Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04837

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Э.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ануужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-158/2485 дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдлийг авч танилцаад эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Дээр дурдсан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-158/2485 тоот мэдэгдэлд ...0аймгийн 0сум, 4-р баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөг 56 ширхэг хөдлөх хөрөнгийг 3,128,826,901 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдье... гэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас С ХХК-ийн өмчлөлийн 0аймгийн 0сум, 0дүгээр баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөг 56 ширхэг хөдлөх хөрөнгийг 3,128,826,901 төгрөгөөр тус тус үнэлж зах зээлийн ханшийг тогтоосныг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоолоор хариуцагчаас зээлийн гэрээний өр төлбөр нийт 18,985,062,911.83 төгрөг гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт дурдсанаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэр дурдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

С ХХК нь шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш зээлийн төлбөрийг төлөх нөхцөл боломжийг эрж, зээлийн төлөлтийг сайн дураар төлөх гарц гаргалгааг өөрсдийн зүгээс бий болгох үүднээс өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж гүйцэтгэж байгаа. Тодруулбал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дуудах тухай бүрд очин тайлбар мэдүүлэг өгч холбогдох ажиллагаануудыг хийхэд идэвхтэй оролцож байгаа төдийгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, ажиллагаанаас зайлсхийх зорилго бүхий үйлдэл гаргаж байгаагүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох баримтуудаар хангалттай нотлогдоно.

Манай компанийн хувьд зээлийн өр төлбөрийг төлж чадахгүй болсон нөхцөл шалтгааны хувьд компанийн дотоод асуудлаас хамаараагүй, УИХ-ын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай 47 дугаар тогтоолын улмаас манай компанийн эзэмшлийн MV-002616, MV-004265, MV-015617, MV-015618, MV-015619 тоот ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлүүдэд хамаарах талбайнуудад цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, энэхүү асуудал нь өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэгдэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

С ХХК-ийн зүгээс компанид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өөрсдөөс шалтгаалах бүхий л нөөц бололцоог ашиглан Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын газар, ******* аймгийн Засаг дарга, Монгол улсын шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Монгол банкны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хөгжлийн банкийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн дэд ажлын хэсэг зэрэг бүхий л байгууллагууд руу компанийн хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцөл боломжоор хангаж өгөхийг хүсэж удаа дараа хандсан ба эдгээр байгууллагуудад тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр хэвээр байх, үйл ажиллагаа цаашид явуулж болох эсэх, эсхүл тусгай зөвшөөрлүүдийг цуцлан компанид нөхөн төлбөр олгох эсэх зэрэг асуудлууд тодорхойгүй байдалтай байна.

Бидний зүгээс энэ асуудлыг холбогдох байгууллагуудаас тодруулж, шийдвэрлэгдэх хүртэл манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байх учраас энэ нөхцөл байдлыг буюу бодит үүссэн нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг удаа дараа хүссэн боловч санаатайгаар өр төлбөрийг төлөхгүй байгаа мэтээр бидэнд тодорхой хугацааг олгохгүйгээр ажиллагааг явуулж байгаад гомдолтой байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн өр төлбөрт барьцаалсан 0аймгийн 0сум, 0дүгээр баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тодруулбал, дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн эзэмшлийн газар дээр Хөгжлийн банкнаас авсан зээлийн санхүүжилтээр тухайн хөрөнгийг бий болгосон бөгөөд тус үйлдвэрийг бий болгоход манай компанийн зүгээс 2016-2017 оны хугацаанд 2 тэрбум орчим хөрөнгийг оруулсан, анх ашиглалтад орсноос хойш үйл ажиллагааг жигдлэх үүднээс туршилтын зорилгоор цөөхөн удаагийн ашиглалт хийгдсэн үүнээс бусдаар шинээр бий болсон хөрөнгөтэй ижил хэмжээний үнэ цээнэтэй байх ёстой хөрөнгө. Уул уурхайн олборлолтын чиглэлээр явуулдаг хуулийн этгээдийн хувьд олборлох, баяжуулах үйлдвэр нь тухайн байгууллагын орлогыг тодорхойлох үндсэн суурь хөрөнгө болдог бөгөөд жирийн энгийн үйлдвэрийн хэмжээнд үнэлэгдэх боломжгүй юм. Үүнээс гадна тухайн хөрөнгө нь барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 95 хувийн гүйцэтгэлээс хойш бүтээн байгуулалт хийн 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байгаа.

Гэтэл үнэлгээ хийсэн ХЭ ХХК нь үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тухайн үйлдвэрийн хүчин чадал, үйлдвэрийн компанид өгөх үнэ цэнэ, дотоод тохижилт, нэмж хийгдсэн бүтээн байгуулалт, тухайн үйлдвэрийн байршил, ашиглалтын нөхцөл байдлыг тодорхой үнэлж дүгнээгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.2 дахь хэсэгт барилгын үнэлгээг хүснэгтлэн дүгнэсэн болохоос өөр нарийвчилсан байдлаар хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ буюу зах зээлийн ханшийг тогтоосон зүйл байхгүй байна.

Мөн хөрөнгийн үнэ цэнийг ойролцоо чиглэлийн ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулах, үнэлэгдэж буй хөрөнгийн өөрийн үнэ цэнэ онцлогийг харгалзсаны үндсэн дээр бодит үнэлгээг тогтоох боломжтой төдийгүй тухайн үнэлгээ нь бодитой хууль ёсны болно.

Гэтэл ХЭ ХХК нь үйлдвэрийн зориулалттай барилгын үнэ цэнийг тогтоохдоо чухам ямар арга, хэрэгсэл ашигласан, яагаад ойролцоо төрлийн хөрөнгүүдтэй харьцуулаагүй зэрэг хууль болон үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн илэрхий алдаа, зөрчлүүд байгаа бөгөөд бодитой бус хийгдсэн тус ажиллагаа болон үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Барьцаа хөрөнгө болох 56 төрлийн үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг нийт 3,128,826,901 төгрөгөөр үнэлсэн тухайд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зэрэг зарчмыг зөрчсөн. Мөн хуульд холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг үнэлгээний тайлан гэж тодорхойлсон.

ХЭ ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.1-т үнэлгээг тодорхойлсон байдалд нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг тодорхойлохдоо хөрөнгийн үнэлгээний ямар арга, хэрэгслийг ашигласан эсэх, зах зээлийн ханшаас тооцон үнэлгээг багасгаж байгаа үндэслэл зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Тодруулбал, үнэлгээчин нь зах зээлийн үнээс тээврийн зардал, гааль болоод НӨАТ-ын татвар, угсруулах суурилуулах зардлыг нийт үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй юм. Шинэ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахад худалдагч байгууллагын зүгээс өөрийн худалдаж авсан үнэ дээр холбогдох татвар, хураамж өөрөөс гарсан зардлыг нэмж тооцох замаар хөндлөнгийн үнийг тодорхойлдог нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Бидний зүгээс ч эдгээр 56 тоног төхөөрөмжийг суурилуулснаас хойш туршилтын буюу ажиллаж байгаа эсэхийг шалгаж ажиллуулснаас өөр байдлаар тоног төхөөрөмжүүдийг ашиглаагүй, ашиглалтын хувьд шинэ тоног төхөөрөмжийн хэмжээнд үнэлэгдэх хэмжээний үнэ цэнэтэй. Мөн сүүлийн 3, 4 жилийн хугацаанд хил, гаалийн татвар хураамж, тээврийн зардал, зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн нөхцөл байдлыг баримтаар нотлох шаардлагагүйгээр энгийн хүн мэдэж байгаа билээ. Манай зүгээс ч өөрсдийн тоног төхөөрөмжийн зах зээлийг үнийг судалж үзээд 56 тоног төхөөрөмжийн зах зээлийн ханш 7-8 тэрбум орчмын үнэлгээтэй байхаар байна.

Гэтэл хөрөнгийн үнэлгээний байгууллагын зүгээс ямар арга хэрэгсэл, судалгаа баримтууд дээр тулгуурлаж уг үнэлгээг гаргаж байгаа нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг уншихад бодитой нөхцөл байдлыг тогтоосон үнэлэлт, дүгнэлт байхгүйгээр дүгнэлтийг гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийн битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл төлбөр авагч, төлөгч талын хэн алиных нь эрх ашиг, санхүүгийн нөхцөл байдлыг хохироохгүй гэдэг үүднээс тухайн барьцаа хөрөнгүүдийн чанар зах зээлийн эрэлт хэрэгцээ, ашиглалтын нөхцөл байдал зэргийг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар хөрөнгийг үнэлэх нь хуульд нийцнэ гэж тодорхойлсон. Гэтэл ХЭ ХХК нь хуульд заасан арга хэрэгслийг ашиглаагүй төдийгүй, үнэлгээ хийсэн арга хэлбэр төдийгүй гаргасан дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн хууль ёсны бус болон болох нь холбогдох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоно.

Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлсэн үнэлгээг үндэслэл болгон төлбөр төлөгч байгууллагад харш байдлаар явуулан, улмаар хөрөнгийг үнэгүйдүүлж, зээлийн өр төлбөрөөс бодит хэмжээгээр хасагдахгүй байх нөхцөлийг үүсгэх үр дагавартайг үнэлгээ тогтоосон байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна.

Иймд С ХХК-ийн өмчлөлийн 0аймгийн 0сум, 0дүгээр баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөг 56 ширхэг хөдлөх хөрөнгийг 3,128,826,901 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй мөн 3 шатны шүүхийн шийдвэр гарсантай холбоотой С ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд байршсан алтны зориулалттай уул уурхайн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээний талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилсон мэдэгдлээ ирүүлсэн. Үүний дагуу тоймлоод ярихад 829 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1,3 тэрбум төгрөг, 56 ширхэг тоног төхөөрөмжийн үнэлгээг 1,6 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Энэ үнэлсэн үе шатуудыг харахад эхний ээлжид 3,1 тэрбум төгрөг бүхий 56 ширхэг тоног төхөөрөмж байгаа. 3 шатны шүүхийн шийдвэрийг уншихад үүргийн гүйцэтгэл хангаагүй бол 56 ширхэг тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэл ханга гэж шүүхийн шийдвэр гарсан. Хөрөнгийн үнэлгээ хийсэн баримтаас харахад43 нэр төрлийн 56 тоног төхөөрөмж байгаа.

Гэтэл ХЭ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнэлгээгээр 2 төхөөрөмжид үнэлгээ огт тавиглаагүй, 1 төхөөрөмж дээр үнэлгээ тавигдаагүй. Ижил нэр төрөлтэй гэж оруулсан хэр нь 3 өөр үнэтэй. Жишээлбэл электрон жин гэж байгаа. Тэгсэн энэ электрон жинг авто пүү гэж оруулчихсан. Тухайн ХЭ  ХХК-ийн үнэлгээний эх сурвалжийг харахад алибабагаас авсан эх сурвалжийн жагсаалт байгаад байгаа. Тэгсэн энэ 56 тоног төхөөрөмжүүдээс 3 тоног төхөөрөмжийн үнэлгээ байхгүй. 2020 онд шийдсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжийн ихэнх нь хэвээр үлдэж хүү дээр асуудал үүссэн байсан.

Тэр дээр тоног төхөөрөмжөөр хангах жагсаалт дээр ТД5, 6 дээр байгаа төхөөрөмж маань 2 өөр байгаа. Нэг төрлийн марктай мөртлөө дугаараа XN101205, XN101206 гэсэн 2 өөр байхад хөрөнгийн үнэлгээ дээр нэг төхөөрөмжөөр үнэлчихсэн. Эсхүл нэг төхөөрөмж юм уу? 2 өөр төхөөрөмж юм уу? гэдэг ойлгомжгүй 60,000 доллароор үнэлчихсэн байсан. Мөн яг ижилхэн ТД75 маркийн баяжмал тээрэм ялгах систем доторх энэний 3 дээр байгаа багцын ТД75 маркийн бүслүүрт дамжуулагч машины марктай адилхан. Үүнийг 2,000 доллароор үнэлсэн байсан. Тэгэхээр ижил төрлийн төхөөрөмж 2 өөр газарт, 2 өөр дүнгээр үнэлэгдсэн харагдаж байна.

ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайланд марк загварууд нь тусгагдаагүй. Алийг алинд харьцуулж үнэлээд байгаа нь ойлгомжгүй байна. Дараа нь баяжмал тээрэмдэх ялган тээрэмдэх машины 7 дээр байх XPN хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насос гэсэн төхөөрөмж XPR2525 дугаартай, үйлдвэрлэгчийн дугаар 16101201 дугаартай байгаа. Энэ нь 100 доллароор үнэлэгдэж байгаа юм. Доод талд нь яг ижилхэн маркийн ийм төхөөрөмжийг 3,500 доллароор үнэлсэн байна. Тэгэхээр энэ 2 төхөөрөмж яг ижил маркийн тоног төхөөрөмж байхад яагаад өөр өөр үнээр үнэлэгдсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Үүний дараа мөн баяжмал хатаах системийн 4-т байх XPV2DHH, XM1012198 XM101220 үйлдвэрлэгчийн дугаартай шааран насос гэж бичигдсэн байгаа. Энэ хойшоо ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд шингэн насос болоод хувирчихсан. Тэгээд 2 шааран насос гэдгийг 2 шингэн насос гэж 1,300 доллароор үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн шинжээч томилох тухай тогтоол болон хөрөнгийн үнэлгээ хийх 56 жагсаалт дээр шааран насос нэрээр байгаа. Шингэн насос гэж бас байгаа. Энэ шингэн насосыг 13,880 доллароор үнэлчихсэн. Баяжмал хатаах системийн 6-д хайрцаг хэлбэрийн шахагч машин гэж байгаа. Энэ машин нь ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд удирдлагын самбар 4 гэдэг нэртэй орж ирсэн. Энэ удирдлагын самбар гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн шинжээч томилох тухай тогтоол болон хөрөнгийн үнэлгээ хийх 56 жагсаалтын хавсралтад ийм нэр төрөл байхгүй ба энийг 8,000 доллароор үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээгээ хийсэн эх сурвалжаа дурдаж өгсөн байсан.

Эх сурвалж дээр нийт 43 нэр төрлийн 56 ширхэг тоног төхөөрөмжөөс 42 нэр төрлийн төхөөрөмж эх сурвалжтай, харин жагсаалт дотроо баяжмал хатаах системийн 3-т өндөр үр дүн сайтай сайжруулсан конденсаторыг үнэлээгүй. Үнэлээгүй мөртлөө хавтаст хэргийн 26 дугаар хуудасны 29 дүгээр хүснэгт дээр эх сурвалжаа тавьчихсан. Баяжмал ялгах системийн хамгийн эхэнд авто пүү гэж байгаа. PDC500 маркийн электроник бүслүүрт жин гэж бичсэн байгаа ба энийг автофү гэж бичээд үнэлгээ байхгүй байгаа. Эх сурвалжийг нь харахад Алибабагийн үнэтэй тоон жинтэй пүүг оруулсан гэсэн утгатай линк явж байгаа юм. Гэтэл энд үнэлгээ нь байхгүй байгаа асуудал байгаа. Ийм нөхцөл байдлууд байсан.

Дээрээс нь элэгдлийн дүнг бүх тоног төхөөрөмжийг 3 жил ашигласан гэж 30 хувиар тооцчихсон. Энэ 30 хувийг тооцохдоо ямар арга аргачлалыг барьсан, олон улсын ямар стандартыг ашигласан гэдэг дээр бүгд 10 хувь биш. Шинэ хөрөнгийн үнэлгээний тухай хууль гараад өмнөх хуулийн хөрөнгийн үнэлгээ тогтоох журмын 2005 оны үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам хүчингүй болсон. Шинэ журам нь гараагүй байгаа. Тэр хуучин журмын агуулгаас харахаар ер нь бол 3 жилээс 35 жил хүртэл тогтоож болдог байсан. Тэгэхээр 10 жил гэж байгаа бол уул уурхайн тоног төхөөрөмж хамгийн дээд тал 35 жил гэж тайлан тооцоо балансдаа тусгаад явж байгаа. Яагаад гэвэл шинэ журам гараагүй. Гэтэл 10 жилээр тооцчихоод 3 жил ашигласан гэж үзээд 30 хувийн элэгдэл тооцож байна. Энэ 30 хувь юу болоод байна вэ гэхээр нийт хөрөнгүүдийн дүнг нэгтгэх юм бол нийт 4,4 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэнээс 30 хувиар элэгдэл хасахаар 1,3 тэрбум төгрөг хасагдаж байгаа юм. Энэ элэгдлийг хасахаар 3,1 тэрбум төгрөг гарч ирж байгаа. Элэгдлийг ямар үндэслэл журам баримт бичгийг олон улсын стандарт гэдэг зүйлийг ашигласан талаар нэр байхгүй. Ямар стандартын хэдийн хэдийг барьсан талаараа тайландаа тусгаагүй байсан.

Тэгэхээр 3 тэрбум төгрөг маань байхгүй болчхож байгаа юм. Үлдэгдэл өртгийг нь 3,1 тэрбум гэж тооцож тусгасан нь үнэлгээний хувьд буруу гэж бид нар тооцож байна. Хоёрдугаарт барилга байгууламжийн хувьд тухайн үед гэрчилгээ авахад 95 хувийн гүйцэтгэлтэй барилга байсан. Одоо 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. Энэ барилга тоног төхөөрөмжийн суурилуулалт, ажиллагааг шалгах гэж хоёрхон удаа ажилласан. Тухайн үедээ 4 килограм алт гарсныг Хөгжлийн банканд тушаасан тохиолдлууд байна. Гэтэл үүнийг 2017 оноос ашигласан байдлаар оруулж ирээд элэгдлийг 20 хувиар тооцсоныг үндэслэлгүй мөн барилга байгууламжийн ашиглалтын хугацаагаа яаж хэрхэн тооцсон нь үндэслэлгүй байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, хөрөнгийн үнэлгээний тайлан аргачлал зэргээс аваад үзэхэд агуулгаараа зах зээлийн хандлага гэдэг нь тухайн хөрөнгөтэй ижил чанартай материалуудыг харьцуулна гэж байгаа. Үүнийг ч гэсэн тайлан дээрээ тусгасан зүйл байхгүй. Гэтэл барилга байгууламж нь манайд ганцхан компани байхгүй. Барилга байгууламж нь уулын орой дээр байна уу, орой дээр бус байна уу гэдэг нь инженерийн дэд бүтцээрээ л өөр байхаас биш хийцлэлийн хувьд ижил ойролцоо барилга байгууламжуудыг бид олох боломжтой. Энэ хүрээнд ч гэсэн алтны барилга байгууламж ******* аймгийн Мандал суманд 4,5 байгаа. Тэр барилга байгууламжтай харьцуулсан зүйл байхгүй байсан. Барилга байгууламжийн жишиг нором норматив гэж байдаг. Тэрэнд заасан дүнгээр өсгөж тавьсан гэж байгаа боловч өсгөж тавьсан үндэслэл тогтоогдохгүй байна. Тийм учраас бид энэ хөрөнгийн үнэлгээтэй холбоотой асуудлыг шударга бус дээрээс нь бодит байдалд нийцээгүй үнэлгээ гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1212 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар асрын 31-ний өдрийн 406 дугаар тогтоолоор "С " ХХК-аас 19.080.146.175 төгрөг гаргуулж "МУХБ " ХХК-д олгож, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдэд дараах ажиллагааг явуулсан.Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С ХХК-ийн өмчлөлийн 0аймгийн 0сум, 0дүгээр баг, 0, Эрээний аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 0м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 53 ширхэг хавсралтад дурдсан хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0дүгээр тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад Хөгжлийн банк ХХК-ийн зүгээс 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 819,900,149 төгрөгөөр, С ХХК-ийн зүгээс 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж зөрүү 2,180,990,900 төгрөг, харин 56 ширхэг хөдлөх хөрөнгүүдийн хувьд Хөгжлийн банк ХХК-аас 1,846,670,490 төгрөгөөр, С ХХК-ийн зүгээс 7 тэрбумаар үнэлж зөрүү 5,153,239,500 төгрөг гарсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 2-т зааснаар талууд харилцан тохиролцоогүй гэж үзээд хөрөнгийн шинжээчээр үнэлүүлж үнэлгээ тогтоосон. Үнэлгээ тогтооход хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 4,526,395,576 төгрөгөөр үнэлэгдэж талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 3,168,476,903 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд доод үнийг тогтоож 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг талуудад мэдэгдсэн. Тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсний үндсэн дээрээс албан дуудлага худалдаанд ороогүй. Тайлантай холбоотойгоор шүүхийн шийдвэрт заасан 56 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/ гэж заасан боловч үнэлгээний тайлангийн 3 дугаар хуудасны 1.1-т төхөөрөмжөөс авто пүү 1 ширхэг, ТД75 маркийн бүслүүрт дамжуулагч машин 2 ширхэг огт байхгүй байсан учраас 53 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-д үнэлгээ хийгдсэн гэж шинжээч тусгасан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* гаргасан тайлбартаа: Тус шүүхэд С ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Нэхэмжлэгч С ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага болох ХЭ ХХК-ийн үнэлгээчин мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох мэргэшсэн үнэлгээчин Б.Б үнэлсэн байх бөгөөд нийт 4,526,395,576 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээний тайлангаар үйлдвэрийн барилгыг нөхөн оруулалтын аргаар үнэлж тодорхой хэмжээний элэгдэл тооцон үнэлсэн байна. Тоног төхөөрөмжийн хувьд нэг бүрчлэн задалж үнэлгээг гаргасан байна. С ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөд дээрх хөрөнгүүдийг барьцаалуулахдаа 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ2017-67 тоот барьцааны гэрээгээр Баяжуулах үйлдвэрийн барилгыг 819,009,149 төгрөгөөр, Б-СГ-ТТ2017-75 тоот барьцааны гэрээгээр 56 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 1,846,670,490 төгрөгөөр тус тус барьцаалж байсан байна. Нийт үнэлгээгээр 2,665,679,639 төгрөг болж байх бөгөөд хөндлөнгийн үнэлгээний тайлангаас дариу 2 дахин бага үнэлгээтэй хөрөнгө байна. Үнэлгээ хүчингүй болгох нь барьцаалуулагчийн эрх ашгийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд:Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн101/ШШ2020/01212 дугаар шийдвэр(1хх7-21), 2023.02.02-ны 2485 дугаар Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан тоот(1хх22), 2017.07.18-ны өдрийн Б-СГ-ТТ2017-75 дугаар Барьцааны гэрээ(1хх54-58), 2017.07.18-ны өдрийн Б-СГ-ТТ2017-76 дугаар Барьцааны гэрээ(хх59-65)зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

6.Хариуцагчаас шүүхэд: 2022.06.16-ны өдрийн 1408 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас(1хх80), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн101/ШШ2020/01212 дугаар шийдвэр(1хх81-113), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.19-ний өдрийн 1308 дугаар магадлал(1хх114-123), Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 202.03.31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоол(1хх122-125),МУХБ ны 2/1169 дугаар албан тоот(1хх126), МУХБ ны итгэмжлэл(1хх127 2), 2022.08.09-ний өдрийн №22261136 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ(1хх128-129), Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022.08.26-ны өдрийн тогтоол(1хх130), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелүүлэх тухай мэдэгдэл(1хх131-132,134), 2022.09.13-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай(1хх133), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(1хх135,141), хөгжлийн банкны хүсэлт(1хх136), 2017.07.18-ны өдрийн Б-СГ-ҮХ 2017-67 дугаар Барьцааны гэрээ(1хх137-139), С ХХК-ийн өмчлөлийн Ү-0дугаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ(1хх140), хорих 413 дугаар ангийн 2022.12.16-ны өдрийн 01/1884 дугаар албан тоот(1хх142), 2022.11.14-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(1хх143-149),2022.12.17-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол(1хх150-159(1хх54-58), С ХХК-ийн 2022.12.26-ны өдрийн үнийн санал хүргүүлэх тухай(1хх161), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн в2022.12.20-ны өдрийн 101/ШЗ2022/0дугаар захирамж(1хх162-163), 2023.01.24-ний 1/22 дугаар Шинжээч томилох тухай тогтоол(1хх164-167), ХЭ ХХК-ийн үнэлгээний тайлан(1хх168-202), 2023.02.02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгэээ мэдэгдэх тухай тоот(1хх203-204), НШШГГ-с 2022.12.22-ны өдрийн шүүхэд гаргасан гомдол(1хх205-207),Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 101/ШТ2023/00037 дугаар тогтоол(1хх208-209), С ХХК-ийн 2022.10.14-ний өдрийн тайлбар(1хх211-212) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

7.Шүүхээс зохигчийн хүсэлтээр ХЭ ХХК-ийн шинжээч Б.Батзаягаас авсан мэдүүлэг(2хх22-32)-ийг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө эстимэйнт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0аймаг, 0сум, 4 дүгээр баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр, 56 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг 3,128,826,901 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МУХБ ХХК нь шинжээч зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэх тайлбар гаргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон болно.

8.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэрээр С ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 17,971,105,346.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МУХБ анд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,129,456,877.92 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 0аймаг, 0сум, 0дүгээр баг, Хэрх, 0аманд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 829 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дусаагүй барилга, ..........шийдвэрийн үндэслэх хэсгийн хүснэгтэд дурдсан 56 ширхэг хөдлөх хөрөнгийг тус тус албадан дуудлага худладаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.(1хх7-23,81-113)

9.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17,971,105,343.96 төгрөг гэснийг 188,985,062,911.83 төгрөг, 2,129,456,877.92 төгрөг гэснийг 1,115,499,310.05 төгрөг гэж, 6 дахь заалтын 90,013,477 төгрөг гэснийг 95,083,264.56 төгрөг гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэснийг, хариуцагчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоолоор хянан хэлэлцээд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, Д.Оюунбилэг, Д.Мөнхбилэгт, А.******* нарыг гомдлыг хангахгүй орхин тус тус шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. (1хх114-125)

10.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №22261136 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. (1хх80,130)

10.1. Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар мэдэгдэж, хөрөнгийн эрхийг түдгэлзүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 14ий өдрийн 22261136/158-02, 22261136/158-03 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 0аймаг, 0сум, 0дүгээр баг, 0, 0аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр, 0ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22261136/158-04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураажээ. (1хх 143-160)

10.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс Ү-13 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 3,000,000,000 төгрөгөөр, нэр бүхий 56 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг нийтэд нь 7,000,000,000 төгрөгөөр үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрснөөр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 1/22 тоот тогтоолоор ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Б г шинжээчээр томилсон байна.(1хх161,164-202)

10.3. Шинжээчээс дээрх тогтоолд дурдсан С ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр, 56 нэр төрлийн хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг 3,128,826,901 төгрөгөөр үнэлснийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 4-158/2485 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч С ХХК-ийн захирал С.Дуламжавд, тухайн өдрийн 4-158/2434 тоот мэдэгдлээр төлбөр авагч нарт мэдэгдэж, энэ тухай уг мэдэгдлүүдийн доод хэсэгт гарын үсэг зуруулж баталгаажуулжээ. (1хх202-203)

10.4. Дээрх үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөл нь хүчинтэй, тус компанийн үнэлгээчин Б.Б оролцсон нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.

10.5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө гэж заажээ.

10.6. ХЭ ХХК нь  С ХХК-ийн өмчлөлийн үйлдвэр үйлчилгээний зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг өртгийн хандлагын норматив аргаар, 56 нэр төрлийн хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг зах зээлийн хандлагын арга тус бүр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалттай нийцжээ.

10.7. Шүүх, зохигчийн хүсэлтээр ХЭ ХХК-ийн шинжээч Б.Б гаас үнэлгээний тайланг тайлбарлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг нар шинжээчийн үнэлгээний тайланг тайлбарлах ажиллагаанд оролцсон, засвар хийх санал гаргасан атлаа бичвэрийн засварын ажиллагаа дуусаагүй байхад ...маргааш шүүх дээр ирж, гарын үсэг зурна гэж яваад товлосон цагт ирээгүй талаар шүүгчийн туслахын утасны мессежинд өгсөн хариуг хавсаргасан болохыг дурдав.(2хх22-32,35-36)

10.8. Шинжээч үнэлгээний тайланг дараах байдлаар тайлбарласан.Үүнд: ...Шүүхийн шийдвэрт дурдсан барилга уул нь дээр байрлалтай, бетон суурьтай, сэндвичин, тоног төхөөрөмжид суурилсан, гаднаас коньвир дамжуургатай байсан тул өртгийн хандлагын нэгж норматив аргаар үнэлсэн.Сэндвичин барилгыг үйлдвэрийн зориулалттай барилгаар тооцож 1 м.кв 1,600,000 төгрөгөөр тогтоосон. Сэндвичин барилгын зах зээлийн үнэлгээ нь 650,000-850,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа. Тэгэхээр би алтны зориулалттай үйлдвэрийн барилга гэж үзээд 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр үнэлсэн, талбайн үнийг 829 м.кв-ыг нэгжээр 1м.кв-ыг 1,030,000 төгрөгөөр тогтоогоод өнөөгийн зах зээлтэй тооцож, тоног төхөөрөмжийг суурилуулсан байдлаар үнийг нь өсгөөд зах зээлийн үнийг тодорхойлсон.,

... намайг үнэлгээ хийх гээд очиход 53 нэр төрлийн тоног төхөөрөмж байсан, 3 нэр төрлийн тоног төхөөрөмж байгаагүй. тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээг гаргахдаа БНХАУ-аас авчрах тээврийн, гааль, угсралт зэрэг зардлуудыг нэмж үнэлгээг тогтоосон. Өөрөөр хэлбэл шинэ тоног төхөөрөмж авах үнээр тогтоосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн элэгдэл хорогдол тооцох журмын дагуу алтны тоног төхөөрөмжүүдийг 10 жил ашиглана гэж заасны дагуу эдгээр төхөөрөмжүүдийг аваад 3 жил ашигласан гэж үзээд 30 хувийн элэгдлийг хасаж, зах зээлийн хандлагын аргыг тооцсон. гэж тайлбарласан. (2хх22-32)

10.9. ХЭ ХХК нь үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа, харагдац, ашиглалтын байдал, элэгдэл, цаашид ашиглах боломж зэргийг судлан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, өртгийн хандлагын аргыг харьцуулан хийсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний тайланг гаргасан байна.

10.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй ...шинжээчийн дүгнэлтийн эх сурвалжид заасан линк рүү орж үзэхэд хүнсний үйлдвэрт ашиглах тоног төхөөрөмжийг алтны үйлдвэрлэлтэд ашиглаж болохгүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өмгөөлөгч маргаж буй зүйлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

10.11. Шинжээч Б.Б нь эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон үндэслэлийг тайланд тодорхой тусгасан байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан үндэслэл, тайлбар няцаагдаж байна гэж дүгнэв.

10.12. Тодруулбал, ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Б тайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан журмыг баримтлан гаргасан болох нь түүний тайлбар, тодруулгаар давхар тогтоогдсон, шинжээчийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж шүүх үзлээ.

  Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан өлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ