Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/03777

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 20 өдөр                 Дугаар 102/ШШ2023/03777        Улаанбаатар хот   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч С.М нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Н.Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар шилжүүлэн авсан 24.359.035 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч хянаад     

 

           Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч С.М, хариуцагч Н.Г газарт холбогдуулан хууль бусаар шилжүүлэн авсан 24.359.035 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Миний данснаас мөнгө битүүмжлээд авахад С.М гэх ахлахтай уулзаж миний мөнгийг буцааж гаргаж өгөх боломжтой эсэхийг асуухад компани хөрөнгөтэй бол боломжтой гэж хэлсэн.

        Тиймээс компанийн нэр дээр машин байсныг хэлж өр төлбөрт өгсөн.

         Гэтэл машиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хайгаад олоогүй. Ингээд машин олдохгүй байсан учраас мөнгийг гаргаж өгөх боломжгүй “С.ф” ХХК руу шилжүүлэнэ гэж хэлсэн.

         Шүүхэд гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээн дээр компанийн өр төлбөрийг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцана гэж заасан.

         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа хийхдээ  Б.Н өр төлбөрийг гаргуулах гээд хөрөнгийг битүүмжилж, эрэн сурвалжлах ажиллагаа хийж байсан баримт хавтаст хэрэгт бий.

         Гэвч 2018 онд “С.м” ХХК, “Ц” ХХК-тай маргаад явж байсан байна. Хэрвээ энэ компани өр төлбөртэй байсан бол бид авахгүй байсан. Б.Н өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж надад компанийг шилжүүлсэн тул 24.359.035 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна .

Гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж ярьж байна. Би гомдлоо гаргасан боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан цааш шивээгүйгээс болж материал олдохгүй алга болсон.

Миний хувьд удаа дараа тус байгууллагад гомдол гаргасан. Дахин хүсэлт гаргаж өгье гэхэд ахлах гүйцэтгэгч н.Э “болно” гэж хэлсэн учраас хүсэлтээ гаргасан ч гомдол гаргах хугацаа дууссан байна гэсэн хариу өгсөн.

“Болно, бүтнэ” гэж хэлэхэд өр төлбөртөө машин шилжүүлж өгсөн.

Энэ тухай тайлбарлаж хэлэхэд машиныг эрэн сурвалжлаад олж болно гэж хэлсэн.

Ингээд нэг компанитай өр төлбөртэй байсан тооцоог дуусгаад машиныг шилжүүлж өгсөн. Машиныг шилжүүлж өгсний дараа дээрх машиныг олбол мөнгийг шилжүүлж өгнө, машин олдохгүй байна гэж хэлсэн.

Өр төлбөргүй компани худалдаж авсан гэдгээ Сонгинохайрхан дүүргийн Татварын газарт очиход байцаагч өр төлбөргүй юм байна гэж хэлсэн.

Сарын өмнө Татварын ерөнхий газраас 70.000.000 төгрөгийн өр байна гэсэн захидал ирсэн. Надад эрх үүрэг тайлбарласан гэж хэлж байна.

Ямар ч мэдэгдэл, шаардах хуудас ирээгүй ба гэнэт миний данс хаагдсан.

Би гайхаад банкнаас асуухад “Голомт” ХХК банк шийдвэр гүйцэтгэл дээр авлагатай байна гэж хэлэхэд гомдол гаргаж байсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэжээ.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Манайхаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000дугаартай Шийдвэрээр “Ц” ХХК-аас 48.039.870 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 398.200 төгрөгийн хамт гаргуулж “С.ф” ХХК-д олгох шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн.

          Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж хуулийн этгээдийн лавлагаанаас үүсгэн байгуулагчийг тодруулахад Б.Н гэх хүн гарч ирсэн. Үүсгэн байгуулагчид ажиллагаа явуулж хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн газраас тодруулахад хувьцаа эзэмшигч С.М, Ж.С гэх хүмүүс байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлж мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсэн.

          Мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөгдөөгүй тул С.М данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.243.060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4.115.974 төгрөгийн таталт хийж манай данс руу шилжиж орсон.

          Нэхэмжлэгч “Ц.К” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учраас шийдвэрт заасан өр төлбөрийн 50 хувь буюу хувьцааны эзэмшлийн дагуу 24.359.035 төгрөгийг татсан. С.М гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан учраас гомдол гаргах хугацаа  өнгөрсөн тухай хариуг өгсөн. Мөн компани хөрөнгөтэй бол мөнгийг гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн учраас нэр дээрээ машинтай болсон гэж тайлбарлаж байна.

          Гэвч машиныг өөрөө авч ирж өгөх ёстой боловч машиныг хайгаад олдохгүй байна. Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн ч олдоогүй.

          Хоёрдугаарт компанийг өр төлбөртэй байсан талаар мэдээгүй, өр төлбөртэй бол Б.Нямдаржаагийн асуудал гэж ярьж байна.

          Нэхэмжлэгч Б.Н холбоотой өр төлбөрийн асуудал байгаа бол асуудлаа Б.Н шийдэх хэрэгтэй.

          Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч компанийн талаарх бүх мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж зааж өгсөн.

          Компани худалдаж авсан тохиолдолд өр төлбөргүй гэх Б.Н үгэнд итгэх биш өөрт нь шалгах эрх байсан. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Нэхэмжлэгч бүх зүйл амаар яригдаад байдаг.

          Манайх 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл явуулж 2021 оны 11 дүгээр сарын 19, 25-ны өдрүүдэд мөнгө татагдсан. С.М манайд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасан.

           Ахлах энэ хүнийг хөрөнгөтэй гэж хэлсэн учраас хөрөнгөө аваад ирээ гэж хэлсэн гэдэг зүйл ярьдаг.

           Нэхэмжлэгч амаар ярихаас илүүтэй бичиг баримттай ярих ёстой.

           Хоёрдугаарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Б.Нямдаржаатай холбоотой асуудлуудыг салгаж ойлгох хэрэгтэй байна.

           “Ц” ХХК дээр гарсан шүүхийн шийдвэрт хамааралгүй хүнийг олж дансыг хаагаад байгаа юм шиг зүйл яриад байна.

            Улсын бүртгэлийн 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 5/6372 дугаартай лавлагаагаар “Ц” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М байна гэсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж мөнгийг татсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 Мөн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “С” ХХК-аас Б.Н өр төлбөрийг төлүүлэх хүсэлт өгсөн гэж ярьж байна.

Энэ нь манайхтай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зардлын гэрээ байгуулахдаа хүсэлт гаргасан Тус хүсэлтэд “С.Ф” ХХК-аас анх Б.Н гэх хүн зээл авсан учраас энэ компанийг зарагдсаныг мэдэхгүй мөнгөө авахын тулд хүсэлтээ гаргаж, гэрээ хийсэн асуудал байгаа. Б.Н авсан зээлийг үндэслээд хүсэлтээ өгсөн.

Бусдаар С.Мгэх хүн солигдсон байна. С.М биш Б.Н гаргуулна гэсэн утгатай биш.

Хоёрдугаарт мөнгө барьцаалаад өгөхгүй, залилангийн байна гэж хэлж байна. Мөнгөө данснаасаа татаад С.Ф ХХКруу гаргах байсан С.Мгэх хүн ирж компани дээрээ машин аваад ирье, миний мөнгийг буцаагаад өгчих гэдэг асуудлыг ярьж байсан учраас мөнгийг түр байлгасан.

Машины гэрчилгээгээ авч ирсэн боловч бодитоор машинаа авч ирээгүй, бичиг баримт авч ирсэн. Мөнгөө авахын тулд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна гэж харж байгаа.

Тийм ч болохоор одоо хүртэл машин олдоогүй учраас мөнгийг гаргах боломжгүй байна. Энэ хугацаанд С.Ф ХХКруу -ийн эрх зөрчигдөж байгаа учраас мөнгөө өгөхгүйн тулд худлаа зүйл яриад байна.

Машинаа өөрөө олж ирэх ёстой, болохгүй бол цагдаад шалгуул гэдэг гомдол гаргасан. Тиймээс манайхаас та машинаа өөрөө олж ир, үгүй гэвэл мөнгийг гаргана гэдэг талаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл өгсөн.

Тиймээс өнөөдөр шүүхэд хандаад явж байна. Өөрөө бол машиныг хайж байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 000000 дугаартай “Шүүхийн шийдвэр”, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00000 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий албаны “Албан бичиг”, ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай “Шүүгчийн захирамж”, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0000 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 759 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Хариу мэдэгдэх хуудас”, 2019 ооны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, 2023  оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга

 

Хариуцагчаас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 000000 дугаартай “Шүүхийн шийдвэр”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 00000 дугаартай “Шүүгчийн захирамж”, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол”, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 000000 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харицлах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”, “Төлбөр төлөгчийг лавласан тухай мэдэгдэл”, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ё дугаартай “Албан тоотын хариу”, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 00000дугаартай “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд”, “Голомт” банк ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 00000дугаартай “Албан бичиг”, “Чингис хаан” банк ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тогтоолын хариу”, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн “Албан бичиг”, Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст”, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 00000 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Албан бичиг”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020  оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дугаартай “Ашигт малтмал,  газрын тосны газарт хүргүүлсэн “Албан бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00000 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай”, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00000дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 0000 дугаартай “Албан бичиг”, “Хуулийн этгээдийн улсын бүртггэлийн лавлагаа”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 00000 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай”, 2021  оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “Төлбөр төлөгчийн банк дахь  данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол”, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт”, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00000дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Албан бичиг”, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийслэлийн шүүхийн шийдвэр хүсэлт гаргах нь”, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00000 дугаартай “Замын хөдөлгөөний удирдлагын төвд”, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00000дугаартай “Хамтран ажиллах тухай”, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 000000 дугаартай “Хамтран ажиллах тухай”, Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2022 ооны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”, 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “С.Ф” ХХК-ийн хүсэлт, 2023 оны 05 дугаар сарын 26-ны “Мэдэгдэл хүргүүлэх тухай”, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол гаргах тухай”, 2023 оны 06 дугаар сарын 12-ны 759 дугаартай Н.Г газар хариу мэдэгдэх хуудас

 

Шүүхийн журмаар улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2023 ооны 10 дугаар сарын 17-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Лавлагаа”, “Төрийн байгууллагын лавлагааны систем”, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний үнэмлэхний лавлагаа”, Засгийн газын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 000000 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, 2020  оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00000  ........ дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст”, Нийслэлийн ........ дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 628 дугаартай “Албан бичиг”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00000 дугаартай “Албан бичиг”, Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, “Зээлийн гэрээ”, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Барьцааны гэрээ”

 ҮНДЭСЛЭХ нь:

 

 1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдан миний эрхийг зөрчиж, миний дансанд барилт хийж, 24.359.035 төгрөгийг битүүмжилснийг зөвшөөрөхгүй. Өр авлагаа компаниас авах ёстой” гэж тайлбарлав.

 

         3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч компани худалдан авахдаа өр төлбөртэй эсэхийг шалгах ёстой. Компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа хувьцааны ногдох хэсгээр төлбөр авагчийн авах мөнгийг тэнцүү хуваахад 24.359.035 төгрөг болсон дүнгээр дансыг барилт хийсэн нь хууль зөрчөөгүй. Компанид өөр хөрөнгө байхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

         4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00000000 дугаартай Шийдвэрээр хариуцагч Ц.К ХХК-иас 48.039.870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С.ф” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.

 

         6.Зохигчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаж байна.

 

         7.Хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад хариуцагч байгууллага дараахь ажиллагааг явуулжээ.    

 

         8.Тус шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг мөн өдрийн 000000 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, тус байгууллага 0000 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 0000 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоолыг гарчээ.

 

        10.Тэрээр тухайн ажиллагааг явуулсан шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг явуулсан байх ба энэ ажиллагаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар “Ц” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд 2016 онд Б.Н, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн С.М, С.Ж нар 50, 50 хувийн компанийг эзэмших эрхтэй этгээдээр бүртгэгдсэн нь тогтоогдож байна.

     

       11.Улмаар нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад “Энэ компаний өр төлбөрийг би төлөхгүй. Б.Н надад өр төлбөргүй гэж хэлж компанийг зарсанд гомдолтой байна” гэж тайлбарласан боловч Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах, лавлах, шалгаж нягтлах хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй явдалд хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

 

       12.Харин төлбөр төлөгч “Ц” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт заасны дагуу С.М, С.Ж нар тус компанийг худалдан авч Улсын бүртгэлийн газарт хандан эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож байна.

     

       13.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцахаар хуульчилжээ.

 

       14.Гэтэл дээрх нөхцөл байдал баримтаар нотлогдоогүй буюу Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсгүүдэд хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлож харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй ба компанийн эд хөрөнгө эзэмшиж байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс бүрдэн компани эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх бөгөөд компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, хувьцаа эзэмшигч компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасны дагуу Ц.К” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М эзэмших хувьцааны хэмжээгээр төлбөр ногдуулж 24.359.035 төгрөгийг данснаас нь таталт хийсэн мөн хөрөнгө мөнгө холилдсон нь тогтоогдоогүй байхад явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

    

      15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 

         115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нэхэмжлэлтэй, хариуцагч Н газарт холбогдох хууль бусаар шилжүүлэн авсан 24.359.035 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.АРИУНАА