Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00131

 

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04837 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С-” ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай  хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.О, гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01212 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1308 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00406 дугаар тогтоолоор “С-” ХХК-аас нийт 18,985,062,911.83 төгрөг гаргуулж, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангана гэсэн. Төлбөр төлөгчийн хувьд, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр хичээсэн боловч цаг үеийн нөхцөл байдлын улмаас бүрэн төлж амжаагүй байсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, тухайн хөрөнгийг өөрсдийн эзэмшлийн газар дээр төлбөр авагч банкнаас авсан зээлийн санхүүжилтээр бий болгосон бөгөөд манай компанийн зүгээс 2016-2017 оны хооронд нийт 2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулсан. Туршилтын зорилгоор цөөхөн удаагийн ашиглалт хийгдсэн болохоос шинээр бий болсон хөрөнгөтэй ижил хэмжээний үнэ цэнэтэй. Уул уурхайн олборлолтын чиглэлээр явуулдаг хуулийн этгээдийн хувьд олборлох, баяжуулах үйлдвэр нь тухайн байгууллагын орлогыг тодорхойлох үндсэн суурь хөрөнгө болдог бөгөөд энгийн үйлдвэрийн хэмжээнд үнэлэгдэх боломжгүй юм. Үүнээс гадна тухайн хөрөнгө нь барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. Гэтэл үнэлгээ хийсэн “Х-” ХХК нь үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тухайн үйлдвэрийн хүчин чадал, үйлдвэрийн компанид өгөх үнэ цэнэ, дотоод тохижилт, нэмж хийгдсэн бүтээн байгуулалт, тухайн үйлдвэрийн байршил, ашиглалтын нөхцөл байдлыг тодорхой үнэлж дүгнээгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.2 дахь хэсэгт барилгын үнэлгээг хүснэгтлэн дүгнэснээс өөр нарийвчилсан байдлаар хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ буюу зах зээлийн ханшийг тогтоосон зүйлгүй байна. Мөн хөрөнгийн үнэ цэнийг ойролцоо чиглэлийн ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулах, үнэлэгдэж буй хөрөнгийн өөрийн үнэ цэнэ онцлогийг харгалзсаны үндсэн дээр бодит үнэлгээг тогтоох нь бодитой хууль ёсны болно. Гэтэл “Х-” ХХК нь үйлдвэрийн зориулалттай барилгын үнэ цэнийг тогтоохдоо ямар арга, хэрэгсэл ашигласан, ойролцоо төрлийн хөрөнгүүдтэй харьцуулаагүй зэрэг хууль болон үнэлгээний олон улсын стандартыг зөрчсөн илэрхий алдаа, зөрчлүүд байгаа бөгөөд бодитой бус хийгдсэн тус ажиллагаа болон үнэлгээ тогтоосон дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барьцаа хөрөнгө болох 56 төрлийн үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмжүүдийг нийт 3,128,826,901 төгрөгөөр үнэлснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зэрэг зарчмыг зөрчсөн. Мөн хуульд холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг үнэлгээний тайлан гэж тодорхойлсон. “Х-” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.1-т үнэлгээг тодорхойлсон байдалд нэр бүхий хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг тодорхойлохдоо хөрөнгийн үнэлгээний ямар арга, хэрэгслийг ашигласан эсэх, зах зээлийн ханшаас тооцон үнэлгээг багасгаж байгаа үндэслэл зэрэг нь тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Тодруулбал, үнэлгээчин нь зах зээлийн үнээс тээврийн зардал, гааль болоод НӨАТ-ын татвар, угсруулах, суурилуулах зардлыг нийт үнийн дүнгээс хасаж тооцсон нь үндэслэлгүй юм. Шинэ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авахад худалдагч байгууллагын зүгээс өөрийн худалдаж авсан үнэ дээр холбогдох татвар, хураамж өөрөөс гарсан зардлыг нэмж тооцох замаар хөндлөнгийн үнийг тодорхойлдог нь нийтэд илэрхий үйл баримт юм. Бидний зүгээс 56 тоног, төхөөрөмжийг суурилуулснаас хойш ажиллаж байгаа эсэхийг шалгаснаас өөр байдлаар тоног төхөөрөмжүүдийг ашиглаагүй, ашиглалтын хувьд шинэ тоног төхөөрөмжийн хэмжээнд үнэлэгдэх хэмжээний үнэ цэнэтэй. Мөн сүүлийн 3, 4 жилийн хугацаанд хил, гаалийн татвар хураамж, тээврийн зардал, зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдсэн нөхцөл байдлыг баримтаар нотлох шаардлагагүйгээр энгийн хүн мэдэж байгаа билээ. Манай зүгээс  өөрсдийн тоног төхөөрөмжийн зах зээлийн үнийг судалж үзэхэд 56 тоног төхөөрөмжийн зах зээлийн ханш 7-8 тэрбум орчмын үнэлгээтэй байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний байгууллагын зүгээс ямар арга хэрэгсэл, судалгаа баримтууд дээр тулгуурлаж уг үнэлгээг гаргаж байгаа нь тодорхойгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг уншихад бодитой нөхцөл байдлыг тогтоосон үнэлэлт, дүгнэлт байхгүйгээр дүгнэлтийг гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийн битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл төлбөр авагч, төлөгч талын хэн алиных нь эрх ашиг, санхүүгийн нөхцөл байдлыг хохироохгүй гэдэг үүднээс тухайн барьцаа хөрөнгүүдийн чанар зах зээлийн эрэлт хэрэгцээ, ашиглалтын нөхцөл байдал зэргийг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар хөрөнгийг үнэлэх нь хуульд нийцнэ гэж тодорхойлсон. Гэтэл “Х-” ХХК нь хуульд заасан арга хэрэгслийг ашиглаагүй төдийгүй, үнэлгээ хийсэн арга хэлбэр төдийгүй гаргасан дүгнэлт нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн хууль ёсны бус болон болох нь холбогдох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоно. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлсэн үнэлгээг үндэслэл болгон төлбөр төлөгч байгууллагад харш байдлаар явуулан, улмаар хөрөнгийг үнэгүйдүүлж, зээлийн өр төлбөрөөс бодит хэмжээгээр хасагдахгүй байх нөхцөлийг үүсгэх үр дагавартайг үнэлгээ тогтоосон байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч анхаарч үзэхгүй байгаад гомдолтой байна. Иймд “С-” ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөг, 56 ширхэг хөдлөх хөрөнгийг 3,128,826,901 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “С-” ХХК-аас 19,080,146,175 төгрөг гаргуулж “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгох, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн. “С-” ХХК-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Ингээд “С-” ХХК-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, эрхийн бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 53 ширхэг хавсралтад дурдсан хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 222615804 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад “Хөгжлийн банк” ХХК-ийн зүгээс 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 819,900,149 төгрөгөөр, “С-” ХХК-ийн зүгээс 3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж зөрүү 2,180,990,900 төгрөг, харин 56 ширхэг хөдлөх хөрөнгүүдийн хувьд “Хөгжлийн банк” ХХК-аас 1,846,670,490 төгрөгөөр, “С-” ХХК-ийн зүгээс 7 тэрбумаар үнэлж зөрүү 5,153,239,500 төгрөг гарсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцоогүй гэж үзээд хөрөнгийн шинжээчээр үнэлүүлж үнэлгээ тогтоосон. Үнэлгээ тогтооход хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 4,526,395,576 төгрөгөөр үнэлэгдэж талуудад мэдэгдсэн. Шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 3,168,476,903 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд доод үнийг тогтоож 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр анхны дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг талуудад мэдэгдсэн. Тус шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирсний үндсэн дээрээс албан дуудлага худалдаанд ороогүй. Тайлантай холбоотойгоор шүүхийн шийдвэрт заасан 56 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/ гэж заасан боловч үнэлгээний тайлангийн 3 дугаар хуудасны 1.1-т төхөөрөмжөөс авто пүү 1 ширхэг, ТД75 маркийн бүслүүрт дамжуулагч машин 2 ширхэг огт байхгүй байсан учраас 53 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-д үнэлгээ хийгдсэн гэж шинжээч тусгасан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Гуравдагч этгээд Монгол Улсын Хөгжлийн банкны тайлбар, татгалзлын агуулга: “С-” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулахаар маргаж буй 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байна. Тус хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага болох “Х-” ХХК-ийн үнэлгээчин мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй этгээд болох мэргэшсэн үнэлгээчин Б.Б- нийт 4,526,395,576 төгрөгөөр үнэлсэн байна. Тус үнэлгээний тайлангаар үйлдвэрийн барилгыг нөхөн оруулалтын аргаар үнэлж тодорхой хэмжээний элэгдэл тооцон үнэлсэн байна. Тоног төхөөрөмжийн хувьд нэг бүрчлэн задалж үнэлгээг гаргасан байна. “С-” ХХК нь зээлийн барьцаа хөрөнгөд дээрх хөрөнгүүдийг барьцаалуулахдаа 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-СГ-ҮХ2017-67 тоот барьцааны гэрээгээр баяжуулах үйлдвэрийн барилгыг 819,009,149 төгрөгөөр, Б-СГ-ТТ2017-75 тоот барьцааны гэрээгээр 56 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 1,846,670,490 төгрөгөөр тус тус үнэлж, барьцаалсан байна. Нийт үнэлгээ 2,665,679,639 төгрөг байх бөгөөд хөндлөнгийн үнэлгээний тайлангаас 2 дахин бага үнэлгээтэй хөрөнгө байна. Үнэлгээ хүчингүй болгох нь барьцаалуулагчийн эрх ашгийг хөндөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н-т холбогдох үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “С-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн тухайд

5.а.Анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж байгаагийн хувьд шүүхийн шатанд үүссэн маргааныг аливаа байдлаар дүгнэн шийдвэрлэхдээ гаргаж буй шийдвэрийн үндэслэл, түүнийг нотлох баримт, тэдгээрийн уялдаа, логик холбоог хууль ёсны дагуу үнэлж, дүгнэсэн байж тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзнэ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийн материалд авагдсан баримтуудыг түүвэрлэн дурдсан хэдий ч эдгээр баримтууд нь хэргийн нөхцөл байдалтай, шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар харьцуулсан дүгнэлт огт хийгдээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Үнэлгээний тайлан" гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгана” гээд 8.3.6-т "хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт", 8.3.7-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлол, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл”-ийг заавал тусгана гэж хуульчилсан. Мөн маргаан бүхий харилцааг тухайн хуульчилсан "Хөрөнгийн үнэлгээний тухай" хууль түүнийг үндэслэн гарсан Монгол мэргэшсэн үнэлгээчдий институтын Удирдах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар батласан "Үнэлгээний тайлангийн жишиг" буюу заавал дагаж мөрдөх журмын 3.6-д "Үнэлгээний зүйлийн тухай ерөнхий мэдээлэл, танилцуулгын хэсэгт дараах зүйлсийг агуулсан байна гэсэн хэсэгт үнэлгээний зүйлийн техникийн үзүүлэлт, шинж төлөв байдал, ашиглалтын байдал, Үйлдвэрийн, бизнес томоохон обьктын үнэлгээг хийж буй үед бүс нутгийн зах зээлийн төлөв байдал, зах зээлийн өнөөгийн болон ирээдүэй хандлага, салбарын үзүүлэлт зэрэг мэдээлэл"-г тусгана гэж журамласан. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайлангийн холбогдох хэсгүүдийг харвал /хх31, 37-42/ үнэлгээний зүйл болсон үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болоод 56 тоног төхөөрөмжүүдийн ерөнхий шинж байдал буюу хөрөнгийн насжилт, хэмжээ, техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал, тэдгээрийн ашиглалтын хэв байдал зэрэг наад захын шинж байдлын талаарх ерөнхий мэдээллийг огт дурьдаагүй буюу хөрөнгийн үнэлгээ гаргасан эрх бүхий этгээд нь тайлан гаргахдаа эдгээртэй холбоотой баримтуудыг цуглуулаагүй буюу бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний аргуудын алийг нь хэрэглэх гэж байгаагаас үл хамааран хөрөнгийн суурь судалгаа, нарийн мэдээллийг цуглуулж дүгнэсний үндсэн дээр үнэлгээний үндсэн ажиллагаа хийгдэх ёстой. Эдгээр мэдээллүүд тусгагдаж байж гарч буй хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байгаа эсэх, үнэлгээчний гаргасан тайлан үндэслэлтэй, хууль ёсны болсон эсэх нь тогтоогдох юм. Гэтэл маргаан бүхий “Х-” ХХК-ийн гаргасан тайлангийн мэдээллээс үнэлэлт өгсөн хөрөнгүүдийг хүчин чадал, техникийн үзүүлэлт ч тусгагдаагүй, харьцуулагдаж буй хөрөнгүүдийг ямар шинжээр нь буюу хийцлэл, үзүүлэлт, зориулалтаар аль байдлаар нь сонгож харьцуулж, харьцуулалт хийсэн нь тодорхойгүй, эх сурвалжгүй байхад уг үнэлгээг бодитой жишиж тогтоосон, бодит баримт дээр тулгуурлан хуульд нийцэж гарсан байна гэж дүгнэх боломжгүй юм. Мөн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийг анх суурилуулснаас хойш ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл, гэрчийн өөрийнх нь хэлсэн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл чухам ямар хуулийн зохицуулалт, журмыг үндэслээд ашиглагдаагүй хөрөнгүүдийг хэвийн журмаар ашигласан байгаа хөрөнгүүдтэй жишин элэгдэл тооцоод байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй байна. Гэтэл Анхан шатны шүүхийн зүгээс "Х-" ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, ҮОУС, Үнэлгээний тайлангийн жишиг журамд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд заавал тусгагдах ёстой гэж хуульчилсан нөхцлүүд тусгагдаагүй, хэлбэрийн болоод агуулгын хувьд илт алдаатай, зөрчилдөөн бүхий тайлан гаргасан байхад хууль зүйн бодит үндэслэлгүйгээр хуулийн  шаардлагыг хангаж байна хэмээн хууль бус, үндэслэлгүй дүгнэлт хийн зөвхөн нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан хууль бус шийдвэр гарснаас үүдэн хөрөнгийн өмчлөгчийн эрх, ашиг хөндөгдөх нөхцөл бүрдэж байна.

5.б. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан зарчим, зохицуулалтыг зөрчсөн. Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэргийн материалд бүрэн хэмжээгээр авагдсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс тухайн тайлан хэлбэрийн болоод, утга агуулгын хувьд ч тэр илт алдаатай, зөрүүтэй, хийсэн тооцоолол нь зохих журмын дагуу хийгдээгүй байгаа учраас хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан. Маргааны гол үйл баримт нь хэргийн материалд авагдсан байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээн, асуулт хариулт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн бусад ажиллагаа, нотлох баримт шинжлэн судлах явцад нэхэмжлэгч талын маргаад байгаа, хариуцагч талын татгалзаад тайлбарлаж байгаа үндэслэл нь хөрөнгийн үнэлгээний тайлан нь утга агуулгын болоод хэлбэрийн шаардлагын хувьд нэг бүрчлэн шалгаж дүгнэхэд тогтоогдож байгаа эсэхийг тал бүрээс нь нягталж тогтоосны дүнд шүүхийн нотлох баримтыг үнэлэх зарчим бодитоор хангагдсан гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг харвал хөрөнгийн үнэлгээний тайлангийн маргаж буй хэсгүүд дээр тухайлан дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдалтай уялдуудан хянаж шалгаагүй болох нь тодорхой харагдана. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээний зүйлүүдийн ерөнхий хуульчилсан мэдээллүүд тусгагдсан эсэх, дүгнэлт гаргахад үндэслэсэн үнэлгээний арга аргачлал нь холбогдох хууль, дүрмийн дагуу хийгдсэн эсэх, аргачлал бүр дээр хийгдсэн тооцоолол нь маргаангүй үнэн бодитой байна уу, тооцоолол нь зохих ёсны дагуу хийгдсэн байна уу? гэдэг асуудлын хүрээнд нэхэмжлэгч талын зүгээс маргаж байхад эдгээр маргаан бүхий асуудал нь заавал нэмэлт нотлох баримт шаардахгүйгээр хөрөнгийн үнэлгээний тайлангийн холбогдох хэсгүүдийг шалган, дүгнэхэд бүрэн тогтоох боломжтой байхад хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайн хэсэг бүрт анхаарч, ач холбогдол өгч, маргааны үйл баримтын үндэслэлтэй холбогдож байгаа эсэх дээр логик үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэх хэсгийн дүгнэлтээс тодорхой харагдана. Тухайлбал, хэргийн 31-р тал, 37-42-р талын хүснэгтэлсэн мэдээллээр нэр бүхий 53 тоног төхөөрөмжийн үндсэн шинж байдал тогтоогдохгүй, эдгээр хөрөнгүүд нь ямар материалтай, зориулалттай, хүчин чадал нь ямар зэрэг үндсэн мэдээлэл огт тусгагдаагүй, ашиглалтын байдал нь тоног төхөөрөмж, хөрөнгө тухай бүрт ямар байсан, элэгдэл хорогдол байгаа эсэх мэдээллийг авах боломжгүй гэдэг нь нотлогдоно. Мөн тоног төхөөрөмжүүдийг үнэлэхдээ гадны сайтуудын тухайн тоног төхөөрөмжүүдийг худалдаалдаг цахим хаягаар орж, үнийн дүнг харьцуулсан гэж байгаа боловч хавсралт хэсэгт аль төхөөрөмжийг аль сайт руу орж харьцуулсан, харьцуулалтыг ямар шинж байдлуудыг нь харгалзаж хийсэн зэрэг мэдээлэл авагдаагүй, харьцуулан харах боломжгүй төдийгүй уул уурхайн чиглэлийн тоног төхөөрөмжүүдийн үнэлгээг хийхдээ хүнсий зориулалтай багаж, тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрүүдийг холбоосыг тавьсан байгаа нь ч мөн ойлгомжгүй, энэ нөхцөл байдлыг нь хөрөнгийн үнэлгээчнээс тодруулахад тодорхой тайлбар хэлээгүй буюу харьцуулалтыг мэргэжлийн хүрээнд хийгээгүй гэдэг нь нэмэлт баримт шаардахгүйгээр хэргийн материалд байгаа баримтын хүрээнд хангалттай нотлогдоно. Хөрөнгийн үнэлгээчний зүгээс суурь мэдээллүүд байхгүй бол хөрөнгийн үнэлгээний тайлан бодит гарах боломжгүй гэж үнэлгээний тайлан гаргахаас татгалзах, шаардлагатай нэмэлт баримтуудыг талуудаас шаардан гаргуулах эрхтэй байхад шаардлага хүргүүлээгүй, тайлан гаргах хэмжээний мэдээлэл байхгүй тайлан гэх зүйлийг гаргаж өгсөн байгаа нь хангалттай тодорхой нотлогдоно. Хэргийн 37 дугаар талд Electric belt scale буюу элекрон жинг автопүү гэсэн нэршилтэйгээр оруулсан бөгөөд уг төхөөрөмжийн үнийн дүн тусгагдаагүй хоосон байдлаар хүснэгтэд орсон, тус хуудасны хүснэгтний 5 ба 8 дугаар нүдэнд TD75 Belt conveyror гэх 2 ижил тоног төхөөрөмж байгаа боловч нэгийг нь 208 800 000 төгрөг, нөгөөг нь 69 600 000 төгрөгөөр илт ялгамжтай байдлаар үнийг оруулсан, мөн тус хүснэгтний ХРА хэлбэрийн үрэлтэд тэсвэртэй резинэн шааран насосыг 12-р мөр дээр 5 500 доллар буюу 19,140,000 төгрөгөөр, яг доод талын мөрөнд 3,500 ам.доллар буюу 12,180,000 төгрөгөөр, ХХ38-р талын 15 дугаар мөр дээр мөн тус төхөөрөмжийг 6,000 ам.доллар буюу 20,880,000 төгрөгийн дүнтэйгээр буюу нэг ижил төхөөрөмжүүдийг нь чухам ямар шинж байдлыг нь харгалзаад 3 эрс өөр дүнтэйгээр үнэлгээнд тусгаад байгаа нь огт ойлгомжгүй, тодорхойгүй,  энэ талаар гэрчээс тодруулахад хэлж мэдэхгүй, ямар ч байсан алдаагүй хийсэн гэдэг л тайлбарыг хэлснээс өөрийн хийсэн тайлангийн бодит эх сурвалж, үндэслэлийг тайлбарлаж чадаагүй. Ийм нөхцлүүд хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайлангаас тодорхой харагдаж, ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлтэй гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байхад эдгээрийг хэргийн нөхцөл байдалтай холбож авч үзээгүй, үнэлгээний дүгнэлтүүдийн холбогдох хэсгүүд зөрүүтэй, алдаатай байгаа зэрэг илт алдаатай зөрчлүүд нь хэргийн материал шинжлэн судлах явцад тогтоогдож байхад эдгээр үйл баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй байна.

5.в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээч Б.Б-г гэрчээр асуусан тэмдэглэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулаагүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Шүүх хуралдааны бэлтгэл бүрэн хангагдаагүй байгааг мэдсэн атлаа хурлыг үргэлжлүүлсэн.  Гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл нь хууль ёсоор бэхжээгүй байхад, түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч талын төлөөлөгч нарыг гэрчийн мэдүүлэгтэй бүрэн танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулж, мэтгэлцэх боломжоор бүрэн хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулсан гэж үзэх бодит үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            6.Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: “Х-” ХХК-ийн үнэлгээ нь Олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар хийгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нар үнэлгээг зах зээлээс доогуур үнэлсэн гэж үзвэл бие даан худалдан борлуулах сарын хугацаа авах эрхтэй. Манай байгууллагаас тухайн эрхээр хангаж, биечлэн мэдэгдэхэд нэхэмжлэгчээс ямар нэгэн санал гаргаагүй. Шүүхийн гүйцэтгэх хуудсанд 56 ширхэг тоног төхөөрөмж гэж заасан боловч хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад TD75 бүслүүрт 2 ширхэг, 75 маркийн машин байхгүй байсан тул 53 ширхэг тоног төхөөрөмжид үнэлгээ хийсэн. Гэрчийн мэдүүлэгт нэхэмжлэгч тал гарын үсэг зураагүй байдаг. Манайх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж үнэлгээ тогтоохдоо талуудаас үнийн санал авдаг. Нэхэмжлэгч талын хөрөнгийг шууд үнэлэхгүй. Эхлээд битүүмжилж хураагаад үнийн санал авахдаа бид төлбөр авагчтайгаа харилцан тогтоогоорой гэж үнэлгээний мэдэгдэл явуулдаг. Энэ үед өөрсдөө зах зээлийн үнэ ийм байдаг гэж жагсаалт өгч төлбөр авагчтайгаа харилцан тохиролцох боломжтой байсан. Шинжээчийн үнэлгээтэй холбогдуулаад зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэх нотлох баримт ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэв.

 

7.Давж заалдах гомдолд гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6, 8.3.7-д заасан үнэлгээний зүйлийн төрөл, шинж байдлыг тодорхойлолт, өмчлөх, эзэмших, ашиглалтын талаарх мэдээллүүд тусгагдаагүй гэж байна. Үнэлгээний тайлангийн 5 хэсэгт мэдээллүүд тусгагдсан. Үнэлгээний тайлангийн 6 дугаар хуудсанд тоног төхөөрмжийн тодорхойлолт авагдсан. Тоног төхөөрөмжийг үнэлсэн хүснэгтийн төгсгөл хэсэгт мэдээлэл, тайлангийн ард зураг, схем авагдсан учраас хуулийн шаардлага хангагдсан. Хуулийн шаардлагын агуулга нь тухайн мэдээлэл тусгасан байх асуудал биш. Нарийвчилсан мэдээллүүдийг заавал тусгах ёстой гэсэн зүйл биш. Тус хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилсэн. Үнэлгээний тайланг 01 дүгээр сарын 31-ний өдөр хийсэн. Хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой төрийн байгууллагаас баталсан журам, аргачлал байхгүй. Ямар зүйлийг нарийвчилж тусгах ёстой гэж үзвэл нарийвчлан тусгах зүйл байхгүй байсан учраас заавал хүчин чадлыг тусгана гэсэн асуудлыг ярих боломжгүй. Элэгдлийн хувьд шинэ хөрөнгө гэж үнэлж, тухайн хөрөнгийг ашигласан бол илэгдлийг тооцдог. Ашиглаагүй байхад ашигласан гэж элэгдлийг тооцсон гэдэг асуудлыг ярьдаг. Тоног төхөөрөмжүүдийн хувьд ашиглаагүй гэж үзэх боломжгүй. Төхөөрөмжүүд сав баглаа, боодолтой, битүүмжтэй, хайрцагтай, эд ангиараа хадгалагдаж байгаа зүйл биш. Худалдаж авч зөөж тээвэрлэж, угсралтын ажил явагдаж, гадаа гандаж байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж байгаа. Барилгын материал өөрөө арчилгаатай байдаг. Гомдлын дагуу шийдвэрлэх ёстой гэвэл үнэлгээний тайланг гаргасан үнэлгээчнээс илүү туршлага, мэдлэгтэй хүнээр хянуулах тухай асуудал байгаа. Гэвч шүүгч шинжээийн тайлан Олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуультай нийцсэн эсэх асуудалд дүгнэлт өгнө. Шүүх хийх ёстой ажлаа хийсэн гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

2. Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ.

 

3.Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн” гэх агуулгаар тайлбар гаргасан байна.

 

            4.Иргэний хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр “С-” ХХК-аас 18,985,062,911 төгрөг гаргуулж “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 81-125-р тал/

           

            4.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр тогтоосон.

 

            4.б.Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1408 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /1хх-ийн 80-р тал/

 

4.в.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт заагдсан Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 829 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 1,397,568,675 төгрөгөөр, 56 ширхэг хөдлөх хөрөнгө/тоног төхөөрөмж/-ийг тус тус битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-ийн 143-159-р тал/

 

4.г.Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээний тайлан холбогдох хууль, стандартад нийцсэн эсэх, үнэлгээчин буюу шинжээч үнэлгээг бодитойгоор тогтоосон эсэх нь маргааны зүйл болжээ.

4.д.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүйн улмаас хариуцагч байгууллага нь шинжээчээр “Х-” ХХК-ийн үнэлгээчин Б.Б-г томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай тус тус нийцсэн байна. /1хх-ийн 164-р тал/

 

4.е.Шинжээч нь хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4 дүгээр баг, Хэрх, Эрээний аманд байршилтай, үйлдвэрт биечлэн очиж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд гүйцэтгэж, улмаар үйлдвэрийн зориулалттай, 829 м.кв талбайтай, 95 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгыг өртгийн хандлагын норматив аргыг хэрэглэн, 1,397,568,675 төгрөгөөр, 56 нэр төрлийн хөдлөх хөрөнгө тоног төхөөрөмж/-ийг зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн 3,128,826,901 төгрөгөөр тус тус үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалттай нийцсэн байна.

 

5.Иймд “Х-” ХХК нь үнэлгээг тогтоохдоо тухайн хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа, харагдац, ашиглалтын байдал, элэгдэл, цаашид ашиглах боломж зэргийг судлан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, өртгийн хандлагын аргыг харьцуулан хийсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний тайланг гаргасан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.  

 

6.Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ буюу “зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд тухайн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Олон Улсын Стандартад нийцээгүй, тоо тооцоолол зөрүүтэй, хөрөнгийн шинж байдлыг харгалзан үзээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

6.а.Түүнчлэн, нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан буюу “гэрч асуусан тэмдэглэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй, нэхэмжлэгч тал тухайн тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад тус баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байна.

 

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 7 хоногийн өмнө мэдэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч тал хэргийн материал, гэрч асуусан тэмдэглэл зэрэгтэй танилцах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Иймд шүүх хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн тухайн гэрчээс мэдүүлэг авахуулах ажиллагаанд гомдол гаргагч нар оролцсон байх бөгөөд тэмдэглэлтэй танилцах шаардлагагүй талаар шүүхийн захиргааны ажилтанд мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхтуяа гарын үсэг зурсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шинжээчийн өгсөн тайлбарт тухайн үед хянаад болчихсон учраас нөхөөд гарын үсэг зурахад асуудалгүй” гэх тайлбар өгсөн атлаа энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

 

6.б.Түүнчлэн, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16:30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, С.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, Б.Оюунчимэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат нар тус тус хүлээн авч, тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зуржээ. /2хх-ийн 20-р тал/

6.в.Улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргасанд хариуцагч тал болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна шүүх тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэх нь үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/04837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН

 

                                  ШҮҮГЧ                                 Д.ЗОЛЗАЯА

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААДОРЖ