Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02180

 

2023 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02180

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г С ХХК

 

Хариуцагч: М.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,365,428,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Ө.З, хариуцагч Г С ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч М.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г С ХХК нь Ч Х Б ХХКтай 2019 оны 01 сарын 09-ний өдөр № ББГ-2019/ЗГ/03 тоот зээлийн гэрээ байгуулж 582.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн 2019 оны 04 сарын 12-ны өдөр № ББГ-2019/ЗГ/48 дугаартай зээлийн гэрээ байгуулж 600,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй нэмж зээлсэн. Энэхүү хоёр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 01 сарын 09-ний өдөр ББГ-2019/БГ/0301 болон 2019 оны 04 сарын 12-ны өдрийн ББГ-2019/БГ/48/01 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр үл хөдлөх болох хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Г С ХХК нь 2019 оны 01 сарын 09-ны өдрийн № ББГ-2019/ЗГ/03, 2019 оны 4 сарын 12-ны өдрийн № ББГ-2019/ЗГ/48 тоот зээлийн гэрээг байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй графикыг зөрчиж эхэлсэн. Банкны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлдэггүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний үүргээ биелүүлэх талаар Г С ХХК-ийн удирдлагатай уулзаж, эвлэрэн хэлэлцэх талаар санаачлага гаргасан боловч зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Г С ХХК нь 2019 оны 01 сарын 09-ний өдрийн №ББГ-2019/ЗГ/03 тоот гэрээний 2022 оны 12 сарын 01-ний өдрийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор үндсэн зээл 582,000,000.00 төгрөг, үндсэн хүү 385,172,383.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,881,095.89 төгрөгнийт 1,025,053,479.00 төгрөгийн үлдэгдэлтэй.

2019 оны 04 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/48 тоот гэрээний 2022 оны 12 сарын 01-ны өдрийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоор үндсэн зээл 600,000,000 төгрөг, үндсэн хүү 507,850,943.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,413,150.69 төгрөг нийт 1,170,264,094.00 төгрөгийн үлдэгдэлтэй. Нийт үндсэн зээлд 1,182,000,000.00 төгрөг, үндсэн хүүнд 893,023,326.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 120,294,246.58 төгрөг, нийт 2,195,317,573.00 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Г С ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,195,317,573.00 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

1.а. Нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ч Х Б ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г С ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээл, хүүний тооцооллоор нийт 2,195,317,573.00 төгрөгийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хариуцагч төлбөрийн үүргийг биелүүлэх талаар тодорхой үйлдэл гаргаагүй бөгөөд нэхэмжлэлд тодорхойлсон өдрөөс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүртэлх 208 хоногийн хугацаанд дараах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож нэмэгдсэн байна. Үүнд: 1. Зээлдэгч Г С ХХК-ийн Ч Х Б ХХК-тай байгуулсан 2019 оны 01-р сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/03 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 582,000,000.00 төгрөг, Зээлийн хүү 444,871,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,820,865.75 төгрөг, Нийт 1,096,692,098.00 төгрөг болж зээлийн хүү 59,698,849.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,939,769.86 төгрөг нийт 71,638,619.00 төгрөгөөр нэмэгдсэн.

Зээлдэгч Г С ХХК-ийн Ч Х Б ХХК-тай байгуулсан 2019 оны 04-р сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/48 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 600,000,000.00 төгрөг, Зээлийн хүү 589,911,216.99 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 78,825,205.48 төгрөг, нийт 1,268,736,422.47 төгрөг болж зээлийн хүү 82,060,273.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,412,054.79 төгрөг, нийт 98,472,328.77 төгрөгөөр нэмэгдсэн.

Иймд анхны шаардлагын дүн болох 2,195,317,573.00 төгрөг дээр нэхэмжлэлийн шаардлагын дүнг 170,110,948.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,365,428,520.00 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгч Г С ХХК-ийн Ч Х Б ХХК-тай байгуулсан 2019 оны 01-р сарын 09-ны өдрийн ББГ-2019/ЗГ/03 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 582,000,000.00 төгрөг, Зээлийн хүү 444,871,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,820,865.75 төгрөг, нийт 1,096,692,098.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч Г С ХХК-ийн Ч Х Б ХХК-тай байгуулсан 2019 оны 04-р сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/48 тоот Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 600,000,000.00 төгрөг, Зээлийн хүү 589,911,216.99 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 78,825,205.48 төгрөг, Нийт 1,268,736,422.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

1.б. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдлолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

2. Хариуцагч Г С ХХК, М.Цнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эдгээр зээлийн гэрээг Г С ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан боловч Б.Б болон түүний ах нар захиран зарцуулсан. Иймд Г С ХХК нь гэрээний үүрэг болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан аливаа үүргийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

I. Хэтрүүлсэн хугацааны хүү 843,857,189 төгрөгийг зөвшөөрөхгүй үндэслэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь Г С ХХК-тай байгуулсан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/03 дугаартай Зээлийн гэрээ, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/48 дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэг болно.Талуудын хооронд байгуулагдсан эдгээр гэрээнүүд 1) үндсэн зээл, 2) хүү, 3) нэмэгдүүлсэн хүү, 4) хэтэрсэн хугацааны хүүг тус тус шаардсан агуулгатай байна. Дээрх зээлийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хуугийн хэмжээг энэ хуулийн 24 дугээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж хуульчилсан. Гэтэл талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг ердөөс тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү нийт 843,857,189 төгрөгийг шаардах эрхгүй.

II. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн 102,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй үндэслэл нь 2019 оны 01 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээний хавсралт Б1 төлбөрийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 582,000,000 төгрөгөөс 52,000,000 төгрөгийг 2019 оны 06 сарын 30-ны өдөр, 50,000,000 төгрөгийг 2019 оны 09 сарын 30-ны өдөр тус тус төлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч Х Б ХХК-иас дээрх төлбөрийг гүйцэтгээгүй тухайн цаг хугацаанаас эхлэн Г С ХХК-ийн эсрэг шаардлага гаргах эрх үүссэн болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.176 дугаар зүйлийн 76, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар 52,000,000 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 сарын 30-ны өдөр, 50,000,000 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 09 сарын 30-ны өдөр тус бүр дуусгавар болсон ба хариуцагч Г С ХХК нь үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019.01.09-ний өдрийн №ББГ-2019/ЗГ/03 дугаартай зээлийн гэрээ, 2019.04.12-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/48 дугаартай зээлийн гэрээ, 2019.04.12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.01.09-ний өдрийн №ББГ-2019/БГ/03/01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Ч Х Б ХХК-ийн 2022.03.25-ны өдрийн №ЗГ/49 дугаартай албан бичиг, 2022.03.25-ны өдрийн №ЗГ/50 дугаартай албан бичиг, Г С ХХК-ийн 2019.04.12-ны өдрийн №1 дугаартай албан бичиг, Г С ХХК-ийн 2019.01.03-ны өдрийн №2019/01 дугаартай албан бичиг, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, №000051080 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000562617 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000555138 дугаартай газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, барьцаалбарын баримтууд,

 

Хариуцагчаас: Хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, 2018.02.28-ны өдрийн №ББГ-2018/ЗГ/22 дугаартай зээлийн гэрээ, Монгол шуудан ХК-ийн №18/92 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүгчийн захирамжаар: 2019.04.12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.01.09-ний өдрийн №ББГ-2019/БГ/03/01 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын №5/4720 дугаартай баримт хэрэгт авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Чингис банк ХХК нь хариуцагч Г С ХХКМ.Цнарт холбогдуулан 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 582,000,000 төгрөг, үндсэн хүү 385,172,383.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,881,095.89 төгрөг, нийт 1,025,053,479.00 төгрөгийг,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүг 59,698,849.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 11,939,769.86 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,096,692,098 төгрөгийг.

 

2.а. 2019 оны 4 сарын 12-ны өдөр байгуулсан №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 600,000,000 төгрөг, үндсэн хүү 507,850,943.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,413,150.69 төгрөг, нийт 1,170,264,094.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 4 сарын 12-ны өдөр байгуулсан №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн хүүг 82,060,273.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 16,412,054.79 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,268,736,422 төгрөгийг.

 

2.в. Мөн Ч Х Б ХХК нь болон Г С ХХК, М.Цнарын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн №ББГ-2019/БГ/0301, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/01 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн дагуу Г С ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох, улсын бүртгэлийн Ү-2203012556 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ............................. тоотод байрлах 149.26 м.кв 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, ............................ тоотод байрлах 132 м.кв орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2003020891 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, ................................ тоотод байрлах 200 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-уул аймаг, ................................................. 238 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, тоног төхөөрөмж, тариалах сонгинын 100,000 кг үр, нийт 750 тонн сонгино зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч нар нь Ч Х Б ХХКнаас дээр дурдсан хоёр зээлийн гэрээний дагуу нийт /582,000,000+600,000,000/ 1,182,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй боловч Г С ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулаагүй, хувьцаа эзэмшигч Б.Б дангаар захиран зарцуулсан тул зээлийн гэрэний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хэтэрсэн хугацааны хүү 843,857,189 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, учир нь зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус бөгөөд барьцаа хөрөнгөөс шаардах эрхгүй гэж хариу тайлбар гаргаж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Ч Х Б ХХК, хариуцагч Г С ХХК нарын хооронд 2019 оны 01 сарын 09-ний өдөр №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээг байгуулж, 582,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, 18 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар харилцан тохиролцжээ.

 

5.1. Мөн 2019 оны 04 сарын 12-ны өдөр №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээг байгуулж, 600,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан, 12 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд хавсралтаар харилцан тохиролцсон боловч тохирсон хугацаанд зээлийн гэрээнүүдийн үүргийг хариуцагч биелүүлж чадаагүй байна.

 

6. Улмаар 2019 оны 01 сарын 09-ний өдрийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 4 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр тус тус дуусгавар болсноос хойш Ч Х Б ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч нь 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 582,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний үүрэгт нийт 22,387,068.49 төгрөгийг буцаан төлсөн, мөн 2019 оны 4 сарын 12-ны өдрийн 600,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үүрэгт нийт 27,651,522.74 төгрөгийг буцаан төлжээ.

 

7.а. Зээлийн гэрээний эргэн төлөгдөх графикт хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор зээлдэгчийн төлсөн төлбөр нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцогдсон учир үндсэн зээлээс төлбөр төлөгдөөгүй талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарласан, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул гэрээний үндсэн үүргээс төлбөр тооцоо хийгдээгүй гэж үзнэ.

 

8. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. Ч Х Б ХХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Г С ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

9. Иймд Г С ХХК нь тухайн зээлийн гэрээг байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй боловч уг зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй буюу хувьцаа эзэмшигч Б.Буяннэмэх нь хувьдаа ашигласан тул Г С ХХК хариуцахгүй гэх татгалзал нь үндэслэлгүй юм.

 

10. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр, хэтэрсэн хугацааны хүүний талаар зохигчид хэлэлцэн тохиролцоогүй тул гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлгүй, мөн зээлийн гэрээний графикт хугацаа хэтэрсэн цагаас шаардах эрх үүссэн байхад нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч мэтгэлцсэн боловч 2019 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2020 онд дуусгавар болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч 2022 онд шүүхэд хандан, шаардах эрхээ хэрэгжүүлснийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм.

 

11. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 582,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээ болон 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 600,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 4 дүгээр сараас хойш зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзлээ.

11.1. Учир нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 582,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 600,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд тус тус дуусгавар болжээ.

 

11.2. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардсан үйл баримтыг нотлоогүй, даруй 2 жил гаруйн хугацааны дараа тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байна. Хариуцагч тал нь мөн гэрээний үүргээ биелүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн байхад гэрээний үүргээ биелүүлэх, дуусгавар болгох талаар санал, санаачилга гаргаагүй буруутай байна.

 

12. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилсан тул зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг шаардах эрхтэй хэмээн заажээ.

 

13. Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан шаардах эрхээ боломжит хугацаанд хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Учир нь хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн болох нь гэрээний графикт хугацааны эргэн төлөлтийг ноцтой зөрчсөн үйл баримтаар хангалттай нотлогдсон байхад үүрэг гүйцэтгүүлэх шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 15 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах санаачилга гаргах эрх, үүргээ нэхэмжлэгч бодитоор хэрэгжүүлээгүй байна.

 

14. Тодруулбал, зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсон 2020 оноос хойш зээлийг буцаан төлөхийг шаардсан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн хугацаа буюу зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж, Г С ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/49, ЗГ/50 мэдэгдлээр хүргүүлсэн хугацаанаас хойш зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэв. /хх-22-23/

 

15. Мөн зээлийн гэрээг дээр дурдсан мэдэгдлийг хүргүүлсэн хугацаагаар цуцалсан гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэх тул зээлийн гэрээний үүргийг шаардах талаар хууль болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлэээгүй нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах алдсан гэж үзлээ.

 

16. Түүнчлэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн байхад энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу байна.

 

16.1. Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хуулийн үйлчлэлийг 2021 оны 06 сарын 29-ний өдрийн хууль, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн сунгасан, хамгийн сүүлд буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиар хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэж өөрчилсөн байх тул Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хууль дагаж мөрдөгдөх хугацаагаар үргэлжлэх ёстой байна.

 

16.2. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хэрэгжиж эхэлснээс хойш /2020.12/ нэхэмжлэл гаргах хүртэлх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 582,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний үүрэгт 53,843,769.86 төгрөгийн /69,820,865.75-15,977,095.89/ нэмэгдүүлсэн хүү, мөн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 600,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үүрэгт 74,012,054.79 төгрөгийг/78,825,205.48-4,813,150.69/ нэмэгдүүлсэн хүүд тооцсоныг буруу гэж үзэв.

 

16.3. Эдгээр үндэслэлээр Ч Х Б ХХК, Г С ХХК-ийн хооронд 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан 582,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/03 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 582,000,000 төгрөг, зээлийн хүү 315,141,041.1 төгрөг/2022.04.01 хүртэл тооцсон/, нэмэгдүүлсэн хүү 15,977,095.89 төгрөг/2020.12.01 хүртэл тооцсон/, нийт 913,118,136.99 төгрөг,

 

16.4. Ч Х Б ХХК, Г С ХХК-ийн хооронд 2019 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан 600,000,000 төгрөгийн №ББГ-2019/ЗГ/48 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 600,000,000 төгрөг, зээлийн хүү 411,587,929.31 төгрөг/2022.04.01 хүртэл тооцсон/, нэмэгдүүлсэн хүү 4,813,150.69 төгрөг/2020.12.01 хүртэл тооцсон/, нийт 1,016,401,080 төгрөгийг тус тус гаргуулж,

 

16.5. Дээр дурдсан хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 1,929,519,216.99 төгрөгийг Г С ХХК-иас гаргуулан, Ч Х Б ХХК-д олгож, үлдэх 435,909,303 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ө.З нь Ч Х Б ХХК нь болон Г С ХХК, М.Цнарын хооронд байгуулсан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн №ББГ-2019/БГ/0301, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/01 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн дагуу Г С ХХК, М.Цнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул нэхэмжлэгчийн зарим шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г С ХХК-иас 1,929,519,216.99/нэг тэрбум есөн зуун хорин есөн сая таван зуун арван есөн мянга хоёр зуун арван зургаан төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч Х Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 435,909,303 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон Ч Х Б ХХК болон Г С ХХК, М.Цнарын хооронд 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ББГ-2019/БГ/0301 гэрээ, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/01 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Г С ХХК, М.Цнар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч Х Б ХХК татгалзсаныг баталж, Г С ХХК, М.Цнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч Х Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,599,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г С ХХК-иас 9,805,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч Х Б ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД