Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2017/0851/з |
Дугаар | 221/МА2017/0417 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0417
“******* цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч “******* цутгамал” ХХК-ийн захирал Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.*******, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.*******, гуравдагч этгээд Сант сургуулийн захирал Д.*******, түүний өмгөөлөгч Г.Болорцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гур авдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.*******, Г.*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.*******, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.*******, Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.*******нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний 340 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 .1 дэх хэсгийн 31 .1.1, 4.1 дэх хэсгийн 4.1.2, 4.1.4, 9 дүгээр зүйлийн 9.3.3, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.8, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар төрийн мэргэжлийн шинжээч, мэргэжилтнийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд татан оролцуулж болох боловч мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэж зааснаас үзвэл Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Нямдаш, Эрчим хүчний яамны мэргэжилтэн М.******* нар улсын байцаагчийн дүгнэлтийг хамтран гаргах /гарын үсэг зурах/ эрхгүй байна. Иймд 01/2016 дугаар дүгнэлтийг улсын байцаагчийн эрхгүй инженер, мэргэжилтэн хамтран гаргасан байх тул захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлд хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлтэй гэх тухайд:
Анхан шатны шүүх нь “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэл”-ийг улсын байцаагчийн албан шаардлагын хувьд хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн байна. Харин энэ үндэслэлийг улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус захиргааны акт гэж тогтоохдоо хамааруулан баримталсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ”, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д , хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж; хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж тус тус дагуу Мэргэжлийн ханалтын улсын байцаагч нь захиргааны байгууллага байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Эрчим хүчний хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий албан тушаалтан, улсын байцаагч дараах чиглэлээр мэргэжлийн хяналт тавина” гэж тус тус заасны дагуу хариуцагч Эрчим хүчний улсын байцаагч П.*******, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч X.*******, Эрчим хүчний улсын байцаагч Г.******* нар нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын барилгын цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн угсралтын ажил холбогдох хууль тогтоомж дүрэм, журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих, шалгах чиг үүрэгтэй.
Анхан шатны шүүх нь хариуцагч улсын байцаагч нарт Сант сургуулийн өргөтгөлийн барилгын дотор цахилгааны ажилд хяналт тавих эрхийг дээр дурдсан хуулиар олгосон байна гэж шийдвэртээ хүлээн зөвшөөрч, дүгнэсэн атлаа улсын байцаагчийн 01/2016 дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар илт хууль бусад тооцсон нь хуулийг илт буруугаар тайлбарлан хэрэглэлээ.
Улсын байцаагчийн дүгнэлтэд Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер Т.Нямдаш, Эрчим хүчний яамны мэргэжилтэн М.******* нар гарын үсэг зурсан тухайд эдгээр мэргэжилтэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээнд байгууллага, иргэнийг татан оролцуулж болно” гэж заасны дагуу хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон мэргэжилтэн байна.
Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд татан оролцуулсан мэргэжилтэн Улсын байцаагчийн дүгнэлтэд гарын үсэг зурах эсэх асуудал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлд хамаарахгүй.
Шийдвэрийн үндэслэх хэсэгт “ … ******* цутгамал” ХХК-ийн үзүүлсэн үйлчилгээг шалгасан атлаа түүнд хандаж, уг албан шаардлага болон дүгнэлт гараагүй, хяналт, шалгалтын баримт бичгийг гардуулаагүй нь захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэх тухайд:
Нэг. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэнгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж заасан нь хэнд хаяглагдсан нь тодорхой бус, захиргааны актын биелэлтийг хэд хангах нь тодорхой бус, мэдэгдэхгүй, ойлгомжгүй байхыг хэлнэ.
2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар улсын байцаагчийн албан шаардлага 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 01/2016 дугаар улсын байцаагчийн дүгнэлт нь захиалагч Сант сургуульд хандаж, хаяглагдсан болох нь уг албан шаардлага, дүгнэлт болон хэргийн оролцогч нарын тайлбараар маш тодорхой нотлогдож байна.
Барилгын тухай хуулийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.8-д “барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, заваарчилгааг биелүүлэх” 37.1.9-д “барилгын үе шатны ажилд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээ хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах” үүрэгтэй болохыг заасан байна.
Тодруулбал захиалагч нь барилгын үе шатны ажил буюу барилгын цахилгааны ажлын гүйцэтгэл, түүний аюулгүй байдлын нөхцөлийг төрийн байгууллага болоод бусад этгээдийн өмнө хариуцах үүрэгтэй.
Улсын байцаагч нар Сант сургуулийн өргөтгөлийг барилгын цахилгааны ажлыг шалгаад, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар захиалагч Сант сургуульд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх нь улсын байцаагчийг албан шаардлага, дүгнэлтийг зөвхөн ажил хийж гүйцэтгэсэн “******* цутгамал” ХХК хамаарна, түүнд хандаж гаргах ёстой байсан гэж дүгнэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг илэрхий буруугаар хэрэглэсэн байна.
Хяналт шалгалт хийгдэж байх үед буюу 2015 оны 3 дугаар сар, 2016 оны 2 дугаар сард “******* цутгамал” ХХК нь гүйцэтгэгч биш болсон байсан. “******* цутгамал” ХХК болон Сант сургуулийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байсан нь хэрэгт авагдсан “******* цутгамал” ХХК-ийн 2013.10.21-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр нотлогдож байна.
Улсын байцаагч болон “******* цутгамал” ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгэх үндэслэл байхгүй байна.
Хоёр. Анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж. хууль зөрчсөн байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг анхан шатны шүүх авч хэлэлцээд, 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 10479 Тус захирамжийн үндэслэх хэсэгт “ … Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын цахилгааны монтажны угсралтын ажлыг зургийн авторын хяналтан дор батлагдсан зургийн дагуу гүйцэтгүүлж, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулахаар зохицуулсан шинжтэй, захиалагч болон гүйцэтгэгч хуулийн этгээдэд шууд хамааралтай, захирамжилсан акт байна” гэжээ.
Ийнхүү улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт нь захиалагч болон гүйцэттэгч хуулийн этгээдийн аль алинд шууд хамааралтай гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа хэргийг шийдвэрлэж. 0340 дугаар шийдвэр гаргахдаа захиалагч Сант сургуульд хандаж, хаягласан байгаа нь илт хууль бус байна гэж дүгнэсэн.
Шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж, асуудлыг зөвхөн нэхэмжлэгч “******* цутгамал” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хууль дээдлэх зарчим”-ыг ноцтойгоор зөрчсөн Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлсэнгүй.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015.03.03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага болон 2016.02.04-ны өдрийн 01/2016 дугаар дүгнэлт дээр заасан зөрчлийг захиалагч Сант сургууль нь “Мон хорус” ХХК-иар засуулж арилгуулан, бүрэн гүйцэтгэсэн байна. Энэ үйл баримт хэрэгт авагдсан дараах баримтаар нотлогдож байна.
•Сант сургууль болон “Мон хорус” ХХК-ийн хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээ /2016.07.04-ний өдрийн/
•2016.08.26-ны өдрийн 2016/340 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт
•Эрүүгийн Хэргийн шүүхээс шинжээчээр томилогдсон “Эрчим хүчний сургууль”-иас гаргасан дүгнэлт
Ийнхүү бодит байдал дээр биелэгдсэн захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” заасны илт хууль бус захиргааны акт гэж тогтоох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хаягаагүй байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 0340 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учир уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, “******* цутгамал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ерөнхий боловсролын “Сант” сургуулийн захирал Д.*******гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2015/01/59-07-002 дугаар албан шаардлага, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2016 дугаар дүгнэлтээр Сант сургуулийн захиалгаар “******* цутгамал” ХХК-ийн гүйцэтгэсэн Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зөвхөн “дотор цахилгаан хангамж”-ийн (Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 1.2.9-д заасан[1]) ажлын гүйцэтгэл, зураг төсөл, холбогдох норм, дүрмийн дагуу хийгдсэн эсэхийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулахаар гаргажээ.
Давж заалдах гомдолд “... шүүх улсын байцаагч нарт хяналт тавих эрх байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар илт хууль бусад тооцсон ... хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Төрийн хяналт шалгалтын хуулийн 5.5- зааснаар оролцсон мэргэжилтний гарын үсэг зурах эсэх асуудал нь 47.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй” гэжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус мэргэжлийн бусад байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, иргэнийг татан оролцуулж болно”, 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус зааснаас үзвэл улсын байцаагч нар хяналт шалгалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн инженер, мэргэжилтнийг татан оролцуулж хамтран гаргасан баримт бичиг болох дүгнэлтэд тэдгээрийг гарын үсэг зуруулсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэхээргүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар бүрэн эрх олгоогүй, чиг үүрэгтээ огт хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна.
Гэтэл хариуцагч Эрчим хүчний хяналтын улсын байцаагч нар нь Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “Эрчим хүчний тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөрөмжийн угсралт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлээд хяналт тавина” гэж заасны дагуу Сант сургуулийн өртгөлийн барилгын ажлын нэг хэсэг болох “дотор цахилгааны ажлын гүйцэтгэл”-д хяналт шалгалт явуулах бүрэн эрхийн хүрээнд тухайн мэргэжлийн этгээд болох Эрчим хүчний хөгжлийн төвийн ахлах инженер, Эрчим хүчний яамны мэргэжилтэн нарыг оролцуулан хяналт шалгалт хийж, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу Эрчим хүчний сайдын 2014 оны 05 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн дүрэм, Цахилгаан ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм, Цахилгаан эрчим хүч ашиглах дүрэм, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмүүдийг зөрчсөн зөрчлийг тогтоосон дүгнэлт, албан шаардлага гаргасан байх тул өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Мөн гомдолд “... албан шаардлага, дүгнэлт нь захиалагч Сант сургуульд хандаж хаяглагдан гарсан, Барилгын тухай хуульд заасан зааснаар захиалагч нь барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээдэг тул зөрчлийг арилгах үүрэгтэй ... “******* цугтгамал” ХХК гүйцэтгэгч биш болсон үед дүгнэлт, албан шаардлага гарсан байхад зөвхөн “******* цутгамал” ХХК-д хамаарна гэж буруу дүгнэн, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж хуулийг илэрхий буруугаар тайлбарласан” гэжээ.
Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д “барилгын захиалагч” гэж хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр төлөөлж зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат, гүйцэтгэлд хяналт тавих, тухайн барилгыг хүлээн авах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн мэргэжлийн хүн, хуулийн этгээдийг ойлгохоор, 15 дугаар зүйлийн 15.1-д “Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч нь Иргэний хуульд зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй: 15.1.1.барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл захиалах; 15.1.2.барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах; 15.1.6.барилгын зураг төсөл, барилгын ажилд хөндлөнгийн хяналт хийлгэх” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын захиалагчийн дүрэм”-ийн 3.1.6-д “мэргэжлийн хяналтын болон эрх бүхий байгууллагаас хийсэн үзлэг, шалгалтын дүн, техникийн дүгнэлт, зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчил, дутагдлыг арилгуулах”, 3.1.7-д “барилгын ажлын үе шат бүрт зохиогчийн хяналтыг гүйцэтгүүлэх” үүргийг захиалагчид хүлээлгэснээс үзэхэд барилгын захиалагчийн хувьд Сант сургууль нь барилгын ажлын нэг хэсэг болох цахилгааны угсралтын ажил гүйцэтгэлд хяналт шалгалт хийлгэсэн, хариуцагч улсын байцаагч нар нь албан шаардлага, дүгнэлтээ захиалагчид хандаж гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд “илэрсэн зөрчлийг захиалагч нь хариуцаж арилгуулах үүрэгтэй байх тул “гүйцэтгэх эрхтэй этгээд тодорхой бус” гэж үзэх үндэслэлгүй байна.
Албан шаардлага, дүгнэлтийг барилгын ажлын нэг хэсэг болох дотоод цахилгааны ажлын гүйцэтгэл нь холбогдох норм дүрэм, зураг төсөлд нийцсэн эсэхийг шалгаж тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоож, гарсан зөрчлийг арилгуулах зорилготойгоор гарсан, өөрөөр хэлбэл Сант сургуулийн барилгыг /өргөтгөл/ барихтай холбоотой харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, барилгын ажлын хяналт, аюулгүй байдлыг нарийвчлан зохицуулсан Барилгын тухай хууль тогтоомжийг хэрэглэлгүй, ерөнхий зохицуулалт бүхий Төрийн хяналт шалгалтын хууль, стандартыг хэрэглэж албан шаардлага, дүгнэлтийг ямар нэгэн маргааныг шийдвэрлэх зорилгогүй, тухайн зөрчлийг хэн гаргасан, хэн арилгахыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх гүйцэтгэгч “******* цутгамал” ХХК-ийг шалгуулагч этгээд гэж үзэн, эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэж дүгнэн түүнд хандаж дүгнэлтээ гаргаагүй, гаргасан баримт бичгээ гардуулаагүй нь “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус” гэж буруу дүгнэжээ.
Түүнчлэн нэхэмжлэлд “******* цутгамал” ХХК-ийн захирал Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд заасан “чанаргүй барилга барьсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт уг албан шаардлага, дүгнэлтийг нотлох баримтаар авагдсан тул эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” гэж тайлбарласан, мөн анхан шатны шүүх үүнтэй холбогдуулан албан шаардлага, дүгнэлт нь уг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад Сант сургуульд чиглэсэн акт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн дүгнэжээ.
Албан шаардлага, дүгнэлтээр уг барилгын ажлын гүйцэтгэлийг бүхэлд нь шалгаагүй зөвхөн дотор цахилгааны гүйцэтгэлийн ажлыг шалгасан, мөн зөрчлийг хэн гаргасныг тогтоогоогүй бөгөөд эрүүгийн хэрэг шалгах ажиллагаанд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтаар тогтоох тул албан шаардлага, дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх бөгөөд эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсанаар нь захиргааны актын хаяглагдсан болон гүйцэтгэх этгээдийг тодорхойлох боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.6, 25 дугаар зүйлийн 25.2.10, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг баримтлан “******* цутгамал” ХХК-ийн “албан шаардлага, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гарган буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ