Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2023/02172

 

 

 

 

 

 

 

 

2023 12 18 210/МА2023/02172

 

 

С.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03777 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.М ын хариуцагч НН т холбогдуулан гаргасан хууль бусаар шилжүүлэн авсан 24,359,035 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний данснаас мөнгө битүүмжилж авахад ахлах шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад компани хөрөнгөтэй бол мөнгийг буцаах боломжтой эсэхийг асуухад компани хөрөнгөтэй бол боломжтой гэж хэлсэн. Иймээс компанийн нэр дээр машин байсныг хэлж өр төлбөрт өгсөн. Гэтэл автомашин олдохгүй байна гэж мөнгийг гаргаж өгөх боломжгүй С ХХК руу шилжүүлнэ гэж хэлсэн. Шүүхэд гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээнд компанийн өр төлбөрийг өмнөх хувьцаа эзэмшигч хариуцна гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийхдээ Б.Н гаас өр төлбөрийг гаргуулахаар хөрөнгийг битүүмжилж, эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн баримт хэрэгт авагдсан. Гэвч 2018 онд С ХХК , Ц ХХК -тай маргасан байна. Хэрвээ энэ компани өр төлбөртэй байсан бол бид авахгүй байсан. Б.Н өр төлбөртэй байсан гэдгээ нуун дарагдуулж надад компанийг шилжүүлсэн тул 24,359,035 төгрөгийг буцаан авах хүсэлттэй байна. Сонгинохайрхан дүүргийн Татварын газраас асуухад ямар ч мэдэгдэл, шаардах хуудас ирээгүй ба гэнэт миний данс хаагдсан байсан. Голомт банк ХХК-аас асуухад шийдвэр гүйцэтгэлд авлагатай байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаартай шийдвэрээр Ц ХХК -аас 48,039,870 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 398,200 төгрөгийн хамт гаргуулж С ХХК -д олгох шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж хуулийн этгээдийн лавлагаанаас үүсгэн байгуулагчийг тодруулахад Б.Н гарч ирсэн. Үүсгэн байгуулагчид ажиллагаа явуулж хуулийн этгээдийг Улсын бүртгэлийн газраас тодруулахад хувьцаа эзэмшигч С.М , Ж.С байсан. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлж мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулахыг мэдэгдсэн. Мэдэгдлийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул С.М ын данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийг Ц ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учраас шийдвэрт заасан өр төлбөрийн 50 хувь буюу хувьцааны эзэмшлийн дагуу 24,359,035 төгрөгийг татсан. С.М гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа гомдол гаргасан учраас гомдол гаргах хугацаа өнгөрсөн тухай хариуг өгсөн. Мөн компани хөрөнгөтэй бол мөнгийг гаргаж өгөх боломжтой гэж хэлсэн учраас нэр дээрээ машинтай болсон гэж тайлбарлаж байна. Гэвч машиныг өөрөө авч ирж өгөх ёстой боловч машиныг хайгаад олдохгүй байна. Манайхаас цагдаагийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн ч олдоогүй. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч компанийн талаарх бүх мэдээлэл, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй гэж заасан. Компани худалдаж авсан тохиолдолд өр төлбөргүй гэх Б.Н гийн үгэнд итгэх биш өөрт нь шалгах эрх байсан. Улсын бүртгэлийн 2021 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 5/6372 дугаартай лавлагаагаар Ц ХХК -ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М байна гэсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж мөнгийг татсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: .Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Шүүхийн шийдвэр гүйцэттгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М ын нэхэмжлэлтэй, хариуцагч НН т холбогдох хууль бусаар шилжүүлэн авсан 24,359,035 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 197 дугаар шийдвэрээр Ц ХХК -аас 48,438,070 төгрөгийг гаргуулж "Стандарт форм" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар компанийн харилцах дансыг битүүмжлэн хасалт хийхэд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй, өөрийн эзэмшил өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М ын арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн данснаас хувьд ногдох хэсгээр хасалт хийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 4,115,974 төгрөгийг хувьцааны хэмжээгээр бүрэн төлүүлж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20370209/04 дугаар тогтоолоор банк дахь дансыг битүүмжилээс чөлөөлсөн. Хариуцагч байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйл болон 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч "Цэхц гранд констракшн" ХХК-ийн мөнгөн хөрөнгө болон хөдлөх үл хөдлөх хөрөнгийн талаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тодруулахад харилцах дансандаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй, эзэмшил, өмчлөлдөө хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болох нь тогтоогдсон Мөн төлбөр төлөгч "Цэхц гранд констракшн" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М т 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16618 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруулж 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагт ирж уулзах мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг хуульд зааснаар шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцдог тул төлбөр төлөгчийн гаргаж буй мэдэгдэл хүлээн аваагүй гэх үндэслэл тогтоогдохгүй гэж үзнэ. Шүүхээс хариуцагч байгууллага "Цэхц гранд констракшн" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М ын эзэмших хувьцааны хэмжээгээр төлбөр ногдуулж 24,359,035 төгрөгийг данснаас нь таталт хийсэн мөн хөрөнгө мөнгө холилдсон нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө орлого тодруулах ажиллагааг явуулсан, С.М өөрийн эс үйлдэхүйгээр компанийн эд хөрөнгөнөөс зааглагдсан хөрөнгөтэй эсэхээ бүрдүүлж өгөөгүй бөгөөд хөрөнгө тодруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад шүүхээс хөрөнгө мөнгө холилдсон нь тогтоогдоогүй буюу тогтоох ажиллагаа хийгээгүй талаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан өмчлөх эрхийн баталгаатай холбоотой асуудал яригдаж байгаа. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг компани хариуцахгүй, хувьцаа эзэмшигч нь компанийн үүргийг хариуцахгүй гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тус байдлаар компанийн хөрөнгө, хувь хүний хөрөнгөд халдаж хуваах бол Монгол улсад өмчийн баталгаа байхгүй болно. Анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлээр хуурч мэхлэх замаар компанийг худалдсан талаарх нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тус компанийг өр төлбөртөө авснаас хойш ямар нэгэн гүйлгээ хийгээгүй гэдгээ нотолж дансны хуулга гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бид нарт мэдэгдэлгүйгээр суутгаж авч болохгүй. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэлж, бодитой шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч НН т холбогдуулан хууль бусаар шилжүүлэн авсан 24,359,035 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаар шийдвэрээр хариуцагч Ц ХХК -аас 48,039,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК -д олгож шийдвэрлэжээ./хх26-28/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

3.1. Хариуцагч НН нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагчийн данснаас 24,359,035 төгрөг суутган авчээ./хх-/

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлж, 24,359,035 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Мөнгөн хөрөнгө гаргуулах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсонтой холбоотойгоор шаардсан нөхцөлд шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан ямар эрхийн акт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэх, үүнтэй холбоотой эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн явуулж байгаагийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах нь зохигчид маргааны зүйлийн талаар мэтгэлцэх, улмаар хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/03777 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН