Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03184

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... тоот хаягт түр оршин суух, Т... овогт Д....ын А...,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .... өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах “К...” ХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л...,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г..,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А..., А.Б... нар 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бүлэглэн хууран мэхэлж нэхэмжлэгч Д.А...гийн нэг иргэний өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А... нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Б.А... үндсэн зээлдэгчээр, эхнэр А.Б... хамтран зээлдэгчээр оролцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг К... ХХК-д 2015 оны 2 дугаар сарынэ 12-ны өдөр 3004-2015/29 тоот дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьж, 77,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. Зээлдэгч Б.А... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул К... ХХК нь 2015 оны 12 дугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 84,582,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.А...д холбогдуулан гаргаж, шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хариуцагч Б.А...гийн зөвшөөрлийг баталж, тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үед Д.А... нь Б.А..., К... ХХК нарт холбогдуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн байдаг. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай тогтоолоор хариуцагч Б.А...гийн өмчлөлд бүртгэлтэй байгаа дээрх орон сууцыг Д.А...гийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олохыг тухайн үеийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж байсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Б.А..., К... ХХК нарт холбогдох төлбөр авагч Д.А...гийн шүүхийн гүйцэтгэх хуудсанд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.А...гийн өмчлөлд байгаа, төлбөр төлөгч К... ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг оногдуулсан хэлцэлд бүртгэлтэй уг орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Д.А...гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар руу албан бичиг явуулсан. Улсын бүртгэлийн байгууллага дээрх орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.А...гийн нэг иргэний өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон. Гэтэл К... ХХК нь 2021 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Д.А...гийн өмчлөлд бүртгэлтэй уг орон сууцыг Б.А...гийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг Д.А...д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч К... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1602 дугаартай магадлалд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулж байгаа бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулж нэхэмжлэгч Д.А...гийн өмчлөх эрхтэй уг орон сууцыг худалдан борлуулах зорилгоор тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байна. Мөн газраас 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 дугаартай “Төлбөр төлөгч, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” албан бичгээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Шинжээчийн дүгнэлтээр Д.А...гийн өмчлөх эрхтэй орон сууцыг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнийг 172,720,000 төгрөгөөр тогтоосон байгаад төлбөр төлөгч, хөрөнгө өмчлөгчийн зүгээс гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлт, тайлантай танилцахад объект хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо харьцуулалтын аргыг судалгааны гол арга болгон ашигласан байна. Харьцуулалтын аргыг үнэн зөвөөр бус хийсвэрээр хийж харьцуулалтын судалгаанд ашиглагдсан бусад объект хуурамч байх жишээний алдаа дутагдлыг шинжээч гаргасан байна. Тодруулбал, шинжээч шинжилгээний объект болох орон сууцыг бусад орон сууцнуудын борлуулалтын үнэтэй харьцуулж дундаж үнэлгээг гаргахдаа үнэгүй.мн сайтын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах цонхноос шүүлт хийж харьцуулалт хийснээ тайланд тусгаж, эх сурвалжийн линкээ заасан байдаг. Харьцуулалтад ашиглагдсан 3 линкийг шалгаж үзэхэд 1 линк нь алдаатай буюу мэдээлэл олдохгүй, 2 линкийг шалгаж үзэхэд объект хөрөнгө болох орон сууцнуудын байршил, мкв, түүний нэгж бүрийн үнэ, нийлбэр үнэ гэх зэрэг мэдээлэл бүрэн дүүрэн гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээний гол объектоо ойролцоо гэх 3 объектуудын үнийг хооронд нь нэмж нэгтгээд 3 хувааж 172,720,000 гэсэн араб тоог гаргаж ирсэн. Уг тоогоор хөрөнгийн үнэлгээний үнийг тодорхойлсон байдаг. Гэтэл харьцуулалтанд орсон 3 объектуудын 2-ын үнэ нь эх сурвалжилд заасан линкийг шалгахад гарч ирээд, үлдэх 1-ийнх нь үнийг үзэхээр линк руу нь шалгах гэхээр болохгүй байдаг. Шинжээч нэг объектын эх сурвалжийг заахдаа техникийн алдаа гаргасан, эсхүл таамгаар үнэлгээ зохиож, эх сурвалжийн линкээ зохиосон болж таарах гээд байна. Эд хөрөнгийн хохирлын бус эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох аж ахуйн нэгжийн үнэлгээчин, байгууллагын шинжээч нь Монгол улсын хууль тогтоомжуудаас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг удирдлага болгон ашигладаг. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд үнэн зөв байх зарчмыг, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 дэх заалтуудад зааснаар үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ шударга байх, бодитой байх зарчмыг тус тус баримтлах ёстойг хууль тогтоомжоор хуульчилж өгсөн. Эдгээр зарчмуудыг шинжээч баримтлаагүй нь хөрөнгө өмчлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэхээр байна. Хөрөнгийн үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд үнэлгээний зүйл дэх хувь оролцоонд тохирох эдийн засгийн үр ашгийн тооцооллын боломжит мөнгөн илэрхийллийг хэлдэг бөгөөд тухайн мөнгөн илэрхийллийг тусгай мэдлэг эзэмшсэн этгээдэд бодитойгоор асуудалд шударгаар хандаж үнэн зөвөөр илэрхийлэн гаргах үүрэгтэй. Мөн нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлт, түүний хавсралттай танилцахад хөрөнгө үнэлсэн шинжээч болох үнэлгээчний гэрчилгээний хуулбар хавсаргагдаагүй байсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар Сангийн сайд хөрөнгийн үнэлгээчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээг 3 жилээр олгодого. Д.А...гийн өмчлөлийн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон шинжээч болох үнэлгээчин мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй эсэх, гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр эсэх нь шинжээчийн тайлан, дүгнэлт, түүний хавсралт баримтаас харагдахгүй байгаа нь тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар мэргэжлийн этгээд дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиалан хийлгүүлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л... нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар Д.А...гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг тус газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж “К...” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.А...гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй уг орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 172,720,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Д.А...д 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 дугаартай албан бичгээр тайлангийн хамт танилцуулж, төлбөр төлөгч Д.А...гийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тус албанд хандаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ныг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, төлбөр төлөгчдөд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон. Төлбөр төлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Төлбөр төлөгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөөд, өөрөө хөрөнгөө худалдан борлуулах хугацаа авсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэрэг анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамж гарснаар иргэн н.А...тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа хүүг тооцоолон зогссон байдаг. Энэ шүүхийн шийдвэрээр нэг ч төгрөгийн төлөлт төлөгдөөгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зориуд санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой байна гэж харж байна. Нөгөө талдаа зээлийн хүү зогсож, нөгөө талдаа хадгаламжийн хүүг нөхөж явж байгаа хадгаламж эзэмшигч. Энэ шалтгаанаа гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс иргэн Т.У...т олгосон итгэмжлэл нь өөрөө Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2,42.3 дахь хэсэгт заасан үндэслэл байна. Эхний үндэслэл нь итгэмжлэлээс харахад төлөөлөгч Д.А...гийн итгэмжлэлийн дагуу Д.А..., К... ХК, А.Б..., Нийслэлийн шүүхийн шийдвэрт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэж байгаа. Тэгэхээр Д.А...гийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт энэ хүн нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхгүй этгээд гэж үзэж байна. Өөр хэрэгт олгосон итгэмжлэлийг энэ хэрэгт ашиглаж шүүхэд нэхэмжлэл гаргаж гарын үсэг зурсан байна. Хоёрдох үндэслэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт зааснаар итгэмжлэлд ямар тохиолдолд бусдыг төлөөлж гарын үсэг зурах вэ гэдгийг зохицуулж өгсөн байгаа. Нэхэмжлэл дээрээс харвал итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У... нь гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн гарын үсэг зурж болно гэж зохицуулсан байгаа. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр өнгөрөөсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1602 дугаар магадлалын эх хувь /хх-7-10/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн эх хувь /хх-11/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 дугаар Төлбөр төлөгч, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийн эх хувь /хх-12/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-14-15/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

5. Хариуцагч тал шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 173 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-53/, мөн өдрийн шүүгчийн 02016 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн хуулбар /хх-54/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02204 дүгээр шийдвэрийн хуулбар /хх-55-56/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалын хуулбар /хх-57-60/, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар “Хяналтын гомдлг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /хх-61/, “К...” ХК-иас 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн г3/99 дугаар албан бичгийн хуулбар /хх-62/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 22370253 дугаар тогтоолын хуулбар /хх-63/, Төлбөр төлөгчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-64/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22370253/02 дугаар тогтоолын хуулбар /хх-65/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-66/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-67, 71, 91, 95, 99/, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13674 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-68-69/, Эд хөрөнгө хураах тухай 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 22370253/04 дугаар тогтоолын хуулбар /хх-70/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар /хх-72/, Д.А...гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналын хуулбар /хх-73/, К... ХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлтийн хуулбар /хх-74/, Шинжээч томилох тухай 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 тоот тогтоолын хуулбар /хх-75/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар /хх-76/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтын хуулбар /хх-77/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн тайлангийн хуулбар /хх-78-90/, Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгүүдийн хуулбар /хх-92-93/, Д.А...гийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан  хүсэлтийн хуулбар /хх-94/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.А...д хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4-145/4316 тоот Хөрөнгө худалдан борлуулах хугацаа тогтоох тухай албан бичгийн хуулбар /хх-96/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/7 тоот тогтоолын хуулбар /хх-97/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.А..., К... ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-145/8111 тоот албан бичгийн хуулбар /хх-97 арын нүүр, 98/, Албадан дуудлага худалдааны талаар нийтлэгдсэн хэвлэлийн хуулбар /хх-100/, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэлийн хуулбар /хх-101/ зэрэг болно.

6. Гуравдагч этгээд “К...” ХК-иас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-26/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар /хх-27-29/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01302 тоот тогтоолын хуулбар /хх-30-35/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-36/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалын хуулбар /хх-37-43/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 02016 дугаар захирамжийн хуулбар /хх-44/, мөн өдрийн 173 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар /хх-45/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3456 дугаар “Төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай” албан бичгийн хуулбар /хх-46/ зэрэг болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Д.А...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “хөрөнгийн үнэлгээг таамгаар зохиож, эх сурвалжийн линкээ зохиосон байх магадлалтай, хөрөнгө үнэлсэн үнэлгээчний гэрчилгээний хуулбар тайланд хавсаргагдаагүй буюу тусгай мэдлэг шаардагдах асуудалд мэргэжлийн бус этгээд дүгнэлт гаргасан, хөрөнгийг үнэгүйдүүлсэн дүгнэлт гаргасанд гомдолтой” гэж тайлбарласан байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон, нэхэмжлэгч үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн, тогтоогдсн үнэлгээг хүлээн зөвшөөрч өөрөө худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К...” ХК-ийн зүгээс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор “үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь зориуд санаатайгаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой гэж харж байна. Нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хэрэг маргаанд оролцох эрх олгоогүй, хуульд заасан үнэлгээтэй холбоотой гомдол гаргах 7 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өнгөрөөсөн байна” гэж тайлбарласан.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэрээр Д.А...д холбогдох Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “К...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Д.А...гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн дээрх орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

5.2. Дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр “К...” ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 02016 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 173 тоот гүйцэтгэх хуудас  бичигдэн, 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 22370253 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22370253/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн 40 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 22370253/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг Д.А...г болон хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан хураасан байна.

5.4. Улмаар 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Д.А... нь хөрөнгийн үнийн саналыг 350,000,000 төгрөгөөр тогтоон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “К...” ХК-иас үнэлгээ хийлгэх хүсэлт гарган, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.У...г шинжээчээр томилж, 2 дугаар сарын 16-ны өдрийн дотор дүгнэлтээ гаргаж ирүүлэхийг даалгажээ.

5.5. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч дүгнэлтээ 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гарган, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 172,720,000 төгрөг болохыг тогтоосон байна. Үнэлгээний тайланд шинжээч Ж.Уртнасангийн Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мөн компанийн шинжээч томилох тухай захирлын тушаал зэргийг хавсаргасан байна.

5.6. Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455, 4-145/3456 дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлүүдийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчдод хүргүүлснийг төлбөр авагч “К...” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр, Д.А... 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус тус хүлээн авчээ.

5.7. Дээрх мэдэгдлийг хүлээн аваад нэхэмжлэгч Д.А... нь 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах нэг сарын хугацаа олгуулахыг хүсэж, түүний хүсэлтийн дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг Д.А...д олгосон байна.

5.8. Уг хугацаанд худалдан борлуулаагүй, төлбөрийг төлж барагдуулаагүй учир 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5/7 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд талуудад мэдэгдэл хүргүүлэн, албадан дуудлага худалдааны зарыг хэвлэлд нийтлүүлж, анхны албадан дуудлага худалдаанаас хураагдсан хөрөнгө нь худалдан борлуулагдаагүй байна.

5.9. Нэхэмжлэгч Д.А... нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08441 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй буюу төлбөр төлөгч талаас хураагдсан хөрөнгийн талаар гаргасан 350,000,000 төгрөгийн үнэлгээг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг хүссэний улмаас шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ж.Уртнасанг томилсон нь хуульд нийцжээ.

7. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч Д.А... нь үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

9. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсан 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хураагдсан эд хөрөнгөө шинжээчийн тогтоосон үнэлгээнээс багагүй үнээр худалдан борлуулах нэг сарын хугацаа олгуулах хүсэлт гаргасны дагуу хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаа олгож, мөн зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан хугацаанд хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулахыг мэдэгдсэн байна.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно” гэж заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Д.А... өөрөө хөрөнгөө худалдан борлуулах хугацаа хүссэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, дээрх үндэслэлүүдээр Д.А...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам энэ нэхэмжлэлд зөрчигдөөгүй байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй учир хариуцагчийн энэ татгалзал үндэслэлгүй байна. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэл Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй, тухайн итгэмжлэлд нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Д.А...гийн нэхэмжлэлтэй ...НШШГГ-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрх олгосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.А...гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА