Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2023           12           18                                             210/МА2023/02189

 

 

“*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/03721 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******т холбогдох

20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 103,978,907 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Одзаяа, хариуцагч *******.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “*******-*******” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч *******.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх 2 гэрээ байгуулсан. *******.******* урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг авсан.

1.2. Тус компани нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээний дагуу үйлчилгээ үзүүлээгүй 4 сарын хугацаа өнгөрсөн, тиймээс гэрээгээ цуцлаад уг асуудлаа өөрсдөө хариуцан явах тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч *******.******* өмгөөлөгч 20,000,000 төгрөгийг буцааж өгөхөөс татгалзсан тул шүүхэд хандсан.

1.3. *******.******* өмгөөлөгч Ц.Оюунчимэгтэй холбоотой зүйл яриад байдаг. Хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээг Ц.Оюунчимэг болон БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long) нар хоорондоо хийсэн бөгөөд уг асуудалд “*******-*******” ХХК ямар ч хамааралгүй. “*******-*******” ХХК нь Еонг Лонг-д 4373 м.кв талбай өгсөн, үлдэх 1243 м.кв талбайг “*******-*******” ХХК өөрөө өмчлөх ёстой байсан. Еонг Лонг нь барилгын 3 давхрын үйлчилгээний хэсэг болон 14, 15 дугаар давхрыг манай компанид үлдээж үл хөдлөх эд хөрөнгөө задлуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч тус 1243 м.кв талбайн 3 давхрын 301-305 тоот, 14 давхрын 51-53 тоот гээд тухайн 8 орон сууцыг Еонг Лонг-ын нэр дээр гаргасан байсан. *******.******* өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр энэ 8 орон сууцын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч өгөх ёстой байсан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй.

Иймээс хариуцагчаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тухайн цаг хугацаанд “*******-*******” ХХК-ийн асуудалтай давхар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа Ц.Оюунчимэгтэй холбоотой нийт 4 гэрээ байгуулсан. Гэрээнд 30,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр тохирсон боловч 20,000,000 төгрөг төлсөн.

2.2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудал нь “*******-*******” ХХК-ийн захиалгаар бариулсан Хан-Уул дүүрэгт байрладаг “Алтаргана” хотхоны 4 орон сууцыг БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long) гэх хүнээс “*******-*******” ХХК-ийн нэр дээр авч болохгүй байсан. Тухайн үед “*******-*******” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Х.Цогнойжамц шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч байсан учраас 44 дүгээр байрны доод зогсоолын давхрын 80 м.кв талбай болон “*******-*******” ХХК-ийн дансыг битүүмжилсэн байсан. Тийм учраас 4 орон сууцыг Х.Цогнойжамцын эхнэрийн төрсөн дүү Ц.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцсон байсан. “*******-*******” ХХК-тай энэ асуудлаар гэрээ байгуулж, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг “*******-*******” ХХК 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн.

2.3. Миний бие маш олон баримтыг хүлээн авч судалсны эцэст 2020 оны 07 дугаар сард дүгнэлтээ танилцуулсан. Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн өөрийн зөрчигдсөн, хөндөгдсөн эрхийг сэргээлгэх, хамгаалуулахтай холбоотой хүсэлтийг Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар гаргадаг. Миний хийсэн ажлын үр дүнд 2 орон сууц Ц.Оюунчимэгийн нэр дээр бүртгэгдэж, үлдсэн 2 орон сууцыг бүртгэхээс татгалзсан. 2 орон сууцны нэгийн бүртгэлийг хүчингүй болгосон шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сард гаргасан байдаг. Хэрвээ би хууль зүйн туслалцаа үзүүлж байсан бол ямар шалтгаанаар орон сууцны бүртгэлийг хүчингүй болгосон талаар шийдүүлэх нөхцөл боломж байсан.

2.4. Бусад 3 гэрээний 10,000,000 төгрөгийн төлбөр орж ирээгүй. Энэ төлбөрийг мөн “*******-*******” ХХК төлөх ёстой байсан. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр цахим шуудангаар “Бичура” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 335,208,304.75 төгрөг гаргуулах тухай “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлийн төслийг хүргүүлсэн. М.Болортуяагаас зээлийн төлбөр 1,600,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Цогнойжамцын нэхэмжлэлийн төсөл боловсруулсан, зөөврийн компьютер дэх баримт бичигт үзлэг хийсэн гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие “*******-*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 67,285,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21,693,897 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус ихэсгэж нийт 103,978,907 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлага, үндэслэлүүдийг дахин судлан тодруулах, нотлох баримтуудыг нэмж бүрдүүлэх шаардлагатай байна. Иймээс миний бие сөрөг нэхэмжлэлээ татан авч байгаа хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь ямар нэгэн өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлээгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, *******мгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******.*******т холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******.******* 103,978,907 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 993,744 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсаныг тогтоон дүгнэсэн ба хариуцагч гэрээний үүргээ бүтэн 4 сарын турш хэрэгжүүлээгүй тул нэхэмжпэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохих шаардлагыг бичгээр өгч, уг хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзаж цуцалсан болохыг хүлээн зөвшөөрч дүгнэсэн. Ингэж дүгнэсэн тохиолдолд шүүх уг гэрээг цуцлах болсон үндэслэл, шалтгаан, аль талын ямар буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлахад хүрсэн зэрэг асуудлыг шалган тогтоож, зохих хууль зүйн дүгнэлтийг өгөх шаардлагатай байсан. Ийнхүү дүгнээгүй нь шийдвэр бодит байдалд үл нийцсэн агуулгатай, үндэслэлгүй гарахад хүргэсэн. Гэрээг цуцлах болсон гол шалтгаан нь өмгөөлөгч *******.*******ын удаан хугацаанд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл бөгөөд ийм шалтгааны улмаас нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг цуцалж, урьдчилгаа төлбөрийг эргүүлэн төлөхийг шаардсан.

6.2. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх 4 гэрээнээс шүүх зөвхөн "*******-*******" ХХК болон Еонг Лонг (Yong Long) нарын хооронд байгуулсан өмчлөх эрх шилжүүлэх гэрээнээс үүссэн маргаанд холбогдох гэрээний дагуу тодорхой хууль зүйн туслалцааг үзүүлсэн гэж үзэж шийдвэрлэсэн ба бусад 3 гэрээний дагуу ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй үйл баримтыг огт харгалзан үзээгүй.

6.3. “*******-*******” ХХК болон Еонг Лонг (Yong Long) нарын хоорондын маргаанд холбогдуулан байгуулсан гэрээнд орон сууцуудын тодорхой тоотыг заагаагүй болохыг шүүхийн шийдвэрт дурдсан хэрнээ хэт нэг талыг барьж зөвхөн хариуцагчийн өгсөн “хариуцагч үйлчлүүлэгчийн санал болгосон гэх 02, 44, 49, 50 тоот орон сууцуудад хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байсан ба 301-305, 51, 52, 53 тоот байрны талаар яригдаагүй” гэсэн тайлбарыг барьж шийдсэн нь үндэслэлгүй, шийдвэрийг агуулгын хувьд дотоод зөрчилтэй болгож байна.

6.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж, “*******-*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бус, гүйцэтгэх удирдлага бус иргэн Ц.Оюунчимэгийн Еонг Лонг (Yong Long)-той өмгөөлөгч *******.******* болон "*******-*******" ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсэхээс 18 сарын өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнүүдийг байгуулахад зөвлөсөн мэтээр өгсөн хариуцагчийн тайлбарт хөтлөгдөж, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй үйл баримтуудын талаар буюу иргэн Ц.Оюунчимэг болон "*******-*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Цогнойжамц нар хоорондоо хамаарал бүхий этгээд болохыг тогтоох ажиллагаа явуулж, уг нотлох баримтдаа үндэслэн шийдвэр гаргаснаар шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдлыг үгүйсгэж байна.

6.5. Энд дурдагдаж буй хууль зүйн туслалцаа авсан маргаан нь “*******-*******” ХХК-ийн өмчлөх эрх зөрчигдсөнтэй холбоотой бөгөөд бид өнөөг хүртэл төрийн зохих байгууллагуудад гомдол, нэхэмжлэл гарган эцэслэн шийдэгдээгүй байгаа маргаан юм. Хэдийгээр хэрэгт ач холбогдолгүй боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаарт дурдагдсан хариуцагч *******.*******ын "хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлаа хийж харилцан захидал илгээж, захиргааны журмаар шийдэгдэнэ гэдэг зөвлөгөөг үзүүлснээр 2 орон сууцны өмчлөгчөөр Ц.Оюунчимэг бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан бөгөөд нэхэмжлэгч өөрийнхөө хүсэлтээр гэрээнээс татгалзсан тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжүй болсон" гэх тайлбар нь үндэслэлгүй, цаг хугацааны хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс 18 сарын өмнө болж өнгөрсөн үйл явдлын тухай, илт худал байхад шүүх үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, хариуцагчийн тайлбартаа дурдаад байдаг 44в байрны 44, 49, 50 тоот орон сууцууд өнөөдрийг хүртэл иргэн Ц.Оюунчимэгийн өмчөөр бүртгэгдээгүй байгаа.

6.6. Хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажилд 20,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр хэмжээний ажил хийсэн эсэх, мөн *******мгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах” үүргээ биелүүлээгүй үйлдэл, үйл ажиллагаа эсэх гэдэгт шүүх бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. 

6.7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар төрийн аль ч байгууллагад хандаагүй, маргагч талд хандсан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний болон *******мгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заагдсан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тул тухайн үед нь зохих шаардлагыг бичгээр хүргүүлж, гэрээний 2.5.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж цуцалсан. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, илт үндэслэлгүй дүгнэлт болсон.

6.8. Шүүхийн шийдвэр агуулгын дотоод зөрчилтэй, “2023 оны 12 дугаар сарын Б-1/20-110 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ...” гэх мэтээр хугацаа нь болоогүй огноотой үйл баримтаар дүгнэлт хийсэн, бичиглэлийн болон хэл найруулгын алдаатай, ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Миний бие хууль зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөөг тасралтгүй өгч байсан. Нийт 4 гэрээ байгуулсан бөгөөд 2 гэрээнд 30,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч 20,000,000 төгрөгийг 4 орон сууцтай холбоотой асуудалд, 10,000,000 төгрөгийг М.Болортуяа, Ж.Батбаяр нарт холбогдох асуудалд авах саналаа би гаргасан. Миний хувьд 20,000,000 төгрөгийг Ц.Оюунчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд холбогдож байгаа гэж үзээд Ц.Оюунчимэг төлөх нь зүйтэй гэж үзсэн ба Ц.Оюунчимэг нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “*******-*******” ХХК буюу түүний хамаарал бүхий этгээдэд 25 тусдаа асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлж байсан. Давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Би нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээний үүрэгт 67,285,010 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21,693,897 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус ихэсгэсэн. Улсын тэмдэгтийн хураамжинд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн сөрөг нэхэмжлэлд 494,376 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад 266,419 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагад 232,950 төгрөг, нийт 993,745.50 төгрөгийг төлсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан бөгөөд шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй. 

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш32023/03721 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 729,822.75 төгрөгийг хариуцагчид буцаан олгож өгнө үү.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш32023/03721 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлүүд байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Давж заалдах гомдолд гаргах тайлбаргүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “*******-*******” ХХК нь хариуцагч *******.*******т холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 20,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүрэгт 103,978,907 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж шийдвэрлэжээ.

Тус хуулийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан ба анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох заалт тус хуулийн зохицуулалтад нийцээгүй тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх 2 гэрээнд үндэслэсэн ба уг гэрээнүүдэд нэг талаас өмгөөлөгч *******.******* нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас үйлчлүүлэгч “*******-*******” ХХК нь хөлс төлөх гол нөхцөлийг харилцан тохиролцжээ.

3.1. Эхний гэрээгээр өмгөөлөгч нь дор дурдсан асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь хөлс 30,000,000 төгрөг болон өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд төвлөрсөн хөрөнгийн мөнгөн дүнгийн 10 хувиар тооцон урамшуулал төлөхөөр тусгасан. Үүнд:

а. “*******-*******” ХХК, түүнийг төлөөлөн Х.Цогнойжамц нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long)-тай байгуулсан *******мчлөх эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Алтаргана 44в дугаар, 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны байраас 4373 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Еонг Лонг (Yong Long)-ийн өмчлөлд шилжүүлж бусад хэсгийг “*******-*******” ХХК-ийн өмчлөлд хэвээр үлдээсэн. “*******-*******” ХХК нь өөрт ногдох өмчлөлийн хэсгээс орон сууц худалдан авсан иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч 44в дугаар байр бүхэлдээ Еонг Лонг (Yong Long)-ийн өмчлөлд бүртгэгдсэн гэсэн үндэслэл, шалтгаанаар “*******-*******” ХХК болон орон сууц худалдан авсан нэр бүхий иргэдийн өмчлөлийг албажуулахаас татгалзсан.

б. “*******-*******” ХХК болон Алтаргана 44в дугаар байрнаас орон сууц худалдан авсан иргэдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг таслан зогсоохтой холбогдсон үйл ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор заасан. (хэргийн 1 дэх хавтас 9-11 дэх тал)

3.2. Хоёр дахь гэрээгээр өмгөөлөгч нь дор дурдсан асуудлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч нь хөлс 50,000,000 төгрөг болон өмгөөлөгчийн гүйцэтгэсэн ажлын хүрээнд төвлөрсөн хөрөнгийн мөнгөн дүнгийн 10 хувиар тооцон урамшуулал төлөхөөр тусгасан. Үүнд:

а. М.Болортуяа нь Х.Цогнойжамцаас 2018 онд 800,000,000 төгрөгийг 1,600,000,000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохирч хүлээн авсан боловч М.Болортуяа үүргээ биелүүлээгүй.

б. М.Болортуяа, түүний нөхөр Ж.Батбаяр нарын “Мечура” ХХК нь “*******-*******” ХХК-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байршилтай үйлчилгээний зориулалттай байрын 2017 оноос хойшхи хугацааны түрээсийн төлбөр нийт 300,000,000 гаруй төгрөгийг төлөөгүй.

М.Болортуяа, Ж.Батбаяр, “Мечура” ХХК-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр заасан. (хэргийн 1 дэх хавтас 12-14 дэх тал)

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

4. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх мөн зөв тогтоосон.  (хэргийн 1 дэх хавтас 15, 58 дахь тал)

5. Зохигч дээрх 2 гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдсэн эсэхэд маргаж байна.

5.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ цуцлах талаар хариуцагчид бичгээр мэдэгдэж, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж, холбогдох материалыг хүлээлгэн өгөхийг хүссэн ба хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр уг мэдэгдэлд өмгөөллийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлж байгаа үндэслэлээр гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдэгдсэн ч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 178 хуудас баримтыг нэхэмжлэгчид буцаан хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч санал гаргаснаар талууд хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэстэй. (хэргийн 1 дэх хавтас 35-37, 44-45, 46-47 дахь тал)

5.2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг ““*******-*******” ХХК өөрт ногдох өмчлөлийн хэсгээс орон сууц худалдан авсан иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээг олгуулахаар Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч 44в дугаар байр бүхэлдээ Еонг Лонг (Yong Long)-ийн өмчлөлд бүртгэгдсэн гэсэн үндэслэлээр “*******-*******” ХХК болон орон сууц худалдан авсан нэр бүхий иргэдийн өмчлөлийг албажуулахаас татгалзсан, “*******-*******” ХХК болон Алтаргана 44в дугаар байрнаас орон сууц худалдан авсан иргэдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг таслан зогсоохтой холбогдсон үйл ажиллагаа” гэж тохиролцжээ.

5.3. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан баримтаар “*******-*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029524 дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр хороолол Чингисийн өргөн чөлөө гудамж, 44в тоот хаягт байрлах, 1296 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 4373 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн, үүний дараа 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “*******-*******” ХХК-ийн хүсэлт, БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long)-тай байгуулсан *******мчлөх эрх шилжүүлэх гэрээ, Хамтран ажиллах гэрээг үндэслэн тус 4373 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long) бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. (хэргийн 5 дахь хавтас 115, 126, 165-170, 174 дэх тал)

5.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... 44в дугаар байр нийт 5616 м.кв талбайтай, үүнээс БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long)-д 4373 м.кв талбай өгсөн, компанийн өмчлөх 1243 м.кв талбайгаа аваагүй, Еонг Лонг 3 давхрын үйлчилгээний хэсэг, 14, 15 дугаар давхрыг манай компанид үлдээж хүсэлтээ гаргасан боловч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс манай компанийн авах 301-305, 14, 15 дугаар давхрын нийт 8 орон сууцыг Еонг Лонг-ын нэр дээр гаргасан” гэж тайлбарласан (хэргийн 6 дахь хавтас 16 дахь тал) ба тухайн 8 үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй.

5.5. Хариуцагч нь гэрээгээр 44в дугаар байрны 02, 44, 49, 50 тоот орон сууцуудыг Ц.Оюунчимэгийн өмчлөлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг тохирсон, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай зөвлөгөө өгч, холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн гэж тайлбарласан.

а. Ц.Оюунчимэг нь БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long)-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Орон сууц захиалан бариулах 2 гэрээг үндэслэн 44в дугаар байрны 49, 02 тоот орон сууцуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус тус улсын бүртгэлийн байгууллагад хандсан ба 49 тоот орон сууцыг бүртгэж гэрчилгээ олгосон боловч гэрчилгээг хүчингүй болгосон, 02 тоот орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206071163 дугаарт бүртгэж 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон. (хэргийн 4 дэх хавтас 66, 68-73, 82, 85-90, 102, 103 тал)

б. Хариуцагч нь  2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2017 оны 2017/073 дугаар актыг Ц.Оюунчимэгт хүлээлгэн өгч баримт үйлдсэн байна. (хэргийн 1 дэх хавтас 38 дахь тал)

в. Нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу хариуцагч 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3 хэсэг бүхий нийт 178 хуудас баримтыг нэхэмжлэгчид шуудангаар буцаан хүргүүлжээ.

Б-1/20-109 дугаар бичгийн баримтад “*******-*******” ХХК болон Алтаргана 44в дугаар байрнаас орон сууц худалдан авсан иргэдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг таслан зогсоохтой холбогдсон өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд Ц.Оюунчимэг болон БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long) нарын хооронд 44в дугаар байрны 02, 44, 49, 50 тоот орон сууцуудыг захиалан бариулахаар байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээнүүд, холбогдох баримт бичиг нийт 99 хуудас материалыг буцаан шилжүүлэх агуулга тусгагджээ.

5.6. Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 44в дугаар байрны 301-305, 14, 15 дугаар давхрын нийт 8 үл хөдлөх эд хөрөнгийг БНХАУ-ын иргэн Еонг Лонг (Yong Long)-ын нэр дээр гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй ба хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд талуудын харилцан шилжүүлсэн 44в дугаар байрны 02, 44, 49, 50 тоот орон сууцуудтай холбоотой баримт бичгүүдийн агуулга, 2020 оны 07, 09 дүгээр сард 44в дугаар байрны 02, 49 тоот орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн байдал, мөн 02 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Ц.Оюунчимэгийн нэр дээр олгогдсон зэргээс хариуцагчийн гаргаж буй “44в дугаар байрны 02, 44, 49, 50 тоот орон сууцуудыг Ц.Оюунчимэгийн өмчлөлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг гэрээгээр тохирсон” гэх тайлбарыг үндэстэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх маргааны талаар “... гэрээнд 44в дугаар байрны хэдэн тоот орон сууцанд үйлчилгээ үзүүлэх талаар дурдаагүй, үйлчлүүлэгчийн санал болгосон 02, 44, 49, 50 дугаар орон сууцанд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар няцааж чадаагүй” гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

5.7. Харин гэрээнд заасан үйлчилгээ үзүүлэх үүргээ хариуцагч зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх үйл баримтыг шүүх зөв тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Дээр дурдсанаар Ц.Оюунчимэгийн нэр дээр 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 44в дугаар байрны 02 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь хариуцагчийн үзүүлсэн өмгөөллийн үйлчилгээтэй холбоотой гэж дүгнэх тул нэхэмжлэгч нь уг үйлчилгээнд тохирсон хөлсийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид төлөх үүрэгтэй.

Талууд гэрээний хөлсийг 30,000,000 төгрөгөөр тохирсон ба гэрээнд заасан 4 орон сууцаас 1 орон сууцтай холбоотой үйлчилгээ үзүүлсэн тул уг үйлчилгээнд тохирох хөлсийг 7,500,000 (30,000,000/4) төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.1. Талуудын байгуулсан хоёр дахь гэрээний дагуу хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Бичура” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 335,208,304.75 төгрөг гаргуулах тухай “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлийн төсөл баримтыг цахим шуудангаар хүргүүлсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн хариуцагчийн зөөврийн компьютер дэх баримт бичигт үзлэг хийхэд М.Болортуяагаас зээлийн төлбөр 1,600,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Цогнойжамцын нэхэмжлэлийн төсөл хадгалагдаж байх боловч уг баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. (хэргийн 4 дэх хавтас 149-150, 185-186 дахь тал)

6.2. Түүнчлэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШЗ2022/02007 дугаар захирамж, мөн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Бичура” ХХК-д холбогдуулан 490,385,148.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба хариуцагчийн явуулсан дээрх нэхэмжлэлийн төсөлтэй харьцуулахад нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагын үнийн дүн зэрэг нь өөр байна. (хэргийн 1 дэх хавтас 164, 3 дахь хавтас 191-192 дахь тал)

Ц.Оюунчимэг, Х.Цогнойжамц нараас 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр М.Болортуяа, Ж.Батбаярт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,739,452,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/01148 дугаар шийдвэртэй иргэний хэргээс хуулбарлан ирүүлсэн нэхэмжлэлээр нотлогдож байна. (хэргийн 4 дэх хавтас 20-21 дэх тал)

6.3. Талууд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зүйлийг “М.Болортуяа 2018 онд 800,000,000 төгрөгийг 1,600,000,000 төгрөг болгож өгөхөөр харилцан тохиролцож Х.Цогнойжамцаас хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, М.Болортуяа, Ж.Батбаяр нарын “Мечура” ХХК нь “*******-*******” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр 300,000,000 гаруй төгрөгийг төлөөгүй асуудлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж тохирсонтой дээрх баримтуудыг харьцуулж дүгнэхэд, нэхэмжлэгчийг гэрээнд заасан асуудлуудаар хариуцагчаас өмгөөллийн үйлчилгээг зохих хэмжээнд авсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

7. Иймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 12,500,000 (20,000,000-7,500,000) төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 67,285,010 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21,693,897 төгрөгөөр, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамжид нийт 993,745.50 төгрөгийг төлсөн байна. Тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хамтран хариуцагчаар Ц.Оюунчимэгийг татсан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн 103,978,907 төгрөгийг хариуцагч “*******-******* ХХК болон Ц.Оюунчимэг нарт хуваарилж гаргаагүй, тэдгээрийн хүлээх үүргийг тэнцүү байдлаар тодорхойлсон бөгөөд шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШЗ2023/08128 дугаар захирамжаар Ц.Оюунчимэгийг хамтран хариуцагчаар татсан холбогдох захирамжийн заалт хүчингүй болсон нь улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийн зохицуулалтад уг асуудал хамаарахгүй.

Иймээс хариуцагчийн гаргасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 729,822.75 төгрөгийг буцаан олгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж чадаагүй алдааг залруулж шүүхийн шийдвэрт хариуцагчаас 12,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/03721 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******аас 12,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******-*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******-*******” ХХК-аас 103,978,907 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч *******.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 257,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 993,745.50 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******аас 214,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******-*******” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 6,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                       С.ЭНХБАЯР

                                                                Д.ЗОЛЗАЯА