Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 102/Шш2023/02941

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ... дүгээр давхарт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Б...” ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ... өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн ... өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Х... банк” ХХК,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, ... тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “Т...” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө...,

Гуравдагч этгээд “Т...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б...” ХХК-ийн төлөөлөгч Д.Б... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ... дүгээр захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч “Б...” ХХК-иас нийт 588,455,537 төгрөг гаргуулан, барьцааны зүйл болох “Т...” ХХК-ийн өмчлөлийн Ү-.. улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах 1,152 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Манай компани төлбөр төлөгч бөгөөд барьцааны зүйлийн үнийг 7,000,000,000 /долоон тэрбум/ төгрөгөөр үнэлж, тус саналаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичгээр хүргүүлсэн. Улмаар тус үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр “Ф...” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Т...” ХХК-ийн өмчлөлийн уг хөрөнгийн үнийг 3,449,200,000 төгрөгөөр тогтоосон. Манай компани дээрх үл хөдлөх хөрөнгийг 5 жилийн өмнө буюу 2018 онд 4,5 тэрбум төгрөгөөр бусдад худалдан борлуулахаар тохиролцож байсан хэдий ч барилгын үнэ цаашид өсөх хандлагатай байсан тул уг тохиролцоог цуцалж, үл хөдлөх хөрөнгийг авч үлдсэн байдаг. Мөн “Ф...” ХХК-ийн хийсэн үнэлгээнд манай үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо төрлийн үл хөдлөх хөрөнгийн заруудыг хавсаргасан байх бөгөөд тус зард манай үл хөдлөх хөрөнгөөс жижиг хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг 7,000,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад манай хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулсан дүгнэлт гаргасан байна. Иймд манай компанийн зүгээс дээрх үнэлгээг эс зөвшөөрч байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна. Манай компани нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан бөгөөд тус өдрөө үнэлгээний тайланг гаргуулах гэсэн боловч бидэнд гаргаж өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг үүсгэн холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 8226 дугаар захирамжаар “Б...” ХХК, “Т...” ХХК нараас 588,445,537 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж “Х... банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан “Т...” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар бүхий хаягт байршилтай, эрхийн улсын Ү-.. дугаарт бүртгэлтэй 1152 м.кв талбайтай 4 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №... гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ... дугаар бүхий 361 м.кв талбайтай газрын хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээчний үнэлгээний тайлан, мөн бусад адил метр квадраттай, адилхан объектын газрын байршлаас шалтгаалан үнийн зөрүүтэй асуудлууд байгаа. Үүнийг үнэлгээний тайланд тусгасан байгаа...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х... банк” ХХК шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбартаа:

“Б...” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/СС170127001 тоот зээлийн гэрээ болон ЗБ/СС170127001-1-1 тоот зээлийн барьцааны гэрээг Х... банктай байгуулж, 650,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Т...” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.. улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн ... дугаарбүхий 1152 м.кв 4 давхар үйлчилгээний зориулалттай барилга, ... гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ... дугаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 361 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Нэхэмжлэгч “Б...” ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан барьцаа хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. Иймд Х... банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 дэх хэсэгт заасны дагуу “Б...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байна...гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 10054 дүгээр захирамжаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгэгч “Б...” ХХК-иас нийт 588,455,537 төгрөг гаргуулан, барьцааны зүйл болох “Т...” ХХК-ийн өмчлөлийн 1152 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба одоогоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. “Ф...” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “Т...” ХХК-ийн өмчлөлийн уг хөрөнгийг 3,449,200,000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэлгээнд манай үл хөдлөх хөрөнгөтэй ойролцоо төрлийн үл хөдлөх хөрөнгийн зард манай үл хөдлөх хөрөнгөөс жижиг хэмжээтэй хөрөнгийг 7,000,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад манай үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулсан дүгнэлт гаргасан байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Манай зүгээс бодит үнэлгээг бууруулж байна гэх үндэслэлээ нотлохдоо бусад ижил төстэй байршилтай газруудын заруудыг үндэслэж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудал байхгүй...гэв.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ мэдэгдсэн мэдэгдлийн эх хувь /хх-5/, Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08226 дугаар захирамж, Эвлэрлийн гэрээ зэргийн эх хувь /хх-7-11/, “Б...” ХХК-ийн үнийн санал /хх-13/, “Т...” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-22/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

6. Хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-29-116/-ыг нотлох баримтаар гаргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “зах зээлийн бодит үнэлгээг илт бууруулсан, тухайн хураагдсан хөрөнгөөс жижиг хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг 7,000,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад маргаан бүхий хөрөнгийг 3,449,200,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарласан байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон” гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Т...” ХХК-ийн зүгээс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээнээс илт доогуур үнэлэгдсэн” гэж тайлбарласан.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2022/08226 дугаар захирамжаар “Х... банк” ХХК, “Б...” ХХК болон “Т...” ХХК нарын тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр “Х... банк ХХК-ийн нэхэмжилсэн 588,445,537 төгрөг 70 мөнгийг уригдсан тал “Б...” ХХК нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор 50,000,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор 100,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 150,000,000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 258,455,537 төгрөг 70 мөнгийг тус тус бүрэн төлж барагдуулах, “Б...” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд уригдсан тал болох “Т...” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар бүхий хаягт байршилтай, Үйлчилгээний зориулалттай 1,152 м.кв талбайтай 4 давхар, улсын бүртгэлийн Ү-.. дугаартай үл хөдлөх хөрөнгө болон №... гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ... дугаар бүхий, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай, 361 м.кв талбайтай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан байна.

5.2. Дээрх шүүгчийн захирамжийг “Б...” ХХК сайн дураар биелүүлээгүйн улмаас “Х... банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10054 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 961 тоот гүйцэтгэх хуудас  бичигдэн, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22370686 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 22370686/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох “Хан-Уул дүүргийн ... дугаар бүхий хаягт байршилтай, Үйлчилгээний зориулалттай 1,152 м.кв талбайтай 4 давхар, улсын бүртгэлийн Ү-.. дугаартай үл хөдлөх хөрөнгө болон №... гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ... дугаар бүхий, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай, 361 м.кв талбайтай газар” зэргийг битүүмжилж, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 22370686/09 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хадгалагч Д.Батбилэгийг болон хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан хураажээ.

5.4. Улмаар 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцож үнийн саналаа өгөхийг мэдэгдэж, уг мэдэгдлийн хариуд төлбөр төлөгч “Б...” ХХК, “Т...” ХХК нараас хураагдсан хөрөнгийг 7,000,000,000 /долоон тэрбум/ төгрөгөөр үнэлэх санал хүргүүлж,  талууд үнийн саналын талаар тохиролцох боломжгүй болсноор шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 12/469 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Ф...” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилж, шинжээчийг:

- Эрхийн улсын бүртгэлийн Ү-.. дугаартай Хан-Уул дүүргийн ... дугаар бүхий хаягт байршилтай, Үйлчилгээний зориулалттай 1,152 м.кв талбайтай 4 давхар үл хөдлөх эд хөрөнгө,

- №... гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ... дугаар бүхий, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байршилтай, 361 м.кв талбайтай газар зэргийн үнэлгээг тогтоохыг даалгаж, шинжээч дүгнэлтээ 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр гаргаж шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байна.

5.6. Шинжээчийн дүгнэлтээр тогтоолд дурдсан хөрөнгүүдийг “...оффис, үйлчилгээний барилгын орлогын хандлагаарх нийт үнэлгээ 2,931,190,000 төгрөг болж байна. Орлогын хандлагаар үнэлгээ бага гарч байгаагийн шалтгаан нь үйл ажиллагааны цэвэр орлогыг тооцох талбайг ашигтай талбайгаар тооцсон зэргээс шалтгаалсан гэж үзэж байна. ...зах зээлийн хандлагаарх үнэ цэнийг 3,449,200,000 төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байна” гэжээ.

5.7. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 4-224/2758 дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг “Т...” ХХК-д, мөн өдрийн 4-224/2759 дугаар мэдэгдлийг “Б...” ХХК-д, 4-224/2760 дугаар мэдэгдлийг “Х... банк” ХХК-д тус тус мэдэгдсэн байна.

5.8. Дээрх мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч “Б...” ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч талаас хураагдсан хөрөнгийн талаар үнэлгээ гаргаагүй, төлбөр авагч шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг хүссэний улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, оролцогчоос гаргасан хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Ф...” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг томилсон нь хуульд нийцжээ.

7. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч “Б...” ХХК нь үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч мэргэшсэн үнэлгээчин Н.Ц... нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна.

10. Нэхэмжлэгч “Б...” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн бодит үнэлгээг илт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай “Б...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА