Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/01947

 

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/01947

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Э.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Э.О,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х Б ХХК ,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай

иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Хшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01455 дугаартай шийдвэрээр Э.Х, Ц.Унараас 398,708,827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Х-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай Баянзүрх дүүрэг, 7 хороо, ........................ хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдпөх хөрөнгө, мөн Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ................... дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, ............................... тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Э.Х-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .................... дугаартай Баянзүрх дүүрэг, 7 хороо, .........................тоот хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдпөх хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр, мөн Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ................ дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, 16 хороолол, Д.Наянтайсүрэнгийн гудамж, 71 байр, м-15 тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65,973,505 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Миний зүгээс тухайн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулахаар 2020 оны 10 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харъяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн нэхэмжлэлийн дагуу Иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан магадлаж байгаад 2022 оны 05 сарын 27-ны өдрийн №07340 шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж, хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Х-ынөмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, Мөн Э.О-ынөмчлөлийн эрхийн үл хөдлөх хөрөнгийг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

1.1. Нэхэмжлэгч 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилон үнэлгээ хийлгэснээс хойш 1 жил 10 сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ огцом өссөн учраас Э.Х, Э.Онар нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгэхэд Э.Х-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 914,164,000 төгрөгөөр, Э.О-ынөмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 97,940,000 төгрөгөөр үнэлжээ. Дээрх үнэлгээнүүд нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 10 сард үнэлгээ хийлгэснээс хойш тухайн эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ гуравны нэгээс доошгүй хувиар өссөн болохыг нотолж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу тухайн эд хөрөнгүүдэд дахин шинжээч томилуулан, үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариу мэдэгдэх хуудсаар татгалзсан хариуг өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан ахин үнэлгээ хийлгэхийг даалгаж өгөх тухай хүсэлтийг гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгож, тухайн барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор дахин шинжээч томилон үнэлгээг хийлгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Ошүүхэд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Э.Хнь Ц.Утай хамтран 12018 оны 12 сарын 27 өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулан 350,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э.Оминий өмчлөлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, ........................... тоот хаягт байрлах 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Хнь миний төрсөн эгч тул тухайн үед зээлээ хугацаанд нь төлөөд байрыг чинь барьцаанаас чөлөөлчихнө гэхэд нь итгээд өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн бөгөөд тухайн зээлсэн мөнгөнөөс огт аваагүй билээ.

Гэтэл Э.Хнь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс болж шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд орон сууцыг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдэхэд нь тухайн үнэлгээг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Би өөрийн эгчид итгэн өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулсны улмаас өнөөг хүртэл сэтгэл санааны асар их дарамтанд амьдарч байгаа бөгөөд одоо орон сууцаа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр бусдад алдаж, өөрсдөө орон гэргүй болох нөхцөл байдалд хүрээд байна. Э.Х-ынминий орон сууцанд Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 97,940,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь 2020 оны 10 сард Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тогтоосон 65,973,505 төгрөгийн үнэлгээнээс даруй 48 хувиар өссөн болох нь тогтоогдсон байна. Иймд Э.О-ынминий өмчлөлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, ........................... тоот хаягт байрлах 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд ахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01455 дугаар захирамжаар Э.Хаас 401.829.625 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Х-ынөмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20280781 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20280781/6 тоот тогтоолоор хураасан. Э.Х-ынүүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ............................... тоот хаягт байршилтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20280081/3 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20280081/7 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч Э.Х, Ц.Унар эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, ...................... тоот хаягт байршилтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарын 136 м.кв талбай, 1 давхарын 43.6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай үл хөдлөх хөрөнгийг 1.800.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, .................................... тоот хаягт байршилтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр тус тус, өмчлөгч Э.Оорон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Үнэлгээ нь хууль зөрчөөгүй зохих журмын дагуу хийгдсэн тул дахин шинжээч томилон үнэлгээ хийлгэх боломжгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Х, гуравдагч этгээд Э.Онарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 05-р сарын 29-ний өдрийн №181/ШШ2020/01455 захирамжаар Э.Х, Ц.У нараас 398,708,827 төгрөгийг гаргуулан ХасБанкинд олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө эстимейт ХХК болон Сэлэнгэ эстимейт ХХК-иуд 2020 онд тогтоосон байх бөгөөд энэ хугацаанд хэрэг маргаан шийдвэрлэгдэхгүй өдий хүрсэн нь нэхэмжлэгч талаас шууд хамааралтай байх тул хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №4/155-37660 дугаартай мэдэгдэл, №4/155-33102 дугаартай мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2020/20711 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2022/07340 дугаартай захирамж, улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдэгдэл, Б.Сэр-Одод олгосон итгэмжлэл,

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, 181/ГХ2020/00521 дугаартай гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/01455 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШШ2020/08337 дугаартай захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол, №20280781-1 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 08 сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, №4-155/36705 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн №8/2105 дугаартай албан бичиг, №000664076 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, №000647151 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, №20280781 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, №20280781/3 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, №20280781/2 дугаартай шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 08 сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, №20280781/3 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, №20280781/5 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, №20280781/4 дугаартай шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, №20280781/6 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, №20280781/7 дугаартай эд хөрөнгө хураах тогтоол, №20280781/8 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, №20280781/9 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, Э.Х-ынхүсэлт, Э.О-ынхүсэлт, Ц.Уянгын хүсэлт, Хас банкны №2б/5058 дугаартай албан бичиг, №10/513 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, №10/517 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн итгэмжлэл, шинжээчид хууль сануулсан баримт, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг

 

баримтууд хавсаргагдсан байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Хнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, үнэлгээний тайланг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үнэлсэн хугацаанаас хойш 2 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш огцом өссөн, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй этгээд үнэлгээ хийсэн, мөн хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдүүд үнэлгээ хийсэн нь шинжээчийн хараат бус байх зарчим зөрчигдсөн, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэгт нь үнэлгээ хийгээгүй, үнэлгээ хийхэд адил түвшний орон сууцтай харьцуулах ёстой байсан тул үнэлгээг хүчингүй болгуулна гэж маргасан.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Төлбөр төлөгч Э.Хнь миний төрсөн эгч тул тухайн үед зээлээ хугацаанд нь төлөөд байрыг чинь барьцаанаас чөлөөлнө гэхэд нь итгээд өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн, зээлээс нь огт аваагүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, миний өмчлөлийн орон сууцыг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн талаар надад мэдэгдэхэд нь тухайн үнэлгээг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн гэж үзэж, үнэлгээг зөвшөөрөөгүй, орон сууцаа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр бусдад алдаж, өөрсдөө орон гэргүй болох нөхцөл байдалд хүрсэн. Уг орон сууцанд Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 97,940,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2020 оны 10 сард Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тогтоосон 65,973,505 төгрөгийн үнэлгээнээс даруй 48 хувиар өссөн болох нь тогтоогдсон тул үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулна гэж маргасан.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хурааж, төлбөрт хураагдсан хөрөнгөд үнийн санал авахаар нэхэмжлэгчид мэдэгдлийг хүлээлгэн өгсөн, төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй, хөрөнгийн үнэлгээнд хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Хөрөнгө эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг зохих журмын дагуу томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон, үнэлгээг хуулийн дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хас банк ХХК нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээг 2020 онд тогтоосон, үүнээс хойш нэхэмжлэгч талууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг маргаан шийдвэрлэгдэхгүй өдий хүрсэн нь нэхэмжлэгч талаас шууд хамааралтай. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

8. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №181/ШШ2020/01455 захирамжаар хариуцагч Э.Х, Ц.У нар 398,708,827 төгрөгийг нэхэмжлэгч Хас банкинд төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Х-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 7 хороо, ............... тоот хаягт байрлалтай, 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, ......................... тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-60/

9. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №183/ШЗ2020/08337 шүүгчийн захирамж, №00521 шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч, төлбөр төлөгч Э.Х, Ц.У нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн болон хэсэгчлэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгч нарын үүрэг хэвээр байна. /хх-62-64, 56/

9.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч нар нь сайн дураар биелүүлэхгүй байгаагаас шалтгаалан шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлжээ. /хх-65-87/

9.2. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөд төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Э.Хөөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 1,800,000,000 төгрөгийн саналыг /төлбөр төлөгч Ц.Умөн адил санал өгсөн/, Э.О-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 130,000,000 төгрөгийн саналыг, 2 өрөө орон сууцны өмчлөгч Э.Онь өөрийн барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд 140,000,000 төгрөгийн саналыг тус тус өгчээ. /хх-88-91/

9.3. Төлбөр авагч Хас банкны зүгээс төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгэгч нарын хөрөнгийн үнэлгээнд өгсөн саналыг эс зөвшөөрч, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож албадан дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №2б/5058 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг үндэслэн тус газраас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай №10/513 тогтоолоор Э.Х-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 7 хороо, ...................тоот хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Б.Батзаяа/Хөрөнгө эстимэйт ХХК/-г томилжээ.

9.4. Мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилох тухай №10/517 тогтоолоор Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, ...................................... тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Г.О /Сэлэнгэ эстимэйт ХХК/-г тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ. /хх-94-95/

9.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийг томилохдоо шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг шинжээчээс урьдчилан тодруулсан, эрх үүрэг, хууль тайлбарлах ажиллагааг зохих журмын дагуу явуулжээ. /хх 95-102/

9.6. Хөрөнгө эстимэйт ХХК, үнэлгээчин Б.Батзаяа нь Э.Х-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 7 хороо, .......................... тоот хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 695,421,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-103-118/

9.7. Тухайн хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010/ хуулийн 8, 9 дүгээр зүйлд нийцжээ.

9.8. Сэлэнгэ эстимэйт ХХК, үнэлгээчин Г.Отгонбаяр нь Э.О-ынөмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ....................дугаартай Баянзүрх дүүрэг, 16 хороо, ................................ тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 65,973,505 төгрөгөөр тогтоожээ. /хх-121-144/

 

9.9. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо орлогын хандлага, өртгийн хандлага, жишиг үнийн хандлагын аргуудыг хослуулан үнэлгээ гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010/ хуулийн 8, 9 дүгээр зүйлд нийцжээ.

 

10. Нэхэмжлэгч Э.Хнь дээр дурдсан хөрөнгийн үнэлгээнүүдийг эс зөвшөөрч, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үнэлсэн хугацаанаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш огцом өссөн, тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй этгээдүүд үнэлгээ хийсэн, мөн хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдүүд үнэлгээ хийсэн нь шинжээчийн хараат бус байх зарчмыг зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэгт үнэлгээг хийгээгүй, үнэлгээ хийхэд адил түвшний орон сууцтай харьцуулах ёстой байсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар эдгээр үйл баримт нотлогдоогүй гэж үзэв.

 

10.1. Учир нь хавтаст хэргийн 106, 146 дугаар талуудад үнэлгээ хийсэн Б.Батзаяа /2020.06.26/, Г.О /анх олгосон хугацаа 2011.12.13-2021.03.01/ нарын үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан, тусгай зөвшөөрөл нь олгогдсон хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилдэг болох нь тогтоогджээ.

 

10.2. Хариуцагч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдүүд үнэлгээ хийсэн нь шинжээч хараат бус байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй, шинжээч нарт холбогдох хуулийн дагуу эрх, үүрэг хууль сануулж үнэлгээ хийлгэх ажиллагааг гүйцэтгүүлжээ.

 

10.3. Э.Х-ынөмчлөлийн 179,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зөвхөн 136 м.кв талбайг үнэлсэн гэж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд маргасан боловч хөрөнгийн үнэлгээний тайланд 179,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тусгагджээ.

 

11. Нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэ ханш огцом өссөнтэй холбоотойгоор өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланг нотлох баримтаар гаргасан, уг үнэлгээний тайланд Э.О-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 97,940,000 төгрөгөөр, Э.Х-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгий үнэлгээг 914,164,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-164-212/

 

Энэхүү үнэлгээг үндэслэл болгон дахин үнэлгээг хийлгэхийг хүсч, Э.Хнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тус тус хандахад дахин үнэлгээ хийхээс татгалзсан хариу өгсөн нь хууль зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулна гэж маргасан боловч хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ.

 

11.2. Төлбөр төлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгөд анх хийгдсэн үнэлгээнээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн, төлбөр төлөгч нарын үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлсэн хөрөнгийн үнэлгээний үнэ ханшид тодорхой өөрчлөлт орсонтой холбоотойгоор тухайн баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан хэдий ч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг шууд зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм.

 

11.3. Учир нь нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайлан болон Хөрөнгө эстимэйт ХХК, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн тайлангуудыг харьцуулан үзэхэд сүүлд үнэлсэн үнэ, анх үнэлсэн үнийн зөрүүний хувьд 3/1-ээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна төлбөр төлөгч, авагч талуудын хүсэлтэд үндэслэн дахин үнэлгээ тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарч байна.

 

11.4. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлсэн гэсэн үндэслэлээр,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03/1722 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буцаасан тул хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж, төлбөр төлөгчийн дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангахгүй орхисныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

12. Иймд нэхэмжлэгч Э.Х, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Онарын гаргасан гомдлоор хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзэв.

 

13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Од хөрөнгө үнэлсэн талаарх мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мэдэгджээ./хх-150/

 

13.1. Э.Онь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, худалдан борлуулах 1 сарын хугацаа авахаас татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан болох нь тогтоогджээ. /хх-151/

 

13.2. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй атлаа үнэлгээний тайланг мэдсэнээс хойш 2 жил 6 сарын дараа шүүхэд тухайн асуудлаар хандаж байгаа нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

14. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, хөрөнгийн үнэлгээнд дахин үнэлгээ хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч Э.Х, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Онарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

15. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Р.Зыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №181/ШЗ2023/02946 захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн захирал Р.Зыг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ нэхэмжлэгчийн төлөөлөгч татгалзсан болохыг дурдав. /хх-2х-58/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгуулж дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай Э.Хын нэхэмжлэл, Э.О-ынөмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.О-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №181/ШЗ2022/08955 захирамжийн үйлчлэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД