Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01686

 

 

 

 

 2023 оны 08 сарын 30 өдөр Дугаар 210/МА2023/01686

 

Э.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02151 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мобиком корпораци ХХК-д холбогдох,

Мобиком корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өмөрбек, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2008 оны 11 дүгээр сард*******ХХК-д ажилд орсон бөгөөд тус компанид тасралтгүй 14 жил ажилласан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 835 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тушаалыг надад танилцуулсан.

1.2. Солюшн энкоро ХХК-тай гэрээ байгуулахад би нөлөө үзүүлээгүй, тус хуулийн этгээдтэй ашиг сонирхлын зөрчилгүй, уг асуудалд хувийн ашиг сонирхол байгаагүй, түүнчлэн*******ХХК-ийн эрх ашгийн эсрэг зүйл хийгээгүй, албан тушаалын хүрээнд өөрт олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаагүй болно.

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан" гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгодог.

Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхын шаарддаг.

Миний бие албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, ажил олгогчийн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласан болон ажил олгогчид хохирол учруулсан гэх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг гаргаагүй тул маргаан бүхий нөхцөл байдал нь гэрээний 5.1.2, 5.1.4-т заасантай нийцээгүй.

1.4.*******ХХК-ийн дотоод аудитын алба нь зөрчлийг шалган шийдвэрлэхдээ миний тайлбарыг үндэслээгүй, нэг талыг баримталсан, тэгш оролцоогоор хангаагүй, асуудалд хараат бус, үл итгэх байр сууринаас хандаагүй.

Тушаалд дурдсан дээрхи зөрчлийг үйлдсэн нь Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч дүгнэлтээр ямар зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй төдийгүй хариуцагч*******ХХК нь тус дүгнэлтийг надад танилцуулаагүй.

Иймд*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжпэгч Э.******* нь тус албан тушаалд ажиллаж байхдаа*******ХХК нь үйлчлүүлэгч нартаа төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээ үзүүлэхдээ туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж ажиллуулдаг болохыг албан тушаалын дагуу олгосон эрх мэдлийн хүрээнд мэдэж, эрхэлж байгаа ажлынхаа мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор компанийн хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолдоо ашигласан болох нь тогтоогдсон.

2.2.*******ХХК-ийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслах гүйцэтгэгч компаниар Солюшн энкоро ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. Солюшн энкоро ХХК нь мэдээллийн технологийн салбарын туршлагагүй, үүсгэн байгуулагдсан цагаасаа тухайн салбарт огт үйл ажиллагаа явуулдаггүй байхад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр*******ХХК-д ажиллаж байсан Г.Амгалан, Э.*******, Ж.Энхбаяр нар тухайн компанийг худалдан авч, мэдээлэл технологийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэтээр үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн.

2.3. Э.******* нь өөрийн хадам ээжийнхээ дүү Д.Тэрбиш, Ж.Энхбаяр нь өөрийн багын найз А.Бат-Амгаланг, Г.Амгалан нь өөрийн хамаатан болох З.Дөлгөөн нарын нэр дээр Солюшн энкоро ХХК-ийн компанийн хувьцааны бүртгэлийг хийлгэж, тус компанийг ашиглан*******ХХК-тай төлбөр тооцооны биллинг системийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, хувийн ашиг сонирхолдоо ашигласан, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул цаашид компанийн зүгээс Э.*******ад итгэл хүлээлгэн ажиллуулах боломжгүй болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан*******ХХК-д холбогдох,*******ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Э.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Мобиком корпорацийн Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "Ажилтны сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийн талаар тухайн ажилтны шууд удирдлагаас Зөрчил бүртгэлийн хуудсыг Хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжид ирүүлнэ." (хх 31-32) заасан байх боловч сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн шууд удирдлагаас зөрчил бүртгэлийн хуудсыг үйлдэж, ирүүлээгүй. "Мобиком корпораци" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт "Ажилтан нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, энэ журамд заасан хэм хэмжээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцон, сахилгын зөрчил гаргасан ажилтанд Ерөнхий захирлын тушаалаар дараах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулна" (хх-30- 31) гэж заасан.

"Мобиком корпораци" ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээдийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн. (хх-127) Тодруулбал, ажилтанд сахилгын шийтгэлийг "Мобиком корпораци" ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу "Мобиком корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Ерөнхий захирал Тацуяа Хамадагийн тушаалаар ногдуулахаар зохицуулсан байх боловч сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй этгээд болох Гүйцэтгэх захирал Курушима Кожи нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна.

4.2. Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар "ноцтой зөрчлүүд болох 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-т заасан үндэслэлүүдийн аль нь ч баримтаар тогтоогддоггүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй дутуу үнэлсэн атлаа Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-т заасан ноцтой зөрчлийг үйлдсэн нь баримтаар тогтоогдохгүй байхад тушаалыг дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.7-д "Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааных хэр авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэнэ. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино" гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.*******ын ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай өргөдлийг гаргах болсон шалтгаан, ажил олгогчийн зүй бус нөлөөлөл зэргийг харьцуулан дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээгүй, нэхэмжлэгчийг сахилгын шийтгэл гаргасныг өөрөө хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан аудитын тайланд "Сольюшн энкоро" ХХК нь гэрээт хугацаанд нийт 189 асуудлыг шийдвэрлэж дуусгасан, хуучин төлбөр тооцооны системийг бүхэлд нь вер орчинд шинээр суулгаж, төлбөр тооцооны системийг шилжүүлэн, ажиллагаанд оруулах ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна" (хх-45) гэж гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн. Мөн хариуцагч тал .... компанийн төлбөр тооцооны биллинг системийн ашиглах туслан гүйцэтгэгч компаниар "Сольюшн энкоро" ХХК-ийг сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулсан. Гэрээнд ерөнхий захирал гарын үсэг зураагүй.

Гэрээ байгуулах зөвшөөрөлд зөвшөөрөл олгох эрхгүй этгээдүүд зөвшөөрөл олгосон гэж маргадаг боловч "Мобиком корпораци" ХХК болон "Сольюшн энкоро" ХХК нарын хоорондын 11-806-20-1099; 11-806- 20-2152; 11-806-21-0887; 11-806-21-1360 дугаартай "БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ", гэрээний зөвшөөрөл хэсэгт нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байдаг бөгөөд гэрээнд "Мобиком корпораци" ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада нь гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулжээ. (xx 58: 76; 92: 108)

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02151 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үеийн*******ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Тацуяа Хамада ажиллаж байсан. Тацуяа Хамада нь ерөнхий захирал гэх нэршлийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Япон улсын нэршлээр ерөнхий захирал гэх нэршлийг хэрэглэж байсан боловч захирал солигдох үе буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Кожи Курушима нь Компанийн тухай хуулийн дагуу гүйцэтгэх захирал гэх нэршлийг хэрэглэж эхэлсэн.

5.2. Хэрэгт*******ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан. Тус гэрчилгээний ар талд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж Кожи Курушима захирал солигдсон. Тухайн үед хөдөлмөрийн дотоод журамд ерөнхий захирал нэршлээр байсан боловч тус нэршлийг солиогүй бөгөөд итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд буюу компанийн гүйцэтгэх удирдлагыг эдлэх эрх нь Кожи Курушимад шилжсэн. Ерөнхий захирал, гүйцэтгэх захирал гэсэн хоёр тусдаа албан тушаал тус компанид байхгүй. Э

5.3. Алдаа гаргасан ажилтныг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлбөл дараагийн ажилтанд буруу үлгэр дуурайлал үзүүлэх учраас холбогдох хариуцлагыг хүлээлгэж ажлаас чөлөөл, компанийн эд хөрөнгөөс хувьдаа завшсан зүйл байвал хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шийдвэрийг захирлуудын зөвлөлөөс гаргасны дагуу эдгээр хүмүүсийг өөрийнх нь өргөдлөөр биш, хариуцлагыг нь хүлээлгэж хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.4-т заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн.

5.4. Нэхэмжлэгчтэй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлага хийж баталгаажуулсан. Хөдөлмөрийн тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-т эрх мэдэл ажлын давуу тал буюу компаниас өөрт нь олгосон итгэлийг өөрийн хувьдаа ашиг олох нөхцөл байдал тогтоогдсон учраас ажил олгогчоос ажлаас чөлөөлсөн. Мэдээлэлд ойр байгаа байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, ажлын бус цагаар гүйцэтгэж давхар ашиг олж байсан нь өөрсдийн ярилцлага болон аудитын дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд ажилтанд сахилгын шийтгэлийг хүлээлгэж, Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.******* нь*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 23-24 дүгээр тал/

3. Хариуцагч*******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 835 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дүгээр зүйлийн 4.1.1.5, 4.1.2.16, 4.1.2.17.2, 4.1.2.1.17.7, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4 дэх заалтыг тус тус баримталж, ажилтан Э.*******ыг хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг ноцтой зөрчиж, албан тушаалын давуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашигласныг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, ажилтны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бичгээр гаргасан тайлбар зэрэг бусад баримтаар тогтоогдсон үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.б. Хариуцагч*******ХХК нь Солюшн энкоро ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг БиЭсСиЭс ашиглалт үйлчилгээний талаар хамтран ажиллах гэрээ-г жил бүр байгуулан ажилласан байна. /1хх. 50-116 дугаар тал/

4. Анхан шатны шүүх дээрх гэрээг байгуулсан Солюшн энкоро ХХК-ийн хувьцааны 33.3 хувийг Э.*******ын эхнэрийн дүү Д.Тэрбиш нь эзэмшдэг, ажлын бус цагаар тус компанийн зарим ажил үүргийг гүйцэтгэж байсан зэрэг үйл баримтыг зөв тогтоосон байна.

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Нэхэмжлэгч Э.******* нь мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн төдийгүй уг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, ашиг олох зорилготой үйлдэл нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.2, 5.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Э.*******ын гаргасан ноцтой зөрчлийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн үйлдэл гаргаснаар ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

5. Хариуцагч*******ХХК нь Солюшн энкоро ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс гэрээний эрх зүйн харилцаанд оролцож, жил бүр шинэчлэн байгуулсан гэрээний нэг тал Э.*******ын хамаарал бүхий хуулийн этгээд болохыг Дотоод аудитын албаны 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсэгт тус тус нийцжээ.

6.*******ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээнээс харахад Курушима Кожиг гүйцэтгэх захирлаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн тул хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Ажлаас халсан тушаалд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй тул анхан шатны шүүх Э.*******ын ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл бичих нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлын хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02151 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

  ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР