Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02074

 

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2023/02074

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М,

 

Нэхэмжлэгч: М.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З Т М ХХК-д холбогдох,

 

Аялал жуулчлалын гэрээнээс татгалзаж, 21,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид гэр бүлийн хамт 2022 оны 07 сарын 15-ны өдөр З Т М ХХК-тай Аялалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 2022 оны 07 сарын 20-ноос 07 сарын 27-ны өдөр Вьетнам улсад аялах 3 том хүн(13,800,000 төг), 2 хүүхэд (7,980,000 төг)-ийн нийт зардал 21,780,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 07 сарын 16-ны өдөр 6,780,000 төгрөгөөр хуваан шилжүүлсэн. Манай гэр бүл гэрээний 6.1 ба 6.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, 2022 оны 07 сарын 19-ний өдөр ковид-19 цар тахал өвчнөөр өвдсөн талаар шинжилгээ гарсан даруйд аялал зохион байгуулагч талд мэдэгдэж, түр хойшлуулах боломжтой эсэхийг тодруулахад ковидын хорио цээр цуцлагдсан тул хойшлуулах шаардлагагүй гэж мэдэгдэж, бид товлосон хугацаандаа явахаар болсон. Гэвч аялал зохион байгуулагч нь тус өдрийн орой бидэн рүү утсаар дахин ярьж бидний аялалыг хойшлуулъя гэж мэдэгдсэн бөгөөд дараагийн 7 хоногт буюу 2022 оны 07 сарын 27-ний өдрийн товлогдсон аялалаар явуулахаар тохиролцсон. Гэвч тэр аялал цуцлагдсан нь өөр аялал зохион байгуулагч этгээдээс шалтгаалж байгааг бидэнд хэлсэн. Бидний аялалаар явах эсэх нь 100 хувь өөр этгээдээс шалтгаалж байгаа талаар үүнээс хойш бидэнд тайлбарлаж байсанхамгийн сүүлд уулзахад 2022 оны 11 сард явуулна гэж амласан. Үүний дагуу тодруулахаар утсаар ярьж холбогдоход биднийг гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай мэтээр хэлж, явуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Аялал зохион байгуулагч тал өөр этгээдээс хамааралтай эрсдлийг бидэнд даатгаж, бидний аялалыг хойшлуулах шийдвэр гаргасан хэрнээ биднийг цар тахал өвчин туссанаа гэрээний дагуу мэдэгдэж, хойшлуулах боломжтой эсэхийг тодруулсныг буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Бид энэ хугацаанд зөвхөн аялал зохион байгуулагч талын зөвлөмж, шийдвэрийг хүндэтгэн дагаж байсны эцэст буруутан болж, аялалд явах боломжгүй болж хохирсон. Бидний төлсөн мөнгөний нэг ч төгрөг үрэгдээгүй буюу нисэх үйлчилгээ үзүүлэгч байгууллагад бидний нэр дээр билет бичигдэж шилжээгүй байх магадлал маш өндөр байгааг тухайн үед онгоцны нислэг хийгдээгүйгээс харж болохоор байгаа юм. Иймд, аялал зохион байгуулагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж Үйлчилгээ үзүүлэх гэрээний дүнд нийт шилжүүлсэн 21,780,000 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 6 дугаар сарын 20 нд Ю-Т ХХК-ийн захирал У болон Менежер Х нар З Т М ХХК-ийн захирал Б.Отэй холбогдож Вьетнамын чиглэлд Хүннү Эйр авиа компанийн чартер нислэг авч байгаа тухай танилцуулж, энэ чиглэлийн аялалд хамтран хүн бүрдүүлэх хүсэлт тавьсан. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй компаниуд нийлж жуулчин бүрдүүлэх нь хэвийн бизнес бөгөөд Чартер нислэгт хэдэн ч компани нийлж хүнээ бүрдүүлэх хэлэлцээр нь нээлттэй байдаг. 2022 оны 7 сарын 01-нд Ю Т ХХК-ийн захирал У дахин бидэнтэй холбогдож, ярилцаж тохиролцсоноор хэлэлцээрт хүрч манай талаас зөвшөөрч Вьетнамын аялалын чиглэлд хамтарч хүн бүрдүүлэхээр тохиролцсон. 2022 оны 7 дугаар сарын 20-ны Вьетнамын аялалд манай компани дээр Б.М нар бүртгүүлж аялагчид аяллын гэрээг хийж төлбөрийг 2 хувааж 7/16, 6,780,000 төгрөг, 7/18-нд 15,000,000 төгрөгийг тус тус манай байгууллагын шилжүүлсэн. Ингээд 7/1-нд 6,700,000 төгрөгийг, 7/18-нд 13,180,000 төгрөгийг тус тус Ю Т ХХК-д шилжүүлсэн. 7 сарын 19-нд М.М бидэнтэй холбогдож бид Ковид туссан гэж мэдэгдсэн. Тухайн үед 2022 оны 7-р сарын сүүл үе нь Ковид өвчин давагдашгүй хүчин зүйл заалтаас аль хэдийн гарч, хорио цээрийн дэглэм журам дууссан байсан тул тэдэнд шууд ямар нэг аргаар аялалдаа яваад ирэх боломж байна уу? Ковид хорио цээрийн журмаас хасагдсан тул халуунтай ч, өвчтэй ч байсан хил дээр шалгах, халуун үзэх, хорих цагдах ямар ч асуудал байхгүй, мөн давагдашгүй хүчин зүйлд багтахаа больсон тул чартер нислэгийн тийз цуцлах буцаах боломжгүй, хатуу нөхцөлтэй байдаг учир тийз хүчингүй болно гэж хэлсэн. М.М нөхөртэйгээ ярилцъя гэсэн. Ут манай 5 жуулчин ковид туссан талаар мэдэгдэхэд мөн адил хорио цээрийн дүрэм журам байхгүй болсон учир яваад ирмээр байна гэж хэлсэн учир бид дахин ярилцаад ямар ч байсан явуулья даа гэдэг байр суурин дээр тогтсон. Гэтэл орой 20 цагийн орчим аялагч М.М холбогдож бид 9 сард ковид туссан, маш хүндээр туссан, эмнэлэгт сэхээнд байсан, манай нөхөр суурь өвчтэй бамбайтай, мөн зүрх нь их муу юм гэсэн. Үүнд захирал О бид хоорондоо дахин ярилцаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Шууд У рүү залгаж жуулчны хэлсэн үгийг дамжуулахад дараагийн хуваарьт аялалаар нь явуулъя гэсэн. Тухайн үед манай талаас шийдвэр гаргах ямар ч боломжгүй тул Уийн шийдвэрийг дагахаас өөр арга байгаагүй. Учир нь бид нислэгийн компанитай гэрээ хийгээгүй, бидний харилцагч биш учираас дараагийн нислэгт шилжүүлнэ, шилжүүлэхгүй гэж хэлэх ямарч үндэслэл бидний хувьд байхгүй. Уийг дараагийн аялалаар явуулж өгье гэж байхад Үгүй гэж бид хэлэх боломжгүй. Уийн шийдвэрийг хүндэтгэж, М.Мтэй холбогдож дараагийн хуваарьт аялалд явуулах талаар хэлснийг дамжуулсан. Үүнээс 2 хоногийн дараа Ю Т ХХК-ийнменежер Хтай ярихад 7/28-ны нислэг цуцлагдсан, Хүннү Эйр нисэх боломжгүй болсон гэж мэдээлсэн болохоор захирал У рүү ярьсан. Тэр хэлэхдээ Хүннү эйр тэдний компанийн хооронд асуудал үүссэн, Хүннү эйр гэрээний үүргээ биелүүлэхгүй нисэх боломжгүй боллоо, тэгэхээр 8 сард нислэг байхгүй 9 сараас эхлээд ниснэ тэр үед хуваарь гарахаар нь танай 5 хүнийг явуулж өгье гэж мэдэгдсэн. 8-р сар Вьетнамын цаг агаар нь аялахад тохиромжгүй улирал нь байсан учир бүх аяллын компанийн Вьетнам аялалууд зогссон байсан. Бид үүнийг жуулчиддаа тайлбарлаад хамтдаа 9 сар хүртэл хүлээхээр шийдсэн. 9 сар болж Утэй холбогдоход Вьетнамын нислэг гараагүй, 11 сараас бүх аялалууд гараад жигдэрээд ирнэ. Танай 5 хүн заавал Вьетнам биш өөр тийшээ ч явж болно гэж хэлсэн. Энэ хугацаанд бид Утэй байнгын холбоотой байсан. 10-р сард Б.М эхнэрийн хамт манай оффист ирж уулзахад бид Ю Т ХХКкомпани рүү аяллын төлбөр шилжүүлсэн баримт болон Ю Т ХХКкомпанийн нэхэмжлэх зэргийг үзүүлж тайлбарлаад одоо Ю Т ХХКкомпанийн аяллын хуваарь гарахыг хүлээнэ, тэдний аяллын хуваарь гарангуут та хэдийг тэд аялалдаа хамруулна гэж хэлсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Тэд ойлгоод хүлээе гэсэн. 10 сарын 16-нд Утэй холбогдоход манайх жигдрээгүй байна, нислэг аваагүй, аяллын хуваарь гараагүй байна, түр хүлээ, яаж ийгээд явуулаад өгье гэж байхад яаруулаад яг хэзээ гээд байж болохгүй шүү гэсэн. Тэгэхээр нь аяллын хуваарь чинь гараагүй бол хэзээ гэдэг нь тодорхойгүй бол 5 жуулчны мөнгийг нь гаргаад өгөх боломж байна уу гэхэд мөнгө гаргах боломжгүй харин аяллын хуваарь гарахаар л хэлье гэсэн. Үүний дараа 2022 оны 11 сарын 14-нд жуулчин Б.М бидэнтэй холбогдож биднийг хаашаа ч хамаагүй явуулаад өгөөч гэсэн. Манай дансанд танай мөнгө байсан бол та нарыг аялалд хамруулахад ямар ч асуудал байхгүй. Одоо Ю Т ХХКкомпанийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй байдалд орсон талаар хэлсэн. Бид бас хохирогч болж байгаа бөгөөд байнгын Ю трэйвэлтэй холбогдож манай 5 хүнийг явуулах талаар үргэлж хэлж, холбогдож санаа зовсоор байгаа, тухайн үед та нар ковид тусаагүй аялалдаа явсан байсан бол, та нар ч ийм байдалд орохгүй, бид ч бас ийм хүнд нөхцөлд орохгүй байх байсан гэдгийг бас ойлгоорой гэж хэлсэн. Бидний зүгээс манай 5 хүнийг аялалд хамруулаад өгөөч ээ гэж Уээс маш их гуйж байсан. У хэлэхдээ өөрсдөө ковид тусчихаад тэгээд ямар ч байсан явуулаад өгье гэж байхад яагаад хүлээж болдоггүй юм бэ гэж хэлж байсан удаа бий. 11-р сарын сүүлээс эхлээд Ю Т ХХКутсаа авахаа больсон. Ажлын байр нь цоожтой байдаг болсон. Манай тал адилхан хохирогч бөгөөд энэ 5 аялагчийн мөнгийг аваад өгчих юмсан эсвэл аялалд явуулчих юмсан гэсэн сэтгэлээр байнгын харилцаа холбоо үүсгэж, шаардаж, гуйж төрөл бүрээр харьцаж байгаа. Аялал эхлэхийн өмнө жуулчид өөрсдөө ковид тусч хуваарьт аялалд хамрагдаж чадаагүй гэдэг шалтгаантай учир бид Ю Т ХХКээс гарах шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй болсон гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.М, М.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, аялал жуулчлалын гэрээ, Н.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Аын төрсний гэрчилгээний хуулбар, М.Эий төрсний гэрчилгээний хуулбар, Б.Мийн хаан банкны дансны хуулга, М.Мийн хаан банкны дансны хуулга, Б.Мийн тайлбар,

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, жуулчин илгээх тур оператор ангиллын гэрчилгээ, Б.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, З Т М ХХК-ийн хаан банкныы дансны хуулга, аялал жуулчлалын гэрээ, аяллын захиалгын хуудас, шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэх /хуулбараар/, Б.Мт олгосон итгэмжлэл, А М ХХК-ийн тодорхойлолт /хуулбараар/, З Т М ХХК -ийн фэйсбүүкт байршуулсан мэдээлэл, фото зураг /хуулбараар/

 

Шүүгчийн захирамжаар: Хүннү эйр ХХК-ийн №Б-23/130 дугаартай албан бичиг, Аеро монголиа ХХК-ийн №1/23-385 дугаартай албан бичиг, №АМ2022/11 дугаартай захиалгат нислэгийн гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Б.М, М.М нар нь хариуцагч З Т М ХХК-д холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Аялал жуулчлалын гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 21,780,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.2. Нэхэмжлэгч Б.М, М.М нар гэр бүлийн хамтаар буюу өөрсдийн гурван хүүхдийн хамт Бүгд Найрамдах Вьетнам Улсад 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар аялах зорилгоор З Т М ХХК-тай харилцан тохиролцож, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулж, гурван том хүн, хоёр хүүхдийн төлбөрт нийт 21,780,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Аялал зохион байгуулагдах өдрийн өмнөх өдөр нь Б.М ковид туссан болохыг мэдсэн, улмаар хариуцагчид энэ талаар даруй мэдэгдэхэд ковидтой холбоотой үүссэн хориг цуцлагдсан тул санаа зовох зүйлгүй, гэсний дагуу аялалд гарахаар бэлдэж байсан боловч зохион байгуулагчаас эргэж холбогдоод 7 хоногоор аялалыг хойшлуулахаар болсон талаар хэлсэн тул хүлээн зөвшөөрсөн. Гэвч төлөвлөгөө ёсоор аялал зохион байгуулагдаагүй хойшилсон, үүнээс хойш удаа дараа аялал шалтгаангүйгээр хойшилсон, дахин дараагийн аялалд хамруулна гэж найдсаар олон удаа хойшилсон, улмаар цаашид аялал зохион байгуулагдах, бид гэрээний дагуу аялалд хамрагдах боломжгүй болсон нь илт болсон, З Т М ХХК нь өөрөө бие даан аялал зохион байгуулдаггүй болохыг мэдсэн тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөн төлбөрийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч З Т М ХХК нь нэхэмжлэгч нартай гэрээний харилцаанд орсон, гэрээний дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийг бүрэн хүлээн авсан талаар маргаагүй боловч, тухайн мөнгөн төлбөрөөс 19,880,000 төгрөгийг аялалын үндсэн зохион байгуулагч Ю Т ХХК-д шилжүүлсэн, бид зөвхөн Ю Т ХХК-ийн төлөвлөгөөт аялалд явах жуулчдыг олж, нийлүүлэх үүргийг хэрэгжүүлж байсан тул төлөвлөгөөт өдрөөс хойшхи жуулчдыг хэзээ, хаашаа явуулах асуудлыг огт мэдэхгүй байсан, мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нар ковид туссаны улмаас төлөвлөгөөт аялалд явж чадаагүйгээс шалтгаалан гэрээний дагуу аялагчдыг явуулахад саад учирсан, улмаар гол аялал зохион байгуулагч Ю Т ХХК-ийн боломж, бололцоог хүлээхээс өөр арга зам байгаагүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргажээ.

4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

5. Нэхэмжлэгч Б.М, М.М нар нь өөрсдийн гурван хүүхдийн хамт, гэр бүлээрээ Бүгд Найрамдах Вьетнам Улсад 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаатай аялах зорилгоор З Т М ХХК-тай харилцан тохиролцож, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулжээ.

5.а. 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлөөр аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны хүсэлтээр урьдчилан тохирсон аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэх, жуулчин нь үйлчилгээ авсны төлөө хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-т заасан Аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5.б. Аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчинд аялал жуулчлалын үйлчилгээг тээвэрлэгч, зочид буудал, зоогийн газар, амралт сувилал, музей, үзвэрийн газар гэх мэт бусад үүрэг гүйцэтгэгчээр дамжуулан гүйцэтгүүлэх, мөн аялалын үнэд жуулчны зорчих тээврийн хэрэгсэл, зочид буудал, хоол, даатгалын хураамж, хөтчийн үйлчилгээ, аялалын хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээ, үйл ажиллагааны зардал зэрэг багтсан болохыг гэрээний 3.4-т тусгажээ.

5.в. Мөн гэрээний 4.1-т зааснаар аялал жуулчлал зохион байгуулагдах газар болон хугацааг талууд тохирсон байх ба Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдөр аялал дуусах хүртэл хугацаанд Б.М, М.М, М.Н, М.А, М.Э нарын жуулчдын аялалыг З Т М ХХК зохион байгуулахаар, гэрээний 3.3-т зааснаар нэг том хүний аялалын үнийг 4,600,000 төгрөг буюу 3х4,600,000=13,800,000 төгрөг, нэг хүүхдийн аялалын үнийг 3,990,000 төгрөг буюу 2х3,990,000=7,980,000 төгрөгөөр харилцан тохирч, нийт 21,780,000 төгрөгийн төлөх үүргийг нэхэмжлэгч нар бүрэн биелүүлжээ.

6. Аялал болохоос 1 хоногийн өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.М нь ковидийн халдвар авсан боловч нэн даруй аялал жуулчлал зохион байгуулагчид мэдэгдэхэд цар тахлаас шалтгаалсан хорио цээрийн дэглэм буурсан учир төлөвлөгөөт аялалд явахад саадгүй гэснийг нь үндэслэн аялалдаа гарахаар бэлдсэн, гэвч 7 хоногоор аялалыг хойшлуулсан гэж зохион байгуулагчаас тухайн өдөр нь эргэж мэдэгдсэн тул хүлээн зөвшөөрсөн, улмаар 7 хоногийн дараах аялал цуцлагдсан гэсэн шалтгаанаар явж чадаагүй, үүнээс хойш хариуцагчаас аялалыг зохион байгуулахыг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлажээ.

7. Хариуцагч байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжтой байсан хэдий ч нэхэмжлэгч ковид туссантай холбоотойгоор тухайн өдрийн аялалд явахыг зөвшөөрөөгүй зэрэг учир шалтгааны улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй хугацаа хоцорсон, мөн үндсэн аялал жуулчлалыг зохион байгуулагч Ю Т ХХК нь тухайн 5 жуулчны төлбөрийг шилжүүлж авсан атлаа зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх тайлбарыг гаргасан хэдий ч жуулчдыг буюу нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.

8. Учир нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн Б.М нартай байгуулсан Аялал жуулчлалын гэрээг З Т М ХХК байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул энэхүү гэрээнд заасан эрх, үүргийг З Т М ХХК хариуцах үүрэгтэй, нэхэмжлэгч нар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

9. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нар ковид туссанаас шалтгаалан, жуулчдын хувийн зохион байгуулалтын асуудлаас буюу тэдгээрийн буруугаас болж аялалд явж чадаагүй гэдэг үндэслэлээр хариуцагч маргаж байгаатай холбоотойгоор зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогджээ.

9.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мээс өөрийн татгалзлаа нотлох зорилгоор хамтран ажилладаг, аялалын гол зохион байгуулагч Ю Т ХХК-ийн ээлжит аялал 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн эсэх талаарх баримтыг Хүннү айр ХХК, Аеромонголиа ХХК-иас шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж нотлох баримтыг бүрдүүлсэн. /хх-82/

9.б. Ю Т ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хүннү эйр ХХК-тай Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд 2022 оны 7 дугаар сарын 06, 13, 20, 27-ны өдрүүдэд 4 удаагийн нислэг үйлдүүлэх гэрээ хийсэн, улмаар 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн нислэгийн төлбөр 62,000 ам.долларыг шилжүүлэх үүргээ Ю Т ХХК биелүүлээгүй тул тухайн өдрийн нислэг цуцлагдсан, Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээгүй болохыг тодорхойлж, Хүннү эйр ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б-23/130 албан бичгийг шүүхэд ирүүлжээ. /хх-97/

9.в. Аэромонголиа ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Круиз тур Монголиа ХХК-тай захиалгат нислэгийн гэрээ байгуулсан, Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нислэг үйлдсэн боловч Ю Т ХХК-ийн аялал хийгдсэн талаарх баримт тус хуулийн этгээдэд хадгалагдаагүй талаар 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №1/23-385 албан бичгээр тодорхойлолт ирүүлжээ. /хх-98-104/

Тус байгууллагын албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтаас дүгнэхэд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдээгүй болох нь тогтоогджээ.

10. Иймд зохигчдын хооронд 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Аялал жуулчлалын гэрээний 4.1-т заасан аялал жуулчлал зохион байгуулагдаж эхлэх хугацаа буюу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нь Улаанбаатар-Ханой чиглэлд Хүннү эйр ХХК болон Аэромонголиа ХХК нь Ю.Трэйвэл ХХК, З Т М ХХК-ийн захиалгаар, хоорондын гэрээний дагуу нислэг огт хийгээгүй байна.

10.б. Аэйро монголиа ХХК нь Круиз тур монголиа ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нислэг үйлдсэн байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан аялал зохион байгуулж эхлэх хугацаа болох 7 дугаар сарын 20-ны өдөртэй шалтгаант хамааралгүй байна.

10.в. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийж бэхжүүлсэн З Т М ХХК-ийн албан ёсны нүүр номын олон нийтэд нээлттэйгээр 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нийтэлсэн постонд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Вьетнам, Фукуок аялалын талаар танилцуулга авагдсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан аялал зохион байгуулж эхлэх хугацаа болох 7 дугаар сарын 20-ны өдөртэй ямар ч хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэхээр байна.

11. Дээр дурдсан үндэслэлүүдээр З Т М ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан аялал жуулчлалын гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-н өдрийг дуусах хүртэлх хугацаанд Улаанбаатар-Ханой-Улаанбаатар чиглэлд ямар ч аялал анхнаасаа зохион байгуулаагүй, улмаар хариуцагчаас аялагчдын төлбөрийн зохих хэсгийг хүлээн авсан үндсэн зохион байгуулагч Ю Т ХХКХХК нь мөн уг чиглэлд аялал зохион байгуулаагүй болох нь нотлогджээ.

12. Иймд нэхэмжлэгч нар нь гэрээний үүрэг хэрэгжээгүйд ямар ч гэм буруугүй бөгөөд хариуцагч талд шилжүүлсэн 21,780,000 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор буцаан шаардах эрхтэй.

13. Түүнчлэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй юм.

14. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч З Т М ХХК-иас 21,780,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, М.М нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

15. Хариуцагч З Т М ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Мийг томилсон боловч 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр товлосон шүүх хуралдаанаас өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь өөрөө итгэмжлэлээсээ татгалзсантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, мөн төлөөлөгчийг татгалзсантай холбоотойгоор З Т М ХХК-ийн гүйцэтгэх захирлаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар хойшлуулжээ.

 

16. Б.М, М.М нарын нэхэмжлэлтэй, З Т М ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр товлон зарлаж, шүүх хуралдааны товыг 6 дугаар сарын 02-ны өдөр, мөн 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Од тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч З Т М ХХК-иас 21,780,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, М.М нарт олгогусай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М, М.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З Т М ХХК-иас 266,850  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, М.М нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД