Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01826

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01826

 

 

 

Ч... ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02180 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г...ХХК, М.Ц... нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,365,428,520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчоос гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У.., хариуцагч М.Ц...ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Го... ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр №ББГ-2019/ЗГ.... тоот зээлийн гэрээ байгуулж 582,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр №ББГ-2019/ЗГ/.... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 600,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, 12 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй нэмж зээлсэн.

 

1.2. Дээрхи хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ББГ-2019/БГ/.... болон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ББГ-2019/БГ/.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж тодорхой хөрөнгүүдийг барьцаалсан.

 

1.3. Г.... ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ББГ-2019/ЗГ/...., 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/... тоот зээлийн гэрээг байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй график зөрчиж эхэлсэн.

 

Банкны зүгээс Г.... ХХК-ийн удирдлагатай уулзаж, эвлэрэн хэлэлцэх талаар санаачлага гаргасан боловч зээлийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

 

1.4. Г... ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №ББГ-2019/ЗГ/... тоот гэрээний 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тооцооллоор зээл 582,000,000 төгрөг, хүү 385,172,383.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,881,095.89 төгрөг, нийт 1,025,053,479 төгрөгийн үлдэгдэлтэй.

 

1.5. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ББГ-2019/ЗГ/48 тоот гэрээний 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тооцооллоор зээл 600,000,000 төгрөг, хүү 507,850,943.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,413,150.69 төгрөг, нийт 1,170,264,094.00 төгрөгийн үлдэгдэлтэй.

 

Нийт үндсэн зээлд 1,182,000,000.00 төгрөг, хүүд 893,023,326.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120,294,246.58 төгрөг, нийт 2,195,317,573 төгрөг төлөөгүй байна.

 

Иймд хариуцагч Г... ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,195,317,573.00 төгрөг гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байсан.

 

1.6 Нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 208 хоногийн хугацаанд дараах байдлаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн.

 

1.6.а. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/... тоот гэрээгээр зээлийн үлдэгдэл 582,000,000 төгрөг, хүү 444,871,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,820,865.75 төгрөг, нийт 1,096,692,098 төгрөг,

 

1.6.б. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/.... тоот гэрээгээр зээлийн үлдэгдэл 600,000,000 төгрөг, хүү 589,911,216.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,825,205.48 төгрөг, нийт 1,268,736,422 төгрөг болсон. Анхны шаардлагын дүн болох 2,195,317,573 төгрөгийн дүнг 170,110,948.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,365,428,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Зээлийн гэрээг Г... ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан боловч Б.Б... болон түүний ах нар захиран зарцуулсан. Иймд Г... ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.2. Хэтрүүлсэн хугацааны хүү 843,857,189 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

Г... ХХК-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/... дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ... дугаартай зээлийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1995 оны Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж хуульчилсан.

 

Гэтэл талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг ерөөс тодорхойлоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү нийт 843,857,189 төгрөгийг шаардах эрхгүй.

 

2.3. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн 102,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хавсралт Б1 төлбөрийн хуваарьт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 582,000,000 төгрөгөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 52,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр заасан. Нэхэмжлэгч Ч.... ХХК-иас дээрх төлбөрийг гүйцэтгээгүй тухайн цаг хугацаанаас эхлэн Г. ХХК-ийн эсрэг.. шаардлага гаргах эрх үүссэн болно.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар 52,000,000 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 06 сарын 30-ны өдөр, 50,000,000 төгрөгийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тус бүр дуусгавар болсон ба хариуцагч Г... ХХК нь үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Г... ХХК-иас 1,929,519,216.99/нэг тэрбум есөн зуун хорин есөн сая таван зуун арван есөн мянга хоёр зуун арван зургаан төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.... д олгож, нэхэмжлэлээс 435,909,303 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон Ч... болон Г... ХХК, М.Ц.. нарын хооронд 2019 оны 01 сарын 09-ний өдөр байгуулсан №ББГ-2019/БГ/0... гэрээ, 2019 оны 04 сарын 12-ны өдрийн №ББГ-2019/БГ/48/... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Г... ХХК, М.Ц... нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ч... ХХК татгалзсаныг баталж, Г... ХХК, М.Ц... нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,599,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г... ХХК-аас 9,805,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч... ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 

4.    Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Шүүхийн шийдвэрт "..,Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллагаас иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсөн байхад энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь буруу" гэсэн агуулгаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

Учир нь Короновируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8-д "...зээлдэгчийн хүсэлтийг харгалзан..." гэсэн зохицуулалтын арга хэмжээг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой хариуцагчид давуу байдал бий болгож дээрх Засгийн газрын тогтоолыг хэрэглэсэн нь зүйд нийцэхгүй.

 

4.2. Хариуцагч "Г..." ХХК болон М.Ц... нарын аль алинаас нэхэмжлэгч "Ч..." ХХК-д хандан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулах, сунгах, нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүй байх тухай хүсэлт огт гаргаагүй.

 

Шүүхийн шийдвэрт ..,Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилсан тул зээлийн гэрээний хугацаа өнгөрмөгц зээлийг буцаан төлөхийг шаардах эрх үүснэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол гэрээгээр тогтоосон хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг шаардах эрхтэй " гэж нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтыг дурдаад шаардах эрхээ боломжит хугацаанд хэрэгжүүлээгүй гэсэн нь хуульд нийцээгүй.

 

Учир нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтууд нэхэмжлэгчийн үүргийн тухай зохицуулалт бус шаардах эрхийн тухай ойлголт зохицуулалтад хамаарна.

 

4.3.        Шүүхийн шийдвэрт ".., Мөн зээлийн гэрээг дээр дурдсан мэдэгдлийг хүргүүлсэн хугацаагаар цуцалсан гэж үзэв." гэжээ.

 

2022 оны 03 дугаар сарын 25- ны өдрийн №ЗГ/49, ЗГ/50 мэдэгдэл нь гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдэл биш, харин гэрээний үүргээ биелүүлэхийг, үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай төлбөрийн мэдэгдэл юм.

 

Харин шүүхэд хандсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэрээг цуцалсан гэж үзвэл хуульд нийцэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд заасан хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзэх тодорхой үндэслэл бий болоогүй. Харин үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний хугацаа, хэргийн үйл баримтаар тодорхой харагдаж байна. Хариуцагч Г...." ХХК болон хариуцагч М.Ц...той нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулсан, энэ тухай ч хариуцагч маргаагүй. Уулзалтуудад зээлийн төлбөрийг төлөх тухай ярилцлага л өрнөсөн байдаг.

 

4.4. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анх 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

6.1. Шүүхийн шийдвэрт "... Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй юм..." гэж дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх "хэтэрсэн хугацааны хүү" нь чухам ямар хувь хэмжээтэйгээр тооцох талаар дүгнэлт хийгээгүй.

 

6.2. 1995 оны хэмжээг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана" гэж зохицуулсан.

 

Харин талуудын хооронд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн хэмжээ", "зээлийн хүү", "нэмэгдүүлсэн хүү", "Зээлийн гэрээний ерөнхий хугацаа"-г тус тус харилцан тохиролцсон байх боловч "хэтэрсэн хугацааны хүүг" ерөөс тохиролцоогүй.

 

6.3. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан хэтэрсэн хугацааны хүүг хэдэн хувиар, ямар хугацааны туршид тооцогдох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 01 сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/.... дугаартай "Зээлийн гэрээ"-ний хугацаа хугацаа 2020 оны 07 сарын 09-ний өдөр дуусгавар болсноос хойш жилийн 18 хувиар тооцсон 326,143,233 төгрөг,

2019 оны 04 сарын 12-ны өдрийн ББГ- 2019/3Г/... дугаартай "Зээлийн гэрээ"-ний хугацаа нь 2020 оны 04 сарын 12 өдөр дуусгавар болсноос хойш жилийн 24 хувиар тооцсон 517,713,956 төгрөг, нийт 843,857,189 төгрөгийг хэтэрсэн хугацааны хүү гэх байдлаар "Голланд Сонгино" ХХК- аас гаргуулах нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

 

7.1. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн гэж үздэг. Харин уг мэдэгдлийг хүү болон төлбөрөө төлөхийг шаардсан агуулга бүхий мэдэгдэл байсан.

 

Мөн гэрээг цуцлах талаар ямар нэгэн агуулга байгаагүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлж, уг гэрээг цуцалсан гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч Ч... ХХК нь хариуцагч Г... ХХК, М.Ц... нарт холбогдуулан

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ББГ-2019/ЗГ/.... тоот зээлийн гэрээний үүрэгт 582,000,000 төгрөг, хүү 444,871,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,820,865 төгрөг,

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/... тоот зээлийн гэрээний үүрэгт 600,000,000 төгрөг, хүү 589,911,216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,825,205 төгрөг,

нийт 2,365,428,520 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ... хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тохиролцоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ. /1-р хх 1-3, 96-97,40/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Зохигч 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ББГ-2019/ЗГ/... дугаартай зээлийн гэрээ байгуулж, Ч... ХХК нь 582,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар Г.... ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх. 10-12/

3.б. Мөн талууд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ББГ-2019/ЗГ/... дугаар зээлийн гэрээг байгуулж, Ч... ХХК нь 600,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, Г... ХХК нь зээлийг буцаан төлөх үүргийг хүлээжээ. /1-р хх. 13-15/

3.в. Зохигч мөн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор

Улсын бүртгэлийн Ү-2203... дугаартай, Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө ... байрны ....тоот хаягт байрлах, 149.26 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн Ү-2206.... дугаартай, Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, Х... цогцолбор Зайсангийн гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах, 132 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Улсын бүртгэлийн Ү-2003... дугаартай, Д... аймгийн Д... сум, .... дүгээр баг, Б... гудамж .... тоот хаягт байрлах, 200 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Д... аймгийн Д... сум, .... дүгээр баг, .... дугаар хороолол, Б... хаягт байрлах, 238 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, тоног төхөөрөмжүүдийг барьцаалахаар харилцан тохиролцжээ. /1-р хх. 19-21/

3.г. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өмнөх гэрээнд дурдсан хөрөнгө болон 100,000 кг үр, нийт 750 тн сонгиноор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /1-р хх 16-18/

3.д. Ч... ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 582,000,000 төгрөгийг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 390,000,000 төгрөгийг тус тус зээлдэгчид шилжүүлэн өгч, үүргээ биелүүлсэн. Хариуцагч зээлийг хүлээн авсанд маргаагүй.

3.е. Нэхэмжлэгч талын гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол гэх баримтад зээлдэгч 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн эргэн төлөлтөд хүү 22,387,068.49 төгрөгийг төлсөн, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан нь тогтоогдсон байна. /1-р хх. 26/

3.ё. Зээлдэгч 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн эргэн төлөлтөд хүү 14,316,728.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,334,794.52 төгрөгийг төлсөн, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй үүргийн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. /1-р хх. 29 /

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь .., зарим шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар, хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээний талаар гэрээнд тохиролцоогүй тул шаардах эрхгүй гэж маргасан.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.а. Анхан шатны шүүх хариуцагчаас зээл 1,929,519,216.99 төгрөгийг гаргуулж, 435,909,303 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

5.б. Нэхэмжлэгч нь хоёр зээлийн гэрээний үүрэг шаардсан ба 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг 18 сараар буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг 12 сараар буюу 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулсан. /хх/

5.в. Ч.... ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгэн маргаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаанд гэрээний зөрчил бий болсон үйл баримт тогтоогджээ. /1-р хх 26- 29/

5.г 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар зохицуулсан байна.

Хэрэгт Коронавирус цар тахал гарахаас өмнө зээлийн гэрээний зөрчил үүссэн нөхцөл байдал тогтоогдсон төдийгүй хариуцагчаас цар тахалтай холбоотойгоор нэхэмжлэгч талд хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй.

6. Иймд хариуцагч Г... ХХК-аас 2,365,428,520 төгрөгийг гаргуулж Ч... ХХК-д олгох нь зүйтэй.

6.а. Хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар тогтоосон үүрэг тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү гаргуулах нь зөв юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01280 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г... ХХК-аас 2,365,428,520 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч... ХХК-д олгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,599,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г... ХХК-аас 12,529,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч... ХХК-д олгосугай гэж, өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,198,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,337,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД