Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02102

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр Дугаар 210/МА2023/02102

 

Д.А...гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03184 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.А...ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.А..., А.Б... нар нь 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хууран мэхэлж Д.А...ийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр хороолол, Дилав хутагт Дамдинбазарын гудамж, .... дугаар байрны ... тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.А....ийн өмчлөлд шилжүүлэн авсан.

1.2. Б.А..., А.Б... нар нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг К... ХК-д 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьж, 77,000,000 төгрөгийн зээл авсан байдаг.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар хариуцагч Б.А....гийн зөвшөөрлийг баталж, тухайн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

1.3. Энэ үед Д.А... нь Б.А..., К... ХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай тогтоолоор хариуцагч Б.А...ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа дээрх орон сууцыг Д.А...ийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр гаргаж олгохыг тухайн үеийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн байгууллага дээрх орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д.А...ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон.

1.4. Гэтэл К... ХК нь 2021 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Д.А....ийн өмчлөлд бүртгэлтэй уг сууцыг Б.А....ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг Д.А....д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч К... ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

1.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1602 дугаартай магадлалд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулж, Д.Агиймаагийн өмчлөлийн сууцыг худалдан борлуулах зорилгоор хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлуулахаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан.

Мөн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 дугаартай Төлбөр төлөгч, өмчлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай хөрөнгийн үнэлгээг танилцуулсан.

Шинжээчийн дүгнэлтээр сууцыг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 172,720,000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлт, тайлантай танилцахад зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо харьцуулалтын аргыг судалгааны гол арга болгон ашигласан байна. Харьцуулалтын аргыг хийсвэрээр хийсэн, харьцуулалтын судалгаанд ашиглагдсан бусад объект хуурамч байх жишээний алдаа дутагдлыг шинжээч гаргасан.

Тодруулбал, шинжилгээний объект болох орон сууцыг бусад орон сууцнуудын борлуулалтын үнэтэй харьцуулж дундаж үнэлгээг гаргахдаа Үнэгүй.мн сайтын үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах цонхноос шүүлт хийж харьцуулалт хийснээ тайланд тусгаж, эх сурвалжийн линкээ заасан байдаг. Харьцуулалтад ашиглагдсан 3 линкийг шалгаж үзэхэд 1 линк нь алдаатай буюу мэдээлэл олдохгүй, 2 линкийг шалгаж үзэхэд объект хөрөнгө болох орон сууцнуудын байршил, мкв, түүний нэгж бүрийн үнэ, нийлбэр үнэ гэх зэрэг мэдээлэл бүрэн дүүрэн гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжилгээний гол объектоо ойролцоо гэх 3 объектуудын үнийг хооронд нь нэмж нэгтгээд 3 хувааж, 172,720,000 гэсэн тоог гаргаж ирсэн. Уг тоогоор хөрөнгийн үнэлгээний үнийг тодорхойлсон байдаг.

Шинжээч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг удирдлага болгон ашигладаг. Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд үнэн зөв байх зарчмыг, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 дэх заалтуудад зааснаар үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийхдээ шударга байх, бодитой байх зарчмыг тус тус баримтлах ёстойг хуульчилж өгсөн.

Эдгээр зарчмуудыг шинжээч баримтлаагүй. Мөн шинжээчийн дүгнэлт, түүний хавсралттай танилцахад хөрөнгө үнэлсэн шинжээч болох үнэлгээчний гэрчилгээний хуулбар хавсаргагдаагүй байсан. Үнэлгээчин мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй эсэх, гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр эсэх, тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар мэргэжлийн этгээд дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй.

Иймд Х... ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар Д.А....ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205.... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж К... ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.А...ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205... дугаарт бүртгэлтэй уг сууцыг битүүмжлэн хурааж, 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2/44 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Х... ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход эд хөрөнгийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 172,720,000 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Уг үнэлгээг төлбөр төлөгч Д.А....д 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 4-145/3455 дугаартай албан бичгээр тайлангийн хамт танилцуулж, төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа хүссэний дагуу 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ныг хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож, хөрөнгөө бие даан худалдан борлуулах хугацааг олгосон.

Төлбөр төлөгчдийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, өөрийн хөрөнгийг худалдан борлуулаагүй тул 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.

2.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Төлбөр төлөгч нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөөд, өөрөө хөрөнгөө худалдан борлуулах хугацаа авсан учир нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамж гарснаар иргэн Б.А...тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа, хүү зогссон. Энэ шүүхийн шийдвэрээр нэг ч төгрөгийн төлөлт төлөгдөөгүй. Нэхэмжлэл гаргаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой гэж харж байна.

3.2. Т. У...т олгосон итгэмжлэлээс үзэхэд Д.А... нь Д.А..., К... ХК, А.Б..., Нийслэлийн шүүхийн шийдвэрт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлүүлэхээр олгожээ. Д.А...ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт энэ хүн нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр өнгөрөөсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Д.А...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийн оролцогчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч, гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч тал бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Д.А... нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээг өөрийн биеэр гардан авсан. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу бие даан худалдах саналыг гаргасан байна.

Тухайн хөрөнгийн үнэлгээнд маргаан үүсгээгүй тохиолдолд эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгодог. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1 сарын хугацаа олгосон. Д.Агиймаа нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь хөрөнгийн үнэлгээг нотлох баримтаар нотолж чадаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 9496.... гэх дугаарыг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлд авагдсан дугаар юм. Анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслахаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь утсаа авахгүй байсан учраас нэхэмжлэгч Д.А... руу ярьсан. Гэтэл Д.А... нь би орохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоно гэж хэлсэн.

Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг тодруулах, хэргийн материалтай танилцах үүрэгтэй.

Иймд давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Д.А... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1-3, 103/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Б.А...аас 84,582,222 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 580,862 төгрөгийг гаргуулж, К... ХХК-д олгож, шийдвэрлэсэн байна. /1-р хх 27-29/

3.б. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэрээр Баянгол дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1602 дугаар магадлалаар Ү-2205... дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол ... байрны ... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна. /1-р хх 58-61/. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00016 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ. /1-р хх 62/

3.в. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн шүүгчийн 102/ШЗ2022/02016 дугаар захирамжийг үндэслэн хариуцагч байгууллага 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Улмаар 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 22370253/02 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ...-р хороолол, ... байрны ... тоотод байрлалтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгийг хураасан. /1-р хх 65, 71/

3.г. Хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Х... ХХК-ийг томилж, шинжээч Х... ХХК нь эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 172,720,000 төгрөгөөр тогтоосон. /1-р хх. 79-90/

Хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр Д.А... болон К... ХХК-д мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /1-р хх 93-94/

3.д. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч Д.А... хөрөнгийг бие даан худалдах 1 сарын хугацааг авах хүсэлт гаргажээ. /1-р хх 95, 96/

3.е. Улмаар хөрөнгө борлогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/7 дугаар тогтоолоор 2023 оны 05 дугаар сары 12-ны өдөр зохион байгуулахаар болжээ. /1-р хх 98/

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдлийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн баримт авагдсан. Харин анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.а. Учир нь нэхэмжлэгч Д.А...г төлөөлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.У...ын гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлана. Шүүгч эрх, үүргийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах зарчим, эдлэх эрх, хүлээх үүргийн утга учрыг бүрэн ойлгуулж, энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг тайлбарладаг. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагддаг болохыг хэргийн оролцогчдод танилцуулж байгаа ажиллагаа юм.

Хэрэгт авагдсан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Т.У... гарын үсэг зураагүй, шүүхээс эрх, үүргийг хэргийн оролцогчид тайлбарлан өгсөн гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

Хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.

Мөн хэрэгт авагдсан итгэмжлэлд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03184 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

Ш.ОЮУНХАНД