Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00197

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00197

 

2024 01 24 210/МА2024/00197

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны

өдрийн 101/ШШ2023/04515 дугаар шийдвэртэй

Б.М-гийн нэхэмжлэлтэй, Ө.М-д холбогдох,

18,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Ө.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Ө.М-тай 2021 оны 06 сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2022 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл хугацаагаар зээлдүүлсэн. Хариуцагчаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, сарын 8 хувийн хүү 800,000 төгрөг, нийт 17 сарын хүү 13,600,000 төгрөгөөс түүний төлсөн 5,500,000 төгрөгийг хасч зээлийн хүү 8,100,000 төгрөг, нийт 18,100,000 төгрөг болсноос түүний өмнө нь өгсөн 1,360,000 төгрөгийг хасч 16,740,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Б.М-гээс 2020 оны 11 сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 9,650,000 төгрөгийг зээлж авсан. Б.М- нь мөнгө авсныг баталгаажуулья гээд 2021 оны 06 сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Авсан мөнгөнөөс 6,860,000 төгрөгийг буцааж төлсөн ба өмнө нь дансаа шалгалгүй өгсөн байсан 1,360,000 төгрөгийг тооцолгүй 4,500,000 төгрөг төлөх тайлбар гаргасан. 1,360,000 төгрөг өгсөн дансны хуулгыг өгсөн. Ажилд оруулж өгвөл сүүлд зээлсэн 5,000,000 төгрөгийг авахгүй гэж Б.М- хэлсэн ба би түүнийг Нийслэлийн архивын газарт ажилд оруулж өгсөн ч тэрээр хөдөө явж байгаа гэж хүлээлгээд, ирээд шалгалт өгсөн ч тэнцээгүй байсан. Иймд үндсэн төлбөр 2,790,000 төгрөг дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж нийт 4,500,000 төгрөг өгнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Ө.М-аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс 12,240,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс талуудын хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан ч нэхэмжлэгч нь 9,650,000 төгрөгийг хариуцагчид олгосон тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул хүү авах эрхгүй гэж дүгнэсэн. Талууд өмнө нь хэд хэдэн удаа зээлийн гэрээний харилцаатай байсан ба 2021 оны 06 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулан хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч анхан шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр болоогүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөг бус 9,650,000 төгрөг шилжүүлсэн хэмээн үзвэл хариуцагчид олгосон зээлийн хэмжээгээр сарын 8 хувийн хүүг нэхэмжлэгч шаардан авах эрхтэй. Гэвч энэ талаар шүүх огт дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Талуудын хооронд өмнө нь орон сууцны зээлийн гэрээний харилцаа үүсч байсан. Нэхэмжлэгчээс 9,680,000 төгрөгийг авсан байхад 10,000,000 төгрөг авсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээний дагуу нийт 9,680,000 төгрөгийг авсан нь үнэн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Ө.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 4,500,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2021 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл 5 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

4. Нэхэмжлэгч нь 2020 оны 11 сарын 23-ны өдөр 4,650,000 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 06 сарын 02-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 9,650,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохиролцох замаар хүү тогтоож болох тул талууд шилжүүлсэн мөнгөний хэмжээнд нийцүүлэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний тохиролцоог бичгийн хэлбэрт оруулсан хугацаанаас хойшхи хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон боловч, нэхэмжлэгч гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг хариуцагчид бүрэн шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт нийцээгүй, шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ. Талууд гэрээг бичгээр байгуулснаар хариуцагчийн хүү төлөх үүрэг нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 9,650,000 төгрөгийн хэмжээнд тооцогдох тул хариуцагч зээлийн гэрээний 3.3-т заасан 8 хувийн хүү /9,650,000/8=772,000/ 772,000 төгрөгөөс, мөн гэрээний 3.1-д заасан 5 сарын хугацаанд ногдох /772,000х5=3,860,000/ 3,860,000 төгрөгийн хүү, зээл 9,650,000 төгрөг, нийт 13,510,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь зээлээс 6,860,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигч маргаагүй учир уг мөнгийг хасч, үлдэх 6,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

6. Зээлийн гэрээний 3.1-д гэрээний хугацааг 2021.06.02-ны өдрөөс 2022.11.02-ны өдөр гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзнэ. Учир нь талууд гэрээг таван сарын хугацаатай байгуулсан талаар дэлгэрүүлэн бичиж хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч 17 сарын хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.М-аас 6,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

2 дахь заалтын ...86,950 төгрөг... гэснийг 121,350 төгрөг гэж, ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 210,790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ