Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2023/01335

 

 

 

 

                                        

 

 

 

 

     2023             10                19                                      142/ШШ2023/01335

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “В” ХХК-д холбогдох, 

“В ХХК-ийн хууль бус эзэмшлээс зоорийн 01 дэх хэсгийн 259,05 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, 351 м.кв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч Т.С

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

           Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А

                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч Т.Снь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан “В ХХК-ийн хууль бус эзэмшлээс зоорийн 01 дэх хэсгийн 259,05 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, 351 м.кв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  I. Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Нэг. Иргэн Т.С миний бие нь 2007 онд “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-иас Сэлэнгэ зочид буудлын 1, 2 дугаар давхрыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон ба уг уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрын хамтран эзэмшигч болсон. Улмаар 2021 оны 07 сарын 27-ны “Худалдах худалдан авах гэрээ”-ээр Сэлэнгэ зочид буудлын 368,4 м.кв 1 дүгээр давхар, мөн 368.4 м.кв 2 дугаар давхар, 107 мкв үудний хэсэг, зоорийн 677.6 м.кв 1 дэх хэсэг, 243.9 м.кв 2 дахь хэсэг, 455.7 м.кв 3 дахь хэсэг нийтдээ 2221 5 м.кв хэсгийг авч 2012 оны 07 сарын 28-нд Ү-2101003440 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл “В” ХХК нь миний өмчлөлийн зоорийн 1 дэх хэсэг буюу 677.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөх шаардлагыг ул тоомсорлож байна.

Хоёр. “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК нь 2014.02.25-ны 000297201 тоот гэрчилгээгээр Сэлэнгэ зочид буудал түүний орчны 18431433023432 нэгж талбарын дугаартай 8211 м.кв газрыг 12 жилийн хугацаатай эзэмшиж байсан. 2021 оны 07 сарын 27-нд Сэлэнгэ зочид буудлын үлдэх хэсгийг надад худалдсантай холбоотойгоор Засаг даргад хүсэлт гаргаж миний үл хөдлөх эд хөрөнгө болон түүний орчны 5740 мкв газрын эзэмших эрхийг Засаг даргын 2021 оны 11 сарын 09-ний А/576 тоот захирамжаар миний нэр дээр шилжүүлж надад 6102543579 нэгж талбарын дугаартай 0000012145 тоот эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон Засаг даргатай тохиролцсоноор үлдэх 2471 мкв газрыг нийтийн эзэмшилд буцаан үлдээсэн.

  Миний эзэмшил газар дээр “В” ХХК нь 183 мкб граж, 34.5 мкв америк дэлгүүр, 63.5 мкв лифтийн хэсэг, 70 мкв кофе шопыг газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр ашиглаж байна. Энэ зөрчлөө арилгах, нэг бол газар чөлөөлөх эсхүл газар эзэмшигчтэй тохиролцон газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх талаар “Венс” ХХК-д 2022 оны 01 сарын 24-д мэдэгдэл өгсөн. Гэтэл намайг болон Ц.Нямсүрэн, Ц.Ням-Осор нарыг “В” ХХК-ийн газрыг бусдад шилжүүлж залилан мэхэлсэн гэж Цагдаад гомдол гаргасныг шалгаад прокурорын 2022 оны 04 сарын 29-ний 104 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, В компани газар эзэмшиж байгаагүй болохыг тогтоож шийдвэрлэсэн. Энэ хариуг мэдсэний үндсэн дээр “В” ХХК-д 2023 оны 01 сарын 08-нд дахин мэдэгдэл өгсөн боловч хариу ирүүлээгүй. “В” ХХК-ийн дээр дурдсан объектууд миний эзэмшил газар дээр байгаа болох нь кадастрын зургаар батлагдана. Би “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр 8 машины дүлаан гражын төлөвлөлт төсөв хийлгэсэн ба энэ ажлаа явуулж чадахгүй байна. “В” ХХК-ийн хууль бус эзэмшлээс миний зоорийн 1 дэх хэсгийн 677.6 мкв үл хөдлөх эд хөрөнгийг, 351 мкв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

  ...Хариу тайлбартай танилцахад баримт нотолгоотой зүйл бичээгүй байна. Өөрсдийнхөө худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн талаар бичсэн байна. Энэ хувийн компани ямар эд хөрөнгө худалдаж авсан нь надад хамаагүй. Бас нэг худал зүйл бичсэн байна. Газрыг аймгийн Иргэдийн төлөлөгчийн хурлын шийдвэрийн дагуу гэсэн байна. Газрыг зөвхөн аймгийн Засаг даргын захирамжаар олгодог. Мөн газрын төлбөрийг байнга төлдөг байсан гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Миний ярьж байгаа бүхэн бүгд баримт нотолгоотой тул “В” ХХК-ийн хууль бус эзэмшлээс миний зоорийн 1 дэх хэсгийн 259,05 мкв үл хөдлөх эд хөрөнгийг, 351 мкв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. Би энэ үл хөдлөх хөрөнгүүдийг зөвхөн иргэн буюу Г.Сэргэлэнгийн нэр дээр худалдан авч гэрээ байгуулсан, компанийн нэр дээр худалдан авч гэрээ хийгээгүй. Газар худалдаж авахдаа Г.Сэргэлэн гэдэг нэрээр худалдаж авсан. Орхон аймгийн Барилга, хот байгуулалтын газрын албатай Г.Сэргэлэн нэрээр гэрээ байгуулсан. Худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө, газар Г.Сэргэлэнгийн нэр дээр байгаа. Н.Болорцэцэгтэй хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээн дээр 3 давхрын 22 өрөө, бистүүл, хоолны заал, үүдний хэсэг, дундын эзэмшлийн шат, кордиор, цахилгаан шат, подваль зэрэг нийт 2221.5 м.кв объектыг ийм үнээр худалдана гэж тохиролцож хэмжилт хийлгэсэн болохоос үнэлгээ хийлгээгүй. Үнийн талаар тохирсон учир үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй байсан. Энэ барилга нь 3 блок 2000 мк.в газар дээр баригдсан. Дунджаар 7000 мк.в үл хөлдөх хөрөнгө баригдаж, үл хөдлөх хөрөнгийг 10 гаран аж ахуйн нэгж худалдаж авсан. Энэ бүх аж ахуйн нэгжтэй газрын хамтаар зарим нь газрыг худалдаж аваагүй байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр энэ барилга газартайгаа салшгүй холбоотой хэн нэгэн хүн дангаар эзэмшиж байгаа хүн энэ барилгын эзэн юм аа нураалгах хүсэлт гаргахаас сэргийлж барилгыг эзэмшиж байгаа хүмүүс газрыг давхар ашиглана гэсэн санаа болохоос биш газрыг худалдаж авсан юм биш. Тийм учраас энэ хүмүүст газрыг өгөөгүй. Тийм болохоор энэ аж ахуйн нэгжүүдийн хэн ч гомдол гаргаагүй. Би энэ барилгын доод хэсэгт гомдол санал гаргаагүй, магадгүй доод хэсгийг хамтран эзэмшигчээр орж болно. Барилгын доод талд биш барилгын ойр орчимд дур мэдэн барилга барьж байгааг эсэргүүцсэн. Жишээ авахад хоёр айлын хашаа байхад нөгөө айлынхаа хашаа нь дотор амбаараа, гараашаа бариад байдаггүй биз дээ. Эзэмшсэн 0.7 га талбай дотроо л барилга байгууламжаа барьдаг биз дээ. Нөгөө айлынхаа хашаанд байшингаа барьчихаад өмнөх байсан айл зөвшөөрсөн гэдэг байдлаар ханддаггүй биз дээ. Яг үүнтэй адилхан зүйл шүү дээ гэв.

II. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сэргэлэн. Н.Болорцэцэг нарын хооронд байгуулсан гэрээг хэрэгт өгөөгүй. Яагаад гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, байршлыг тогтоосон гэрээ байсан. Хариуцагч тал 2005 онд үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахад дагалдах хэсэг болох газрын гэрчилгээг өгнө гэсэн зүйлийг ярьж байна. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Дагалдах хэсгээ авах гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан журмаар авна. “В” ХХК-тай холбоотой 4 үл хөдлөх хөрөнгөтэй хамраалтай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Газартай хамааралтай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байх. Яагаад гэхээр хамтран хариуцагч татаж, сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Анх энэ газрын эзэмшигчээр “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК явж байсан. Г.Сэргэлэн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч Засаг даргатай тохиролцсоноор 2471 м.кв газрыг нийтийн эзэмшилд буцаан үлдээж, үлдсэн газрыг эзэмшсэн. “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК олон эзэмшигчтэй байсан учир бусад эзэмшигчээс хураамжаа авч газрын албанд тушаадаг байсан. “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-тай Г.Сэргэлэнгээс өөр хамтран эзэмшигч байхгүй. Хамтран эзэмшигч байсан дээр маргаан байхгүй. Барилгын хэсгийг худалдан авч газрын албанд бүртгүүлж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-т зааснаар газар эзэмшигчийн зөвшөөрлөөр бусдад шилжүүлж авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар хууль ёсны өмчлөгч болсон мөн кадастрын зураг хийлгэсэн. Өөрийн эзэмшилд байгаа газрыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болсон. Гэтэл зоорины хэсгийн зүүн талд “В” ХХК ямар нэгэн ашиглах гэрээ байхгүй атлаа газрыг ашигласан учир уг газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хариуцагч компани зоорийн хэсгийг өмчлөх эрхтэй гэсэн ямар нэгэн нотлох баримт гаргаагүй учир Г.Сэргэлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах бүрэн эрхтэй этгээд юм. “ВХХК-ийн 4 үл хөдлөх хөрөнгө дээр нэхэмжлэгч ямар нэгэн шаардлага гаргаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Засаг даргын захирамж гарсан, кадастрын зураг хийлгэсэн. Зөвхөн эзэмшил газар буюу барилгын газраас гадагш нэмж барилга барьсан хэсэг дээр шаардлага гаргасан. Ц.Нямсүрэн гэдэг хүн газар эзэмшигч байсан болохоос бусдад газар эзэмших эрхийг олгодог эрх бүхий этгээд биш байсан. Г.Сэргэлэн газрыг шилжүүлж аваад бусдад эзэмших эрхийг шилжүүлэхээр аваагүй. “В” ХХК-тай байгуулсан гэрээн дээр газар банкны барьцаанд байгаа тул цаашид газрыг шилжүүлнэ гэсэн тийм зүйл гэрээ хэлэлцээр дээр байхгүй. Барилгын үндсэн тойргоос гадагш барилга барих эрхийг Г.Сэргэлэн мэдэх учиртай. Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу газар чөлөөлүүлэх албан бичиг явуулсан. Газрын албаны мэргэжилтэн “В” ХХК-д газар эзэмших эрх байгаагүй, одоо ч байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Энэ хэрэгт авагдсан байгаа, үүнийг шүүгч анхаарч үзнэ үү. “В" ХХК-ийн эзэмшиж байгаа газар дээр 8 машины дулаан гражийн төсөл хийлгэсэн. Энэ бол хэрэгжих болоогүй зүгээр бизнес төлөвлөгөө гэж хэлмээр байна. Иргэний шударга эзэмшигч гэдэг зүйлийг яриад байна. Газар дээр шударга эзэмшигч гэж ярихгүй, гагцхүү Газрын тухай хуулиар зохицуулагдана. Нэхэмжлэлийг няцаасан баримт байхгүй байна. Барилгаа нураах эсэх талаар нэхэмжлэгчтэй ярилцсан. Хамтран эзэмшигч болох эвсэл энэ зөрчлөө арилгахгүй үл тоогоод байх юм бол дараа дараагийн удаа нураах талаар яригдах байх. Газар эзэмшигчийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлж авах эсвэл хамтран газар эзэмших хүсэлт өгөх гэсэн сонголт байгаа гэв.

2. Хариуцагч “В” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус В ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ зочид буудлын зүүн хойд хэсэгт байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг эзэмшин 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. 2005 оноос хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах хуучны “Сэлэнгэ зочид буудал”-ын гэх хамаарах үл хөдлөх хөрөнгийн талбайгаас өөрийн өмчлөлдөө дараах хөрөнгүүдийг шилжүүлэн авсан. Үүнд:

2005 оны 04 дүтээр сарын 27-ны өдрийн №09 тоот В ХХК болон Эрсэн ХХК- ийн хоорондын үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах тухай гэрээгээр № Ү-2101010271 тоот дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 ба 3 давхар бүтнээрээ,

2005 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн №11 тоот В ХХК болон Эрсэн ХХК-ийн хоорондын үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах тухай гэрээ № Ү-2101010271 тоот үл хөдлөх эд хөрөнгийн 4 давхар бүтнээрээ /нийт № Ү-2101010271 тоот үл хөдлөхийн талбай нь 1154,04 м.кв болсон/

2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тухайн үед ОНЭТ ХХК болон Эрсэн ХХК-ийн хоорондын байгуулсан гэрээний дагуу № Ү-2101008912 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, 2004 оны 02 дүгээр сарын 24-ны өдөр мөн ОНЭТ ХХК болон Эрсэн ХХК-ийн хоорондын байгуулсан гэрээний дагуу № Ү-2101008860 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өмчлөлдөө шилжүүлэн авсан болно.

Үүний зэрэгцээ Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу олгосон зөвшөөрөл бүхий газар дээр ба өөрийн өмчлөлийн барилгатай залгуулан барилгын зүүн хойд хэсэгт 110 м.кв талбай бүхий газар дээр өргөтгөл барилгыг барьж зохих ёсоор үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн түүнчлэн манай компани дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн залгаа орших Мико холдинг ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэгт гарц гаргах зорилгоор тохиролцон 20 м.кв талбайг өөрийн өмчлөлд авсан байдаг. Одоогийн байдлаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн холбогдох газрын бүртгэл нь манай компани дээр шилжээгүй байгаа бөгөөд эдгээр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр олж авсан эд хөрөнгийг хуулийн дагуу өмчлөлдөө авснаас хойш даруй 18 жил болж, уг үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах хэсэг болох газрын төлбөрийг байнга төлж ирсэн. Иргэн *******гийн нэхэмжилж байгаа өөрийн өмчлөлийн гэх зоорийн 1 дэх хэсэг буюу 677,6 мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшилд хамаарч байгаа газар нь манай компанийн худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн суурь дагалдах хэсэг бөгөөд одоо болтол энэ хэсгийг ашиглаж эзэмшиж байгаа. Гэтэл энэ хэсгийг таслаж миний эзэмшил гэж үзэж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд *******гийн хууль ёсны өмчлөлийн зүйл биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Харин үл хөдлөх хөрөнгийн залгаа баригдсан өргөтгөлүүд нь орон нутгийн эрх бүхий байгууллагаас тусгайлан зөвшөөрөл авсан газрын зөвшөөрөл бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд юм. Иргэн *******гийн нэхэмжлэлийн шаардлага нь газартай холбоотой асуудал нь хууль бусаар олж авснаас хамааралтайгаар гарч ирсэн шаардлага юм. Энэ талаар зохих харьяалалын байгууллагад нь хандах бөгөөд хэрэгтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг гаргах болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ зочид буудлын зүүн талыг “В” ХХК худалдаж авсан. Худалдаж авахдаа газрын хамтаар үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Худалдах худалдан авах нийт 4 гэрээ байгаа. Гэрээ 9 дээр жишээ авч тайлбарлая. 2005 онд Г.Сэргэлэн “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-аас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас өмнө нь байгуулсан гэрээнүүд байгаа. Тухайн үед дандаа доллараар тооцог хийж байсан. 9 дугаартай гэрээний 2.1.4-т “Үл хөдлөх гэрээтэй холбогдох дагалдах өмч гэдэг дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ, төлбөр тооцооны бусад бичиг баримт, сан текникийн бичиг баримтыг гаргуулах нь худалдан авагчийн үүрэг гэж заасан байна. Мөн гэрээний 3.2.3-т “Үл хөдлөх хөрөнгийн дагалдах бичиг баримт гэдэгт газар эзэмших, үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, даатгал төлбөр тооцооны бусад баримт бичгийг сан текникийн бусад бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй гэсэн байгаа. “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК болохоос өмнө нь “В” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа газар болон холбоо, дохиолол, сан зэрэг зүйлстэй хамт худалдаж авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж тусгагдсан байна. Г.Сэргэлэн “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-аас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаас өмнө нь энэ гэрээг байгуулсан нь харагдаж байна. Гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх гэхээр тухайн үед банкны барьцаанд газрыг барьцаалсан байсан. Газрыг барьцаалсан учир газрын гэрчилгээ өөр дээр нь байхгүй байсан. Газрын гэрчилгээ сулрах үед “В” ХХК-ийн нэр дээр худалдан авсан. Үүнийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Сэлэнгэ рестораныг тойрсон оёдлын газар байгаа. Тэр компани газар болон гадна талбайг худалдаж авч хашаа барьж албан ёсны болгосон. Үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдаж авч байсан. Банкнаас чөлөөлөгдөөд Г.Сэргэлэнд зарахдаа гэрчилгээ дээр байгаа газрын бүх мк.в-ыг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төлсөн мөнгөнд маань газрын төлбөр хамт орсон учир дахин Г.Сэргэлэнд мөнгө төлж газар авах гэсэн аж ахуйн нэгжүүд байгаа. Сэлэнгэ рестораны хойд талд үйлчилгээний зориулалттай 2 аж ахуйн нэгжүүдийг нэг стандарттай болгохоор аймгийн Засаг даргын захирамж гарсан. “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-аас үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авахдаа Г.Сэргэлэн рүү нэг шилжүүлээд мөн “Сэлэнгэ мэргэн” ХХК руу бас шилжүүлсэн байсан. Эргэлзээ үүсээд байгаа нэг зүйл нь энэ үл хөдлөх хөрөнгө нь аж ахуй нэгжийн өмч юм уу Г.Сэргэлэнгийн өмч юм уу. Г.Сэргэлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг харахаар “Сэлэнгэ мэргэн” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Тэгэхээр Г.Сэргэлэнгийн өмгөөлөгчөөр оролцох нь зөв үү гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй байх. Аж ахуйн нэгж, иргэн хоёр хооронд ялгаа байх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн доод хэсэг СӨХ-д хамаардаг. Эдгээр аж ахуйн нэгжийн дунд СӨХ гэж байхгүй учир тухайн байшингийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохирын шугам явдаг подвалийн хэсэг болохоос үйл ажиллагаа явуулах ашигтай тайлбай биш юм. Подвалийн хэсэг чинь 600 мк.в хүрэхгүй. Тодруулгаар сүүлд мк.в өөрчлөгдсөн байсан. Тухайн өмч нь Г.Сэргэлэн, “Сэлэнгэ мэргэн” ХХК, тухайн барилга дотор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн өмч юм уу, энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хэн нэгний нэр дээр гараагүй байгаа дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн би дийлэнх газар, талбайг авсан учраас би энэ үл хөдлөх хөрөнгийг, газрыг В ХХК-аас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй. Банкны барьцаанаас суларсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. 2014 оноос Г.Сэргэлэн “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-тай харилцаж эхэлсэн бол 9 жилийн өмнө нь “В” ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Хэмжилт хийлгээд дүгнэлт гаргуулсан нь зөвхөн өөрсдийнхөө ашиглах зүйлд хэрэглэсэн. Хавтаст хэрэгт зургийн төсөл өгсөн байсан. Үнэхээр зогсоол хийхээр хууль ёсны зөвшөөрөл аваад явсан бол Мэргэжлийн хяналтын газраар хянагдаж, Орхон аймгийн Барилга хот байгуулалтын газраар баталгаажуулж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх үүднээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар хянагдаж, аймгийн Онцгой байдлын албаны даргын зөвшөөрлийг үндэслэж аймгийн ерөнхий архитектур баталдаг. Энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. “В” ХХК-ийн газар нутаг гэж байгаа. Зүүн жигүүрийн 2, 3, 4, 5 дугаар давхар, “Сэлэнгэ Эрдэнэ” ХХК ийм хэмжээтэй газар дээр өргөтгөлийн барилга барихыг зөвшөөрч байна гэсэн зөвшөөрлийн бичгийг Мэргэжлийн хяналт газар, Орхон аймгийн Барилга хот байгуулалтын газарт “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн зүгээс зөвшөөрөл олгосон байдаг. Гэрээний заалтууд хэрэгжээд явж байгаа. Г.Сэргэлэнгийн мэдүүлгээр цагцаагийн хэрэг хаагдсан байсан. Энэ талаар прокурорт гомдол гаргаж хэргийг сэргээж тодруулах нь зүйтэй байх. Хавтаст хэрэгт авагдсан цагдаа дээр өгсөн эхний тайлбар сүүлд өгсөн шүүхэд гаргасан Г.Сэргэлэнгийн тайлбар хоёр нь зөрүүтэй байна. Нямсүрэн гэдэг хүн Г.Сэргэлэнд би Улаанбаатар хот явлаа аж ахуйн нэгжүүдэд газрыг нь хувааж өгөөрэй, надад нэг бүрчлэн шилжүүлээд зогсож байх зав байхгүй гэж ярьдаг. Г.Сэргэлэн рүү газрыг шилжүүлээд бусад аж ахуйн нэгжүүдэд хувааж өгөх байх гэсэн итгэл үнэмшлээр иргэн Г.Сэргэлэнгийн нэр рүү гэрчилгээ шилжүүлсэн. Үүнийг буруу ашиглаж ашиг олох зорилгоор хандаж байна гэж үзэж байна. Хэрэгт байгаа шүүгчийн захирамжийн он нь 2023 гэсэн дугаартай байх атал 2022 гэсэн дугаартай явж байна. Эрх үүрэг, нөлөөллийн баримт дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч гарын үсэг зураагүй байсан. Эдгээр зүйлийг анхнаасаа засаж явахгүй бол давж заалдах шатны шүүхээс энэ байдлаас болж буцаж магадгүй учир нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Сэргэлэн нь “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байсан гэдэг хэр нь хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт байдаггүй. Хамтран эзэмшигчээр 12 аж ахуйн нэгж, иргэн байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүд хоорондоо Засаг даргын захирамжийн дагуу харилцаагаа зохицуулж дундын эзэмшлийн газраа ашиглаж газрын төлбөрөө цаг тухайд нь төлж явдаг байсан. Зуун хувь өөрийн болгож авчихаад газрыг юунаас хамгаалах гээд байгаа. Хэн нэгэн энэ газар луу дайрах гээд байгаа юм уу, бизнес хийж ашиг олох гээд байх шиг байна. Ашиг олох зорилгоор ингээд шүүхээр яваад байх шаардлага байхгүй. Арга нь буруу байна гэж хэлмээр байна. Олон жил хөршүүд байсан учир шударгаар газраа хуваагаад хаана, хаана хэл ам хийхгүй явах боломжууд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үнэхээр тодорхойгүй байна. Подвалийн хэсгийг бүхэлд эсвэл багасгалаа гэх юм. Подвальд инженерийн шугам сүлжээ байгаа гэж ярих юм. Тэгсэн атлаа энэ подвалийг ямар нэгэн байдлаар эзэмших гээд байгаа бол мөнгө төл гээд байгаа үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг 9 жилийн өмнө нь худалдаж авсан. Гэрээний үүрэг биелэгдэх гэтэл тухайн үед банкны барьцаанд байсан учир одоо ингээд асуудал болж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь газар чөлөөлүүлэх гэсэн байгаа. “В” ХХК нь хууль ёсны дагуу гэрээ хийж худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө юм. Иргэний хуульд үл хөдлөх хөрөнгө гэдэг нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл газартай салшгүй холбоотой, үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах нэг хэсэг нь юм гэж заасан байдаг. Үл хөдлөх хөрөнгө маань газар дээр хоосон байдлаар оршихгүй. Г.Сэргэлэнгийн өмч гэхээр бид ойлгохгүй байна харин дундын гэвэл ойлгож болохоор байна. Бусад аж ахуйн нэгжтэй хамааралтай хэсгийг дундын өмч биш миний өмч гэж маргах нь буруу юм. Үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэснээрээ хөрөнгийн маргаантай асуудлыг шийдээд байгаа зүйл байхгүй. Н.Болорцэцэг, Галбадрах гэдэг хүмүүстэй байгуулсан гэрээн дээр үл хөдлөх хөрөнгө гэж байгуулаад тэрэн дотор ямар нэгэн зоорийн талаар дурдаагүй. Гэтэл энэ зоорийн хэсэг миний хөрөнгө гэдэг байдлаар хандаж бусдаас шаардаж байгаа нь өөрт байхгүй зүйлийг бусдаас шаардах буюу өмчлөх эрхийг хууль бусаар олж авах байдлаар бусдаас нэхэмжлэх эрх байхгүй. Нэхэмжлэл гаргахдаа олон зүйл хоорондоо холилдож яваад байгаа. Сая итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. “Сэлэнгэ мэргэн” ХХК болон Г.Сэргэлэн гэж энэ хоёрын аль нь нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй байна гэж. Нотлох баримтыг харахаар Г.Сэргэлэнгийн өмч гэсэн зүйл харагдахгүй байгаа. Иймд байхад нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууулж байгаа нь учир дутагдалтай байна. Цаашдаа магадгүй давж заалдах шатны шүүхээс процессын ийм алдаанаас болж буцаахыг үгүйсгэхгүй учир үүнийг сайн нягталж хараасай гэж хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар гэж байгаа. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр авсан 210100324 дугаартай гэрчилгээ нь “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Гэтэл дахиад Н.Болорцэцэг, Анхбаатар хоёр худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа мөн энэ дугаартай үл хөдлөх хөрөнгийг худалдсан байсан. Энэ хоёр баримтыг харахаар хэнтэй нь анх гэрээ хийгдээд орж ирээд байгаа нь тодорхойгүй. Маргаан болоод байгаа объект нь хэний өмч болох нь дараах 2 баримтаар тогтоогдохгүй байгаа. Хэрэгт цугларсан баримтуудыг харахаар дундын өмч болон хамтран эзэмших талаарх баримтууд нотлох баримт шинжлэн судлахаар дурдагдаад явах байх. Өмнө нь байсан “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК нь тухайн объектыг хамтран эзэмшдэг учир тэр компаниудаар дамжуулж, өөрсдөө төлбөрийг төлж тухайн аж ахуйн нэгжүүдээс төлбөрийг авах замаар явдаг байсан. Г.Сэргэлэнд эрх залгамжлагдах ёстой, энэ харилцааны талаар гэрч нарыг оролцуулах байсан боловч тайлбар өгөхгүй гэсэн юм шиг байна. Хаагдсан эрүүгийн хэрэг дотор Ням-Осортой холбоотой ямар ч тайлбарыг аваагүй. Тухайн үед бид Г.Сэргэлэнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй байсан. Ням-Осортой эрх зүйн харилцаанд орсон. Тэр харилцаан талаар тодруулахад эрүүгийн хэргийг хаасан гомдол гаргасан тохиодолд шалгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бодит байдал буюу эрх зүйн харилцааг харахгүйгээр Г.Сэргэлэн гэдэг хүнтэй тулаад үлдээсэн учир би гомдол гаргах эрхтэй юм байна гэж ойлгосон. Энэ асуудлыг зүй ёсны дагуу шийдэх ёстой байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж харж байна. Хэргийн материал дотор 2006 онд гарсан аймгийн Засаг даргын захирамж байгаа. Сэлэнгэ зочид буудлын аль хэсгийг дундаа болон хамтран эзэмших талаар дурдсан байсан. Аль хэсгийг дундаа болон хамтран эзэмшиж байгаа тэр болгондоо төлбөр төлөх ёстой гэдгийг “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК маань өөрөө тухайн аж ахуйн нэгжүүдэд нэхэмжлэл гаргасан байсан. Эдгээр эрхийг “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК нь хүлээн зөвшөөрч байсан бөгөөд энэ эрх Г.Сэргэлэнд шилжиж ирсэн. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир газрыг чөлөөл гэсэн байдлаар хандаад байх шиг байна. Үл хөдлөх хөрөнгө маань хаана юун дээр байрлаж байгаа вэ гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хүний хөрөнгийг булааж аваагүй шударгаар худалдаж авсан. “В” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах үед газар банкны барьцаанд байсан гэсэн тайлбар өгдөг. Хоёр тал хүлээн зөвшөөрч байж газар шилжих ёстой. Газрын хэмжээг тогтоох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан газрын хэмжээ нь өөрчлөгдсөн байсан, яг аль аль газар нь вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой. Газрыг өмч биш юм шиг ярьж байна. Газар маань өөрөө хэн нэгэн этгээд хууль ёсны дагуу олж авсан өмч гэж үзэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүх шаардаад байгаа кадастрын зураг гаргасан газрууд дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан гэж байна. Үүнийг бүрэн шийдэх ямар ч боломжгүй. Энэ хэрэг дээр шинээр илэрсэн нөхцөл байдал гарч ирвэл бүх баримт бичиг байгаа. Зөвшөөрөл өгөхдөө өөрийн эзэмшиж байгаа газрыг төрийн албанд зориулж гаргаж өгсөн. Би эзэмшиж байгаа газар дээрээ “В” ХХК-ийг барилга барих зөвшөөрөл олгож байгаа асуудал гэж байна. Эрх олгосоны үндсэн дээр бид барилга барьж байгаа. Өнөөдөр зөвхөн “В” ХХК-д гомдол гаргаж байгаа боловч “В” ХХК-тай залгаа оршиж байгаа зөндөө аж ахуйн нэгж байгаа. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал аль хэдийн дууссан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байгаа. Гэтэл би авсан учир одоо зайлаа, би мөнгө олох ёстой гэсэн зорилгоор хандаад байгаа нь иргэний эрх зүйн харилцааны үндэс мөн үү гэдэг бас асуудалтай. Магадгүй газрын маргаан явсаар байгаа захиргааны хэргийн шүүхээр шийдэх асуудал гарч ирэх магадлалтай. Олон компаниуд өөрсдөө дотроо орц гарцыг шийдэх зорилгоор тохиролцсон асуудал байгаа. Эдгээр асуудлыг энэ маргаанд оролцуулаагүй. Газар минийх болсон учир надтай ирж уулзаж, төлбөр төлж газраа ав гэсэн асуудал ярьж байгаа. Манайх руу өгсөн шаардлагуудыг нэгийг ч хүлээн зөвшөөрөөгүй учир хариу өгөөгүй. Худалдах худалдан авах гэрээнд подвальтай холбоотой, өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой зүйл байдаггүй. Анхнаасаа ч байгаагүй дундын өмч байсаар ирсэн. Энэ хэргийг шийдвэрлэх хамгийн гол зүйл нь шүүгчийн үзлэг байсан байж магадгүй. Өмчлөх эрх надад байгаа гэсэн байдлаар хандаж байгаа учир нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            5. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /шүүх хуралдаанд эх хувьтай нь харьцуулан судалсан/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.07.28-ны өдрийн 000900008 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014.11.18-ны өдрийн 000340396 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021.07.27-ны өдрийн бүртгэлийн 0932 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “ГМОМОН” ХХК-ийн гаргасан Сэлэнгэ зочид буудлын өрөө, тасалгааны хэмжилт, түүний талбайг тооцсон тэмдэглэл, план зургууд болон дүгнэлт, “ГМОМОН” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/, зоорь луу орсон шатны байдлыг харуулсан гэх гэрэл зураг, Э-2101002727 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /QR код бүхий/, 2014.02.25-ны өдрийн 000297201 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газраас 2021.11.10-ны өдөр гаргасан *******гийн эзэмшлийн газрын кадастрын зургийн хуулбар /QR код бүхий/, 2021.11.10-ны өдрийн №06101-2021/01114 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний хуулбар /QR код бүхий/, 2022.01.24-ний өдрийн “В” ХХК-ийн захирал Ц.Мөнгөнцэцэгт хүргүүлсэн шаардлага, 2023.01.18-ны өдрийн “В” ХХК-ийн захирал Ц.Мөнгөнцэцэгт хүргүүлсэн шаардлага, НӨАТ-ын баримт, Монгол шуудангийн 2023.01.19-ний өдрийн 01/09 дугаар тодорхойлолт, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, “В” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургууд, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2022.04.29-ний өдрийн 104 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолын хуулбар, *******гийн “Авто зогсоолын барилга”-ын төслийн хуулбар, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулга хийсэн нэхэмжлэгчийн тайлбар, Сэлэнгэ-Эрдэнэт ХХК-аас Сэлэнгэ мэргэн ХХК-д хүргүүлсэн 2023.10.17-ны өдрийн “Хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг, нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлж байсан тухай Хаан банкны төлбөрийн баримтуудын хуулбар, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно. (хх 4-66, 97, 158-164 тал)

            6. Хариуцагч талаас: Хариу тайлбараас гадна хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2011.09.08-ны өдрийн 1/169 дугаар Сэлэнгэ зочид буудлаас Орхон аймгийн газрын харилцааны алба болон мэргэжлийн хяналтын газарт “Зөвшөөрөл олгох тухай” албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-аас “В” ХХК-д өгсөн нэхэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Сэлэнгэ-Эрдэнэт” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/, “В” ХХК-ийн эзэмшлийн хэсгийн байршлын зураг /нотлох баримтын шаардлага хангахгүй/, “В” ХХК-ийн эзэмшиж байгаа барилгын байршлын кадастрын зургууд, 2005.07.01-ний өдрийн 11 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хуулбар /шүүх хуралдаанд эх хувьтай нь харьцуулан судалсан/, 2004.05.25-ны өдрийн тооцоо нийлсэн акт №00001-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2004.02.24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2101003440 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй хорлбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Дундаа хамтран эзэмших газрын ногдол хэмжээ болон нийт эзэмшил газар газрын төлбөрийн тооцооны хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/, 2005.11.25-ны өдрийн 13 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хуулбар /шүүх хуралдаанд эх хувьтай нь харьцуулан судалсан/, 2005.04.27-ны өдрийн 09 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний хуулбар /шүүх хуралдаанд эх хувьтай нь харьцуулан судалсан/, 2005.11.25-ны өдрийн 13 дугаар “Үл хөдлөх хөрөнгө хүлээлцэх акт”-ын хуулбар, “В” ХХК-ийн зүгээс Орхон аймгийн Засаг даргад 2023.10.18-ны өдөр “Хүсэлт гаргах тухай” албан бичгийн эх хувь зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно. (хх 73-77, 99-129, 165 тал)

            7. Шүүх хариуцагч “В” ХХК-ийн “Хуулийн этгэээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-ийг татаж хэрэгт хавсаргасан. Мөн тус шүүхэд “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-аас 2023.10.17-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг, тус албан бичигт хавсарган ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд болох Орхон аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, МУ-ын аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын кадастрын зургийн хуулбар, 2006.04.20-ны өдрийн 167 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтын газрын баталгаат хэмжээ тогтоосон акт”-ын хуулбар, Дундаа хамтран болон хэсгээр эзэмших газрын байршлын зургийн хуулбар, 0297201 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтын хуулбар, Дундаа хамтран эзэмших газрын ногдол хэмжээ болон нийт эзэмшил газрын төлбөрийн тооцооны хуулбар, Орхон аймгийн Засаг даргын 2014.02.20-ны өдрийн А/88 дугаартай захирамжийн хуулбар, Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх аж ахуйн нэгж, иргэдийн жагсаалтын хуулбар, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-аас “В” ХХК-д өгсөн нэхэмжлэлийн эх хувь зэрэг баримтуудыг тус тус ирүүлсэн. (хх 143-157, 166-168 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.С нь тус шүүхэд хариуцагч “В” ХХК-д холбогдуулан “В ХХК-ийн хууль бус эзэмшлээс зоорийн 1 дэх хэсгийн 677.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг, 351 м.кв эзэмшил газрыг тус тус албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын “...зоорийн 1 дэх хэсгийн 677.6 м.кв...” гэснийг андуурч бичсэн гэж “...зоорийн 1 дэх хэсгийн 259.05 м.кв...” гэж  м.кв-ын хэмжээг багасгасан болно. (хх 1-3, 97 тал)

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Анх энэ газрын эзэмшигчээр “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК байсан. Г.Сэргэлэн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч Засаг даргатай тохиролцсоноор 2471 м.кв газрыг нийтийн эзэмшилд үлдээж, үлдсэн газрыг эзэмшсэн. Барилгын хэсгийг худалдан авч газрын албанд бүртгүүлж Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-т зааснаар газар эзэмшигчийн зөвшөөрлөөр шилжүүлж авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон, мөн кадастрын зураг хийлгэсэн. Өөрийн эзэмшилд байгаа газрыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болсон. “В” ХХК ямар нэгэн ашиглах гэрээ байхгүй атлаа газрыг ашигласан учир уг газрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Газрын албаны мэргэжилтэн “В” ХХК-д газар эзэмших эрх байгаагүй, одоо ч байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Нэхэмжлэлийг няцаасан баримт байхгүй. Г.Сэргэлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах бүрэн эрхтэй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч “В” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Сэлэнгэ зочид буудлын зүүн талыг “В” ХХК худалдаж авсан. Худалдаж авахдаа газрын хамтаар үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан. Худалдах худалдан авах нийт 4 гэрээ байгаа. Тухайн үед банкны барьцаанд газрыг барьцаалсан байсан. Газрыг барьцаалсан учир газрын гэрчилгээ өөр дээр нь байхгүй байсан. Банкнаас чөлөөлөгдөөд Г.Сэргэлэнд зарахдаа гэрчилгээн дээр байгаа газрын бүх мк.в-ыг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Бусад аж ахуйн нэгжтэй хамааралтай хэсгийг дундын өмч биш миний өмч гэж маргах нь буруу. Н.Болорцэцэг, Галбадрах гэдэг хүмүүстэй байгуулсан гэрээн дээр үл хөдлөх хөрөнгө гэж байгуулаад тэрэн дотор ямар нэгэн зоорийн талаар дурдаагүй. Гэтэл энэ зоорийн хэсэг миний хөрөнгө гэдэг байдлаар хандаж бусдаас шаардаж байгаа нь өөрт байхгүй зүйлийг бусдаас шаардах буюу өмчлөх эрхийг хууль бусаар олж авах байдлаар бусдаас нэхэмжлэх эрх байхгүй. Хэн нэгний нэр дээр гараагүй байгаа дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн би дийлэнх газар, талбайг авсан учраас би энэ үл хөдлөх хөрөнгийг, газрыг В ХХК-аас гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Т.С нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж нотариатчаар гэрчлүүлэн, Улсын бүртгэлд бүртгүүлэн Орхон аймаг, Баян-Өндөр сум 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай 2221.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан байх ба Орхон аймгийн Улсын бүртгэлийн газар *******г тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-21010003440 дугаарт бүртгэж, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 000900008 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна. (хх 8-11 тал)

2. Нэхэмжлэгч Т.С-ийн өмчлөлийн дээрх 2221.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн 107 м.кв нь үүдний хэсэг, 368,4 м.кв нь 3 дугаар давхар, 368,4 м.кв нь 4 дүгээр давхар, 677,6 м.кв нь зоорь 1, 243,9 м.кв нь зоорь 2, 455,7 м.кв нь зоорь 3 гэсэн хэсгүүд эзэлж байгаа болох нь “ГМОМОН” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Сэлэнгэ зочид буудлын “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл”, план зургууд, дүгнэлт зэргээр тогтоогдож байна. (хх 12-19 тал)

3. Орхон аймгийн Газрын албанаас “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-д 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 000297201 дугаартай Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг Сэлэнгэ зочид буудал хаягт байршилтай газрыг Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 88 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 18431433023432 дугаар бүхий 8211 м.кв газрыг 12 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байх ба тус газрын хамтран эзэмшигчээр нэхэмжлэгч Т.Снь бүртгэгдэн хамтран эзэмшиж байсан байна. (хх 23 тал)

4. Нэхэмжлэгч Т.С нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж Орхон аймаг, Баян-Өндөр сум 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай 2221.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсантай холбогдуулан Газрын албанаас Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/576 тоот шийдвэрийг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Сэлэнгэ зочид буудал хаягт байрлах, нэгж талбарын 6102543579 дугаар бүхий 5740 м.кв /дээрх 8211 м.кв газрын 5740 м.кв газраас бусад газрыг нийтийн эзэмшилд үлдээсэн/ газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2101002727 дугаарт бүртгэж гэрчилгээг олгожээ. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Газрын албаны мэргэжилтэн Б.Бүрэн-Эрдэнэ болон нэхэмжлэгч Т.Снарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 06101-2021/01114 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” цахим гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр *******д Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Сэлэнгэ зочид буудал хаягт байршилтай 5740 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр харилцан тохиролцож, газар эзэмшигч Т.Снь гэрээний нөхцөлийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем (www.egazar.gov.mn)-д баталгаажуулсан байна. (хх 22, 24-28 тал)

Тус гэрчилгээ болон гэрээнд байгаа QR кодуудыг уншуулахад гэрчилгээ нь хүчинтэй буюу Т.С-д тус газрыг эзэмшүүлсэн талаарх мэдээлэл байх тул шүүх эдгээр цахим баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар нотлох баримтаар үнэлсэн болно.

Түүнээс гадна нэхэмжлэгч Т.С нь дээрх 5740 м.кв газрын 2022-2023 оны төлбөрийг бүрэн төлж 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байгаа болох нь “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар нотлогдож байна. (хх 162 тал)

5. “ГМОМОН” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан кадастрын зургууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Т.С-ийн эзэмшлийн дээрх 5740 м.кв газраас хариуцагч “В” ХХК нь 183 м.кв газрыг гражийн зориулалтаар, 34,5 м.кв газрыг дэлгүүрийн зориулалтаар, 70 м.кв газрыг cofe shop-н зориулалтаар, 63,5 м.кв газрыг лифтний хэсгийн зориулалтаар тус тус нийт 351 м.кв газрыг ашиглаж байгаа болох нь тогтоогдож байна. Хариуцагч тал уг газрын хэмжээ болон газрыг ашиглаагүй гэж маргадаггүй. (хх 1-3, 37-40 тал)

6. “Их нэмүүн констракшн” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан кадастрын зургуудаар хариуцагч “В” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Сэлэнгэ зочид буудал барилгын 5 дугаар давхрын 568,4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Рестораны зориулалтаар, Сэлэнгэ зочид буудал барилгын хойд талд байрлах 35,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн зориулалтаар, мөн зүүн хойд талд байрлах 70 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг cofe shop-н зориулалтаар, мөн зүүн талд байрлах 258,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өргөтөл гражийн зориулалтаар тус тус ашиглаж байгаа нь тогтоогдож байна. (хх 104-107 тал)

7. Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар эх хувь баримтуудтай нь харьцуулан шинжлэн судалсан хэрэгт хуулбар хувь нь авагдсан /хариуцагч талаас нотариатч гэрчлэх боломжгүй гэсэн, эх хувь бидэнд хэрэгтэй гэж тайлбарлан хуулбар хувийг хэрэгт өгсөн/ гэрээнүүд болох:

- “Эрсэн” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр “В” ХХК нь Зочид буудлын барилгын 4-р давхрын зүүн хойд хэсгийн 397,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

- “Эрсэн” ХХК болон “В” ХХК-ийн хооронд 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалда, худалдан авах гэрээ”-гээр “В” ХХК нь Зочид буудлын барилгын 2-3-р давхрын зүүн хойд хэсгийн 776,48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авсан болох нь тогтоогдож байна. (хх 41-43, 108-112, 123-127 тал)

Харин дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт худалдаж авсан гэж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 104 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-иас тус шүүхэд болон нэхэмжлэгчид тус тус ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгүүд зэргээр няцаагдаж байна. (хх 41-43,143, 158 тал) 

Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч Т.Сболон “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-иуд, мөн “Эрсэн” ХХК болон хариуцагч “В” ХХК-иуд тус тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /худалдах зүйл, үнэ, хэмжээ, хугацаа, хүлээх эрх, үүрэг г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 43 дугаар зүйлийн 43.2.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр үл хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж,

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаар “Сэлэнгэ эрдэнэт” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, мөн 8211 м.кв газрыг эзэмших эрх нь тус тус дуусгавар болж, нэхэмжлэгч Т.Снь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай 2221.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж, мөн хаягт байршилтай 5740 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрын эзэмшигч болсон байна.

Түүний өмчлөлийн дээрх 2221.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу зоорийн 1 дэх хэсгийн 677,6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс 259.05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн түүний эзэмшлийн 5740 м.кв талбай бүхий газраас 351 м.кв газрыг тус тус хариуцагч “В” ХХК нь ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хариуцагч “В” ХХК-ийг Сэлэнгэ зочид буудлын барилгын 4-р давхрын зүүн хойд хэсгийн 397,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн 2-3-р давхрын зүүн хойд хэсгийн 776,48 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан авахдаа газрын болон зоорь /подваль/-ийн хамтаар худалдаж авсан гэж, уг газрыг худалдаж авах үед тухайн газар банкны барьцаанд байсан гэж тус тус үзэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч “В” ХХК нь талуудын маргааны зүйл болсон зоорийн 1 дэх хэсгийн 259.05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохоо, мөн хаягт байршилтай 351 м.кв газрын эзэмшигч мөн болохоо тус тус баримтаар нотолж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд хариуцагч талыг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзэхэд нэхэмжлэгч Т.Снь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай зоорийн 1 дэх хэсгийн 259.05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай өөрийн эзэмшлийн 351 м.кв газрыг хариуцагч “В” ХХК-аас шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-д зааснаар нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай зоорийн 1 дэх хэсгийн 259.05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн 351 м.кв газрыг тус тус хариуцагч “В” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Тус хэргийг хянан хэлэлцэх 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал гэрчээр н.Ням-Очир, н.Нямсүрэн нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэрчүүдэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь гэрчүүдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж тайлбар гаргасан тул шүүх гэрч н.Ням-Очир, н.Нямсүрэн нарыг шүүх хуралдаанаас чөлөөлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хх 131-142 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, Оюут 2 хороолол, сэлэнгэ-эрдэнэт ххк гудамж 0 тоот хаягт байршилтай зоорийн 1 дэх хэсгийн 259.05 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, мөн хаягт байршилтай 351 м.кв эзэмшлийн газрыг тус тус хариуцагч “В” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Т.С-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “В” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.С-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА