Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/02846

 

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ... регистртэй, С... овогт Т.....гийн Б...,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... регистртэй, Х... овогт М....ийн С...,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ... регистртэй, Б... овогт Ш..... Б...,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн ... өөрийн байранд байрлах, К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,

            Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэ 100,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хариуцагч М.С...оос гаргуулах;

            Гуравдагч этгээд Ш.Б...гийн хариуцагч М.С...т холбогдуулан гаргасан бие даасан шаардлага: Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох;

            Гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэгч Т.Б..., хариуцагч М.С..., гуравдагч этгээд Ш.Б... нарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлага: Барьцааны гэрээний дагуу К... банкны зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б...,

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х... /ШТҮД: 0000/,

            Гуравдагч этгээд Ш.Б..., түүний өмгөөлөгч Б.Б... /ШТҮД:0000/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Т.Б... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний нөхөр С.Г... нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан ба тухайн үед миний бие БНСУ-д сурж байсан юм. Талийгаач нөхөр бид хоёр танилцсанаас хойш болон хамт амьдарч байх хугацаанд бизнес наймаа хамтарч хийж байсан. Нөхөр С.Г... нас барснаас хойш бидний дунд байсан эд хөрөнгийн талаар аав М.С...той үл ойлголцол үүсэж, асуудлыг зохицуулах боломжгүй байгаа юм. Талийгаачийн нэр дээр олон үл хөдлөх хөрөнгө, банк дахь дансанд тодорхой хэмжээний мөнгө байсан. Талийгаачийн нэр дээр Баянгол дүүргийн .... тоотод байрлал бүхий 40 м.кв талбайтай, Ү-... дугаар бүртгэлтэй орон сууц байгаа. Одоо энэ байрыг аав М.С... амьдарч эзэмшиж байгаа болно. Миний хувьд нас барагч С.Г...-ийн хууль ёсны өвлөгч, өвлөгдвөл зохих хөрөнгийн талаар маргаан үүсгэж хууль ёсны өвлөгчийн эрх маань зөрчигдөж хөрөнгөнөөс өвлөж чадаагүй ба уг байр нь зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгийн үнэтэй юм. Иймд шүүхэд өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч Т.Б... намайг нас барагч нөхөр С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, 2.Талийгаач С.Г...эс надад өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот байрны зах зээлийн үнэ болох 100,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг оногдуулан гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Иргэний хуульд заасны дагуу талийгаачийн гэр бүлийн хүн өмчлөгчөөр тогтоолгох заалттай. Тиймээс хариуцагч М.С... болон Т.Б... нар хуульд зааснаар өвлөгчөөр тогтоогдсон нь харагдаж байгаа. Энэ байрны асуудлаар М.С... гуатай уулзах гэж зөндөө оролдсон М.С... гуай нь өөрөө ааш муутай адаар зантай хөгшин байдаг. Иймээс үл ойлголцол үүссэн. М.С... гуай “энэ байр надад хамаа байхгүй” гэсэн байр суурьтай байдаг. Гуравдагч этгээд болох Ш.Б...гийн хувьд энэ байрыг өмчлөх ямар нэг үндэслэл байхгүй. Яагаад гэвэл энэ байрыг худалдах худалдан авах гэрээ хийн зарсан. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгуулахаар ямар нэг хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Худалдах худалдан авах гэрээгээр зарсан гэдгийг лавлагаагаар тогтоож байгаа. Энэ байр Ш.Б... гэдэг хүний өмчлөлөөс гарсан. Одоо яагаад миний байр гэж булаацалдаж байгаа юм. Хариуцагч М.С... гуайн өмгөөлөгч тайлбартаа “авсан зээлийг Ш.Б... захиран зарцуулсан” гэлээ. Захиран зарцуулсан талаар ямар баримт хаана байгаа вэ. Захиран зарцуулсан юм бол зээлээ төлөөд өөрийн нэр дээр байраа шилжүүлээд авах нь яасан юм бэ. Энэ хүн энэ байранд амьдарч байгаа нь үнэн юм байна ашиглалтын зардлаа төлдөг юм байна. Гэхдээ хэн ч амьдарч байгаа байрныхаа ашиглалтын зардлыг төлнө. Үүнийг үндэслээд энэ хүн өмчлөгч нь мөн юм байна гэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гарах юм бол бид үлдэгдэл 40,000,000 гаруй төгрөгийг төлөхөд бэлэн байгаа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...гэв.

            2. Хариу тайлбар:

            2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О... нь хариуцагч М.С...ыг төлөөлөн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Иргэн М.С... би Т.Б...ий нэхэмжлэлд тайлбар гаргая. Би талийгаач хүү С.Г...-ийн тус нэхэмжлэлийн орон сууцанд огт хамааралгүй ба амьдарч байгаагүй болно. Т.Б... миний хүүтэй 2010 оноос хамтран амьдарч байгаад гэр бүл болсон боловч 2011 оны 10 дугаар сард хуримаа хийгээд удаагүй 2 сар орчим амьдраад хүүгээс минь салаад хаяад явсан болно. Тус байр нь Т.Б...тэй амьдрахаас өмнөх 2007 оны эд хөрөнгө ба тэгээд ч тус байр нь 2007 онд А... банкнаас зээл авч, өнөөг хүртэл төлбөрөө барагдуулаагүйн улмаас одоог хүртэл тус банкны асуудлаар зээлийн хороотой шийдвэрт хүрээгүй байгаа. Т.Б... хүүтэй минь амьдрах 2 жилийн хугацаанд манай гэр бүлд маш их мөнгөний болон эд материалын хохирол учруулж байсан. Т.Б... 2011 онд хүүг минь хаяж яваад өнөөг хүртэл нэг ч холбоогүй хаяж, сураггүй байсан ба үүнээс болж хүү минь сэтгэл санаагаар унаж байнга архи хэтрүүлэн уудаг зуршилтай болж, үүний улмаас эрүүл мэндээрээ хохирч, урт наслаагүй болно. Иймд эцэг миний зүгээс Т.Б...д маш их гомдолтой явдаг. Мөн хүү минь нас барахад ажил явдал дээр нь ирээгүй байж эд хөрөнгөний асуудлаар хөгшин намайг шүүхэд дуудсанд маш их гомдож байна. Хүүгийн минь зүрх сэтгэлээр тоглож мөнгө эд материал зэргийн үрж дуусгаад хаяад явсан хүн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь 1.Т.Б...тэй гэр бүл болохоос өмнөх эд хөрөнгө, 2.А... банкны зээлийн барьцаанд байгаа асуудал шийдэгдээгүй, 3.Т.Б... 2009-2011 оны хооронд салж нийлж амьдраагүй байж байгаад хаяж яваад арваад жил сураггүй байсан. 4.Миний хүүтэ йамьдрах хугацаанд маш их мөнгө эд материалаар хохироож байсан. Иймд иргэн М.С... би Т.Б...ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Мөн А... банк дампуурч, маргаан бүхий байрны асуудал К... банк руу шилжсэн боловч мөн л К... банк дампуурч маргаан бүхий асуудлууд хойшилсоор л байна...гэжээ.

            2.2. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            2008 онд нэхэмжлэгч Т.Б... нь талийгаач С.Г...тэй танилцаад 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Хариуцагч М.С... гуайн хувьд настай хүн учраас 2011 он гэж зөрүүтэй тайлбар өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надад залруулж хэлсэн. Энэ нь 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан лавлагаагаар нотлогддог. Ингээд 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлээд 2-3 сар л цуг амьдарсан байдаг. Хоёр гуравхан сар цуг амьдраад хоорондоо маргалдаж, мэтгэлцсэний улмаас гэр бүлийн асуудал үүсээд нэхэмжлэгч Т.Б...ийг ээж нь ирж аваад түүнээс хойш 2009 оны сүүл 2010 оны эхээр Т.Б... нь С.Г...-ийн гэр бүлээс яваад дахин С.Г...тэй нэг ч удаа холбоо бариагүй. Ингээд 2010 оноос 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу нас барах хүртэл нэг ч удаа холбоо бариагүй. Хамтран амьдарч байгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С.Г... нь өвчний улмаас нас барсан. Нас барах үед нь ч ажил явдал дээр нь нэг удаа ирээгүй байж 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар анх удаа холбогдсон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзах журмыг хуульчилж өгсөн. М.С... гуайн хувьд нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, өв нээгдсэнээс хойш өв хүлээн авахаас татгалзах тухай аливаа байдал үүсгээгүй. Нотариатад мэдэгдээгүй, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу өвийг хүлээн авсан. Гэвч энэ байр өөрөө Ш.Б...гийн өмчлөлийн байр ба 45,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байдаг учраас өнөөдрийг хүртэл М.С... гуай өөрийн нэр дээр шилжүүлж авах процесс хийгдээгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу талийгаачтай хамт амьдраагүй өвлөгч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор эд хөрөнгийг эрхэндээ авсан буюу эрхлэн удирдсан, өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүсэж нотариат, сумын засаг даргад өргөдөл гаргасан байх ёстой. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өв хүлээн авах тухай өргөдлөө холбогдох байгууллагуудад гаргаагүй. Ийм учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй. 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг жил нь дуусаад түүнээс хойш буюу 7 сарын дараа шүүхэд анх удаа нэхэмжлэл гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.С... гуайн хувьд энэ зээлийн асуудал шийдэгдээд хүлээн авсан тохиолдолд Ш.Б...д шилжүүлж өгнө гэсэн байр суурьтай байгаа. Гуравдагч этгээд Ш.Б...гийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч байгаа. К... банк дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ орон сууцыг хамтран амьдарч байсны хувьд гурван сарын дотор татгалзаагүй боловч өнөөдрийн байдлаар энэ орон сууцны өмчлөгч болоод зээлгүй орон сууцыг өмчлөөд байсан зүйл М.С... гуайн хувьд байхгүй. Тэтгэврийн настай хөгшин байгаа. Иймд 45,000,000 төгрөгийн зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...гэв.

            3. Гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагууд:

            3.1. Гуравдагч этгээд Ш.Б... шүүхэд гаргасан бие даасан шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

            Би Т.Б...ий нэхэмжлэлдээ дурдаад буй талийгаач С.Г...-ийн ээжтэй найзалж, нөхөрлөж явсан юм. Би 2005 онд мөнгөний хэрэг гарсан тул С.Г...-ийн ээжид хандсан. Тэгэхэд “чи өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө миний хүүгийн өмчлөлд шилжүүлчихвэл С.Г...-ийн нэр дээр А... банкнаас зээл гаргуулж өгье” гэж байсан. Ингээд би түүний хэлснээр хийж өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, ... тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа С.Г...-ийн өмчлөлд шилжүүлж буй дүр эсгэсэн гэрээ байгуулж, улмаар талийгаач С.Г...-ийн нэр дээр банкнаас зээл авч байсан байдаг. Энэ зээлийг би захиран зарцуулж, би төлж барагдуулж байсан. Ингээд А..., К... банкууд дампуурсан. Талийгаач С.Г... болон түүний ээж нас барсан зэрэг олон шалтгааны улмаас би одоог хүртэл үр хүүхдийнхээ хамт бүх л насаараа амьдарч буй байрныхаа өмчлөх эрхийг эргүүлэн олж авч чадаагүй өнөөдрийг хүрлээ. Хариуцагч өв хүлээн авагч талийгаач С.Г...-ийн аав М.С...ын хувьд миний энэ нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд өөрөө ч энэ байрыг өөрийн өмчлөлийнх гэж маргаж, Ш.Б... надтай энэ хугацаанд аливаа маргаан үүсгэж байсан удаагүй. Иймд би Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй түргэн шуурхай явуулах, хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх зорилгоор Иргэний хуулийн 9.4.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.1, 135.2.14-т тус тус заасны дагуу Баянгол дүүргийн ... тоотод байрлах 40 мкв, Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгийн хуль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж байна. Одоо байраа авъя гэж бодож байтал Т.Б... шүүхэд өргөдөл гаргасан байсан. Тухайн үед М.С... гуай надад анхааруулж байсан энэ айхтар хүүхэн шүү бушуухан байраа хөөцөлд гэсэн. Жилийн дараа хөөцөлдөж эхлэхэд Т.Б... шүүхэд өргөдөл гаргасан байсан ба бодит байдал ийм л зүйл болсон. бол талийгаач С.Г...д өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг дүр эсгэсэн худалдах худалдан авах гэрээ хийн шилжүүлээд, түүний өмчлөлд байр очсоны дараа барьцаа болгоод банкнаас зээл гаргуулж авсан. С.Г...-ийн авсан зээлийг миний үйлчлүүлэгч захиран зарцуулсан. Үүний дараа өөрийн байрыг буцаагаад өмчлөлдөө авъя гэтэл нас барсан учраас өвийн асуудал хөндөгдсөн. Мөн А... банкны барьцаа, К... банкны барьцааны асуудлуудаас болж өөрийн өмчлөлийн эзэмшил ашиглалтдаа байгаа байраа буцаан авч чадахгүй өнөөдрийг хүрсэн...гэв.

            3.2. Гуравдагч этгээд Ш.Б...гийн бие даасан шаардлагад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ш.Б... нь талийгаач С.Г...-ийн ээжтэй өөрийн нэр дээрх орон сууцыг талийгаачийн нэр дээр түр шилжүүлэн А... банкнаас зээл гаргуулж, зээлээ төлсний дараа орон сууцаа буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон байдаг. Ингээд Ш.Б... нь уг орон сууцаа С.Г...-ийн өмчлөлд шилжүүлэн банкнаас зээл авч байсан байдаг боловч зээлээ төлж дуусахаас өмнө С.Г..., түүний ээж нас барцгаасан билээ. Банк дампуурч, гэр бүлийн гишүүд маань нас барцгаасны улмаас Ш.Б... нь орон сууцаа эргүүлэн авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэхдээ манай гэрийнхэн бүгд энэ орон сууцын Ш.Б...д буцаан өгөх ёстой гэдгийг мэддэг. Талийгаач С.Г... болон түүний ээж нас барахдаа ч үүнийг захин хэлсэн. Уг орон сууц нь талийгаач С.Г... болон хариуцагч М.С... бидэнтэй огт хамааралгүй байр. Жинхэнэ өмчлөгч нь Ш.Б... гэдгийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

            3.3. Гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч ... шүүхэд бичгээр гаргасан бие даасан шаардлагадаа:

            Т.Б...ий нэхэмжлэлтэй М.С...т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад буй улсын бүртгэлийн Ү-... дугаартай Баянгол дүүргийн .. тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг С... овогтой Г... нь 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр А... банктай №... дугаартай Зээл, Барьцааны гэрээг байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 24,000 ам.долларыг зээлж авахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалуулсан. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А... банк ХК дахь Банкны эрх хүлээн авагч болон К... банк нарын хооронд байгуулсан №... дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр С.Г...-ийн А... банкнаас авсан зээл нь К... банкинд шилжиж ирсэн бөгөөд тухайн үеэс хойш К... банк нь зээлийн төлбөрийг барагдуулах ажиллагааг хийж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч С.Г... нь үндсэн зээлийн үлдэгдэл 37,982,650 төгрөг, зээлийн хүү 7,366,554 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 45,360,204 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 28.2-т “хууль буюу гэрээгээр өв болон эрх залгамжлах, түүнчлэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас барьцааны зүйлийг өөрйн өмчлөлд шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна” гэж тус тус заасан байдаг. Иймд зээлдэгч С.Г... нь нас барсан өв залгамжлал болон өмчлөлийн асуудал яриагдаж байгаа энэ тохиолдолд К... банкны зээлийн барьцаа хөрөнгө болох 44 тоот хаяг дахь 3 өрөө орон сууцыг өв залгамжлан авсан этгээд эсвэл өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд нь 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №... дугаар барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг давхар хүлээх эрх зүйн үр дагавар үүсэж байх тул тус орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү...гэжээ.

            3.4. К... банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагад хариуцагчийн өмгөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийн төлбөрийг М.С... төлөх боломжгүй байгаа. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зээлийг С.Г...-ийн нэр дээр зээл авч  гуравдагч этгээд Ш.Б... захиран зарцуулсан. Энэ зээлийн төлбөрөөс С.Г... болон хариуцагчийн зүгээс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдагч этгээд Ш.Б...гийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулаад К... банкны эрх хүлээн авагчийн зүгээс өвлөгчөөр тогтоогдсон этгээдээс өр төлбөрийг гаргуулмаар байна гэж нэхэмжлэлийн шаардлагад бичсэн байсан. Тэгэхээр Ш.Б...гаас энэ зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлээд өмчлөгчөөр тогтоогоод зээлийн төлбөрийг гаргаж шийдүүлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна...гэв.

            3.5. К... банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагад гуравдагч этгээд Ш.Б... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төлбөрийг төлнө. Байраа бол өгөхгүй банкны барьцаанд байгаа тулдаа байраа авч үлдсэн...гэв. 

            4. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор: талийгаач С.Г...-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-7/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-8/, С.Г..., Т.Б... нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-9/, С.Г...д эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-10-11/, Т.Б... 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн тухай эмнэлгийн лавлагаа /1-р хх-12/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            5. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор аливаа баримт гаргаагүй болно.

            6. Гуравдагч этгээд Ш.Б... шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-165/, хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1-р хх-166/, Төрийн банк ХХК-иас гаргасан ... тоот орон сууцны ашиглалтын зардал төлсөн жагсаалт /1-р хх-167-172/, төлбөр төлөлтийн баримтууд /1-р хх-173-218/, талийгаач С.Г... бичсэн гэх гар бичмэл баримтын эх хувь /2-р хх-75/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            7. Гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан бие даасан шаардлагаа нотлохоор: Балансын гадуурх дансны хуулга /2-р хх-25/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хх-26/, Орон сууцны зээлийн гэрээ /2-р хх-27-28/, Барьцааны гэрээ /2-р хх-29/, А... банк ХК, К... банк ХХК нарын байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ /2-р хх-30/, Зээлийн дансны хуулга /2-р хх-31-32/, С.Г...-ийг эрэн сурвалжлах тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01875 дугаар шийдвэрийн хуулбар /2-р хх-33-34/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

            8. Зохигч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд:

            8.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ... дүгээр захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах орон сууц зээлийн барьцаанд байгаа эсэх талаарх дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-32/, захирамжийн дагуу лавлагааг Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, С.Г...-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна. /1-р хх-49-56/

            8.2. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 14943 дугаар захирамжаар Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс .. тоот орон сууцны хувийн хэргийн хуулбар, уг хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг, К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас А... банк ХК, С.Г... нарын хооронд 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үлдэгдлийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-61-62/, захирамжийн дагуу К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Орон сууцны зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр /1-р хх-66-79/, Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг хувийн хэргийн хуулбарын хамт 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн. /1-р хх-80-133/

            8.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16005 дугаар захирамжаар маргаан бүхий 44 тоот орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж /1-р хх-136-137/, шинжээч дүгнэлтээ 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн байна. /1-р хх-140-159/

            8.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 06796 дугаар захирамжаар К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас түүнийг томилсон тушаалыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /2-р хх-3-4/, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /2-р хх-17-23/

            8.5. Гуравдагч этгээд Ш.Б...гийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 15173 дугаар захирамжаар зохигчоос нотлох баримтаар гаргасан гар бичмэл баримтад зурагдсан гарын үсэг талийгаач С.Г...-ийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж /2-р хх-70-71/, Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр шинжилгээ хийхээс татгалзсан байна. /2-р хх-74/

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх Т.Б...ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ш.Б..., К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нараас гаргасан бие даасан шаардлагуудыг хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэгч Т.Б... нь хариуцагч М.С...т холбогдуулан, өөрийн нөхөр бөгөөд хариуцагчийн төрсөн хүү, талийгаач С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот хаягт орших 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 100,000,000 төгрөгийн 50 хувь 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн орон сууцыг эзэмшиж өмчилдөггүй, уг орон сууц нь банкны барьцаанд байгаа бөгөөд зээлийн төлбөр төлөгдөөгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

            4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрсдийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Ш.Б..., К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, улмаар Ш.Б... нь хариуцагч М.С...т холбогдуулан Баянгол дүүргийн .... тоот хаягт орших 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага, К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Т.Б..., М.С..., Ш.Б... нарт холбогдуулан Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт Барьцааны гэрээний зүйл болох Баянгол дүүргийн .... тоот хаягт орших 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бие даасан шаардлагуудыг тус тус гаргасан.

            5. М.С...ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.Б...гийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч, К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг эс зөвшөөрч “тухайн зээлийн гэрээний дагуу мөнгийг хүү С.Г... аваагүй учир төлбөр төлөх үндэслэлгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд Ш.Б... нь К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагад “зээлийн гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг төлнө” гэх тайлбар гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөөгүй.

            6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан талийгаач С.Г...-ийн иргэний үнэмлэхийн болон нас барсны лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Т.Б... төрсөн тухай эмнэлгийн лавлагаа, Баянгол дүүргийн .... тоот дахь орон сууцны хувийн хэрэг, А... банк ХК болон С.Г... нарын байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, зээл хүүгийн тооцоолол, ... тоот орон сууцны зах зээлийн үнэ ханшийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, уг орон сууцны ашиглалтын зардал төлж байсан төлбөрийн баримтууд, гуравдагч этгээд Ш.Б...гийн иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, С.Г...-ийн бичсэн гар бичмэл баримт, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            6.1. Боржигин овогт С...ын Г... нь 1981 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн С... овогт Т...гийн Б...тэй гэр бүл болж, Т.Б... нь 2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2800 гр жинтэй 49 см урттай хүү төрүүлсэн ба тэд 2011 оны 10 дугаар сард гэрлэх ёслол үйлдэн хамт амьдарч байгаад 2011 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч, С.Г... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нас барсны бүртгэлд бүртгүүлсэн байна. Талийгаач С.Г... нас барах хүртлээ өөрийн эцэг М.С...ын хамт амьдарсан байна.

            6.2. С.Г... нас барах үед түүний өмчлөлд Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан ба уг орон сууцны өмчлөгчөөр 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгджээ.

            6.3. Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр иргэн Ч.Т..., Т.З..., О.С... нар 1999 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж, 2000 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Ч.Т..., Т.З..., О.С... нар өмчлөх эрхээ иргэн О.Т..., Ш.Б..., Т.Н.., Т.А...с нарт шилжүүлсэн ба Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1689 дүгээр захирамжийн дагуу 2004 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өмчлөх эрх иргэн Л.Н...-д шилжиж, улмаар 2005 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Л.Нарантуяа нь өмчлөх эрхээ Ш.Б...д шилжүүлэн, Ш.Б... нь 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр талийгаач С.Г...д өмчлөх эрхээ шилжүүлсэн байна.

            6.4. С.Г... нь 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууцын өмчлөх эрхийг Ш.Б...гаас шилжүүлж аваад, 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр А... банк ХК-тай ... дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 24,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 1,75 хувийн хүүтэйгээр зээлж, уг гэрээний барьцаанд тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Барьцааны гэрээ байгуулан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

            6.5. Зээлдүүлэгч А... банк ХК татан буугдсанаар тус банк дахь Банкны эрх хүлээн авагч болон К... банк ХХК нар 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №301/2011ЭХА дугаартай “Шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр С.Г...-ийн А... банкнаас авсан зээл К... банкинд шилжиж, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Монголбанкны ерөнхийлөгчийн А-96 дугаар тушаалаар “К... банк” ХХК-ийг албадан татан буулгаж, мөн өдрөөс Банкны эрх хүлээн авагч томилогдсон ба С.Г...-ийн авсан зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 37,982,650 төгрөг, зээлийн хүү 7,366,554 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 45,360,204 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

6.6. Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ ханш 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 121,600,000 төгрөг байсныг шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК тогтоосон.

            6.7. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь өмчлөгч болох Ш.Б... болон түүний гэр бүлийн гишүүд болох О.Т..., Т.Н..., Т.А..., Г.М..., Г.Ц... нар уг орон сууцанд оршин суудаг талаар Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн, одоо уг орон сууцанд амьдардаг бөгөөд ашиглалтын зардлыг тогтмол төлдөг болох нь төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. Харин М.С... тухайн орон сууцанд амьдраагүй, одоо амьдардаггүй талаар зохигчид тайлбарлаж байна.

            7. Талууд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг талийгаач С.Г...-ийн хууль ёсны өвлөгч мөн эсэх талаар маргаагүй. Харин талийгаачийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцнаас нэхэмжлэгч өвлөхөөр шаардах эрхтэй эсэх, Ш.Б... тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх, К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

            8. Т.Б... нь талийгаач С.Г...-ийн эхнэр, харин М.С... талийгаачийн төрсөн эцэг бөгөөд хэн аль нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгчид байна. Талийгаач С.Г...-ийг нас барах үед М.С... түүнтэй хамт амьдарч байсан бол Т.Б... хамт амьдраагүй байсан талаар зохигчид тайлбарлаж байна.

            9. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвөөс татгалзсан тухайгаа мэдэгдээгүй бол өв хүлээн авсан гэж, харин бусад өвлөгчид өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан, нотариатад өв хүлээн авах тухай гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.

            10. М.С... өв нээгдсэнээс хойш хуульд заасан хугацаанд өвөөс татгалзсан тухай мэдэгдээгүй ба Т.Б...ий хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасны дагуу өв хүлээн авах тухай хүсэлт гаргаагүй, тухайн үед Бүгд найрамдах Солонгос улсад суралцаж байсан талаар нэхэмжлэлд дурдаж, 2011 оны 10 дугаар сард хуримаа хийснээс 2 сарын дараагаас салж тусдаа амьдарсан гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгээгүй байна. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу өв хүлээн авах хугацаа сунгах тухай хүсэлт шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

            11. Тиймээс Т.Б...ийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж заасны дагуу талийгаач С.Г...-ийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан гэж дүгнэн, түүний шүүхэд гаргасан “С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих орон сууцны 50 хувь болох 50,000,000 төгрөгийг М.С...оос гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            12. Ш.Б... бие даасан шаардлагаараа М.С...т холбогдуулан Баянгол дүүргийн .... тоот дахь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн.

            13. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан боловч Ш.Б... нь талийгаач С.Г...д 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд энэхүү гэрээний дагуу өмчлөх эрх С.Г...д шилжсэн байна.

            14. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын зүгээс бие даасан шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарласан. Гэвч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар, аливаа маргаангүй үйл явдлыг тогтоодог учир Ш.Б...гийн гаргасан бие даасан шаардлага хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй.

            15. Мөн Ш.Б...гийн гаргасан бие даасан шаардлага нь талийгаач С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож М.С...оос 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан Т.Б...ий нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байхад хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул Ш.Б...гийн гаргасан “Баянгол дүүргийн .... тоот дахь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

            16. К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Барьцааны зүйл болох Баянгол дүүргийн .... тоот дахь маргаан бүхий орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бие даасан шаардлага гаргасан.

            17. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж, мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт “өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлөгчид гаргана” гэж, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч 536.1-т заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш 1 жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж тус тус заажээ.

            18. Талийгаач С.Г... нь А... банк ХК-тай 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж зээл авсан, уг гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байхдаа 2019 онд нас барсан бөгөөд зээлдүүлэгч А... банк ХК татан буугдсанаар 2011 онд тус банкны Зээлийн гэрээний шаардах эрхийг К... банк ХХК шилжүүлэн авсан байна. К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр С.Г...-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, С.Г... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан байна.

            19. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх хэсгүүдэд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээ 120 сарын хугацаатай буюу 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дуусаж, ийнхүү гэрээний хугацаа дууссанаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүрэгтэй хлобоотой шаардлага гаргах эрх үүснэ.

            20. Орон сууцны зээлийн гэрээний 5.2.5-д “зээлдэгч нас барвал гэрээний эрх, үүрэг өв залгамжлагчид шилжинэ. Хариуцахаас татгалзвал барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулна” гэж заасан байна. Зээлдүүлэгч нь С.Г...-ийн өвлөгчөөс зээлийн гэрээний дагуу үндсэн үүргээ биелүүлэхийг шаардаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд уг бие даасан шаардлага Т.Б...ий М.С...т холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлд хамааралгүй байхад хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагыг мөн хэлэлцэхээс татгалзав.

            21. Гуравдагч этгээдүүд шүүхэд гаргасан бие даасан шаардлагуудаа хариуцах этгээдүүдэд холбогдуулан жич нэхэмжлэх эрхтэй ба тийнхүү нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. Бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ш.Б...гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 765,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж Ш.Б...д буцаан олгох нь зүйтэй. Харин гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан, талийгаач С.Г...-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, М.С...оос 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б...ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гуравдагч этгээд Ш.Б...гийн гаргасан “Баянгол дүүргийн .... тоот дахь 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” бие даасан шаардлага, гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн гаргасан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн .... тоот дахь 3 өрөө орон сууцаар хангуулах тухай” бие даасан шаардлагыг тус тус хэлэлцэхээс татгалзсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд К... банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь бие даасан шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, гуравдагч этгээд Ш.Б...гийн бие даасан шаардлагадаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 765,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Ш.Б...д олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА