Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01829

 

2023 10 02 210/МА2023/01829

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02237 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,860,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үнийн зөрүү 4,641,635 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2019 оны 05 сарын 07-ны өдөр *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрийг 160,000 төгрөгөөр авахаар тохирч тус Э ХХК-ийн дансанд 51,840,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн. 2019 оны 05 сарын 09-ний өдрөөс 05 сарын 18-ны өдөр хүртэл 14 машин буюу 215,9 м3 хөөсөнцөр ирсэн. Уг хөөсөнцөрийг Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлэхэд хөөсөнцөр полистрол хавтан 21 кг/м3 нягттай болох нь тогтоогдсон. Манай захиалсан хөөсөнцөрөөс дөрвөн шатлал доогуур хөөсөнцөр нийлүүлсэн нь ашиглалттай дээврийн стандартыг зөрчиж, чанарын шаардлага хангахгүй байгаа болно. Үүний улмаас төлөвлөгөөний дагуу барилгын дээвэр дээрх ногоон байгууламж барих боломжгүй болсон. Э ХХК-ийн угсардаг хөөсөнцөр хавтан нь 20-28 хүртэл кг/м3 шатлалтай гардаг ба бид 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөрийг 1 кг/м3 тутмыг 160,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэтэл тус компанийн нийлүүлсэн хөөсөнцөр нь 21 кг/м3 нягттай хөөсөнцөр байсан бөгөөд 1 кг/м3 тутам нь зах зээлийн ханшаар 129,600 төгрөг буюу нийт 27,979,344 төгрөгийн үнэтэй бараа нийлүүлж үүргээ зөрчсөн болно. Мөн "Э" ХХК нь гэнэт нийлүүлэлтээ зогсоосон. Бид бараа бүтээгдэхүүний талаар Э ХХК-ийн захирал болон ерөнхий менежерт гомдол гаргаж, зөрүү мөнгийг буцаан авах тухай шаардаж уулзахад 21 кг/м3 нягттай хөөсөнцөр нь 1 кг/м3 тутам нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 129,600 төгрөг байхад Э ХХК ...160,000 төгрөгөөр тооцож болно, танай саналыг зөвшөөрөхгүй... гэж хэлсэн, үүнийг бид зөвшөөрөхгүй. Иймд Э ХХК-д шилжүүлсэн 51,840,000 төгрөгийн зөрүү мөнгө болох 23,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 05 сарын 07-ны өдөр А ХХК-тай *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, тус гэрээгээр 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтангийн үнэ 1м3 тутамд 160,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Тухайн үед 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтангийн үнэ 1м3 тутамд 181,500 төгрөг байсан бөгөөд ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах болсонтой холбогдуулж бараа бүтээгдэхүүний үнийг 160,000 төгрөг болгож бууруулсан. Худалдагчийн зүгээс гэрээний дагуу шаардпага хангасан 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг нийт 215,89 м3-ыг нийлүүлсэн бөгөөд худалдан авагчийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг тухай бүрд нь шалгаж хүлээж авч байсан. Бараа бүтээгдэхүүн шаардлага хангаагүй, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлсэн гэх боловч бидэнд энэ талаарх шинжилгээний дүнг танилцуулаагүй. Худалдагч нь бараа бүтээгдэхүүний түүхий эд /химийн бодис/-ээ БНХАУ-аас оруулж ирдэг бөгөөд гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс БНХАУ-ын гааль дахь химийн бодис дамжин өнгөрөх агуулах хаагдаж улмаар түүхий эд орж ирээгүй. Уг нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь худалдан авагчид аман хэлбэрээр мэдэгдэж ирсэн бөгөөд энэхүү хариуцагчаас үл хамаарсан нөхцөл байдал 2019 оны 07 сарын 28-ны өдөр арилсан. Нэхэмжлэгчээс 21кг/м3 нягттай хөөсөнцөр хавтангийн тухайн үеийн зах зээлийн ханш 129,600 төгрөг байсан гэж дурдсан байна. Хариуцагчийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь энгийн хөөсөнцөр хавтангаас өөр буюу угсардаг хөөсөнцөр хавтан тул энгийн хөөсөнцөр хавтангаас илүү үнэ ханштай болно. Иймд 23,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: А ХХК-ийн зүгээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээр тохиролцсон нийт бараа бүтээгдэхүүний тодорхой хэсгийг худалдан авахаас татгалзаж байгаа үйлдэл мөн тул манай компани 1 м3 бараа бүтээгдэхүүний үнийг 160,000 төгрөгөөр бус харин үндсэн үнээр нь буюу 181,500 төгрөгөөр тооцож, 215,89м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү болох 4,641,635 төгрөгийг "А ХХК-аас гаргуулах эрхтэй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2, 5.7, 8.5-д тус тус заасны дагуу бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөгийг А ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид хариуцагч компанид итгээд 29-30 кг/м3 нягттай хөөсөнцөр авна гэж тохиролцоод 51,840,000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч компани бидэнд шаардлага хангахгүй 21 кг/м3 нягттай хөөсөнцөр шилжүүлсэн. Бид харин үүний зөрүү мөнгийг хариуцагчаас гаргуулах эрхтэй. Нэхэмжлэгч тал хариуцагчид 51,840,000 төгрөгийг төлсөн санхүүгийн баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Э ХХК нь анхнаасаа 29-30кг/м3 нягттай хөөсөнцрийн үнийг 1 м3 нь 160,000 төгрөгөөр тооцон тохиролцож уг санхүүгийн баримтууд дээр гарын үсэг зурсан. Иймд 29-30кг/м3 нягттай хөөсөнцрийн үнийг 1м3 тутамд 181,500 төгрөгөөр тооцож, 215,89м3 бараа бүтээгдэхүүний үндсэн үнийн зөрүү 4,641,635 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дугаар зүйлийн 254.2, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас 21,614,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,246,000 төгрөгт холбогдох хэсгийг, бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү төлбөрт 4,641,635 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,300 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,217 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 266,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн *** захирамжийн дагуу гарсан шинжээчийн зардлыг шинжээч томилуулах хүсэлт гаргасан тал буюу хариуцагч Э ХХК-д хариуцуулж, шинжээчээр томилогдсон М холбоонд 2,717,650 төгрөгийг төлөхийг Э ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.1.  Зохигчдын хооронд 2019 оны 05 сарын 07-ны өдөр *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч компанийн захирал Б.Э, Э.А нар гарын үсэг зурж, баталгаажуулаагүй байх тул гэрээг хуульд зааснаар бичгэн хэлбэрийн худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй байна... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын гарын үсэг зурагдсан 2019 оны 05 сарын 07-ны өдрийн *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний бүх зүйл, заалтад тусгагдсан агуулга, хүсэл зоригийг нэхэмжлэгч хүлээн авснаар буюу уг гэрээгээр тохиролцсон барааны үнийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлснөөр энэхүү гэрээнд тусгагдсан бүхий л зүйл заалт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Дээр дурдсанчлан нэгэнт л талуудын хооронд 2019 оны 05 сарын 07-ны өдрийн *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ'-ний бүхий л агуулгаар гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх түүнээс зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай заалтыг хэсэгчлэн авч, бусад хэсгийг тохиролцоогүй мэтээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байгаа боловч байгуулагдсан гэх тухайн гэрээний гол болон бусад нөхцөлүүд, талуудын хүсэл зориг, бичгийн гэрээний агуулга зэргийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв анхан шатны шүүх талуудын тохиролцоог зөв үнэлж, дүгнэсэн бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэслэлтэй, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлгүй байсан.

6.2.  Шүүх зохигчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, бие даасан хүсэлтийг шийдвэрлээгүй ноцтой зөрчил гаргасан. Хариуцагч нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Шүүхээс дээрх хүсэлтийг хангахаас татгалзсан 2023 оны 07 сарын 21-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж гаргасан бөгөөд захирамжлах хэсгийн 2 дахь заалтад ...Захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай... гэж тусгасан нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах үндсэн эрхийг хязгаарласан ноцтой зөрчил болсон. Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан хэсэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлд дээрх агуулгаар гаргасан захирамжид гомдол гаргах эрхтэй гэж хуульчилсан байгаа. Иймд хариуцагчийн зүгээс дээрх шүүгчийн захирамжийг илт үндэслэл муутай гэсэн агуулгаар гомдол гаргах эхтэй болохыг дурдаж өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг мөн адил шүүхэд гаргасан. Гэвч шүүх дээрх хүсэлтийг огт шийдвэрлээгүй.

6.3.  Шүүх дахин шинжилгээ хийлгэх талаар гаргасан хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Шүүхээс хариуцагч нь Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу талуудын хэлэлцэн тохирсон 29-30 кг/мЗ нягттай хөөсөнцөр хавтанг худалдан авагч талд нийлүүлэх үүргээ биелүүлээгүй буюу хөөсөнцөрийн нягт нь гэрээгээр харилцан тохиролцсон хэмжээнээс бага байсан гэсэн дүгнэлтийг хийхдээ М холбоо-ны 2023 оны 01 сарын 20-ны өдрийн *** дугаар бүхий Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт-ийг үндэслэсэн. Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан М холбоо нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээ хийх мэргэжлийн этгээд биш, ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд гарын үсэг зурж, байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй буюу шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлага хангаагүй, шинжилгээний дээж авахад хариуцагч талыг огт байлцуулаагүй, дээж авах талаар мэдэгдээгүй тул хариуцагч талаас 2023 оны 06 сарын 30-ны өдөр шүүхэд дахин шинжээч томилуупах тухай..." хүсэлтийг гаргасан. Гэвч тус хүсэлтэд дурдсан дээрх үндэслэлүүдийг нягтлаж шалгалгүйгээр хэрэг маргаан удааширсан, дахин шинжээч томилох тохиолдолд шинжилгээний обьектыг бүрдүүлэх буюу нэхэмжлэгчийн барьсан барилгын дээвэрт шинжилгээ хийхэд зардал өндөр гарна гэх үндэслэлээр татгалзсан нь бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээр нэг бүрчлэн дурдсан үндэслэл тус бүрийг хянан үзэж, зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.1.  Анх талууд гэрээний нөхцөлийг ярилцаж, тохирч, хариуцагч тал талуудын тохиролцсон гэрээнд гарын үсэг зурж, гэрэзг баталгаажуулж манай компанид ирүүлэхдээ анх тохиролцсоноос өөр бусад нэмэлт олон нөхцөл, үнийн дүн, торгууль, маргааныг шийдвэрлэх харьяалал зэрэг харилцан тохиролцоогүй, санал солилцоогүй асуудлыг гэрээнд нэмж оруулж, гэрээг баталгаажуулж ирүүлсэн байдаг. Иймд хариуцагч компани нь харилцан тохиролцоогүй нөхцөлүүдийг гэрээнд нэмж оруулсан тул нэхэмжлэгч компанийн зүгээс уг гэрээг баталгаажуулж гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаар хариуцагч компанид мэдэгдэж, харилцан тохиролцоогүй нэмэлт нөхцөлүүдийн талаар ярилцаж, гэрээг шинэчилж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараагаар гэрээг албан ёсоор баталгаажуулж гарын үсэг зурах талаар мэдэгдэж байсан болно. Гэтэл хариуцагч талаас гэрээг шинэчлэн байгуулах, нэмэлт, өөрлөлт оруулах, өмнө нь талуудын тохиролцсон нөхцөлөөр байгуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан, хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм. Нэгэнт гэрээнд хариуцагч тал харилцан тохиролцоогүй нэмэлт нөхцөл оруулсан, түүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй, гэрээг баталгаажуулж гарын үсэг зураагүй, талуудын хооронд хэлбэрийн шаардлага хангасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй тул гэрээнд дурдсан маргааныг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх заалтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

7.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалт нь хэрэв шүүх үндэслэлтэй гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бөгөөд бидний маргааны хувьд талууд анхнаасаа маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцоогүй, нэхэмжлэгч тал арбитрын хэлэлцээрийг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй тул энэ маргаан нь ердийн шүүхээр шийдвэрлэгдэх маргаан юм. Иймд шүүхээс хариуцагчийн арбитрын харьяаллын талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд захирамжид гомдол гаргах эрхгүй гэж дурдаж шийдвэрлэсэн нь буруу биш юм.

7.3.  Анх хариуцагч компаниас манайд нийлүүлсэн 29-30 м3 нягттай гэх хөөсөнцөрийг уг нягтдаа хүрч байгаа эсэхийг шалгуулахаар бидний зүгээс Барилга архитектур корпорацын шинжилгээнд өгч, нягтыг тодорхойлуулахад хариуцагчийн нийлүүлсэн хөөсөнцөр нь талуудын тохиролцсон 29-30 мЗ нягтад хүрэхгүй байсан тул манай зүгээс хөөсөнцөрийн нягтын зөрүүгээс үүссэн төлбөр болон дутуу нийлүүлсэн хөөсөнцөрийн үнийг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компаниас уг Барилга архитектур корпорацын шинжилгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, хөөсөнцөрийн нягтыг шүүхийн журмаар шинжээч томилуулж, тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан, шүүх хариуцагчаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, М холбоог шинжээчээр томилсон бөгөөд уг холбоо дүгнэлтийг гаргахдаа Барилга хот, байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид буюу улсын лабораторид хөөсөнцөр буюу шинжилгээний дээж, сорьцийг баталгаажуулсан, уг шинжээчийн дүгнэлт нь гарын үсэг зурагдаж баталгаажсан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэхэмжлэгчид нийлүүлсэн 29-30 мЗ нягттай гэх хөөсөнцөрийг нэхэмжлэгч талаас бодитоор, биет байдлаар авч ирж, хариуцагчид харуулж, шүүхийн журмаар үзлэг хийлгэж баталгаажуулсан бөгөөд тухайн үед уг хөөсөнцөр нь хариуцагчаас нэхэмжлэгчид нийлүүлсэн хөөсөнцөр мөн болох нь тогтоогдсон, хариуцагч үүнтэй тухайн үед маргаагүй болно. Иймд уг шүүхээс үзлэг хийлгэж баталгаажуулсан хөөсөнцөрийг М холбоо буюу шинжилгээний байгууллагад өгч, уг шинжилгээний байгууллага нь хариуцагчаас нийлүүлсэн дээрх хөөсөнцөрийг шинжилгээний дээж, сорьц болгон авч, дүгнэлтээ гаргасан тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, үнийн зөрүү 4,641,635 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /1хх 1-2, 34, 52-53, 99-100/

 

3.   Хэрэгт *** тоот Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ авагдсан, уг гэрээг бичгээр байгуулсан эсэх талаар зохигч талууд харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцсэн байна. /1хх 9-12/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцлийг бичгээр хийсэн гэж үзэхээр зохицуулжээ.

Дээр дурдсан гэрээнд А ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гарын үсэг зураагүй, тус компанийн тамга дарагдаагүй байна.

Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй учир уг гэрээний 9.2-т заасан маргааныг арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоог хийгдээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан ...талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан... гэх, мөн ...шүүх хэргийн харьяалал зөрчсөн... гэх давж заалдах гомдлыг тус тус хангахгүй.

 

4.   Хэдийгээр талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хэрэгт авагдсан Э ХХК-ийн зарлагын баримтууд, түүнд тусгагдсан мэдээллээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг тодорхойлох боломжтой байна. /1хх 13-19/

Тус зарлагын баримтуудад угсардаг хөөсөнцөр хавтан (29-30 кг), нэгжийн үнэ 160,000 гэж дурдсанаас үзвэл, талууд 29-30 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг 1 м3-ийг нь 160,000 төгрөгөөр худалдах, худалдан авах хэлцлийг байгуулсан байна гэж дүгнэхээр байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгджээ.

 

5.   Хариуцагч Э ХХК-аас нийт 215.9 м3 угсардаг хөөсөнцөр хавтанг нэхэмжлэгч А ХХК-д нийлүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин нийлүүлсэн хавтан зарлагын баримтуудад заасан нягттай эсэх талаар маргаж байна.

Шүүхээс томилогдсон шинжээч М холбоо-ны 2023 оны 04 сарын 20-ны өдрийн *** тоот дүгнэлтээр барилгын талбайгаас авсан хөөсөнцөр хавтан нь 25.24 кг/м3 нягттай болохыг тогтоосон байх ба уг дүгнэлт нь Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээнд үндэслэгдсэн байна. /1хх 154-156, 182-185/

Дээрх дүгнэлт нь шинжээч М холбоо-ны гүйцэтгэх захирал Г.Ц-ийн гарын үсэг, тамга бүхий албан бичгээр баталгаажсан, мөн Сорилт, шинжилгээний дүн-д сорилтыг хянаж баталгаажуулсан болон сорилт шинжилгээ хийсэн этгээдийн гарын үсэг тус тус зурагдсан байх тул ...шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлага хангаагүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дахин шинжээч томилуулах тухай хариуцагч талын хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэжээ. /1хх 231-236/

 

6.   Худалдагч Э ХХК-ийн нийлүүлсэн угсардаг хөөсөнцөр хавтан хэлцлээр тохирсон 29-30 кг/м3 нягтад хүрээгүй тул худалдан авагч А ХХК нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч Э ХХК нь анх 23-25 кг/м3 нягттай угсардаг хөөсөнцөр хавтанг 140,000 төгрөгөөр нийлүүлэх гэрээний санал гаргаж байсан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан үнийн саналтай харьцуулан үзээд нэхэмжлэгч А ХХК-ийн төлсөн 51,840,000 төгрөгөөс нийлүүлсэн хөөсөнцөрийн үнэ 215.9 м3 х 140,000 = 30,226,000 төгрөгийг хасч, үлдэх 21,614,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ. /1хх 12, 78/

 

7.   Бичгээр байгуулагдаагүй гэрээний 8.5 гэх заалтыг үндэслэн шаардаж буй үнийн зөрүү 4,641,635 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 289,229 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР