Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02151

 

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/02151

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М К ХХК-д холбогдох,

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 11 дүгээр сард хариуцагч М К ХХК-д ажилд орсон бөгөөд тус компанид тасралтгүй 14 жил ажилласан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн М К ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 835 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан, 7 дугаар сарын 18-ны өдөр намайг тус тушаалтай танилцуулсан. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4; 80.1.5 болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны ХГ-М-21-2230 тоот Хөдөлмөрийн гэрээний 5.1.2; 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн байх бөгөөд Тушаах хэсгийн 1-т "... албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн өөрийн бичгээр гаргасан тайлбар, мэдүүлэг, бусад холбогдох баримт зэргээр тогтоогдсон тул ... гэсэн. Гэтэл миний хувьд С Э ХХК-тай гэрээ байгуулахад нөлөө үзүүлээгүй, тус хуулийн этгээдтэй ашиг сонирхлын зөрчилгүй, уг асуудалд хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн М К ХХК-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй болно. Би М К ХХК-ийн Корпорацийн стратеги удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны Төслийн менежер албан тушаалтай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой байдаг бөгөөд 835 тоот тушаал нь үүнтэй нийцэхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ХГ-М-21-2230 тоот Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-т заасан албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, ажил олгогчийн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан болон ажил олгогчид хохирол учруулсан гэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг гаргаагүй тул маргаан бүхий нөхцөл байдал нь гэрээний 5.1.2, 5.1.4-т заасантай нийцээгүй. М К ХХК-ийн Дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталсан, тэгш оролцоогоор хангаагүй бөгөөд Дотоод аудитын алба уг асуудалд хараат бус, үл итгэх байр сууринаас хандаагүй. Тушаалд дурдсан дээрхи зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хариуцагч М К ХХК нь тус дүгнэлтийг надад танилцуулаагүй. Иймд М К ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, НДШ, ЭМДШ-ийг хариуцагчаар нөхөн төлүүлж, НДШ, ЭМДШ-ийн дэвтэрт хийлгүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжпэгч нь Корпорацийн стратеги удирдлагын газрын Төслийн удирдлагын албаны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, компаниас хүлээлгэсэн итгэл найдварыг хувийг ашиг сонирхолдоо урвуулан ашигласан болох нь тогтоогдсон.Тодруулбал Э.Э нь тус албан тушаалд ажиллаж байхдаа М К ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан. Өөрөөр хэлбэл М К ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар С Э ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан.С Э ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М К ХХК-д ажиллаж байсан Г.А, Э.Э, Ж.Энар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн болох нь тогтоогдсон.Түүнчлэн Э.Э нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д.Т, Ж.Энь өөрийн багын найз А.Бат-Аг, Г.А нь өөрийн хамаатан болох З.Д нарын нэр дээр С Э ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компаниа ашиглаж М К ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулуулж хувийн ашиг сонирхолдоо ашигласан, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Компанийн итгэл, найдварыг хувьдаа ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, хувьдаа ашиг олж, компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс Э.Эад итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Иймд нэхэмжлэгч Э.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.Э нь М К ХХК-д холбогдуулан М К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №835 тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.а. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь Э.Эад сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасан үндэслэлээр буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй, тушаал нь тухайн хэм хэмжээнд нийцээгүй, ноцтой зөрчил гаргасан эсэх нь бүрэн тогтоогдохгүй байхад ажлаас чөлөөлсөн, мөн хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх бүхий этгээд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Э.Э нь тус байгууллагад ажиллаж байхдаа тус байгууллагын хоёр ажилтны хамтаар өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийг төлөөлүүлэн хуулийн этгээд байгуулж, албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашигласан болох нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Улмаар тухайн хуулийн этгээдээр дамжуулан ажил олгогчтой ашиг, орлого олох зорилгоор гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө авсан нь компанид хохирол учруулсан гэх үндэслэл болохоос гадна хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн зөрчлийг гаргасан тул ажлаас чөлөөлсөн. Э.Э нь хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, тухайн зөрчилтэй холбоотой асуудлаар асуусан тэмдэглэл, мөн аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Зөрчил нь тогтоогдсон. Шийдвэр гаргах эрхтэй этгээд буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тушаалыг гаргасан тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Э.Э нь 2008 оны 11 дүгээр сараас М К ХХК-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, улмаар 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус Корпорацийн стратеги удирдлагын газрын Стратеги төслийн удирдлагын албаны Төслийн менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба энэхүү хөдөлмөрийн гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигчид маргаагүй байна. /хх-5/

 

6. Э.Э нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай М К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №835 дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5-д заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг эс зөвшөөрч маргасан ба ногдуулсан сахилгын зөрчлийг эрх зүйн үндэслэлгүй гэж гомдлын үндэслэлийг тайлбарласан.

 

7. Ажил олгогчоос Э.Эыг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн асуудал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаатай холбогдуулан хэрэгт цугларсан баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. М К ХХК болон С Э ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №11-806-20-1099 дугаартай гэрээг дотоод аудитын байгууллагаас шалгаж үзэхэд бэлтгэн нийлүүлэлтийн журам, Ерөнхий захирлын 268 дугаар тушаалыг зөрчин байгуулсан гэсэн дүгнэлт гарч, улмаар санхүүгийн чадавх болон хаяг байршил нь тодорхойгүй хуулийн этгээдтэй төлбөр тооцооны системийн техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх тухай гэрээ байгуулсан ажиллагаа нь ашиг сонирхлын зөрчилтэй хийгдсэн байж болзошгүй гэсэн дүгнэлт /2022.04.19/ гарчээ. /хх-38-116/

8.а. Уг дүгнэлтэд өмнө нь М К ХХК-тай гэрээний харилцаатай байсан /2020.01.01-2020.06.30/ GAMA IT ХХК-ийн ажилтан Фам Уэйтэй М К ХХК-ийн төлбөр тооцооны хэлтсийн менежер Г.А 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр цахим шуудангаар холбогдож, хуулийн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж байгаатай холбоотойгоор техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх өөр боломж бий эсэх талаар лавласан, улмаар түүнтэй хамтран ажиллах талаар үнийн санал хүргүүлсэн зэрэг нь GAMA IT ХХК-тай хийсэн гэрэний 8.6-д гэрээний хугацаа дуусгавар болсноос 3 жилийн хугацаанд тус компанийн ажилтнуудтай Мобиком корпорациас санаачлан холбогдохыг хориглосон заалтыг зөрчсөн, энэ нь ёс зүйн зөрчил байж болзошгүй талаар дүгнэжээ. /хх 38-49/

9. Улмаар М К ХХК болон С Э ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №11-806-20-1099 дугаартай гэрээг байгуулан, нийт 3 удаа сунгаж ажилласантай холбоотойгоор хяналт, шалгалтыг зохион байгуулахад дараах үйл баримт тогтоогджээ.

9.а. М К ХХК-тай гэрээний харилцаанд орсон хуулийн этгээдийг М К ХХК-д ажилладаг Э.Э, Г.А, Ж.Энар нь Х тайлантайгаар 25 сая төгрөгөөр худалдан авч, нэрийг нь өөрчлөн С Э ХХК болгож, улмаар үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулан, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд хувьцаа эзэмшүүлэх байдлаар ажил үүрэг гүйцэтгэж байжээ.

10. Тодруулбал, С Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ж.Энь өөрийн найз А.Бг 33.3 хувь эзэмшихээр, Э.Э нь өөрийн эхнэрийн ээжийн дүү Д.Тийг 33,3 хувь эзэмшихээр, Д.Агийн төлөөлөл болох З.Дөлгөөн нь 33.4 хувийг эзэмших байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, М К ХХК болон С Э ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан төлбөрөөс Фам Уэй, мөн Heng Peng Yong нарт сарын 5,500 ам.долларын цалин өгч, өөрсдөө ажлын бус цагаар зарим ажил үүргийг нь гүйцэтгэж байсан, өөрсдийн эхнэрийг тус хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцуулсан, тухайн үйл ажиллагааг Э.Э, Г.А, Ж.Энар санаачлан хамтран ажилласан зэрэг нь тус байгууллагын дотоод аудитын дүгнэлт болон дотоод аудитын албаны дарга С.Гы 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Э.Этай хийсэн ярилцлага, М К ХХК болон С Э ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Э.Этай хийсэн Ярилцлагын тэмдэглэлд компанийн холбогдох дүрэм, журмыг зөрчсөн талаар өөрөө хүлээн зөвшөөрсөн зэрэг үйл баримтаар нотлогджээ. / хх-38-116, 141-144, /

10.а. Улмаар, тус байгууллагатай өмнө нь эрх зүйн харилцаатай байсан GAMA IT ХХК-ийн байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор тухайн ажил үүргийг, үргэлжлүүлэн гүйцэтгэх зорилгоор өөрдсийн хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн этгээдэд хувьцаа эзэмшүүлэх замаар компани худалдан авч, үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчлөн, тус компаниараа дамжуулан гэрээний дагуу ажил үйлчилгээ гүйцэтгэж хувьдаа ашиг олсон гэх байдал нь аудитын дүгнэлт болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон байна. Э.Эын гаргасан зөрчлийг хянан үзээд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

11. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай М К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №835 тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1.5, 4.1.2.16, 4.1.2.17.5, 4.1.2.17.7, Хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн тушаал гаргахдаа Э.Э нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан нь дотоод аудитын албаны дүгнэлт, ажилтны тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон-ыг зөрчил гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Учир нь нэхэмжлэгч Э.Эын гаргасан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журамд зааснаар зөрчилд тооцогдсон үйл баримт зэрэг нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрэг шууд цуцлах үндэслэл болсон гэж үзнэ.

 

12.а. Тухайлбал, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.2.16-д албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, бусдад болон өөртөө давуу байдал олгосон, хувийн ашиг хонжоо олох зорилгоор өөрөө өөртөө үйлчигээ үзүүлсэн, иргэн хуулийн этгээдэд хууль бус амлалт өгсөн, шууд буюу зуучлагчаар дамжуулан тэднээс шан харамж авсан тохиолдолд зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар авсны үндсэн дээр сахилгын зөрчилд тохирох сахилгын шийтгэлийг шат дараалан болон дараалал харгалзахгүйгээр ногдуулж болно гэж, Э.Этай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох, гэрээг цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж заасныг үндэслэн Э.Эын гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцжээ.

12.б. Тодруулбал, нэхэмжлэгч нь “М К” ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа олж мэдсэн зүйл, мэдээлэлд ойр, давуу байдлаа ашиглан тус компанид ажилладаг бусад ажилтнуудтай ашиг сонирхлоор нэгдэн өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулан хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл хийх замаар ашиг орлого олсон гэх байдал нь аудитын дүгнэлт болон өөрийн гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12.в. Энэ нь албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл эрхэлсэн ажлын давуу тал хүлээлгэсэн итгэл найдварийг хувийн ашиг сонирхол шууд болон шууд бусаар урвуулан ашигласан хэм хэмжээ, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй буюу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг үндэслэлээр Э.Эыг чөлөөлсөн нь үндэслэлгүй, учир нь Э.Э нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтан биш, мөн тухайн гаргасан зөрчил гэх асуудлаар бодитоор ажил олгогчид хохирол учраагүй, харин ч бага зардлаар тухайн компанийн ажил үүргийг гүйцэтгэж тухайн компанид давуу байдал бий болсон байхад хуульд нийцээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь ажилтны эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж мөн маргасан.

 

13.а. Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5-д заасан бодит хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй боловч мөн хуулийн 80.1.4-т заасан зөрчил тогтоогдсон нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах үндэслэл болох тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм.

 

14. Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлын бус цагаар ажил олгогч нь худал хэлэн дуудан уулзаж, зүй бусаар дарамт шахалт үзүүлэн, айлган сүрдүүлж, ажлаа өгөхийг шаардсан тул аргагүйн эрхэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичиж өгснөөс гадна ямар ч хэрэг хийгээгүй атлаа гэмт хэрэг хийсэн, гэм буруугаа хүлээсэн мэтээр өргөдөл бичиж өгсөн нь ажил олгогчийн хууль бус үйлдэлд хамаарна гэж нэхэмжлэгч маргасан.

 

14.а. Улмаар Э.Э нь ...миний бие ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Гаргасан үйлдэлдээ чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Энэхүү холбогдоод буй асуудалд тус компанийн ямар нэг удирдлага, дээд албан тушаалтан оролцоогүй, хамааралгүй гэдгийг баталж байна. Тус асуудлаас үүдэн Мобиком корпорацид хохирол учирсан гэж нотлогдсон тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлж байна. Асуудлыг хууль шүүхийн бус замаар, бидний уучлал гуйж буй нөхцлийг харгалзан үзэж, зөвөөр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна гэж 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргасныг ажил олгогчийн дарамт шахалтаар бичсэн гэж маргасан боловч үүнийг нотлох үйл баримт хангалттай тогтоогдоогүй гэж үзэв. /хх-145/

 

15. Учир нь дээр дурдсан өргөдлийг нэхэмжлэгч Э.Э бичиж өгсний дараа ажил олгогчид дахин өргөдөл бичиж өгчээ. Үүнд: ... Мобикомын удирдлагууд чөлөөт уулзалт гэж, ажил дээр дуудаж, илт айлган сүрдүүлж, дарамт, шахалт дунд өргөдөл бичүүлж авсан бөгөөд уг өргөдөл нь миний чин хүсэл зорилгоор бичсэн өргөдөл биш байсан. Тухайн үед би 2022 оны 6 сарын 06-ны өглөө буюу ажлын өдөр, ажлын цагаар дахин энэ асуудлаар уулзаж өргөдлөө бичиж болох эсэхийг асуухад болохгүй, яг одоо бичвэл бич гэсэн дарамт дор тэр өргөдлийг бичүүлсэн нь үнэ болно. Миний бие өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал болон үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийн хүсэл зорилгоор, хэн нэгний ямар нэг дарамт, шахалтаар өргөдлөө бичиж өгөх нь зөв гэж шийдсэн тул ийнхүү 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас гарах өргөдлөө албан ёсоор өгч байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-146/

 

16. Дээрд дурдсан нэхэмжлэгчийн бичсэн өргөдөл зэргээс дүгнэхэд Э.Э нь М К ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо өөрөө бас илэрхийлсэн гэж үзнэ. Улмаар, тухайн үндэслэлээр нь буюу ажилтны санаачилгаар бус, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудал нь маргааны гол зүйл болж байгаа хэдий ч хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг нь илрүүлсэнтэй холбоотойгоор ажил олгогчийн санаачилгаар сахилгын зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан асуудлыг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

17. Түүнчлэн Э.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй этгээд цуцалсан тул хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд маргажээ.

 

17.а. Мобиком корпорацийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлд зааснаар ..ажилтанд Ерөнхий захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Гэтэл Э.Эыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалд Гүйцэтгэх захирал Курушима Кожи гарын үсэг зуржээ.

 

17.б. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус корпорацийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ерөнхий захирал байсан боловч Ерөнхий захирал гэх нэршил өөрчлөгдөж, одоогийн байдлаар Гүйцэтгэх захирал нь тус хуулийн этгээдийг төлөөлж байгаа, хөдөлмөрийн дотоод журамд тухайн нэршлийн томъёоллыг өөрчлөөгүй тул зөрүүтэй байдал үүссэн гэж ойлгогдохоор боловч Ерөнхий захирал болон Гүйцэтгэх захирал нь нэг албан тушаал тул Э.Эыг ажлаас чөлөөлсөн тушаалыг эрх бүхий этгээд гаргасан гэж маргаж байна.

 

17.в. Ерөнхий захирал болон Гүйцэтгэх захирал гэсэн нэршлийн хувьд зөрүүтэй байлдал үүссэнтэй холбоотойгоор талууд маргасан боловч М К ХХК-ийн Ерөнхий захирал нь Гүйцэтгэх захирал болсон гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг няцаах үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд-Гүйцэтгэх захирал Курушим Кожи тушаал гаргасныг буруутгах боломжгүй юм. /хх-16/

 

17.г. Түүнчлэн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1.1-т компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирал удирдана гэж, мөн журмын 3.3.1-т корпорацийн тамгыг Ерөнхий захирал барих ба Ерөнхий захирал, дэд захирлын гарын үсэгтэй албан бичигт тамга дарна гэж, мөн журмын 3.2.2-т Ерөнхий захирал нь корпорацийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана гэж зааснаас дүгнэхэд Ерөнхий захирал нь Гүйцэтгэх захирлын албан тушаалд хамаарна гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн тайлбарыг бодитой гэж үзнэ.

 

18. Эдгээр үндэслэлээр хариуцагч М К ХХК-д холбогдох М К ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан М К ХХК-д холбогдох, М К ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Э.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД