Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02236

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02236

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э Э Т П ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,860,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХКнь Э Э Т П ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 01/04 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрийг 160,000 төгрөгөөр авахаар тохирч тус Э Э Т П ХХК-ийн дансанд 51,840,000 төгрөгийн төлбөр хийсэн. Уг хөөсөнцөрийг А ХХК-ийн 70-н айлын орон сууцны 13 давхар барилгын ашиглалттай дээвэрт ашиглахаар төлөвлөсөн. 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 14 машин буюу 215.9м3 хөөсөнцөр ирсэн. Уг хөөсөнцөрийг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлэхэд хөөсөнцөр полистрол хавтангийн нягт нь 21 кг/м3" нягттай хөөсөнцөр болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Энэ манай захиалсан хөөсөнцөрөөс 4-н шатлал доогуур хөөсөнцөр нийлүүлсэн нь ашиглалттай дээврийн стандартыг зөрчиж чанарын шаардлага хангахгүй байгаа болно. Ашиглалттай дээврийн стандартыг зөрчсөн хөөсөнцөр нийлүүлсний улмаас төлөвлөгөөний дагуу барилгын дээвэр дээрх ногоон байгууламж барих боломжгүй болж байгаа юм. Тус Э Э Т П ХХК нь угсардаг хөөсөнцөр хавтан нь 20-28 хүртэл кг/м3 шатлалтай гардаг байсан бид харилцан тохиролцсоны үүднээс манай А ХХК29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрийг 1 кг/м3 тутмыг 160,000 төгрөг байхаар тохирон хийж өгсөн. Гэтэл тус компанийн нийлүүлсэн хөөсөнцөр нь 21 кг/м3 нягттай хөөсөнцөр байсан бөгөөд 1 кг/м3 тутам нь зах зээлийн ханшаар 129,600 төгрөг буюу нийт 27,979,344 төгрөгийн үнэтэй бараа нийлүүлж үүргээ зөрчсөн болно.

Мөн Э Э Т П ХХКнь гэнэт нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд түүхий эд материал дууссан гэх шалтгаанаар нийлүүлэлт зогссон тул дахин нийлүүлэх боломжгүй боллоо гэсэн. Бид бараа бүтээгдэхүүний талаар Э Э Т П ХХК-ийн захирал болон ерөнхий менежерт гомдол гаргаж зөрүү мөнгийг буцаан авах тухай шаардаж уулзахад 21 кг/м3 нягттай хөөсөнцөр нь 1 кг/м3 тутам нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 129,600 төгрөг байхад Э Э Т П ХХК 160,000 төгрөгөөр тооцож болно танай саналыг зөвшөөрөхгүй гэж хэлсэн, үүнийг бид зөвшөөрөхгүй байгаа тул бид шүүхэд хандаж байгаа болно. Иймд манай компанид худал амлалт өгч итгүүлэн чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн нийлүүлж мөнгө авч, бараагаа дутуу нийлүүлсэн тул манай Э Э Т П ХХК-д шилжүүлсэн 51,840,000 төгрөгийн зөрүү мөнгө болох 23,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э Э Т П ХХК нь Монгол Улсад угсардаг хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэж худалдаалдаг цорын ганц этгээд (угсардаг хөөсөнцөр полистироп хавтан, түүнийг үйпдвэрлэх аргын ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч) мөн бөгөөд өөр аливаа этгээд угсардаг хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэж, худалдаалдаггүй. 2019 оны 05 сарын 07-ны өдөр А ХХК-тай №01/04 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтангийн үнэ 1м3 тутамд 160,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тухайн үед 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтангийн үнэ 1м3 тутамд 181,500 төгрөг байсан бөгөөд ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах болсонтой холбогдуулж бараа бүтээгдэхүүний үнийг 160,000 төгрөг болгож бууруулсан байдаг. Худалдагчийн зүгээс гэрээний дагуу шаардпага хангасан 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг нийт 215.89 м3-ыг нийлүүлсэн бөгөөд худалдан авагчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг тухай бүрт нь шалгаж хүлээж авч байсан. Бараа бүтээгдэхүүн шаардлага хангаагүй, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлсэн гэх боловч бидэнд энэ талаарх шинжилгээний дүнг танилцуулсан зүйл байхгүй. Худалдагч нь бараа бүтээгдэхүүний түүхий эд /химийн бодис/-ээ БНХАУ-аас оруулж ирдэг бөгөөд гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын гааль дахь химийн бодис дамжин өнгөрөх агуулах хаагдаж улмаар түүхий эд орж ирээгүй. Уг нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь худалдан авагчид аман хэлбэрээр мэдэгдэж ирсэн бөгөөд энэхүү хариуцагчаас үл хамаарсан нөхцөл байдал 2019 оны 07 сарын 28-ны өдөр арилсан. Худал амлалт өгч итгүүлсэн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчээс 21кг/м3 нягттай хөөсөнцөр хавтангийн тухайн үеийн зах зээлийн ханш 129,600 төгрөг байсан гэж дурдсан байна. Хариуцагчийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь энгийн хөөсөнцөр хавтангаас өөр буюу угсардаг хөөсөнцөр хавтан тул энгийн хөөсөнцөр хавтангаас илүү үнэ ханштай болно. Иймд 23,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 05 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А ХХК-тай №01/04 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан ба гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 29-ЗОкг/м3 нягттай бараа бүтээгдэхүүн худалдах нэгжийн үндсэн үнэ 1м3 тутамд 181,500 төгрөг бөгөөд худалдан авагчийн хүсэлтийн дагуу гэрээгээр тохирсон их хэмжээний нийлүүлэлт хийх болсонтой холбогдуулан 29-ЗОкг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1м3 тутамд 160,000 төгрөг үзүүлсэн байдаг. Худалдагч бидний зүгээс гэрээний дагуу шаардлага хангасан 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг нийт 215.89 м3-ыг нийлүүлсэн бөгөөд худалдан авагчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг тухай бүрт нь шалгаж хүлээж авч байсан болно. Харин 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын гааль дахь химийн бодис дамжин өнгөрөх агуулах хаагдаж улмаар түүхий эд (химийн бодис) оруулах боломжгүй болсон ба уг нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь худалдан авагчид аман хэлбэрээр мэдэгдэж ирсэн. Манай компанийн үйл ажиллагаанаас үл хамаарсан нөхцөл байдал 2019 оны 07 сарын 28-ны өдөр арилсан. Харин А ХХКнь эдгээр нөхцөлийг мэдсээр байж хожим нь манай компанийн бараа бүтээгдэхүүн шаардлага хангаагүй, гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор үүргээ биелүүлээгүй гэх мэтээр буруутгаж, гэрээгээр тохирсон хэмжээгээр бараа бүтээгдэхүүнийг авахаас татгалзан шүүхэд нэхэмжлэл гаргасан нь их хэмжээний хохирол учруулж байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д ...Худалдан авагчаас томилсон этгээд нь бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, чанарыг шалган тогтоох эрх хэмжээ, ур чадвар бүхий этгээд байна. Худалдан авагч буюу түүний томилсон этгээд нь бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн авах буюу хүлээн авахдаа түүнийг нэн даруй шалган авах үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүйгээс үүсэх асуудлыг Иргэний хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ... гэж харилцан тохиролцсон. Харин гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д ...Худалдан авагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзан худалдагчийн эсхүл худалдан авагчийн санаачилгаар гэрээ цуцлагдах тохиолдолд худалдагч нь өөрийн нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний үнийг гэрээний 4 дүгээр зүйпийн 4.2-т дурдсан үндсэн үнээр буюу 23-25кг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1м3 тутамд 159,500 төгрөгөөр, 29-ЗОкг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1м3 тутамд 181,500 төгрөгөөр тус тус тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй..." гэж заасан. А ХХК-ийн зүгээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээр тохиролцсон нийт бараа бүтээгдэхүүний тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзаж байгаа үйлдэл мөн тул манай компани 1м3 бараа бүтээгдэхүүний үнийг 160,000 төгрөгөөр бус харин үндсэн үнээр нь буюу 181,500 төгрөгөөр тооцож, 215.89м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг хариуцагч "А ХХК-иас гаргуулах эрхтэй юм. Иймд бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийлүүлсэн 29-30 кг/м3 нягттай гэх хөөсөнцөрийг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатор-иор шинжлүүлсэн 21 кг/м3 нягттай хөөсөнцөр полистрол хавтангийн шинжилгээний дүгнэлтийг хариуцагчид танилцуулж, хариуцагчаас хөөсөнцөр хавтангын зөрүү мөнгийг буцаан авах талаар Э Э Т П ХХК-ийн захирал болон ерөнхий менежерт удаа дараа бичгээр гомдол гаргаж, өөрийн биеэр компани дээр нь очиж уулзсан болно. Энэ асуудлаар хариуцагч компанид хандаж бичгээр гаргаж байсан гомдол шаардлагыг шүүхэд гаргаж өгсөн байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №01/04 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд болон уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт дээрх заалт огт байхгүй, тусгагдаагүй бөгөөд анхнаасаа хариуцагч компанийн нийлүүлсэн 29-30 кг/м3 нягттай гэх хөөсөнцөр нь бодит байдал дээр 21 кг/м3 нягттай хөөсөнцөр байсан бөгөөд 21 кг/м3 нягттай хөөсөнцөрийн 1 кг/м3 тутам нь зах зээлийн ханшаар 129,600 төгрөг буюу нийт 27,979,344 төгрөгийн үнэтэй 21 кг/м3 нягттай хөөсөнцөрийг нэхэмжлэгч талд нийлүүлж үүргээ зөрчсөн. Мөн хариуцагч тал нь түүхий эд материал дууссан гэх шалтгаанаар гэнэт хөөсөнцөр хавтан нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд үүнийгээ ч өөрсдөө хэлдэг, хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт хариуцагчийн нийлүүлсэн хөөсөнцөр хавтан нь чанарын шаардлага хангаагүй, мөн нийлүүлэлтийн явцад хариуцагч тал бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт өөрсдөө нийлүүлэлтээ зогсоосон байж одоо худалдан авагчийн санаачилгаар гэрээ цуцлагдах тохиолдолд худалдагч нь өөрийн нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний үнийг үндсэн үнээр нь нэхэмжлэх эрхтэй, нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээр тохиролцсон нийт бараа бүтээгдэхүүний тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзаж байгаа үйлдэл мөн тул нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээ үндсэн үнээр нь тооцож, зөрүү 4,641,635 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, харин ч бид хариуцагч компанид итгээд 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөр авна гэж тохиролцоод 51,840,000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч компани бидэнд шаардлага хангахгүй 21 кг/м3 нягттай хөөсөнцөр шилжүүлсэн. Бид харин үүний зөрүү мөнгийг хариуцагчаас гаргуулах эрхтэй. Нэхэмжлэгч тал хариуцагчид 51,840,000 төгрөгийг төлсөн санхүүгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Э Э Т П ХХК нь анхнаасаа 29-ЗОкг/м3 нягттай хөөсөнцрийн үнийг 1 м3 нь 160,000 төгрөгөөр тооцон тохиролцож уг санхүүгийн баримтууд дээр гарын үсэг зурсан байж одоо гэнэт 29-ЗОкг/м3 нягттай хөөсөнцрийн үнийг 1м3 тутамд 181,500 төгрөгөөр тооцож, 215.89м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг А ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК-ийн дүрэм, итгэмжлэл, Бараа бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримтууд, А ХХК-ийн №62/19 тоот албан бичиг, №01/2019 тоот нэхэмжлэх, барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, үнийн баримт, орлогын ордер, фото зураг, угсардаг хөөсөнцөр хавтангийн үнийн санал, барилгын ашиглалттай дээврийн эскиз зураг, барилгын батлагдсан эскиз зураг, барилга.мн сэтгүүл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,

Хариуцагчаас: Э Э Т П ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ашигтай загварын гэрчилгээ, зарлагын баримтууд, 2019.10.29-ний Бараа бүтээгдхүүн худалдах, худалдан авах гэрээ, кассын орлогын ордер, зарлагын баримтууд, Э Э Т П ХХК-ийн гүйцэтгэх захирлын №А/01 дугаартай тушаал, Э Э Т П ХХК-ийн гүйцэтгэх захирлын №01 дугаартай тушаал,

Э Э Т П ХХК-ийн гүйцэтгэх захирлын №А/02 дугаартай тушаал, үнийн санал, хөөсөнцөр хавтангийн танилцуулга, зарлагын падаан болон зарлагын баримт, Э Э Т П ХХК-ийн №01/14 тоот хамтран ажиллах санал хүргүүлэх тухай албан бичиг, хөөсөнцөр хавтан болон twincoat гадна ханын чулуутай будаг нийлүүлэх үнэ, төлбөрийн нөхцөл, Э Э Т П ХХК-ийн №01/09 тоот хамтран ажиллах санал хүргүүлэх тухай албан бичиг, Э Э Т П ХХК-ийн №01/11 тоот хамтран ажиллах санал хүргүүлэх тухай албан бичиг, угсардаг хөөсөнцөр хавтангийн үнийн санал, Э Э Т П ХХК-ийн патентын гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн байна.

Шүүгчийн захирамжаар: Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны №2/36 тоот албан бичиг, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирлын №03 тоот албан бичиг, шинжээчийн ажлын зардлын хүснэгт, нэхэмжлэх, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны №02/026 дугаартай дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг, шинжээчийн дүгнэлт, сорилт шинжилгээний дүн зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч А ХХКнь хариуцагч Э Э Т П ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,860,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ Нэхэмжлэгч А ХХКнь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Э Э Т П ХХК-тай 29-30 кг/м3 барилгын дээврийн хөөсөнцөрийг 1кг/м3 тутамд 160,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, улмаар 51,840,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Нийт 215,9 кг/м3 хөөсөнцөр хүлээн авсан боловч үлдэгдэл хөөсөнцөрийг нь тохирсон хугацаандаа нийлүүлээгүй. Мөн тухайн барилгын ашиглалттай дээвэрт зориулагдсан хөөсөнцөрийн нягтыг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд худалдан авсан хөөсөнцөрийн нягт нь 21 кг/м3 байсан буюу бидний харилцан тохиролцсон 29-30 кг/м3 нягтын хэмжээнээс бага хэмжээтэй, 1кг/м3 тутам нь зах зээлийн ханшаар 129,600 төгрөгийн үнэтэй барааг нийлүүлж гэрээг зөрчсөн байсан. Энэ талаар хариуцагчид гомдол гаргаж, нягтын зөрүүнээс үүссэн мөнгөн төлбөрийг буцаан төлөхийг шаардсан, мөн үлдэгдэл хөөсөнцөрийг нийлүүлээгүйтэй холбоотойгоор илүү төлсөн мөнгөн төлбөрийг буцаан шилжүүлэхийг шаардсан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул хөөсөнцөрийн үнийн зөрүү болон илүү төлсөн мөнгө төлбөрт нийт 23,860,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахи байдлаар үгүйсгэж татгалзсан. Э Э Т П ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч А ХХК-тай №01/04 тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, их хэмжээний хөөсөнцөр авна гэсэн учир 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтангийн үнэ 1 кг/м3 тутамд 181,500 төгрөг байсныг 160,000 төгрөг байхаар харилцан тохиролцож үнийг нь бууруулсан. Худалдагчийн зүгээс гэрээний дагуу шаардлага хангасан 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг нийт 215.89 кг/м3-ыг нийлүүлснийг худалдан авагч нь тухай бүр шалгаж хүлээн авсан. Гэтэл гэрээ байгуулсны дараа БНХАУ-ын гааль дахь химийн бодис дамжин өнгөрөх агуулах хаагдаж, түүхий эд орж ирээгүйгээс нийлүүлэлт саатсан. Нэхэмжлэгч нь чанарын шаардлага хөөсөнцөрийг тухай бүр бүрэн хүлээн авсан атлаа шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар үлдэгдэл төлбөр болон нягт багатай хөөсөнцөрийн үнийн зүнгээр тооцон зөрүү төлбөрийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй, учир нь худалдан авагч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан, мөн доголдолтой бүтээгдэхүүн гэсэн атлаа өөрсдийн хэрэгцээнд ашигласны дараа зөрүү мөнгөө шаардсан нь үндэслэлгүй, мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулахаар тохирсон, талууд гэрээг бичгээр байгуулсан уг гэрээнд маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг Арбитр гэж тохирсон байхад шүүхэд хандсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

а/ Талуудын хооронд 2019 оны 5 сарын 07-ны өдөр байгуулсан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-гээр 29-30кг/м3 нягттай бараа, бүтээгдэхүүн худалдах нэгжийн үндсэн үнэ 1 кг/м3 тутамд 181,500 төгрөг байсныг А ХХКнь их хэмжээний худалдан авалт хийх болсон тул нэгжийн үнийг 1 кг/м3 тутамд 160,000 төгрөг болгож үнийг бууруулсан. Мөн чанарын шаардлага хангасан 215.89 кг/м3 хөөсөнцөрийг нийлүүлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-д ...Худалдан авагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзан худалдагчийн эсхүл худалдан авагчийн санаачилгаар гэрээ цуцлагдах тохиолдолд худалдагч нь өөрийн нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний үнийг... 29-30кг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1м3 тутамд 181,500 төгрөгөөр тус тус тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй..." гэж заасны дагуу 215.89м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг хариуцагч "А ХХК-иас гаргуулна гэж хариуцагч Э Э Т П ХХК сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

б/ Э Э Т П ХХК харилцан тохиролцсоноос бага нягттай хөөсөнцөр нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн, мөн нийлүүлэх ёстой хэмжээгээр хөөсөнцөрийг нийлүүлээгүй. Э Э Т П ХХК нь анхнаасаа 29-30кг/м3 нягттай хөөсөнцөрийн үнийг 1 кг/м3 нь 160,000 төгрөгөөр тооцон тохиролцож санхүүгийн баримтууд дээр гарын үсэг зурсан, гэтэл 29-З0кг/м3 нягттай хөөсөнцрийн үнийг 1м3 тутамд 181,500 төгрөгөөр тооцож, 215.89 м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг А ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. Гэрээнд олон төрлийн үнийн шаардлага, мөн торгууль, маргааны харьяалал гэх мэт зүйлийг нэмсэн, өөрчилсөн байсан тул гэрээнд өөрчлөлт оруулах саналаа хэлээд нэхэмжлэгч талаас гарын үсэг зураагүй юм. Иймд гэрээний заалтын дагуу шаардах эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзжээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

                                                                              I.        Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

1. Нэхэмжлэгч А ХХКнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 13 давхар орон сууцны зориулалттай барилгын ажил гүйцэтгэж байгаатай холбоотойгоор түүний дээвэр болон бусад хэсэгт ашиглах зориулалтын хучлага, нягтаршил сайтай хөөсөнцөрийг худалдан авах зорилгоор Э Э Т П ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд оржээ.

2. Улмаар, 23-25 кг/м3 нягттай хөөсөнцөрийн 1 м3 тутамд худалдах нэгжийн үнийг 159,500 төгрөгөөс 140,000 төгрөг, 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрийг 181,500 төгрөгөс 160,000 төгрөг болгон үнийг нь бууруулж, нийт 129,600,000 төгрөгөөр хоёр төрлийн нягттай хөөсөнцөр худалдан авахаар тохирчээ.

3. Худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 40 хувь болох 51,840,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлөхөөр, 30 хувь болох 38,880,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт ногдох барааг нийлүүлж дууссаны дараа, үлдэх 30 хувь болох 38,880,000 төгрөгийг 2 дахь шатны төлбөрт ногдох бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж тооцоо нийлсэнээр төлөхөөр тохиролцсон байна.

3.а. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

5. Дээрх хэлцлээр А ХХКнь хэлэлцэн тохирсон урьдчилгаа 51,840,000 төгрөгийг худалдагч талд бүрэн шилжүүлсэн, худалдагч тал нь 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрөөс нийт 320 м3 хэмжээтэйг нийлүүлэх ёстойгоос 215,9 кг/мнийлүүлсэн, үлдэгдэл 104.1 кг/м3-ыг нийлүүлээгүй, харин 23-25 кг/м3 нягттай хөөсөнцөрөөс огт нийлүүлээгүй болох нь тогтоогдсон, зохигчид тухайн асуудлаар маргаагүй боловч 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №01/04 дугаартай худалдах, худалдан авах гэрээг талууд бичгээр байгуулсан эсэх асуудлаар маргажээ.

6. Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагч талыг төлөөлж, Э Э Т П ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б, Ерөнхий менежер Ч.Г нар гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж баталгаажуулсан байх боловч худалдан авагч талыг төлөөлж А ХХК-ийн захирал Б.Энх-Амгаланбаатар, менежер Э.А нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул гэрээг хуульд зааснаар бичгэн хэлбэрээр хийж баталгаажуулсан, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан бичгэн хэлбэрийн худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй байна.

7. Учир нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж, мөн хуулийн 42.7-д Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан, худалдан авагч тал болох А ХХКнь гэрээнд гарын үсэг зураагүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг бичгээр баталгаажуулсан гэж үзэх боломжгүй юм.

8. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож, амаар хэлцэл хийсэн гэж үзнэ.

9. Зохигчдын хооронд байгуулсан хөөсөнцөр худалдах, худалдан авах аман гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийлүүлсэн зарлагын баримтаар нийт 215,9 кг/м3 хэмжээтэй хөөсөнцөрийг нэгжийн үнийг 160,000 төгрөгөөр тооцон нийлүүлсэн болох нь хавтаст хэргийн 13-19 дүгээр талд авагдсан Зарлагын баримтуудаар тогтоогджээ.

10. Хөөсөнцөрийг нийлүүлсэн дээрх баримтуудад талууд гарын үсэг зурж хүлээлгэн өгч авалцсанаас гадна нийлүүлсэн бүтээгдэхүүнийг угсардаг хөөсөнцөр хавтан /29-30кг/ гэж, нэгжийн үнийг -160,000 төгрөг гэж тус тус гараар тэмдэглэсэн байх тул 29-30 кг/мхөөсөнцөрийг 1 кг/мтутамд 160,000 төгрөгөөр нийлүүлэхэр тохиролцсон гэж үзнэ. Иймд 215,9х160,000=34,544,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлжээ.

11. Харин худалдагч нь түүхий эдийн саатлаас шалтгаалан 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөр /320-215,9=104,1кг.м3/ 104.1кг/м3-ийг худалдан авагчид нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

12. Иймд нэхэмжлэгч А ХХКнь дутуу нийлүүлсэн хөөсөнцөрийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 51,840,000-34,544,000=17,296,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Нэгэнт талуудын хооронд байгуулсан хөөсөнцөр хавтан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, хөөсөнцөрийг хүлээн авсан мөнгөн төлбөрт дүйцүүлэн нийлүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул барааны үнэд илүү төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар худалдан авагч буцаан шаардах эрхтэй бөгөөд энэ шаардлагыг гаргасантай холбоотойгоор худалдан авагч нь төлбөр төлөх үүргээсээ татгалзаж, гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцнэ.

13. Зохигчийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн хөөсөнцөрийн нягт нь гэрээгээр харилцан тохиролцсон хэмжээнээс бага байсантай холбоотойгоор тухайн нягтад хамаарах үнийн дүнгээр тооцож, илүү шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг гаргуулах шаардлагатай холбогдуулан талууд мэтгэлцсэн ба эд хөрөнгийн догдолдлын талаар маргасантай холбоотойгоор дараахи нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

14. Нэхэмжлэгч А ХХКнь худалдан авсан хөөсөнцөрийн нягтыг шалгах зорилгоор Барилга архитектур корпораци-ийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтээр эзэлхүүний нягт нь 21.1 кг/мгэж гарсан нь өөрсдийн худалдан авахаар тохирсон хөөсөнцөрийн нягтад хүрэхгүй буюу 4 шатлал доогуур байсан, мөн тухайн хөөсөнцөрийг нэгэнт барилгын дээвэрт дэвсэж, дараагийн шатны ажлыг хийж гүйцэтгэсэн байсан учир Э Э Т П ХХК-ийн нийлүүлсэн хөөсөнцөрийг зах зээлийн зээлийн үнэ ханшаар тооцоход 21.1 кг/мхөөсөнцөрийн үнэ 129,600 төгрөг буюу зөрүү нь/160,000-129,600=30,400/ 30,400 төгрөг байх тул нийлүүлсэн үнийн зөрүүг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлжээ.

15. А ХХКнь нийт 215,9 кг/мхөөсөнцөрийг худалдан авсан тул 215,9х30,400=6,563,360 төгрөгийг хөөсөнцөрийн зөрүү төлбөрт буцаан шаарджээ.

16. Талууд хөөсөнцөрийн нягтын хэмжээ нь бодит байдалд нийцсэн эсх талаар маргасантай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №181/ШЗ2021/03429 захирамжаар шинжээчээр томилогдсон Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо-ны 2023.04.20-ны өдрийн №02/026 албан бичгээр гаргасан Дүгнэлтээр Хөөсөнцөрийн нягтын хэмжээ 25,24 кг/мгэж тодорхойлжээ. /хх-182-185/

17. Түүнчлэн Э Э Т П ХХК-иас А ХХК-д нийлүүлсэн хөөсөнцөрийн Зарлагын хэвлэмэл баримтад Insulteсн угсардаг хөөсөнцөр хавтангийн нягт/кг гэсэн хэсэгт 20-22, 23-25, 26-28 кг/м3 гэсэн хэмжээс тэмдэглэгдсэн байхаас гадна бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнд бараа бүтээгдэхүүний хэмжээ нь 20-22, 23-25, 26-28 кг/мгэсэн хэмжээгээр тусгагдсан, Э Э Т П ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.02.01-ний өдрийн №А/01 тушаал, 2018.03.01-ний өдрийн №01 тушаал, 2019.04.25-ны өдрийн №А/02 тушаалаар баталсан EPS хөөсөнцөр хавтангийн үнийн жагсаалтад 20-22, 23-25, 26-28 кг/м3 гэсэн хэмжээнүүдийн үнийг баталсан, 29-30кг/мнягттай хөөсөнцөрийг үйлдвэрлэдэг, үйлдвэрлэх хүчин чадалтай эсэх талаархи баримтгүй тул Э Э Т П ХХК нь анхнаасаа талуудын хооронд маргаж буй 29-30 кг/мхөөсөнцөр хавтанг үйлдвэрлэх боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй, хариуцагч нь 29-30 кг/м3 хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэх хүчин чадалтай байсан эсэх, тухайн хэмжээнд нийцсэн хавтанг үйлдвэрлэх боломжтой байсан эсэхийг нотлох үйл баримт тогтоогдоогүй гэж үзнэ. /хх 68-80/

17.а. Тодруулбал, Э Э Т П ХХК-ийн бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ болон зарлагын баримт зэрэгт 29-30 кг/мхөөсөнцөрийг үйлдвэрлэж, ашиглалтад өгч байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тус хуулийн этгээдийн хөөсөнцөрийн нягтыг үйлдвэрлэх хүчин чадлын дээд хэмжээг 26-28 кг/мбайсан гэж үзэх боломжтой юм.

18. Шүүхээс шинжээчээр томилсон Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны 2023.04.20-ны өдрийн №02/026 албан бичгээр гаргасан Дүгнэлтээр Хөөсөнцөрийн нягтын хэмжээ 25,24 кг/м3 гэж тодорхойлсон, шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Барилга хот, байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид сорьцийг баталгаажуулсан байх тул уг шинжээчийн дүгнэлтийг бодит үнэнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй юм. /хх-188-185/

19. Иймд талуудын хэлэлцэн тохирсон 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөр хавтанг худалдан авагч талд худалдагч нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул биет байдлын доголдолтой хөрөнгө нийлүүлсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж хуульчилжээ.

20. Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч нэгэнт барилгын дээвэрт ашигласан бүтээгдэхүүний доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх боломжгүй тохиолдолд тухайн чанарын шаардлагад нийцсэн үнийн дүнгээр тооцон зөрүү төлбөрийг нэхэмжилсэн нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т нийцэх ба доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно.

21. Хариуцагч нь худалдан авагчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч зохигчид амаар хэлцэл хийсэн тул баталгаат хугацаа тогтоогоогүй гэж үзэх ба эд хөрөнгийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 5 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн буюу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандсан байх тул Иргэний хуулийн 254 дүгээр 254.6-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

22. Түүнчлэн хөөсөнцөр хавтанг хүлээн авсан нь баримтаар тогтоогдсон тохиолдолд, мөн гэрээнд зааснаар бүтээгдэхүүний чанарыг хүлээн авах үүрэг нь худалдан авагчид хамаарах тул бүтээгдэхүүнийг хүлээгэн өгснөөс хойшхи чанарын доголдолтой аливаа шаардлагыг худалдагч тал хариуцна гэж хариуцагч тал маргаж байгаа боловч хөөсөнцөр хавтангийн нягтын хэмжээг хүлээн авахдаа шууд илрүүлэх боломжтой байсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай зохицуулалт нь энэ тохиолдолд хамаарахгүй.

23. Харин шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр хөөсөнцөр хавтангийн нягтын хэмжээг 25,24 кг/м3 гэж тодорхойлсон нь талуудын хооронд байгуулахаар тохиролцож байсан гэрээний 23-25 кг/мхөөсөнцөр хавтангийн нягтын хэмжээнд дүйцэх бөгөөд уг хөөсөнцөр хавтанг 560 мхэмжээгээр нийлүүлэхээр хэлэлцэн тохиролцохдоо 1м3-ийн үнийг 140,000 төгрөгөөр нийлүүлэхээр санал гаргасныг үндэслэн /160,000-140,000=20,000 төгрөг215,9кг/м3 х 20,000 =4,318,000 төгрөгийн зөрүү төлбөрийг нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

24. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлтээр худалдан авагч талд нийлүүлсэн хөөсөнцөрийн нягтын хэмжээ нь 25,24 кг/мбайгаа тохиолдолд 21 кг/м3-ээр тооцон /160,000-129,500=30,500/ нийлүүлсэн хөөсөнцөрийн 1 кг/м3 тутамд 30,400 төгрөгөөр тооцон зөрүү үнийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэв.

25. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дутуу нийлүүлсэн хөөсөнцөрийн төлбөрт урьдчилан шилжүүлсэн 17,296,000 төгрөг, нийлүүлсэн хөөсөнцөрийн бодит үнийн зөрүүгээс үүссэн төлбөр 4,318,000 төгрөг, нийт 21,614,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 2,246,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

                                                                              II.        Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1. Зохигчдын хооронд 2019 оны 5 сарын 07-ны өдөр байгуулсан Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-гээр 29-30кг/м3 нягттай бараа, бүтээгдэхүүн худалдах нэгжийн үндсэн үнэ 1кг/м3 тутамд 181,500 төгрөг байсныг А ХХКнь их хэмжээний худалдан авалт хийх болсон тул нэгжийн үнийг 1 кг/м3 тутамд 160,000 төгрөг болгож үнийг бууруулсан. Мөн чанарын шаардлага хангасан 215.89 кг/м3 хөөсөнцөрийг нийлүүлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-д ...Худалдан авагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзан худалдагчийн эсхүл худалдан авагчийн санаачилгаар гэрээ цуцлагдах тохиолдолд худалдагч нь өөрийн нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний үнийг... 29-30 кг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1 кг/м3 тутамд 181,500 төгрөгөөр тус тус тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй..." гэж заасны дагуу 215.89 кг/м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг хариуцагч "А ХХК-иас гаргуулна гэж хариуцагч Э Э Т П ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр бичгэн хэлбэрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй талаар дүгнэсэн тул талуудын хооронд аман хэлбэрийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсон.

3. Хариуцагч Э Э Т П ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг маргаан бүхий гэрээний хэм хэмжээнд үндэслэн шаардаж байгаа боловч талуудын хооронд уг гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул бичгэн гэрээний заалтад үндэслэн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөгийг шаардах эрхгүй юм.

4. Түүнчлэн хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан гэрээний 8.5-д Холбогдох хууль тогтоомжид тодорхойлсон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ гэж заажээ. Гэтэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй гэрээний 8.5-д ...Худалдан авагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзан худалдагчийн эсхүл худалдан авагчийн санаачилгаар гэрээ цуцлагдах тохиолдолд худалдагч нь өөрийн нийлүүлсэн нийт бараа бүтээгдэхүүний үнийг... 29-30кг/м3 нягттай бараа бүтээгдэхүүнийг худалдах нэгжийн үндсэн үнийг 1м тутамд 181,500 төгрөгөөр тус тус тооцон худалдан авагчаас нэхэмжлэх эрхтэй..." гэсэн зохицуулалтын дагуу шаардсан байх боловч сөрөг нэхэмжлэлийг үндэслэж буй заалт гэрээнд тусгагдаагүй байгаа болохыг дурдах нь зүйтэй гэж үзв.

5. Иймд бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөгийг гаруулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй байна.

                                                                             III.        Хэргийн харьяаллын тухайд:

1. Хариуцагч Э Э Т П ХХК нь зохигчийн хооронд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Бараа бүтгээдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 9.2-т талууд гэрээтэй холбоотой маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндсэний арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу маргааныг Арбитраар шийдвэрлүүлэх ёстой байхад шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй гэж хэргийн харьяаллын талаар маргасан.

2. Нэхэмжлэгч А ХХКнь худалдах, худалдан авах гэрээний үндсэн гол нөхцлүүдийн талаар зохигч тохирсон боловч гэрээг бичгэн хэлбэрээр байгуулах саналын шатанд гэрээний зохицуулалтад хариуцагч нь хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, тухайн өөрчлөлтөд маргаан гарсан тохиолдолд хэргийн харьяаллын асуудлыг Арбитраар шийдвэрлүүлэх тухай заалтыг худалдагч тал хүлээн зөвшөөрөөгүй учир гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, иймд талууд хэргийн харьяаллын талаар хэлэлцэн тохирсон гэж үзэхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан байдаг.

3. Худалдах, худалдан авах гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул тухайн гэрээний зохицуулалтын дагуу гэрээний талууд хэргийн харьяаллыг хэлэлцэн тохирсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ гэж заажээ.

4. Иймд нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэсэн зохицуулалтад нийцсэн, хариуцагчийн оршин байгаа харьяаллын шүүхийн маргаанд хамаарах асуудал гэж үзэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хөөсөнцөрийн нягтыг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт-ийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №181/ШЗ2021/03429 захирамжаар Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо-г шинжээчээр томилсонтой холбоотойгоор 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 02/026 албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн, шинжээчийн зардалд 2,717,650 төгрөгийн нэхэмжлэх, баримтыг хамт ирүүлснийг үндэслэн шинжээч томилуулах хүсэлт гаргасан талд буюу хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар шинжээчийн зардлыг хариуцуулах нь зүйтэй гэж үзэв. /хх-186/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.2, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Э Э Т П ХХК-иас 21,614,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,246,000 төгрөгт холбогдох хэсгийг,

Бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э Э Т П ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,300 төгрөг, хариуцагч Э Э Т П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,217 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э Э Т П ХХК-иас 266,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №181/ШЗ2021/03429 захирамжийн дагуу гарсан шинжээчийн зардлыг шинжээч томилуулах хүсэлт гаргасан тал буюу хариуцагч Э Э Т П ХХК-д хариуцуулж, шинжээчээр томилогдсон Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд 2,717,650 төгрөгийг төлөхийг Э Э Т П ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД