| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2021/0038/Э |
| Дугаар | 2021/ДШМ/33 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ДШМ/33
Х.Ед холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Ед холбогдох эрүүгийн 2113000680050 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Х.Өрен, шүүгдэгч Х.Е, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буяннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл 5 хүнтэй, эцэг эх, ах, эгч дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Б сумын дугаар багт оршин суудаг, дээд боловсролтой, байгаль орчин, ургамал судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Х овогт Х-ийн Е /РД: Б0000000/ нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой 17 цагийн үед Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэр “Цул улаан” гэх газарт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.2, 3.2 а/, 3.4 в/, 3.7 а/ дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн Ш.Т-ийн амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Х-ийн Еыг авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ш.Т-ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Е-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолд: “Миний бие 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед Баян- Өлгий аймгийн Б сумын дүгээр багийн нутаг дэвсгэр Цул улаан гэх газарт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ онхолдуулж М.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн.Талийгаач М.Т нь миний авга эгчтэй суусан хүргэн ах болдог ба тухайн үед манайд мал маллах ажилд туслахаар очоод байсан. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж гэмшиж байна. Талийгаачийн ар гэрт учирсан бодит хохирол 2,364,000 төгрөгийг бэлэн төлж оршуулгын ажилд зарцуулах адуу, хонь зэргийг өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар тус тус заасан. Миний бие 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гол шаардлага болох “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” шаардлагыг бүрэн хангасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах бүрэн боломжтой байхад доод хэмжээний ял болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж ар гэрийн ахуй амьдрал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан шууд хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал, хохирогч нарын ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа талаарх мэдүүлэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж надад анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон багасгаж хөнгөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангасан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.Е нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн орой 17 цагийн үед, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэр “Цул улаан” гэх газарт улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-ийн в/-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” 3.2 -д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механикжсан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараах бичиг баримттай байна а/ “... жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх ... байх” 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч иргэн Ш.Тийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ж-ийн мэдүүлэг /хх 30-33, 150/, яллагдагч Х.Е-ын мэдүүлэг /хх 117-118/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/, амь хохирогч Ш.Т-ийн цогцост хийсэн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар дүгнэлт /хх-ийн 82-84, 93/, авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №12 дугаар дүгнэлт /1хх-ийн 105-106/, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жолооч Х.Е-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 14/ зэрэг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч Х.Е-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ш.Т-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Е-ын согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ш.Т-ийн амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Е-ын гаргасан “Миний бие 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан гол шаардлага болох “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” шаардлагыг бүрэн хангасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглээгүй. Мөн миний хувийн байдлыг харгалзаж үзээгүй...” гэх агуулга бүхий гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг хөнгөрүүлж болно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Х.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хоёр жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, нэг хүний амь нас хохирсон зэргийг харгалзаж, анхан шатны шүүхээс түүнд хуульд зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлээгүй буюу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Х.Е-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Еын цагдан хоригдсон 45 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Е-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еын цагдан хоригдсон 45 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК