Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02893

 

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Х...” ХХК,

            Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “К...” ХХК,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, ... регистртэй, Х... овогт Ц....ийн Э...,

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:

- “К...” ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, Хан-Уул дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууцны бодит эзэмшлийг буцаан гаргуулах;

- Хариуцагч Ц.Э...д холбогдуулан, түүнтэй 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэл;

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

- Хан-Уул дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай хариуцагч Ц.Э...ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц...,

            Хариуцагч “К...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.М...,

            Хариуцагч Ц.Э..., түүний өмгөөлөгч Г.Б...,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компани “К...” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн ... дүгээр байрны цахилгааны шат угсралтын ажлыг хийлгэхээр тохиролцсон. Гүйцэтгэлийн ажлын хөлс болох 400,000,000 төгрөгийн 50 хувийг урьдчилгаа хэлбэрээр, үлдэх 50 хувийг бартерын 2 ширхэг орон сууц оролцуулан төлөхөөр тохирсон. Бидний зүгээс ажлын хөлсийг бүрэн төлсөн ч хариуцагч компани нь цахилгаан шат угсралтын ажлаа дутуу гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллагаанд бүрэн оруулж, хүлээлгэн өгөөгүй. Энэ талаар бид 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 205/281.1 тоот, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 208/1311.1 тоот, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2012/041.1 тоот албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй болно. “К...” ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, оршин суугчдын гомдол тасрахгүй байна. Хариуцагч компанийн үүргийн зөрчил нь удаан хугацааны туршид үргэлжилж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа хангалттай олгосон ч үүргийн зөрчил хэвээр байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралтын 6 дугаар давхар, 55,04 м.кв .... тоот /Е/ орон сууц гэсэн хэсгээс татгалзсан байдаг. Энэ талаар хуульд заасан журмын дагуу “К...” ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 224/142 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэвч үр дүнд хүрээгүй. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан эрх зүйн үр дагавар үүснэ. Гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбоотойгоор маргаан бүхий орон сууцыг хугацаа зааж 2022 оны 4 дүгээр сарын 19-ний дотор буцаан шилжүүлэхийг шаардсан боловч хүлээлгэж өгөөгүй учраас бид гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд “К...” ХХК-иас гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Б... хотхоны ... дүгээр байрны .... тоот дахь 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулна гэсэн шаардлага гаргасан байгаа.

Гуравдагч этгээдээр оролцож байсан Ц.Э...ыг бид хамтран хариуцагчаар татсан. Тухайн орон сууц нь Ц.Э...ын эзэмшилд байгаа. Анх “Х...” ХХК болон “К...” ХХК-ийн хооронд Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ болон Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Үүний дараа “К...” ХХК нь иргэн Ц.Э...тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гэрээний эрх шилжүүлэх хэлцлийг байгуулж, манай компанитай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрхээ Ц.Э...д шилжүүлсэн байдаг. Гэрээ шилжсэний дараа манай компанитай иргэн Ц.Э... нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Уг гэрээг бид цуцалж, гэрээний зүйлийг чөлөөлж өгөхийг Ц.Э...аас шаардаж байгаа. Байрны төлбөр тооцоонд бартерын машин болоод төлбөр мөнгийг “К...” ХХК руу шилжүүлсэн. Үүний дараа манай компанитай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний 2.5-д зааснаар энэ байрны нийт төлбөр “К...” ХХК-ийн Б... хотхоны Д блокны цахилгаан шат худалах, худалдан авах гэрээний дагуу төлбөр мөнгө бартераар тооцогдсон гэх нөхцлийг талууд гэрээндээ тусгасан байдаг. Гэтэл анхдагч харилцаа үүсгэсэн “К...” ХХК нь доголдолтой ажлын үр дүн нийлүүлж, доголдлыг арилгуулахаар удаа дараа шаардахад үр дүнд хүрээгүй учраас бид гэрээнээс татгалзсан...гэв.

            2. Хариуцагт “К...” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Цахилгаан шат худалах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээнд заасан чанар, стандартын шаардлага хангасан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн С0630 кг 2 ширхэг лифт, С0800 кг техникийн үзүүлэлттэй 2 ширхэг, нийт 4 ширхэг лифтийг гэрээнд заасан хугацаандаа “Х...” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сард зохих журмын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн улсын байцаагчаар хяналт, шалгалтыг хийж, тус лифтийг улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар өгч, ашиглах зөвшөөрлийг авч өгсөн. Өөрөөр хэлбэл “К...” ХХК нь хэвийн ажиллагаатай 4 ширхэг лифтийг худалдагчид хүлээлгэж өгсөн ба хяналт, шалгалт дүгнэлт гаргах төрийн эрх бүхий байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, хүлээлгэн өгсөн хэвийн ажиллагаатай байсан лифт худалдан авагч болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, тогны хэлбэлзлээс болж эвдэрснийг бид хариуцахгүй.

             Өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. Энэхүү шаардлагыг дэмжиж байна. Мөн “К...” ХХК-д тухайн цахилгаан шатны доголдол, гэмтэлтэй байсан талаар мэдэгдсэн тухай баримт хавтаст хэргийн хүрээнд тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл мэдэгдсэн талаарх нэхэмжлэгч байгууллагын 2-3 албан бичиг байгаа ч түүнийг “К...” ХХК-д хэрхэн яаж хүлээлгэж өгсөн, ямар албан тушаалтай хүнд хүлээлгэж өгсөн гэдэг талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа учраас мэдэгдээгүй гэж үзнэ. Тэгэхээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн байр суурьтай байна...гэв.

            3. Хариуцагч Ц.Э... шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Батбаярын хамт гаргасан тайлбартаа:

            Би зарын дагуу 2019 оны 10 дугаар сард Шуурхай зар сониноос зар  харан нөхөртэйгөө очин “К...” ХХК-ийн захирал Э.М...тай уулзаж байсан. Би өөрөөс чинь гадна энэ байрыг гүйцэтгэсэн компани руу нь орж уулзъя гэтэл “Х...” ХХК-ийн борлуулалтын алба руу орсон. 3-4 хүн сууж байсан. 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу ирлээ. Нэгийг нь зарсан нэг нь байгаа гэсэн. Би  худалдан авч болох уу гэхэд болно гэсэн. Гэрээнд та энэ энд гарын үсэг зур гээд зуруулсан. Би Э.М....ны данс руу мөнгөө шилжүүлж болох уу гэсэн болно гэсэн. Хоёр тал хоёулаа зөвшөөрч байгаа тул эргэлзэлгүй гэрээ хийсэн. Би худалдан авах зарын дагуу л очсон хүн. Гүйцэтгэсэн компаниас зөвшөөрлөө авсан, хоёр талууд хоорондоо их найрсаг байсан учраас эргэлзэж тээнэгэлзэлгүй гэрээ хийж мөнгөө шилжүүлээд, 10,000,000 гаруй төгрөгт нь машин оролцуулан шилжүүлсэн. Маргаанаа 1 жилийн дотор шийдвэрлэнэ гэж гэрээнд байдаг. Хоёр талууд чив чимээгүй явж байснаа намайг Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад, нэхэмжлэгч талын компани хариуцагч тал болох “К...” ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхэд шилжин ирсэн. Миний хүүхдүүд надад зээл авч энэ байрыг авч өгсөн. Эхний 3-4 жилүүдэд би үнэхээр хохирсон. Энэ хоёр компани учраа олох хугацаа байсан уу гэвэл байсан. Надаар тоглож байгаа юм шиг. Буцаан байраа авна гэсэн. Хүүтэй мөнгө зээлж өгчихөөд хоёр компанийн дунд ингэж хохирмооргүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй. Манайд холбогдуулан гаргаж байгаа шаардлага нь “К...” ХХК болон “Х...” ХХК хоёр компанийн хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээний харилцаанд доголдол үүссэн. Тийм учраас тухайн гэрээнд тооцуулах гэсэн байр болох Ц.Э...ын эзэмшлээс буцаан гаргаж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай зүгээс өөрсдийгөө шударга эзэмшигч гэж  үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн хамгаалалт буюу зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Иргэний хуулийн 9.4.3, 9.4.5 дахь хэсэгт  хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхийн дагуу бид нар “Х...” ХХК-тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30 дугаартай орон сууц хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр хүсэж шүүхэд шаардлага гаргасан...гэв.

4. Хариуцагч Ц.Э... шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлээ дэмжиж өмгөөлөгч Г.Б...ын хамт гаргасан тайлбартаа:

            Би анх "Шуурхай зар" сониноос "Хан-Уул дүүргийн яармагт 2 өрөө байр зарна” гэсэн зарын дагуу “К...” ХХК-ийн захирал Э.М....тай утсаар холбогдсон. Тэгээд Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо Б... хотхон дээр заасан газар нь очиход тухайн барилга нь баригдаад дууссан, барилгын дотор засал чимэглэлийн ажлууд явж байсан бөгөөд тухайн баригдаж байгаа барилгадаа “Х...” ХХК-ийн борлуулалтын алба нь орсон байсан. Тэгээд ямар учиртай байр болохыг асууж тодруулахад “К...” ХХК-ийн захирал Э.М... нь манай компани “Х...” ХХК-д 4 ширхэг лифт нийлүүлсэн. Уг нийлүүлсэн лифтний хариу төлбөрт 2 ширхэг орон сууцыг “Х...” ХХК-иас авсан. 6-7 дугаар давхарт 2 ижилхэн байр байгаа, 7дугаар давхрын байрыг хунд зарсан. Одоо 6 дугаар давхрын 2 өрөө байр зарагдаагүй байна. Та авах юм уу? гэж хэлсэн. Ингээд би “К...” ХХК-ийн захирлын хамт “Х...” ХХК-ийн борлуулалтын алба руу орж уулзсан. Тэндээс 6 дугаар давхрын 2 өрөө байрыг “К...” ХХК-д лифтний төлбөрт тооцон худалдсан учир та төлбөрөө “К...” ХХК-д төлнө. Харин эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр захиалагч болж байгаа учир манай компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Байрыг ашиглалтад оруулахаар шууд 100 хувь таны нэр лүү манай компани шилжүүлж өгнө” гэж хэлээд зөвшөөрсөн юм.

Ингээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Б... хотхоны ...-р байрны .... тоот 55.04 мкв талбай бүхий байрыг худалдан авахаар болж “К...” ХХК-ийн захирал Э.М...тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, гэрээгээр тохиролцсон нийт 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт машин оролцуулж, үлдэх төлбөрийг бэлэн бусаар 100 хувь төлж барагдуулсан. Эрх шилжүүлэх гэрээг үндэслэн “Х...” ХХК-тай ярилцаж тохиролцсоны дагуу мөн өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 360 дугаартай "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г тус тус байгуулсан. Улмаар орон сууц ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан. Манайх байрандаа 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр нүүж орсон. Энэ өдрөөс хойш одоог хүртэл тухайн байр миний эзэмшилд байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Х...” ХХК нь гаргаж өгөхгүй байна. Надад инженер нь байрыг хүлээлгэж өгсөн. Миний нэр дээрх “Х...” ХХК болоод “К... ХХК-тай хоёулантай ярилцаж тохиролцож, үүний үндсэн дээр “К...” ХХК-тай эрх шилжүүлэх гэрээг, “Х...” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж уг орон сууцыг худалдаж авсан. Иймд миний бие өөрийгөө Иргэний хуулийн 90 дүгээ зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэж байгаа учир Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Б... хотхоны ...-р байрны .... тоот 55.04 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Э... намайг мөн болохыг тогтоож, мөн энэ талаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү...гэв.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогоод энэ тухай бүртгэл хийлгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Нэхэмжлэгч компанийн хувьд хамтран хариуцагчтай анх байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэх үйл баримт дээр маргадаггүй. Тухайн үед Ц.Э...ын ярьж байгаачлан хоёр компани гэрээний дагуу бүх ажлаа өгч авалцаад төлбөрийн бартерын байраа шилжүүлээд тухайн үед ямар ч үүргийн зөрчил байгаагүй учраас Ц.Э...тай тухайн гэрээг бид байгуулж байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөд анх үүссэн суурь гэрээний эрх зүйн харилцааны зөрчил үүссэнтэй холбоотойгоор өнөөдрийн шүүхийн маргаан үүссэн. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох ёстой гэж үзэж байх шиг байна. Гэтэл энэ орон сууцны төлбөр “К...” ХХК-ийн дансанд орсон байгаа. Манай үндсэн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хамтран хариуцагчийн хувьд “К...” ХХК-иас орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Анхдагч гэрээний эрх зүйн харилцаа үүсгэснээр хоёр компанийн хоорондын байрны маргаан үүсэх ёстой. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгийн эзэмшигчийн эрх дуусгавар болох тухай зохицуулалт байдаг. Иргэний хуульд заасан үндэслэл бүхий журмын дагуу нэхэмжлэгч “Х...” ХХК нь хариуцагч Ц.Э...тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа. Гэрээг цуцалснаар гэрээг цуцлах хүртэл хугацаанд Ц.Э... гэдэг хүний маргаан бүхий орон сууцны эзэмшил нь хууль ёсны гэж үзнэ. Харин гэрээ цуцлагдсанаар тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж хууль зүйн хүрээнд үзэх учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгчөөр тогтоолгоод, бүртгэл хийлгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэсэн шаардлага өөрөө ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдож байгаа хариуцагч нь “Х...” ХХК ба тус компани нь улсын бүртгэлийн байгууллага биш учраас улсын бүртгэл хийх, улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэх шаардлага өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбоотой, тэдний чиг үүрэгт хамааралтай нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг “Х...” ХХК-д холбогдуулж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна...гэв.

6. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор: Цахилгаан шат худалдах болон худалдан авах 19/04 тоот гэрээ /хх-7-8/, К... ХХК-ийн албан бичг /хх-9/, Х... ХХК-ийн Шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд /хх-10-14/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            7. Хариуцагч “К...” ХХК шүүхэд гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор: Цахилгаан шатны техникийн паспортууд /хх-70-81/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

            8. Хариуцагч Ц.Э... үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбар татгалзал, сөрөг нэхэмжлэлээ  нотлохоор: Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ /хх-43-46/, Цахилгаан шат худалдах болон худалдан авах 19/04 тоот гэрээ /хх-47-48/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-49/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-50/, “Х...” ХХК, “К...” ХХК нарын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх-51-52/, “Х...” ХХК, Ц.Э... нарын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх-53-54/, Төлбөрийн баримт /хх-55/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-85-86/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

            9. Зохигч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд:

            9.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 125... дүгээр захирамжаар Архивын ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Б... хотхоны ... дүгээр байранд суурилуулсан цахилгаан шатыг улсын комисст хүлээлгэж өгсөн акт, мөн байранд суурилуулсан цахилгаан шатны магадлалын акт зэргийг нотлох баримтаар гаргуулах, цахилгаан шатнуудад эвдрэл гэмтэл үүссэн эсэх, гэмтэл үүссэн бол уг гэмтлийг засварлахад ямар зардал гарахыг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж /хх-89/, шинжээч дүгнэлтээ 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн. /хх-95-131/

            9.2. Захирамжаар шаардсан нотлох баримтыг Үндэсний төв архиваас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна. /хх-143-163/

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э...ын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэгч “Х...” ХХК нь хариуцагч “К...” ХХК-д холбогдуулан, тус компанитай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний зарим хэсгээс буюу гэрээний хавсралтын “6 дугаар давхар, 55,04 м.кв .... тоот” гэх хэсгээс татгалзаж, уг орон сууцны бодит эзэмшлийг буцаан гаргуулахаар шаардаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “гэрээний дагуу нийлүүлсэн цахилгаан шат доголдолтой, хариуцагч угсралтын ажлаа дутуу гүйцэтгэсэн, бүрэн ажиллагаан оруулаагүй, хүлээлгэж өгөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй, оршин суугчдын гомдол тасрахгүй байсан ба үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн ч биелүүлээгүй учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хавсралтаас татгалзаж, энэ тухай К... ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн” гэж тайлбарласан.

            3. Харин нэхэмжлэгч “Х...” ХХК нь хариуцагч Ц.Э...д холбогдуулан, түүнтэй 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн үндэслэлээ “Ц.Э... нь “К...” ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулснаар уг Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг “Х...” ХХК-тай байгуулсан. Төлбөрөө К... ХХК-д өгсөн. Гэтэл Ц.Э...тай тохирсон гол нөхцөл болох К... ХХК-ийн Х... ХХК-тай хийсэн Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний дагуу тохирсон бартераар тооцсон нөхцөл байдал өөрчлөгдөж, Х... ХХК нь уг гэрээнээс татгалзсантай холбоотой маргаан үүссэн учир нэг талын санаачилгаар гэрээг цуцална” гэж тайлбарлаж байна.

            4. Хариуцагч Ц.Э... нь “Х...” ХХК-д холбогдуулан тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, энэ тухай бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “орон сууцны төлбөрийг төлсөн, Х... ХХК-ийн зөвшөөрснөөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 3 эрхийг шилжүүлэн авч, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг Х... ХХК-тай байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдсэн. Орон сууцыг Х... ХХК-иас Ц.Э...ын эзэмшилд хүлээлгэн өгсөн, одоо ч эзэмшиж байгаа учир өмчлөх эрхтэй” гэж тодорхойлсон.

            5. Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Э...ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, түүнтэй байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний анх үүссэн суурь гэрээ болох Х... ХХК болон К... ХХК нарын байгуулсан гэрээнээс татгалзсан учир Ц.Э...тай байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийх эрхгүй этгээд учир сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хариуцахгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.

            6. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, Х... ХХК-ийн шаардлага хүргүүлэх тухай мэдэгдлүүд, Орон сууцны хөрөнгө оруулалытн гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Төлбөрийн баримт, Цахилгаан шатны техникийн паспорт, шинжээчийн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт, Лифтэнд магадлал хийсэн тухай Мэргэжлийн хяналтын газарын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, мөн зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

            6.1. Х... ХХК, К... ХХК нар нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 19/04 дугаар Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээ байгуулж, худалдагч К... ХХК нь худалан авагч Х... ХХК-д нийт 4 ширхэг СО630 кг техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэг, СО800кг техникийн үзүүлэлттэй цахилгаан шат 2 ширхэгийг нийлүүлэх, худалдан авагч тал цахилгаан шатны үнэ 400,000,000 төгрөгийг урьдчилгаа 200,000,000 төгрөг, үлдэгдэл 50 хувьд бартерын орон сууц 45 м.кв-тай 2 өрөө 2 ширхэг орон сууц өгөхөөр харилцан тохиролцож, гэрээний дагуу цахилгаан шатыг нийлүүлсэн байна.

            6.2. Талууд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралтыг дахин хийж, Б... хотхоны 45 м.кв 2 ширхэг хоёр өрөө байр нь 55,04 м.кв хоёр ширхэг хоёр өрөө байр болж өөрчлөгдсөн, тус байрны 6, 7 дугаар давхрын ...., ... тоот болохыг дурдаж, .... тоот орон сууцыг 110,080,000 төгрөг, ... тоот орон сууцыг 110,080,000 төгрөг, нийт 220,160,000 төгрөг болохыг тусгаж, нийт 400,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлснээс 220,160,000 төгрөгийн орон сууцыг бартераар тооцож, үлдэгдэл 179,840,000 төгрөгийг бэлнээр авахаар тохиролцжээ.

            6.3. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр талууд 348 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр 55,04 м.кв талбайтай .... тоот дахь 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож 110,080,000 төгрөгөөр гэрээний үнийг тодорхойлон, нийт төлбөрийг К... ХХК-ийн Богд вила хотхоны Г блокын Цахилгаан шат худалах, худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон тухай болон бусад нөхцлүүдийг тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

            6.4. Харин 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “К...” ХХК нь хариуцагч Ц.Э...тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрх шилжүүлэг “К...” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Х...” ХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдан болон худалдан авах гэрээг, мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн ... Б... хотхон ... байр 1 дүгээр орц, ... давхарт .... тоот хаягт байрлах 2 өрөө Е айл 55,04 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрх шилжүүлэн авагч Ц.Э...ын өмчлөлд гэрээний эрхийг шилжүүлж, эрх шилжүүлэн авагч тал нь эрх шилжүүлэгч талд гэрээний үнэ 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт 2013 оны Mazda-3 автомашин шилжүүлэн бодож, үлдсэн төлбөрийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон байна. Ийнхүү тохиролцсоны дагуу гэрээ байгуулсан мөн өдрөө Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр дээрх тээврийн хэрэгслийг К... ХХК-ийн захирал Э.М...д шилжүүлжээ.

            6.5. Түүнчлэн хариуцагч Ц.Э... нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х... ХХК-тай Орон сууцны хөрөнгө оруулалтын 360 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр К... ХХК-тай байгуулсан нөхцлөөр буюу 55,04 м.кв талбайтай .... тоот орон сууцыг 110,080,000 төгрөгөөр харилцан тохиролцож байгуулан, 2020 оны 2 дугаар сараас тухайн орон сууцыг эзэмшиж эхэлсэн, одоогоор уг орон сууц Ц.Э...ын эзэмшилд байна.

            6.6. Х... ХХК нь К... ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 28, 8 дугаар сарын 13, 12 дугаар сарын 04, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрүүдэд тус тус мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд үйлдсэн байх бөгөөд 2022 оны мэдэгдлийг Монгол шуудан ТӨХК-иар К... ХХК-ийн Баянгол дүүргийн ... тоот хаягаар хүргүүлжээ.

            7. Х... ХХК, К... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байна.

8. Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний захиалагчийн эрхийг гэрээний талууд болох Х... ХХК, К... ХХК-ийн хэн аль нь зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь хариуцагч     Ц.Э...тай Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна. Тус гэрээний 2.5-д “төлбөрийг Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон, К... ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Ц.Э...ын нэр дээр шилжүүлэв” гэж заасан байгаа нь “К...” ХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний биелэлт ямар байхаас гэрээний үүрэг тооцогдох талаар тохироогүй, харин К... ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцогдсон буюу төлөгдсөн гэж үзэхээр байна.

            9. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнбөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Нэхэмжлэгчийн хариуцагч К... ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцээгүй буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь Х... ХХК-иас К... ХХК-д нийлүүлсэн эд хөрөнгийн доголдлын талаар болон хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх мэдэгдлийг хүргэсэн гэж тайлбарлан хэрэгт нотлох баримтаар гаргасан боловч тэдгээр мэдэгдлүүдийг К... ХХК-д хүргүүлсэн буюу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч тал мэдэгдэл хүлээж аваагүй гэж маргаж байгаа үед нэхэмжлэгч тал мэдэгдэл хүргэсэн болохоо нотлох үүрэгтэй.

            10. Ийнхүү нэхэмжлэгч тал Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралт хэсгээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцээгүй, нэхэмжлэлийн уг шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд эд хөрөнгийн доголдлын талаар нийлүүлэгч талдаа мэдэгдсэн болох нь мөн баримтаар нотлогдоогүй, К... ХХК угсралтын ажил дутуу гүйцэтгэсэн, бүрэн ажиллагаан оруулаагүй, хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлах боловч эдгээр тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

            11. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч гэрээний зүйл болох 4 ширхэг цахилгаан шатнуудыг шалгаж 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр магадлал хийсэн тухай Улсын байцаагчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр цахилгаан шатнууд “лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах журам”-ын зарим заалтыг хангахгүй байгаа учир техникийн магадлалын актыг баталгаажуулах боломжгүй тухай дүгнэлт гаргаж, улмаар тухайн улсын байцаагч нь 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Цахилгаан шатны техникийн паспортуудыг олгож, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл ашиглахыг зөвшөөрсөн байна.

12. Эдгээр баримтуудыг нэгтгэн дүгнэвэл “К...” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу цахилгаан шатнуудыг нийлүүлэх үүргээ биелүүлсэн бөгөөд эд хөрөнгүүд доголдолтой тухай худалдан авагч тал нийлүүлэгч талд мэдэгдээгүй, гэрээний дагуу нийлүүлсэн 4 ширхэг цахилгаан шатны алинд ямар доголдол гарсан тухай бүрэн тодорхойлоогүй байна.

13. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй. Гэвч ямар үндэслэлээр .... тоот дахь 55,04 м.кв орон сууцны хэсгээс татгалзаж, бусад хэсгээс татгалзахгүй байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй, энэ шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд “К...” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, орон сууцны эзэмшлийг буцаан гаргуулах тухай “Х...” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Нэхэмжлэгч “Х...” ХХК болон хариуцагч Ц.Э... нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч нь тус гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

15. Талуудын байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-д “байрны нийт төлбөрийг К... ХХК-ийн Б... хотхоны Г блокын Цахилгаан шат худалах худалдан авах гэрээний дагуу бартераар тооцсон. К... ХХК-ийн албан хүсэлтийн дагуу Ц... овогтой Э...ын нэр дээр шилжүүлэв” гэж тусгасан байна.

16. Талуудын байгуулсан гэрээг “Х...” ХХК нь “К...” ХХК-тай анх байгуулсан бөгөөд уг гэрээний захиалагчийн эрхийг “К...” ХХК нь Ц.Э...д шилжүүлсэн гэрээ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт нийцсэн байна.

17. Ажил гүйцэтгэх гэрээний талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үндэслэл болон мөн хуулийн 355 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ойлгомжгүй, “К...” ХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах гэрээний хавсралтаас татгалзсанаар Ц.Э...тай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзаж буй нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            18. Хариуцагч Ц.Э...ын сөрөг нэхэмжлэлийн тухайд: нэхэмжлэгч “Х...” ХХК-тай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гэрээний зүйл болох орон сууцыг өмчлөх эрхтэй тул гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

            19. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь холбоотой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Хариуцагч Ц.Э... нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тухайн гэрээний зүйл болох орон сууцыг гүйцэтгэгч “Х...” ХХК-ийн зөвшөөрснөөр 2020 оны 2 дугаар сараас эзэмшиж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзлээ.

            20. Харин уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг нэхэмжлэгч “Х...” ХХК-д даалгах нэхэмжлэл хуульд нийцээгүй, тухайн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            21. Шүүх нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,416,610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ. Хариуцагч Ц.Э...ын сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 708,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 708,350 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Э...д олгож, хариуцагч Ц.Э...аас “өмчлөгчөөр тогтоосон бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлд төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахыг даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан, “К...” ХХК-тай байгуулсан Цахилгаан шат худалдах болон худалдан авах тухай гэрээний зарим хэсгээс татгалзаж, орон сууцны бодит эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах, Ц.Э...тай байгуулсан Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э...ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Б... хотхоны ...-р байрны .... тоот 55.04 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,416,610 төгрөг, хариуцагч Ц.Э...аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 708,350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х...” ХХК-иас 708,350 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Э...д олгож, хариуцагч Ц.Э...аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА