажиллаж, нэхэмжлэгч буюу үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээг цуцалсан нь хариуцагчийн тайлбар, бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

       18.Хариуцагч Ө.А 103.978.907 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг дурдах нь зүйтэй.

        19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 993.744 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

         1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.А т холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.А 103.978.907 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 993.744 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА