Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/01979

 

 

 

 

 

 

 

 

2023 11 13 210/МА2023/01979

 

 

Х ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02893 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК -ийн хариуцагч К ХХК д холбогдуулан тус компанитай байгуулсан цахилгаан шат худалдах худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 0 дүгээр байрны 0 тоот дахь 2 өрөө орон сууцны бодит эзэмшлийг буцаан гаргуулах,

хариуцагч Ц.Э лд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах үндсэн,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 0 дүгээр байрны 0 тоот дахь 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Манай компани К ХХК тай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүүшийн ам, Богд вилла хотхоны 0 дүгээр байрны цахилгааны шат угсралтын ажлыг уг компаниар гүйцэтгүүлэх, ажлын хөлс болох 400,000,000 төгрөгийн 50 хувийг урьдчилгаа хэлбэрээр, үлдэх 50 хувийг бартерын 2 ширхэг орон сууц оролцуулан төлөхөөр тохиролцсон. Бидний зүгээс ажлын хөлсийг бүрэн төлсөн боловч хариуцагч компани нь цахилгаан шат угсралтын ажлаа дутуу гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллагаанд бүрэн оруулж, хүлээлгэн өгөөгүй. Энэ талаар удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн боловч үүргийн зөрчил нь удаан хугацааны туршид үргэлжилж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон ч үр дүнд хүрээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу 6 дугаар давхар, 55,04 м.кв 0 тоот /Е/ орон сууц гэсэн хэсгээс татгалзсан. Энэ талаар хуульд заасан журмын дагуу К ХХК д 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 224/142 тоот албан бичгээр мэдэгдсэн. Гэрээний зарим хэсгээс татгалзсантай холбоотойгоор маргаан бүхий орон сууцыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний дотор буцаан шилжүүлэхийг шаардсан боловч хүлээлгэж өгөөгүй. Иймд гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Богд вилла хотхоны 0 дүгээр байрны 0 тоот дахь 2 өрөө орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү. Мөн тухайн орон сууц нь Ц.Э-ын эзэмшилд байгаа учраас Ц.Э-ыг хамтран хариуцагчаар татсан. Анх Х ХХК болон К ХХК иудын хооронд цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ болон орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Үүний дараа К ХХК нь иргэн Ц.Э-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг гэрээг цуцалж, гэрээний зүйлийг чөлөөлж өгөхийг Ц.Э-аас шаардсан. Байрны төлбөр тооцоонд бартерын машин болон мөнгийг К ХХК руу шилжүүлсэн. Тухайн гэрээний 2.5-д зааснаар энэ байрны нийт төлбөрийг бартераар тооцохоор талууд тохиролцсон. Гэтэл анхдагч харилцаа үүсгэсэн К ХХК нь доголдолтой ажлын үр дүн нийлүүлж, доголдлыг арилгуулахаар удаа дараа шаардахад үр дүнд хүрээгүй учраас бид гэрээнээс татгалзсан гэжээ.

2. Хариуцагч К ХХК ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нь нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээгээр БНХАУ-д үйлдвэрлэгдсэн С0630 кг 2 ширхэг лифт, С0800 кг техникийн үзүүлэлттэй 2 ширхэг, нийт 4 ширхэг лифтийг гэрээнд заасан хугацаандаа Х ХХК -ийн эзэмшилд шилжүүлсэн. 2020 оны 3 дугаар сард зохих журмын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилга, техникийн улсын байцаагчаар хяналт, шалгалтыг хийж, тус лифтийг улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар өгч, ашиглах зөвшөөрлийг авч өгсөн. Өөрөөр хэлбэл, К ХХК нь хэвийн ажиллагаатай 4 ширхэг лифтийг худалдагчид хүлээлгэж өгсөн ба хяналт, шалгалт дүгнэлт гаргах төрийн эрх бүхий байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, хүлээлгэн өгсөн хэвийн ажиллагаатай байсан лифт худалдан авагч болон хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, тогны хэлбэлзлээс болж эвдэрснийг бид хариуцахгүй гэжээ.

3. Хариуцагч Ц.Э-ын тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 10 дугаар сард орон сууц худалдах зарын дагуу К ХХК ийн захирал Э.М тай уулзаж орон сууц худалдан авахаар болж түүний дансанд мөнгө болон 10 сая гаруй төгрөгийн автомашин шилжүүлэхээр тохиролцон шилжүүлсэн. Гэтэл одоо орон сууцыг буцаан авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүтэй мөнгө зээлж өгчихөөд хоёр компанийн дунд хохирмооргүй байна. К ХХК , Х ХХК -иудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд доголдол үүссэн. Тийм учраас тухайн гэрээнд тооцуулах гэсэн байр болох Ц.Э-ын эзэмшлээс буцаан гаргаж өгөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай зүгээс өөрсдийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Би анх 2 өрөө байр зарна гэсэн зарын дагуу К ХХК ийн захирал Э.М тай утсаар холбогдсон. Тэр үед Э.М нь манай компани Х ХХК -д 4 ширхэг лифт нийлүүлсэн. Уг нийлүүлсэн лифтний хариу төлбөрт 2 ширхэг орон сууцыг Х ХХК -аас авсан. К ХХК д лифтний төлбөрт тооцон худалдсан учир та төлбөрөө К ХХК д төлнө. Харин эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр захиалагч болж байгаа учир манай компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Байрыг ашиглалтад оруулахаар шууд таны дээр манай компани шилжүүлж өгнө гэж хэлээд зөвшөөрсөн. Ингээд Э.М тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр тохиролцсон нийт 96,012,000 төгрөгөөс 19,000,000 төгрөгт машин оролцуулж, үлдэх төлбөрийг бэлэн бусаар 100 хувь төлж барагдуулсан. Улмаар орон сууц ашиглалтад орж, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Энэ өдрөөс хойш одоог хүртэл тухайн байр миний эзэмшилд байгаа ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Х ХХК нь гаргаж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхоны 0 дүгээр байрны 0 тоот 55.04 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ц.Э л намайг мөн болохыг тогтоож, мөн энэ талаар улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч компанийн хувьд хамтран хариуцагчтай анх орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан эсэх үйл баримт дээр маргадаггүй. Тухайн үед Ц.Э-ын ярьж байгаачлан хоёр компани гэрээний дагуу бүх ажлаа өгч авалцаад төлбөрийн бартерын байраа шилжүүлээд ямар ч үүргийн зөрчил байгаагүй учраас Ц.Э-тай тухайн гэрээг бид байгуулж байсан. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөөд анх үүссэн суурь гэрээний эрх зүйн харилцааны зөрчил үүссэнтэй холбоотойгоор өнөөдрийн шүүхийн маргаан үүссэн. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хувьд орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн учраас маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох ёстой гэж байна. Гэтэл энэ орон сууцны төлбөр К ХХК ийн дансанд орсон байгаа. Манай гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хамтран хариуцагчийн хувьд К ХХК аас орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Анхдагч гэрээний эрх зүйн харилцаа үүсгэснээр хоёр компанийн хоорондын байрны маргаан үүсэх ёстой. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгийн эзэмшигчийн эрх дуусгавар болох тухай зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ц.Э-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа. Гэрээг цуцалснаар гэрээг цуцлах хүртэл хугацаанд Ц.Э-ын маргаан бүхий орон сууцны эзэмшил нь хууль ёсны гэж үзнэ. Харин гэрээ цуцлагдсанаар тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж хууль зүйн хүрээнд үзэх учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлогдож байгаа хариуцагч нь Х ХХК ба тус компани нь улсын бүртгэлийн байгууллага биш учраас улсын бүртгэл хийх, улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэх шаардлага өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбоотой, тэдний чиг үүрэгт хамааралтай нэхэмжлэлийн шаардлага байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг Х ХХК -д холбогдуулж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан, К ХХК тай байгуулсан цахилгаан шат худалдах болон худалдан авах тухай гэрээний зарим хэсгээс татгалзаж, орон сууцны бодит эзэмшлийг буцаан шилжүүлэхийг даалгах, Ц.Э-тай байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Х ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхоны 0 дүгээр байрны 0 тоот 55.04 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,416,610 төгрөг, хариуцагч Ц.Э-аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 708,350 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ХХК -аас 708,350 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Э лд олгож, хариуцагч Ц.Э-аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч талын зүгээс хэрэгт нотлох баримтаар нийлүүлсэн лифтний доголдлыг арилгах тухай албан бичгүүдийг удаа дараа өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд мэдэгдлийг хүлээн аваагүй тухай ямар нэгэн тайлбар шүүхэд гаргаагүй. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч зөвхөн нотлох үүрэгтэй байдлаар нэг талын байр суурийг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтэд тус цахилгаан шатнуудад ямар гэмтэл гарсан нь тодорхой байсаар байтал анхан шатны шүүх дээрх баримтыг үнэлэхгүйгээр, гэрээний дагуу нийлүүлсэн 4 ширхэг цахилгаан шатны алинд нь ямар гэмтэл гарсан нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Түүнчлэн, хэрэгт Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг нэхэмжлэгч маргадаггүй бөгөөд бид гагцхүү хариуцагчийг гэрээнд заасан улсын комисс хүлээн авснаас хойшхи баталгаат хугацааны дотор доголдлоо арилгаагүй гэж маргадаг. Тодруулбал, Энэхүү гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн, уг зөрчлийн цаг хугацаа нь улсын комисс хүлээн авснаас хойш 1 жилийн дотор үүссэн гэмтэл доголдол юм. Иймээс нэхэмжпэгч доголдлын талаар удаа дараа хариуцагчид мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч доголдлыг арилгах гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул нэхэмжлэгч тал гэрээний зарим хэсгээс татгалзсаныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь буруу гэж үзэж байна. Анх Ц.Э л нь бие даасан гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчид холбогдуулан бие даасан шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд Ц.Э-ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэн, түүнд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны херөнгө оруулалтын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийн оролцогчийн статус өөрчлөгдсөн ба шүүгч гуравдагч этгээд Ц.Э л нь одооноос хариуцагчаар, гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь автоматаар сөрөг нэхэмжлэл гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр татан оролцуулсан шүүгчийн захирамжаа хүчингүй болгохгүйгээр, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан бие даасан шаардлага нь сөрөг нэхэмжлэл хэлбэрээр засаж гаргуулахгүйгээр шууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь процессын алдаа гаргасан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж гэж тусгасан боловч хэрэгт хариуцагч Ц.Э-ын зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэл гэж байхгүй болно. Зөвхөн гуравдагч этгээдээр оролцож байхдаа гаргасан бие даасан шаардлага гэж байгаа ба гуравдагч этгээд, хариуцагч нь хуулиар эдлэх эрх, үүрэг нь өөр өөр тул үүнийг нэгтгэн адилтгаж авч үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сар, 08 дугаар сар, 12 дугаар сарын мэдэгдлүүд нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, нөгөө талдаа боломж олгоогүй буюу доголдлыг засах нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй. Хан-Уул дүүргийн шүүхэд Х ХХК -д холбогдуулж Ц.Э л нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХХК нь К ХХК ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татсан. Тус маргааны иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг үндэслэж Хан-уул дүүргийн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар татгалзаж шийдвэрлэсэн. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас 7 хоногийн өмнө буюу 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэл нь боломж олгоогүй, гэрээг цуцлах талаарх мэдэгдэл байдаг. Хэргийн 8 дугаар талд авагдсан худалдах-худалдан авах гэрээнд 400,000,000 төгрөг байхаар тусгасан бөгөөд шинжээчийн дүгнэлтэд лифтийг засварлах дүн 5,330,500 төгрөг байдаг. Тус 2 асуудлыг харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Х ХХК -ийн 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлээр хариуцагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 62 дугаар зүйлийн 62.1.3-т тус тус зааснаар хариуцагчаар татсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдсан этгээд хариуцагчаар орж байгаа учир шүүх хариуцагч гэж үзсэн. К ХХК аас тавьсан сонингийн зарыг үндэслэн очиж уулзаж, Х ХХК -д хүсэлт тавихад болно гэж хэлсэн учир гэрээний үндсэн төлбөрөө төлж орон сууцыг худалдаж авсан. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Өөрөөр хэлбэл, өмлөгчөөр тогтоосон бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Талуудад аль алинд нь буруу байх боломжтой асуудалд дунд нь намайг оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2 компаниас хоёулангаас нь асууж байж тус орон сууцыг худалдаж авсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны төлбөрөө төлсөн. Өдийг хүртэл гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч Х ХХК нь К ХХК д холбогдуулан тус компанитай байгуулсан цахилгаан шат худалдах худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 0 дүгээр байрны 0 тоот дахь 2 өрөө орон сууцны бодит эзэмшлийг буцаан гаргуулах,

хариуцагч Ц.Э лд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, гэрээний зүйл болох орон сууцыг чөлөөлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч Ц.Э л нь нэхэмжлэгч Х ХХК -д холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богд вилла хотхон 0 дүгээр байрны 0 тоот дахь 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн ...маргаан бүхий лифт дээр шинжээч томилуулж, ямар шалтгаан нөхцөлийн улмаас эвдрэл гэмтэл үүссэн, эвдрэлийг засахад хэдэн төгрөгийн зардал шаардлагатай, цахилгаан шатны эвдрэлд худалдагчийн буруутай ажиллагаа байгаа эсэх зэргийг тодруулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/12544 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба уг захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 4641 тоотоор Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хүргүүлжээ. /хх89-91/

4.1. Анхан шатны шүүх үүний дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5276 тоотоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д дээрх шинжээч томилсон захирамжийг хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор шинжээчийн дүгнэлт ирүүлэхийг шаардсан байх ба 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аас тухайн байрны цахилгаан шатны эвдрэл гэмтлийн үнэлгээг тодорхойлсон тайланг ирүүлсэн байна. /хх92, 93, 95-129/

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдвал хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилох ба шинжээч нь тусгай мэдлэг бүхий этгээд байх ёстой. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу тусгай мэдлэг бүхий асуудлыг тодруулахдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг шинжээчээр томилсон атлаа дүгнэлтийг тухайн этгээд гаргаагүй, өөр этгээдээс тайлан ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6 дахь хэсгийг зөрчсөн байдал тогтоогдож байна.

Тодруулбал, шинжээчээр томилогдсон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж, татан буугдсаны улмаас дүгнэлт гаргах боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байж болох ч хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон талаар нотлох баримт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь худалдан авсан цахилгаан шат доголдолтой байсны улмаас худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгээс татгалзаж, төлбөрт төлсөн орон сууцны эзэмшлийг буцаан гаргуулахаар шаардсан тул хариуцагч К ХХК ийн нийлүүлсэн цахилгаан шатны чанарын талаар хуульд заасан журмын дагуу томилогдсон мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах нь шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоох, эрх зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байжээ.

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Э-ыг хамтран хариуцагчаар татсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй. Хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2023/11454 дугаар шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагчаар Ц.Э-ыг тодорхойлсон/хх189-190/ байх ба түүнд эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэгчийн шаардлагыг гардуулах ажиллагааг явуулсан байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлээр хэлэлцээд талууд мэтгэлцэж, тайлбар гаргасан/хх197-206/ уг ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхгүй юм.

6. Иймд анхан шатны шүүхийг нотлох баримт бүрдүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн, 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/02893 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,416,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЦОГТСАЙХАН