Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04902

 

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Т.Болормаа, Г.Бямбажаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.М

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Т.Б

Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Л  холбогдох

Гэм хорын хохиролд 4,829,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э(ИБД:), хариуцагч Б.Л , хариуцагчийн өмгөөлөгч З.Б, иргэдийн төлөөлөгч С.М(ИБД:) нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.М 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, *******, *******ын зам, ******* шатахуун түгээх станцын баруун талд хариуцагч Б.Л нь 00-00 УНЛ улсын дугаартай, Рекстон маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ нэхэмжлэгчийн 00-00 УАО улсын дугаартай, ниссан жук маркийн автомашины араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан. Тээврийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №784 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор хариуцагч Б.Л нь өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд болон биед хохирол учруулсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Тээврийн Прокурорын газар нь хариуцагч Б.Л гийн үйлдлийг зөрчилд тооцож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирогч нарыг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулах эрхтэйг дурдсан.

Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр оношлогоонд орсон. Хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №40297 дутаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгчийн 00-00 УАО улсын дугаартай, ******* маркийн автомашинд нийт 14,042,400.00 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Би автомашинаа тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан байсан тул гэрээний дагуу ******* даатгалаас 14,042,400.00 төгрөгийн хохирлын 80 хувь болох 11,233,920.00 төгрөгийг шилжүүлж авсан. Зам тээврийн осол гарах үед миний автомашин дотор аав Ц.Э , ээж Б нар нь хамт явж байсан бөгөөд хариуцагчийн буруугаас үүссэн ослын улмаас хөнгөн гэмтэл авч үзлэг, оношлогоонд хамрагдаж сэргээн засах төвд эмчлүүлсэн.

Тээврийн хэрэгсэлд учирсан 14,042,400.00 төгрөгөөс үлдэх 2,808,480 төгрөгийн хохирлоос гадна үнэлгээний хөлс 647,000 төгрөг, оношилгооны төлбөр 95,000 төгрөг, шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосны төлбөр 54,000 төгрөг, Цэргийн төв эмнэлэгт компьютер зураг авхуулсны төлбөр 350,000 төгрөг, журмын хашааны төлбөр 325,000 төгрөг, сэргээн засах төвд эмчлүүлсний төлбөр 454,000 төгрөг, эм 95,810 төгрөг нийт 4,829,290 төгрөгийн зардал гарсан.

Иймд хариуцагч Б.Л гаас тээврийн хэрэгсэл, эрүүл мэндэд учирсан хохиролд 4,829,290.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Ц.Э , Т.Б , Б.Б нар 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг, *******, *******ын зам, ******* шатахуун түгээх станцын баруун талд хариуцагч Б.Л нь 00-00 УНЛ улсын дугаартай, Рекстон маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ нэхэмжлэгч миний 00-00 УАО улсын дугаартай, ниссан жук маркийн автомашины араас мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан.

Тээврийн прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №784 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор хариуцагч Б..Л нь өөрийн буруугаас зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд болон биед хохирол учруулсан болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл Тээврийн Прокурорын газар нь хариуцагч Б.Л агийн үйлдлийг зөрчилд тооцож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хохирогч нарыг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдсан.

Нэхэмжлэгч нар нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр оношилгоонд орсон. Хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №40297 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар нэхэмжлэгч миний 00-00 УАО улсын дугаартай, ******* маркийн автомашинд нийт 14,042,400.00 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Би автомашинаа тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан байсан тул гэрээний дагуу ******* даатгалаас 14,042,400.00 төгрөгийн хохирлын 80 хувь болох 11,233,920.00 төгрөгийг шилжүүлж надад өгсөн. Зам тээврийн осол гарах үед миний автомашин дотор аав Ц.Э, ээж Т.Б, хүргэн болох Б.Б нар нь хамт явж байсан бөгөөд хариуцагчийн буруугаас үүссэн ослын улмаас хөнгөн гэмтэл авч үзлэг, оношилгоонд хамрагдаж сэргээн засах төвд эмчлүүлсэн.

Тээврийн хэрэгсэлд учирсан 14,042,400 төгрөгийн хохирлоос гадна үнэлгээний хөлс 647,000 төгрөг, оношилгооны төлбөр 95,000 төгрөг, шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосны төлбөр 54,000 төгрөг, Цэргийн төв эмнэлэгт компьютер зураг авхуулсны төлбөр 350,000 төгрөг, журмын хашааны төлбөр 325,000 төгрөг, сэргээн засах төвд эмчлүүлсний төлбөр 454,000 төгрөг, эм 95,810.00 төгрөг, нийт 2,020,810 төгрөгийн зардал гарсан.

Иймд хариуцагч Б.Л гаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үлдэгдэл 2,808,480 төгрөг, үнэлгээ, оношилгоо, журмын хашааны төлбөр, эмнэлгээр үйлчлүүлсэнтэй холбоотой зардлууд 2,020,810 төгрөг нийт 4,829,290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож хохиролгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: тус шүүхэд Э.М нарын нэхэмжлэлд 4,829,290 төгрөгийг надаас гаргуулахаар шаардсан. 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гарсан зам тээврийн осол нь Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн зөрчил шалгах хэлтсийн эрх бүхий албан тушаалтан Б.Ө зөрчлийн хэрэг нээн шалгаж, уг осолд шинжээчийн дүгнэлтээр 00-00 УАР улсын дугаартай автобусны жолооч О.Б бид хоёрыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэсэн дүгнэлт гарч автобусны жолооч бид хоёрт торгох шийтгэл оногдуулсан.

Миний бие болон өмгөөлөгчийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр торгох шийтгэл оногдуулсан эрх бухий албан тушаалтны 0241897 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргасан. Гомдлыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр осол гарсан өдөр хэзээ гэдгийг мартчихаад байгаа юм. Би бол яг дүрмээрээ л явж байсан. Ногоон автобус замаа чөлөөлж зогсоогүй байхад жук маркийн Урдуур машин орж ирэхэд би тоормос дарсан. Тэр зам дээр тоормосны мөр хүртэл байж байгаа. Намайг 61 км цагийн хурдтай явж байсан, би тийм хурдтай яваагүй. гэлээ. Тийм хурдтай явж байсан бол ийм осол гарахгүй байх байсан гэх бодож байна гэв.

4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлага төлөхгүй байх нь зөв гэж бодож байна гэв.

5.Нэхэмжлэгчээс шүүхэд:итгэмжлэл(1хх6,135-136),2022.09.06-ны өдрийн Прокурорын тогтоол(1хх7-8), 2022.08.14-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал(1хх9-16), гэрч Ө.Лхагвын мэдүүлэг(1хх17), 2022.08.19-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас(1хх18), 2022.08.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт(1хх19-22), Вендо хөрөнгийн үнэлгээний тайлан(1хх23-25), Вендо орлогын баримт (1хх26-29), оношилгооны төлбөр (1хх30), гэрэл зураг(1хх31-32), Авто тээврийн даатгалын баталгаа, Пратикал даатгал(1хх33), Нэт капитал тодорхойлолт(1хх34), их тээвэр-Е баримт(1хх35), Эрдэнэбилэг, Баяржавхлан нарын эмчийн үзлэг, эмчилгээний, тооцооны хуудас (1хх35-36,38-39), Батболдын эмийн жор Е баримт(1хх37), 2022.09.06-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Тээврийн Прокурорын газрын прокурорын тогтоол (1хх75-78), 2022.10.19-ний өдрийн 1/917 дугаар Монгол Улсын Ерөнхий Прокурорын Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол(1хх137), автобусны машрут(1хх138), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.08.22-ны өдрийн 11276, 11274 дугаар дүгнэлтүүд (1хх139-140),зээлийн гэрээ(1хх141-146),нэт капитал албан тоот(1хх147-149) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

6.Хариуцагчаас шүүхэд: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.14-ний өдрийн 2022/ЗШ/401 шийтгэлийн хуудсыг хэвээр үлээх тухай шүүгчийн захирамж (1хх48-54), 0241898 дугаар Шийтгэлийн хуудас(1хх61), 2022.11.11-ний өдрийн 11/05 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлт(1хх62-63), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.08.22-ны өдрийн 11276, 11274 дугаар дүгнэлтүүд (1хх69-70) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

7.Шүүх зохигчийн хүсэлтээр:2022.09.06-ны өдрийн тээврийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоол (1хх101-131), Баянзүрх, Сүхбатаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн 2022.11.14-ний өдөр 2206003565 дугаар Зөрчлийн хэргийн материал (1хх165-2хх29) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь Зам тээврийн ослын улмаас хариуцагч миний машины ардаас мөргөсөн учир ...тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зөрүү төлбөр 2,808,480 төгрөгийг, үнэлгээ хийлгэсэн 647,000 төгрөгийг, оношилгооны 95,000 төгрөгийг, журмын хашааны төлбөр 325,000 төгрөгийг нийт 3,875,480 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Э , Т.Б,  Б.Б нарын эрүүл мэндэд учирсан хохиролд 953,810 төгрөгийг нийт 4,829,290 төгрөгийг хариуцагч Б.Л ас гаргуулна. гэж шаардсан.

Тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ын эмчилгээний зардалд 17,410 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч Б.Л Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, би 62 км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4,811,880 төгрөг гаргуулах шаардлагаас 4,007,880 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх томографын төлбөрт 350,000 төгрөгийн, сэргээн засах сувиллын төлбөрт 454,000 төгрөгийн нийт 804,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт,зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

8.Хариуцагч Б.Л нь 2022 оны 8 дугаар сарын 14ий өдрийн 13.45 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *******, *******ын зам, ******* шатахуун түгээх cтанцын баруун замд Рекстон маркийн 00-00 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн. 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Б ын жолоодон явсан ******* маркийн 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осолд холбогдсон болох нь зам тээврийн ослын тодорхойлолтоор тогтоогдсон болно.(1хх9-16, 76-78,103-107,199-208)

8.1.  Хариуцагч Б.Л зам тээврийн осолд гэм буруугүй гэж маргасан боловч түүний тайлбар нь Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын шинжээчийн дүгнэлт, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тус тус нотлогдсон.(1хх7-22)

Дээрх Прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор жолооч Б.Л ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, иргэний нэхэмжлэгч Т.Б , Э.М , Ц.Э нарыг ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Л ас нэхэмжлэх эрхтэйг дурджээ.

8.2. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын зөрчлийн хэлтсийн байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 0214897 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Л д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ЗШ/401 дугаар Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх тухай шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Уг шийтгэврийг өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлсэн шийтгэвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагчийн гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар тогтоогдсон гэж үзэв.(1хх165-2хх29)

9. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэгч нар шаардах эрхтэй.

10.Автомашинд учруулсан хохирол 3,875,480 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

10.1. Нэхэмжлэгч Э.М нь Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын зөрүү төлбөр 2,808,480 төгрөгийг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлбөрт 647,000 төгрөгийг, оношилгооны төлбөр 95,000 төгрөгийг, журмын хашааны төлбөрт 325,000 төгрөгийг нийт 3,875,480 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

10.2. Э.М нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2021 онд орж ирсэн, Nissan Juke-0/*******/ маркийн 00-00 УАО улсын, 0 арлын дугаартай, суудлын сувдан цагаан, бензин автомат авто машиныг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нет капитал мобайл ХХК-иас зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгөөр худалдан авч, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн үлдэгдэл 7,207,575.12 төгрөгийг төлж барагдуулан зээлийн гэрээг дуусгавар болгожээ. (1хх148,121-131)

10.3. Хариуцагч Б.Л ын гэм буруутай үйлдлийн улмаас Э.М гийн эзэмшлийн ******* маркийн 00-00 УАО улсын дугаартай  автомашинд 12,295,000 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 40297 дугаартай Вендо ХХК-ийн Авто машин техник эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг баримтаар тогтоогдсон. (1хх24-29,229-230)

10.4. Дээрх ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн авто машины явах эд ангид 16 нэр төрлийн гэмтэл үүссэн, эдгээр сэлбэг хэрэгслийн дахин ашиглаж боломжгүй, солих шаардлагатай нь ******* ХХК-ийн инженерийн дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.(1хх29,231-238)

10.5. ******* даатгалаас ******* маркийн 00-00 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн нөхөн олговорт 11,233,920 төгрөгийг нэхэмжлэгч Э.М д олгожээ.(1хх33-34, 148,)

10.6. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй., энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус хуульчилсан.

10.7. Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

10.8. Зам тээврийн ослын улмаас Э.М эзэмшлийн ******* маркийн 00-00 УАО улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд 12,295,000 төгрөгийн хохирол учирснаас ******* даатгалаас 11,233,920 төгрөгийг нөхөн олговорт нэхэмжлэгчид олгогдсоныг хасаж, үлдэгдэл 2,808,480 төгрөгийн зөрүүг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

10.9. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-д оношилгооны төлбөрт 95,000 төгрөгийг, Вендо ХХК-д үнэлгээний төлбөрт 647,000 төгрөгийг, *******-д журмын хашааны төлбөрт 325,000 төгрөгийг нийт 1,067,000 төгрөгийг төлжээ. (1хх26,30,35,)

10.10. Шүүхийн хэлэлцүүлэгч хариуцагчийн өмгөөлөгч ...мөрдөгч 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, өөрсдөө журмын хашаанаас машинаа авахгүй удаачхаад Б.Л агаас 325,000 төгрөгийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... мөрдөгчөөс машинаа авъя гэхэд, болоогүй гэсээр 10 дугаар сарын 11-ний өдөр түүний өгсөн бичгээр төлбөр төлж машинаа авсан гэж тус тус маргасан.

10.11. Тээврийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 784 дүгээр Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолыг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч ...мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй нөхөн үзлэг хийлгэх, шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/917 тогтоолоор өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ.

10.12. Дээрх гомдлыг хянан шийдвэрлэх хугацаанд осолд өртсөн ******* маркийн 00-00 УАО улсын дугаартай  тээврийн хэрэгсэл 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд журмын хашаанд зогссон нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас журмын хашааны төлбөрт төлөгдсөн 325,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.(хх102,137, 35)

10.13. Иймд хариуцагч Б.Л ас зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 3,875,480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М д олгох нь зүйтэй.

11.Эрүүл мэнд, эмчилгээний зардалд 953,810 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

11.1. Нэхэмжлэгч Ц.Э , Т.Б Б.Б нар эрүүл мэндэд учирсан хохиролд 953,810 төгрөгийг төгрөгийг хариуцагч Б.Л ас гаргуулна гэж шаардсан.

11.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б ын эмчилгээний төлбөр 17,410 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж, Т.Б , Ц.Э нарын эрүүл мэнд, эмчилгээний төлбөрт төлөгдсөн шүүх эмнэлгийн үзлэгийн 16,000 төгрөгийг, шинжилгээний 38,000 төгрөгийг, томографын 350,000 төгрөгийг, эмийн үнэ 78,400 төгрөгийг, сэргээн засах сувиллын 454,000 төгрөгийг нийт 936,400 төгрөгийг гаргуулна гэж шаардсан

11.3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11276 дугаар шинжээчийн ... Т.Б -н биед тархины доргилт, цээж, бүсэлхийд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо гэж, тухайн өдрийн 11274 дүгээр шинжээчийн дүгнэлтэд ...Ц.Э -н тархины доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн шилэнд зулгаралт биел гэмтэл тогтогдлоо гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан. (1хх112-113,139-140)

11.4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., энэ хуулийн 505 дугаар зүлйийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж заажээ.

11.5.    Хэрэгт:

-       2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүх эмнэлгийн төлбөрт 16,000 төгрөгийг төлсөн Төрийн банк ХХК-ийн баримт;

-       2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Т.Б MRI 350,000 төгрөг төлсөн Цэргийн төв эмнэлгийн тасалбар;

-       2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Э 227,000 төгрөг, Т.Б 227,000 төгрөг нийт 454,000 төгрөгийг төлсөн тооцооны хуудас;

-       2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сити фарм эмийн сангаас 36,100 төгрөгийн эм худалдан авалт хийсэн е/баримт;

-       8 дугаар сарын 29-ний өдөр Оюушүр лабораторид шээсний шинжилгээний төлбөрт Т.Б 19,000 төгрөг, Ц.Э 19,000 төгрөгийг нийт 38, 000 төгрөгийг төлсөн е/баримт;

-       8 дугаар сарын 29-ний өдөр Цагаан бүжин ХХК-иас 42,300 төгрөгийн эм худалдан авсан е/баримтаар нийт 936,400 төгрөгийн баримт авагджээ.(хх35-39)

11.6. Шүүхийн хэлэлцүүлэгт: зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зам тээврийн ослын улмаас Т.Б , Ц.Э нарыг зайлшгүй сувилалд сувилуулах шаардлагатай гэх эмчийн дүгнэлтгүй, Цэргийн төв эмнэлэгт 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Т.Б гийн MRI-д төлсөн баримт зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

11.7. Харин шүүх эмнэлгийн төлбөрт 16,000 төгрөгийг, шинжилгээний төлбөрт 38,000 төгрөгийг, эмийн төлбөрт 78,400 төгрөгийг нийт 132.400 төгрөгийг төлсөн нт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж Т.Б , Ц.Э нарт олгох зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан хариуцагч Б.Л ас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3,875,480 төгрөгийг, эрүүл мэнд, эмчилгээний зардалд 132,400 төгрөгийг нийт 4,007,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлээс үлдэх 804,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч ...Хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлага төлөхгүй байх нь зөв гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар хариуцагчаас гэм хорын хохиролд төлбөр гаргуулах үндэслэлтэй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,220 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 79,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Л ас тээврийн хэрэгсэл, эрүүл мэндэд учирсан хохиролд 4,007,880 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М , Т.Б , Ц.Э нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 804,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

Г.БЯМБАЖАРГАЛ