Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/04515

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 18 101/ШШ2023/04515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: хххххххххххххххх тоот хаягт оршин суух, Баянжаргалын Мгийн /РД: ххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххх тоот хаягт оршин суудаг, Өлзийбатын Мд /РД: хххххххххххх/ холбогдох

18,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,

Хариуцагч Ө.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.М нь Ө.Мтай 2021 оны 06 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг түүнд сарын 8 хувийн хүүтэй, 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлсэн.

Ө.Маас үндсэн зээл 10,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүү 800,000 төгрөг, нийт 17 сарын хүү 13,600,000 төгрөгөөс төлсөн 5,500,000 төгрөгийг хасч зээлийн хүү 8,100,000 төгрөг, нийт 18,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Б.М нь Ө.Мд 9,650,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болон түүнээс 6,860,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлага 18,100,000 төгрөгөөс түүний өмнө өгсөн мөнгөний үлдэгдэл 1,360,000 төгрөгийг хасч 16,740,000 төгрөгийг хариуцагч Ө.Маас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ө.М шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.Мгээс 2020 оны 11 сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг зээлсэн байсан. Түүнээс нэмж мөнгө зээлээч гэж хүсэлт тавьсан ба 2021 оны 05 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг нэмж зээлсэн.

Б.М баталгаажуулья гээд 2021 оны 06 сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Өмнө авсан 4,650,000 төгрөгөө нэмээд нийт 9,650,000 төгрөгийг түүнээс зээлсэн.

Би түүнд нийт 6,860,000 төгрөг буцаан өгсөн ба өмнө нь дансаа тулгалгүй, өгсөн байсан 1,360,000 төгрөгөө тооцолгүй 4,500,000 төгрөг төлөх тайлбар гаргасан байсан. 1,360,000 төгрөг өгсөнтэй холбоотой дансны хуулгаа баримтаар өгсөн.

Ажилд оруулж өгвөл сүүлд зээлсэн 5,000,000 төгрөгийг авахгүй гэж Б.М өөрөө хэлсэн ба би түүнийг Нийслэлийн архивын газарт цахим архивчаар оруулж өгсөн боловч тухайн үед хөдөө явж байна гэж хүлээлгээд, ирээд шалгалт өгөөд тэнцээгүй байсан.

Би мөнгийг нь хэрэглэсэн учраас үндсэн төлбөр 2,790,000 төгрөг дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж нийт 4,500,000 төгрөг өгнө гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 06 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хариуцагч Ө.М нь хариу тайлбар болон Хаан банк дахь хххххххххххтоот дансны хуулга зэрэг баримт ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ө.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

/2021.06.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг,

1 сарын хүү 800,000 төгрөг, 17 сарын хүү 13,600,000 төгрөг,

13,600,000 төгрөг-5,500,000 төгрөг /төлсөн/=8,100,000 төгрөг,

10,000,000 төгрөг+8,100,000 төгрөг=18,100,000 төгрөг.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 18,100,000 төгрөгөөс өмнө төлсөн мөнгөний үлдэгдэл гэх 1,360,000 төгрөгийг хасч хариуцагч Ө.Маас 16,740,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б.М нь хариуцагч буюу зээлдэгч Ө.Мтай 2021 оны 06 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан түүнд 10,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай зээлсэн гэж огноог тусгасан ба мөнгийг Капитрон банкны 3003015445 тоот дансанд мөн өдөр нь зээлдүүлэгч шилжүүлнэ гэж хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулан нотариатаар гэрчлүүлжээ.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.М нь талуудын хооронд 2021 оны 06 сарын 02-ны өдөр байгуулагдсан гэх дээрхи гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож хариуцагч Ө.Маас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа ба хариуцагч гэрээнд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа ч уг гэрээний дагуу мөнгийг бодитой шилжүүлэн аваагүй, гагцхүү өмнө зээлсэн мөнгөө ийнхүү баталгаажуулсан гэж тайлбарлалаа.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэх шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэж болох ч зээлийн гэрээний үндсэн шинж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдоно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно, мөн талуудын хооронд 2021 оны 06 сарын 02-ны өдөр байгуулагдсан гэх гэрээний 6.1-т Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно гэж заажээ.

/ХХ-ийн 4 дүгээр хуудасны ар тал/

 

Дээрхи гэрээний дагуу зээлдүүлэгч Б.М нь зээлдэгч Ө.Мд гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй ба тухайн гэрээний дагуу гэрээний зүйлийг шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсдэг ба талууд зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тухайн зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.

 

Хариуцагч Ө.М уг гэрээний дагуу мөнгө аваагүй, харин 2020 оны 11 сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг тус тус зээлсэнээ баталгаажуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.

 

Зээлдэгч буюу хариуцагч Ө.М зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Мгээс нийт 9,650,000 төгрөгийг дээр дурдсан хугацаануудад зээлэн авсан, зээлсэн 9,650,000 төгрөгөөс 6,860,000 төгрөгийг буцаан өгсөн талаар хэн аль нь маргахгүй байгаа ба 2021 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан гэх гэрээний дагуу зээлдэгч талд зээлийн хүү төлөх үүрэг үүсэхгүй.

/ХХ-ийн 23-27 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Ө.М зээлэн авсан 9,650,000 төгрөгөөс 6,860,000 төгрөгийг нь төлсөн ба тэрээр 2,790,000 төгрөгийг зээлдүүлэгч Б.Мд буцаан төлөх үүрэгтэй байх хэдий ч зээлдэгч Ө.М 4,500,000 төгрөгийг төлөхөөр тайлбар гаргаж байх тул зээлдэгч буюу хариуцагч Ө.Мын хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв .

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ө.Маас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ө.Маас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 12,240,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Маас 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН