Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01759

 

2023 09 15 210/МА2023/01759

 

Э.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/01947 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н газарт холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

гуравдагч этгээд Э.О-ын гаргасан дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01455 дугаар шийдвэрээр Э.Х, Ц.У нараас 398,708,827 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдпөх хөрөнгө, мөн Э.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***  дугаартай Баянзүрх дүүрэг, *** гудамж, *** тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Н газраас дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлалтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхарт 136 м.кв, 1 давхарт 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай бүхий үл хөдпөх хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр, мөн Э.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлалтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 65,973,505 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Миний зүгээс тухайн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулахаар 2020 оны 10 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн нэхэмжлэлийн дагуу Иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан магадлаж байгаад 2022 оны 05 сарын 27-ны өдрийн *** шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргаж, хэрэг маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Н газраас Э.Х-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг, мөн Э.О-ын өмчлөлийн эрхийн үл хөдлөх хөрөнгийг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Гуравдагч этгээд Э.О бие даасан шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Х нь Ц.У-тай хамтран 2018 оны 12 сарын 27-ны өдөр Х ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 350,000,000 төгрөгийг зээлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э.О миний өмчлөлийн *** дугаартай Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт байрлах 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Х нь миний төрсөн эгч тул тухайн үед зээлээ хугацаанд нь төлөөд байрыг чинь барьцаанаас чөлөөлчихнө гэхэд нь итгээд өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрсөн бөгөөд тухайн зээлсэн мөнгөнөөс огт аваагүй билээ. Гэтэл Э.Х нь зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс болж шүүхийн шийдвэрээр албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулахаар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд орон сууцыг 65,973,505 төгрөгөөр үнэлсэн талаар мэдэгдэхэд нь тухайн үнэлгээг зах зээлийн бодит ханшаас доогуур үнэлсэн байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Би өөрийн эгчид итгэн өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалуулсны улмаас өнөөг хүртэл сэтгэл санааны асар их дарамтад амьдарч байгаа бөгөөд одоо орон сууцаа зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр бусдад алдаж, өөрсдөө орон гэргүй болох нөхцөл байдалд хүрээд байна. Э.Х миний орон сууцанд Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 97,940,000 төгрөгөөр үнэлэгдсэн нь 2020 оны 10 сард С ХХК-ийн тогтоосон 65,973,505 төгрөгийн үнэлгээнээс даруй 48 хувиар өссөн болох нь тогтоогдсон байна. Иймд дээрх Э.О-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд дахин үнэлгээ хийхийг Н газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар Э.Х-аас 401,829,625 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Х-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 сарын 27-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор хураасан. Э.Х-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Э.О-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 09 сарын 18-ны өдрийн *** тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт танилцуулахад төлбөр төлөгч Э.Х, Ц.У нар эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 179,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 2 давхрын 136 м.кв талбай, 1 давхрын 43,6 м.кв талбайтай гол хаалга, хөлийн өрөө, шатны талбай үл хөдлөх хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ***  дугаартай, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 130,000,000 төгрөгөөр тус тус, өмчлөгч Э.О орон сууцыг 140,000,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилсон. Үнэлгээ нь хууль зөрчөөгүй, зохих журмын дагуу хийгдсэн тул дахин шинжээч томилон үнэлгээ хийлгэх боломжгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Х, гуравдагч этгээд Э.О нарын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК хариу тайлбартаа: Н газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хүрээнд барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураан, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө эстимейт ХХК болон С ХХК-ууд 2020 онд тогтоосон байх бөгөөд энэ хугацаанд хэрэг маргаан шийдвэрлэгдэхгүй өдий хүрсэн нь нэхэмжлэгч талаас шууд хамааралтай байх тул хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээж хэрэг маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д заасныг баримтлан Н газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай Э.Х-ын нэхэмжлэл, Э.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.2-т ...Хариуцагч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдүүд үнэлгээ хийсэн нь шинжээч хараат бус байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй... гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, маргааны үндэслэлээ нотлох зорилгоор гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх бодитоор үнэлж дүгнэхгүйгээр Н газрыг хамтран ажиллах гэрээ байгуулсан этгзэдүүдээр үнэлгээ хийлгэсэн нь тогтоогдоогүй, шинжээчийн хараат бус байх зарчмыг зөрчсөн гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэхгүйгээр гаргасан, үндэслэл муутай шийдвэр болсон.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.2-т ...Төлбөр төлөгч нарын үл хөдлөх эд хөрөнгөд анх хийгдсэн үнэлгээнээс хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн, төлбөр төлөгч нарын үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлсэн хөрөнгийн үнэлгээний үнэ ханшид тодорхой өөрчлөлт орсонтой холбоотойгоор тухайн баримтад үндэслэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасан хэдий ч дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг шууд зөрчсөн гэх үндэслэл болохгүй юм... гэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалт нь талуудын эрх тэгш байдлыг хангасан, төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалсан, төлбөр төлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэхээс сэргийлсэн чухал заалт бөгөөд Н газраас төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу дахин үнэлгээ хийлгэхээс ямар нэгэн байдлаар татгалзах эрх ямар нэгэн хуулиар олгогдоогүй билээ. Гэтэл шүүхээс төлбөр төлөгч мэргэжлийн үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэлгээний тайланг үндэслэж өөрийн хуульд заасан эрхийг эдлэхээр гаргасан дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг Н газар хүлээн авахаас татгалзсан нь төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, нэг талд давуу байдал олгосон хууль бус үйлдэл юм. Гэтэл шүүхээс Н газрын дээрх хууль зөрчсөн үйлдлийг илтэд зөрчин төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг орхигдуулан хэт нэг талд давуу байдал олгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна

6.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.3-т ...Учир нь нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан Х ХХК-ийн үнэлгээний тайлан болон Х ХХК, С ХХК-ийн хөрөнгийн тайлангуудыг харьцуулан үзэхэд сүүлд үнэлсэн үнэ, анх үнэлсэн үнийн зөрүүний хувьд 3/1-ээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна төлбөр төлөгч, авагч талуудын хүсэлтэд үндэслэн дахин үнэлгээ тогтоолгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарч байна.... гэжээ. Хөрөнгийн үнэлгээнүүдийг харьцуулан үзэхэд Э.Х-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 695,421,000 төгрөгөөс 914,164,000 төгрөг хүртэл 218,743,000 төгрөгөөр буюу 33,3 хувиар, харин Э.Оын үл хөдлөх хөрөнгө 65,973,505 төгрөгөөс 97,940,000 төгрөг хүртэл 31,967,000 төгрөгөөр буюу 48,4 хувиар өссөн болох нь тогтоогдсон. Гэтэл шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэн зөв, бодитоор үнэлэхгүйгээр дээрх байдлаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Э.О-ын өмчлөлийн *** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ***  тоот хаягт байрлах 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2020 оны 10 сарын 20 өдрийн Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу тухайн хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэхийг Н газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Н газар нь нийт 12 хөрөнгийн үнэлгээний компанитай хамтран ажиллах гэрээтэй байдаг. Гэрээний дагуу хөрөнгийн үнэлгээг хийхдээ тойргийн журмаар давтагдахгүйгээр үнэлгээг хийдэг. Э.Х нь үнэлгээтэй холбоотойгоор гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг 2020 онд гардуулж өгсөн бөгөөд одоог хүртэл төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдалтай байна. Төлбөр авагч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилж үнэлгээ хийлгүүлсэн. Тус үнэлгээ нь хуулийн дагуу хийгдсэн. Нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хамаарал бүхий үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн гэх агуулга бүхий гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээг хийх тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээ хийх шаардлага хангасан гэж үзэж 10 гаруй компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж тойргийн журмаар үнэлгээг хийлгэдэг. Үүнийг шууд хамааралтай этгээд гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талын үнэлгээ хийлгэсэн гэх Х ХХК нь Н газартай хамтран ажилладаг компаниудын нэг юм. Тус компаниудаас өөр компани сонгон шалгаруулах ёстой гэх хуулийн заалт байхгүй. 1/3-ийн өөрчлөлт орсон байхад ороогүй гэж үзэж байна гэх агуулгаар гомдол гаргасан. Тус асуудал нь нэхэмжлэгч талаас хамаарсан асуудал юм. Үнэлгээний мэдэгдэл гарснаас хойш 6 сарын дотор үнэлгээ хүчингүй болгох хэрэг маргаан үүсээд явсан. 6 сарын хугацаанд тус асуудлаа шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл юм. Тус үнэлгээнээс өндөр үнээр худалдах боломжтой гэж үзэж байвал өөрсдөө худалдаад төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э.Х нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 179.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд Э.О нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай бие даасан шаардлагыг,

тус тус хариуцагч Н газарт холбогдуулан гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжаар хариуцагч Э.Х, Ц.У нараас 401,129,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 179.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Э.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 57-61/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 08 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүгчийн захирамжид дурдагдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 сарын 27-ны өдөр, 2020 оны 09 сарын 18-ны өдөр тус тус битүүмжилж, 2020 оны 10 сарын 01-ний өдөр тус тус хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 10 сарын 09-ний өдөр шинжээчээр Х ХХК болон С ХХК-ийг тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх 64, 72-74, 77-78, 80, 81-83, 84-86, 93, 94/

Шийдвэр гүйцэтгэх байгууллага Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б, С ХХК-ийн үнэлгээчин Г.О нарт 2020 оны 10 сарын 09-ний өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, энэ талаар баримт үйлдсэн байна. /1хх 97-98, 100-102/

Улмаар, нэхэмжлэгч Э.Х-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 179.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Х ХХК 2020 оны 10 сарын 14-ний өдөр 695,421,000 төгрөгөөр, гуравдагч этгээд Э.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК 2020 оны 10 сарын 20-ны өдөр 65,973,505 төгрөгөөр тус тус үнэлжээ. /1хх 103-118, 121-148/

 

4.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гуравдагч этгээдүүдийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

Х ХХК-ийн үнэлгээчин Б.Б, С ХХК-ийн үнэлгээчин Г.О нар Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүд байх ба хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх 103-118, 121-148/

 

5.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:

5.1.  Н газраас Х ХХК, С ХХК-уудыг тус тус шинжээчээр томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан сүүлийн хоёр жилийн дотор хамтран ажиллаж байсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг үнэлгээчин хүлээн авахаас татгалзах тухай зохицуулалтыг зөрчөөгүй.

Учир нь, Н газар нь Х ХХК, С ХХК-уудтай Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар ашгийн төлөө хамтран ажилладаггүй бөгөөд хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотойгоор хамтран ажиллах гэрээ байгуулж, шинжээчээр томилсон байна.

Иймд энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

5.2.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулсан.

Гэсэн хэдий ч уг хугацаа нэхэмжлэгч Э.Х-ын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасны улмаас өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл, үнэлгээ гаргаснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан хугацаа өнгөрсөн явдалд шийдвэр гүйцэтгэх байгууллага буруугүй, уг хугацаа нэхэмжлэгчээс шалтгаалан өнгөрсөн байх тул дахин үнэлгээ хийлгэх үүргийг хариуцагч хүлээхгүй.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан дахин үнэлгээ тогтоолгох эсэх асуудал нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх хэмжээнд хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Иймд энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг мөн үндэслэлгүй гэж үзнэ.

 

6.   Нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс Х ХХК-аар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тус тусдаа үнэлүүлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Өмнө дурдсанчлан, Н газраас Х ХХК, С ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн, Х ХХК, С ХХК-ийн тус тус гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийг зөрчөөгүй тул Х ХХК-ийн гаргасан тайланг үндэслэн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлагыг хангах боломжгүй. /1хх 164-189, 190-212/

 

7.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тодруулсан найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/01947 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.7-д зааснаар хариуцагч Н газарт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 179.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 695,421,000 төгрөгөөр үнэлсэн Х ХХК-ийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.Х-ын нэхэмжлэлийг, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг даалгах тухай гуравдагч этгээд Э.О-ын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...7.1.2-т... гэснийг ...7.1.4-т... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Х-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР