Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01742

 

2023 09 11 210/МА2023/01742

  

Б.М, М.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02074 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М, М.М нарын нэхэмжлэлтэй, хариуцагч З ХХК-д холбогдох, 21,780,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, М.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Бид гэр бүлийн хамт 2022 оны 07 сарын 15-ны өдөр З ХХК-тай аялал жуучлалын гэрээ байгуулж, 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаагаар Вьетнам улсад аялах 3 том хүн, 2 хүүхдийн аяллын зардалд 2022 оны 07 сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 16-ны өдөр 6,780,000 төгрөг, нийт 21,780,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай гэр бүл гэрээний 6.1, 6.2-т заасан үүргээ биелүүлж, 2022 оны 07 сарын 19-ний өдөр Ковид-19 цар тахал өвчнөөр өвдсөн талаар мэдэгдэж, түр хойшлуулах боломжтой эсэхийг тодруулахад ...Ковидын хорио цээр цуцлагдсан тул хойшлуулах шаардлагагүй... гэж мэдэгдэж, бид товлосон хугацаандаа явахаар болсон. Гэвч аялал зохион байгуулагч нь тус өдрийн орой утсаар дахин ярьж ...бидний аяллыг хойшлуулъя... гэж мэдэгдсэн бөгөөд 2022 оны 07 сарын 27-ны өдрийн товлогдсон аяллаар явуулахаар тохиролцсон. Гэвч тэр аялал цуцлагдсан нь өөр аялал зохион байгуулагчаас шалтгаалж байгааг бидэнд хэлсэн. Иймд аяллын зардалд шилжүүлсэн нийт 21,780,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2022 оны 06 сарын 20-ны өдөр Ю ХХК-ийн захирал Н.У болон менежер М.Х нар З ХХК-ийн захирал Б.О-тэй холбогдож Вьетнамын чиглэлд Х компанийн чартер нислэг авч байгаа тухай танилцуулж, энэ чиглэлийн аялалд хамтран хүн бүрдүүлэх хүсэлт тавьсныг манай талаас зөвшөөрч Вьетнамын аяллын чиглэлд хамтарч хүн бүрдүүлэхээр тохиролцсон. 2022 оны 07 сарын 20-ны өдрийн Вьетнамын аялалд манай компани дээр Б.М нар бүртгүүлж аялагчид аяллын гэрээг хийж төлбөрийг 2 хувааж буюу 2022 оны 07 сарын 16-ны өдөр 6,780,000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус манай байгууллагын дансанд шилжүүлсэн. 2022 оны 07 сарын 19-ний өдөр М.М бидэнтэй холбогдож Ковид-19 туссан талаар мэдэгдсэн бөгөөд өвчтэй байсан, халуурсан ч хил дээр асуудалгүй, мөн энэ нь давагдашгүй хүчин зүйлд багтахаа больсон тул чартер нислэгийн тийз цуцлах, буцаах боломжгүй, хатуу нөхцөлтэй байдаг учир тийз хүчингүй болохыг хэлсэн. Бид ч ярилцаад ямар ч байсан явуулъя гэж тохиролцсон. Ю ХХК-ийн менежер М.Х-тай ярихад 2022 оны 07 сарын 28-ны өдрийн нислэг цуцлагдсан, Х нисэх боломжгүй болсон гэж мэдээлсэн болохоор захирал Н.У рүү ярьсан. Тэр хэлэхдээ ...Х тэдний компанийн хооронд асуудал үүссэн, Х гэрээний үүргээ биелүүлэхгүй, нисэх боломжгүй боллоо, тэгэхээр 08 сард нислэг байхгүй 09 сараас эхлээд ниснэ, тэр үед хуваарь гарахаар нь танай 5 хүнийг явуулж өгье... гэж мэдэгдсэн. Ингэсээр 10 сар гарч, Ю ХХК-тай дахин холбогдож ...жуулчны мөнгийг нь гаргаад өгөх боломж байна уу... гэхэд ...мөнгө гаргах боломжгүй харин аяллын хуваарь гарахаар л хэлье... гэсэн. Үүний дараа 2022 оны 11 сарын 14-ний өдөр жуулчин Б.М бидэнтэй холбогдож биднийг хаашаа ч хамаагүй явуулаад өгөөч гэсэн. Бидний зүгээс манай 5 хүнийг аялалд хамруулаад өгөөч ээ гэж Н.У-ээс маш их гуйсан. Улмаар 11 сарын сүүлээс эхлээд Ю ХХК утсаа авахаа больж, ажлын байр нь цоожтой байдаг болсон. Манай тал адилхан хохирогч бөгөөд энэ 5 аялагчийн мөнгийг аваад өгчих юмсан эсвэл аялалд явуулчих юмсан гэсэн сэтгэлээр байнгын харилцаа холбоо үүсгэж, шаардаж, гуйж төрөл бүрээр харьцаж байгаа. Аялал эхлэхийн өмнө жуулчид өөрсдөө Ковид-19 тусч хуваарьт аялалд хамрагдаж чадаагүй гэдэг шалтгаантай учир бид Ю ХХК-аас гарах шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй болсон гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч З ХХК-аас 21,780,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М, М.М нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М, М.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-аас 266,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М, М.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Б.О миний бие 2023 оны 04 сарын 05-ны өдөр Б.М-т шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М нь өөрөө итгэмжлэлээсээ татгалзсан болохыг шүүхээс мэдэгдсэн. Үүний дагуу компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар С.Ө-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Гэтэл С.Ө нь шүүхэд уг итгэмжлэлийг өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байсан байна. Гэтэл шүүхээс надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлэхгүйгээр 2023 оны 06 сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим, талуудын тэгш байдлыг хангаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаан удаа дараа хариуцагч нарын хүсэлтээр хойшилж байсан. 2023 оны 06 сарын 23-ны өдөр итгэмжлэл өгөөгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нь шүүх хуралдаанд товлосон цагаас хоцорсон тул шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй хэмээн хариуцагч талыг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Иймд хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн оролцогчийг мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Б.М, М.М нар хариуцагч З ХХК-д холбогдуулан 21,780,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Ю ХХК-тай хамтран Вьетнамын аялалд хүн бүрдүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нар Ковид туссан гэсэн шалтгаанаар өөрсдөө Вьетнамын аялалд яваагүй, нэхэмжлэгч нараас төлсөн мөнгийг Ю ХХК руу шилжүүлсэн, Ю ХХК-ийн захирал утсаа авахгүй алга болсон, манай компани ч мөн хохирсон... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 21-25/

 

3.   Талууд 2022 оны 07 сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр З ХХК нь Б.М, М.М, М.Н, М.А, М.Э нарт жуулчлалын үйлчилгээ үзүүлэх буюу 2022 оны 07 сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар Ханой чиглэлд аялал зохион байгуулах, Б.М, М.М нар үйлчилгээний хөлс 21,780,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 5-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлж 2022 оны 07 сарын 16-ны өдөр 6,780,000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 15,000,000 төгрөг, нийт 21,780,000 төгрөгийг хариуцагч З ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5058493774 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 26/

 

5.   Анхан шатны шүүх зохигчдын тайлбарт үндэслэн Б.М нь Ковид туссан шалтгаанаар 2022 оны 07 сарын 20-ны өдөр гэр бүлээрээ аялалд гарах боломжгүй болсон тухайгаа З ХХК-д мэдэгдсэн, үүний дагуу дараа зохион байгуулагдах аялалд хамруулахаар тохиролцсон, улмаар Х компани нислэг үйлдэх боломжгүй шалтгаанаар 2022 оны 07 сарын 28-ны өдрийн нислэг цуцлагдсан, З ХХК нь 2022 оны 11 сарын аялалд хамруулна гэсэн боловч нэхэмжлэгч нар аялалд хамрагдаагүй үйл баримтыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

6.   Иймд хариуцагч З ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, талууд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгч нар аялал жуулчлалын гэрээг цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

7.   Өмнө дурдсанчлан, нэхэмжлэгч нар гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч З ХХК-аас буцаан гаргуулахаар шаардсан нь зөв.

Хариуцагч З ХХК-аас 2022 оны 07 сарын 16-ны өдөр 6,700,000 төгрөг, 2022 оны 07 сарын 18-ны өдөр 13,180,000 төгрөгийг тус тус Ю ХХК-ийн менежер гэх М.Х-гийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн үйл баримт маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. /хх 31-32/

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар З ХХК-тай гэрээ байгуулж, түүний өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн тул З ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зүйд нийцнэ.

 

8.   Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

8.1. Хариуцагч З ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.М-ийг томилсон боловч Б.М нь уг итгэмжлэлээс хожим татгалзсан; /хх 69-70, 108/

8.2. Улмаар, хариуцагч З ХХК нь шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухайгаа шүүхэд мэдэгдсэн; /хх 109-110/

8.3. Үүний дагуу шүүхээс 2023 оны 06 сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч З ХХК-ийн захирал Б.О-д 2023 оны 05 сарын 31-ний өдөр мэдэгдэж, 2023 оны 06 сарын 22-ны өдөр дахин сануулжээ. /хх 116, 117/

Иймд хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх бөгөөд хариуцагч компанийн дотоод зохион байгуулалтын асуудал нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул холбогдох давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 181/ШШ2023/02074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч З ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 26-ны өдөр төлсөн 226,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР