Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02237

 

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2023/02237

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: А.Э-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хохиролд нийт 3,439,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Б.Б, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн Баганат хорооллын 2 өрөө шинэ байрандаа дотор засал чимэглэл, интерьер дүүжин тааз хийлгэхээр дотны анд Баяраагийн санал болгосон Б.Б, А.Э нартай амаар харилцан тохиролцож 2 өрөөний дүүжин тааз хийлгэхээр болж, ажлын хөлсийг 2 сая төгрөгөөр тохиролцсоноос 1,800,000 төгрөгийг урьдчилан өгсөн. Хариуцагч нартай хамт явж, дүүжин таазанд хийх чанартай, сайн материалуудын тооцоог гаргаж, материалын зардалд 1,257,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хариуцагч нар нь надтай дүүжин таазыг стандартын дагуу, сайн чанарын материалаар мэргэжлийн, ур чадвартай хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон боловч одоогийн байдлаар дутуу хийгдсэн интерьер дүүжин тааз нь шаардлага хангаагүй, үзэмжгүй, болхи, гүйцэтгэлийн үр дүн муу, цаашид эдгээр дүүжин таазыг ашиглах боломжгүй болсон нь миний сэтгэлд нийцээгүй. 2022 оноос өнөөдрийг хүртэл тухайн ажлаа дутуу үлдээн, хийж гүйцэтгээгүй бөгөөд холбоо барьж, ажлаа гүйцэтгэхийг, засч өгөхийг шаардсан боловч надаас санаатайгаар зугтаж, улмаар харилцаа холбоогоо ч тасалж, ямар нэгэн байдлаар холбогдох боломжгүй болсон. 2022 онд бодогдсон барилгын материалын үнэ /1.257.000/ төгрөг байсан боловч өнөөдрийн ханшаар 1,689,000,00 төгрөг болж нэмэгдсэн байна. Иймд Б.Б, А.Э нараас барилгын материалд өгсөн 1,257,000 төгрөгийг, мөн ажлын хөлс болох 1,800,000 төгрөг, мөн дүүжин таазанд зориулагдсан материалыг дахин авахад үүссэн материалын зөрүү үнэ 382.000 төгрөгийг гаргуулна. Дүүжин таазны ажил 70-80 хувийн дутуу буюу зөвхөн 30 хувийн л гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоо өөрийн зардлаар тус 18-н барилгын материалаас 15-г нь авах шаардлагатай, одоогийн зах зээлийн ханшаар бодоход зөрүү нь 382,000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч нар нь таазанд төмөр тогтоож, гипсэн хавтан хийсэн. Мөн жижиг өрөөний дүүжин таазны 2 хэсгийн байршлийг сольж буруу хийсэн байсан. Би хийсэн зүйлийг нь нурааж, дахин хийлгэхэд уг зарцуулсан материалуудыг одоогийн зах зээлийн ханшаар авахаас өөр аргагүй болоод байгаа бөгөөд тухайн үед авсан материалын мөнгөн дүн болон одоо авах материалын зөрүү мөнгө нь 382,000 төгрөг юм. Иймд хариуцагч нарт ажлын хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөг, материал авахад өгсөн 1,257,000 төгрөг, одоогийн зах зээлийн ханшаар материал авахад үүсэх зөрүү төлбөр 382,000 төгрөг, нийт 3.439.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь харилцан тохирсон ажил үүргээ чанартай гүйцэтгэж чадахгүй болох нь тодорхой тул дахин хийлгүүлэх гүйцэтгүүлэх шаадлагагүй гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б, А.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн шинэ орон сууцны том болон жижиг өрөөнд дүүжин тааз хийж өгөхөөр болсон. Тухайн дүүжин таазны зургийг нэхэмжлэгч нүүр номноос гаргаж өгөөд уг зурагт байгаа хэлбэрээр хийнэ гэсэн. Бид уг ажлыг 2,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсоноос 1,800,000 төгрөгийг ажлын хөлсөнд урьдчилж авсан. Мөн дүүжин таазанд хийгдэх материалын үнэ нийт 1,257,000 төгрөг болох тооцоо гаргаж, нэхэмжлэгчээс хүлээн авсан. Хүнд хэцүү нөхцөлд хийж гүйцэтгэсэн. Бид өөрсдийн хүлээн авсан хөлсөнд дүйцэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Бүрэн гүйцэд дуусгаж өгөөгүйг хүлээн зөвшөөрнө. Мөн зарим материал, гэрэл чийдэнгүүдийг авах ёстой байсан боловч аваагүй болохыг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь өөрөө хөдөө орон нутагт ажилладаг байсан болохоор утсаар холбогдож зураг бичлэгийг явуулахад болж байна гэдэг байсан. Гэтэл одоо шүүхээр их хэмжээний мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

-Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Барилгын заслын ажлын гэрээ, Хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зургууд, барилгын материалын үнэ ханшийн талаарх баримт зэргийг ирүүлсэн болно.

 

-Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.Б, А.Э нарт холбогдуулан дүүжин таазны ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 1,800,000 төгрөгийг буцаан гаргуулах, материалын үнэд төлсөн 1,257,000 төгрөг, доголдлыг арилгуулахад нэмж шаардагдах материалын зөрүү төлбөр 382,000 төгрөг, нийт 3,439,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч Ж.Э нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 5 сард Баянзүрх дүүрэгт байрлах өөрийн өмчлөлийн шинэ орон сууцны том болон жижиг өрөөнд дүүжин тааз хийлгэх зорилгоор Б.Б, А.Э нартай уулзаж, өөрийн хүссэн дүүжин таазны зургийг үзүүлэхэд чанарын өндөр түвшинд яг адилаар хийж гүйцэтгэж чадна гэсэн тул харилцан тохиролцож, материалын үнэ төлбөрийг гүйцэтгэгч нарын хэлсэн тооцооллын дагуу бодож 1,257,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, мөн ажлын хөлсийг 2 сая төгрөгөөр тохиролцсоноос 1,800,000 төгрөгийг төлсөн боловч ажлаа тохирсон хугацаандаа бүрэн хийж дуусгаагүй хаяж явсанаас гадна тухайн хийсэн зүйл нь огт чанарын шаардлагад нийцэхгүй, маш болхи хийгдсэн, цаашид ашиглах боломжгүй байсан, мөн жижиг өрөөний 2 салангид дүүжин таазны байрлалыг зөрүүлэн хийсэн байсан. Иймд цаашид итгэл үзүүлж, ажлыг дуусгуулах боломжгүй болсон тул тэдгээрт төлсөн ажлын хөлс 1,800,000 төгрөг болон материалын зардалд төлсөн 1,257,000 төгрөг, цаашид дүүжин таазыг шинээр хийлгэхэд шаардагдах материалыг авахад үнэ ханшийн зөрүүгээс илүү төлөх зардал 382,000 төгрөг, нийт 3,439,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж мэтгэлцсэн.

 

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож орон сууцны том болон жижиг өрөөнд дүүжин тааз хийж өгөхөөр болсон. Дүүжин таазны зургийг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөөд уг зурагт байгаатай адилаар хийлгэнэ гэхэд нь зөвшөөрсөн. Уг ажлыг 2,000,000 төгрөгөөр хийхээр тохиролцсоноос 1,800,000 төгрөгийг ажлын хөлсийг урьдчилж авсанд маргахгүй. Дүүжин таазанд хийгдэх материалын үнэ болох 1,257,000 төгрөгийг мөн хүлээн авсанд маргахгүй боловч маш хүнд хэцүү нөхцөлд бид ажлыг хийж гүйцэтгэсэн тул өөрсдийн хүлээн авсан хөлсөнд дүйцэх ажлыг олон хоног хийж гүйцэтгэсэн. Харин ажлыг бүрэн гүйцэд дуусгаагүйг зөвшөөрнө. Гэтэл их хэмжээний мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

5. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Нэхэмжлэгч Ж.Э нь өөрийн өмчлөлийн шинээр баригдсан орон сууцны том болон жижиг өрөөнүүдэд дүүжин тааз хийлгэх зорилгоор Б.Б, А.Э нартай харилцан тохиролцож, материалын үнэ хөлсийг захиалагч хариуцах нөхцөлтэйгээр дүүжин таазны ажлыг бүрэн гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

8. Талууд ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийг дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд: Ж.Э нь өөрийн орон сууцны том болон жижиг өрөөнүүдэд дүүжин тааз шинээр хийлгэх ажлыг материалынх нь төлбөрийг өөрөө хариуцан бусдаар гүйцэтгүүлэх, ажлын нийт хөлсийг 2,000,000 төгрөгөөр тохирч, дүүжин таазыг бүрэн гүйцэтгүүлж хүлээн авахаар тохиролцсон, улмаар ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Бт, 800,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Эт, тус тус шилжүүлжээ.

Мөн дүүжин тааз хийхэд шаардагдах материалын тооцоог Б.Б, А.Э нартай хамт явж барилгын материалын үнэ ханшийг үзэж судалсны үндсэн дээр 1,257,000 төгрөг болох тооцоог гаргаж, энэ мөнгийг хариуцагч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн байна.

9. Нэхэмжлэгч нь хөдөө орон нутагт ажилладаг байсантай холбоотойгоор ажлын гүйцэтгэлийг тухай бүр биечлэн хянах боломжгүй байсан учир дүүжин тааз хийх ажлын явцыг утсаар холбогдон зураг илгээх, видео ярилцлага хийх байдлаар харилцан холбогдож байсан, улмаар хөдөө, орон нутгаасаа хэсэг хугацааны дараа буцан ирж, ажлын явцтай танилцахад чанарын маш муу түвшинд ажлыг гүйцэтгэсэн, анх ярилцаж тохиролцсон, зурагт тусгагдсан хэмжээнд яавч дүүжин таазны ажил дуусгавар болохгүй нь лавтай байсан, засаж сайжруулах боломжгүй болох нь илт байснаас гадна жижиг өрөөний салангид дүүжин таазны хоёр хэсгийн байрлалыг сольж хийсэн зэрэг доголдол илэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзжээ.

10. Хэдийгээр нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзахаас өмнө уг дүүжин таазыг дуусгавар болгохыг, доголдлыг засаж янзлахыг удаа дараа хариуцагч нараас шаардсан боловч үр дүн гараагүй, уг ажлыг хаяж явсан, мөн хариуцагч нар олдоогүй гэсэн учир шалтгаан нь мөн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах үндэслэл болжээ.

11. Иймд гэрээний нэг тал болох гүйцэтгэгч нь үүргээ ноцтой зөрчсөнтэй холбоотойгоор үүссэн үр дагавар буюу хохирлыг шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь гэрээний зөрчлийн улмаас үүссэн хохиролд хамаарна гэж үзэв.

12. Хариуцагч нар нь шүүх хуралдаанд дүүжин тааз хийх ажлыг бүрэн хийж дуусгаагүй болохыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан фото зурагт авагдсан дүүжин таазны гүйцэтгэлийн талаар маргаагүй, дүүжин таазны материалын төлбөрт тооцогдох эд материалын нэр, үнийг жагсаасан 1,257,000 төгрөгийн баримт болон тэдгээрийг худалдан авах үнэ 1,257,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан зэрэг тайлбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд 2022 оны 5 дугаар сард ажлын хөлсийн дийлэнхийг хүлээн авсан Б.Б, А.Э нар нь өнөөг хүртэл тохирсон ажлыг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

13. Мөн хариуцагч нар нь өөрсдийн хийсэн ажлын гүйцэтгэл буюу дүүжин таазыг чанартай үзэмжтэй хийж гүйцэтгэсэн гэж маргаж байх боловч цаашид уг дүүжин таазыг ашиглах боломжтой болохыг, мөн захиалагчийн шаардлагад нийцсэн ажил гүйцэтгэсэн болохыг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн шаардлага бодитой гэж үзэв.

14. Иймд зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримт зэргээс дүгнэхэд Б.Б, А.Э нар нь Ж.Этай байгуулсан дүүжин таазны ажил гүйцэтгэх гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

15. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.

16. Иймд Ж.Э нь Б.Б, А.Э нартай 2022 оны 5 дугаар сард байгуулсан дүүжин тааз хийлгэх ажил гүйцэтгэх гэрээний үүргээс татгалзаж, ажлын хөлсөнд урьдчилан төлсөн төлбөр 1,800,000 төгрөг болон материалын зардалд гарсан 1,257,000 төгрөг, бусад хохирлыг шаардаж буй нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.

17. Нэхэмжлэгч Ж.Э нь 2022 оны 5 дугаар сард худалдан авсан барилгын материалын үнэ нь 1,257,000 төгрөг болсон, эдгээр материалын заримын үнэ ханш 2023 оны өнөө үед өссөний улмаас дахин худалдан авах шаардлагатай болсон тул эдгээрийн зөрүү төлбөрт 382,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулна гэж шаардаж байгаа боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2 хуудас гар бичмэлд үндэслэн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч өөрийн бичсэн гар бичмэлээс өөрөөр нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул тухайн материалын үнэд өөрчлөлт орсныг нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

18. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Э нь дүүжин таазыг хийж гүйцэтгүүлэх явцад ажлын явцыг хянах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: Хариуцагч Б.Б, А.Э нар нь өөрсдийн хийж гүйцэтгэж байсан ажлын явцыг видео, харилцаа холбоо ашиглан тухай бүр үзүүлж байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй, хүлээн зөвшөөрчээ.

19. Гэтэл жижиг өрөөний 2 хэсэг дүүжин таазны байрлалыг сольж хийсэн гэх хариуцагч нарын ажлын гүйцэтгэлийг нэхэмжлэгч хянах бүрэн боломжтой байсан, тухайн алдаа дутагдал, доголдлыг мэдсэн даруйд засуулах, зогсоох боломжтой байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс жижиг өрөөний дүүжин тааз буруу хийгдсэн үйл баримт тогтоогдсон, үүнд нэхэмжлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэхээр байна.

20. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.2-т Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд гэрээний зүйл тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдлийг хүлээх үр дагавар үүснэ гэж заажээ.

21. Тодруулбал, жижиг өрөөний дүүжин таазыг анхнаасаа буруу хийж гүйцэтгэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлж чадаагүй нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдэл шалтгаант холбоотой байх тул 2 өрөөний таазны материалын зардлын 50 хувьд ногдох /1,257,000:2=628,500/ хэсгийг хасч нэхэмжлэгчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

22. Түүнчлэн дүүжин таазны материалд хүлээн авсан 1,257,000 төгрөгийн тооцоонд орсон материалуудыг хариуцагч нар бүрэн худалдан аваагүй болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогджээ. Тодруулбал: дүүжин таазны нүдэн гэрэл, том нүдэн гэрэл, залгуур, ягаан, цагаан туузан гэрлүүд зэргийг худалдан аваагүй болохоо хариуцагч нар зөвшөөрсөн, нийт авах ёстой зүйлээс хэдэн төгрөгт холбогдох хэсгийг нь худалдан авснаа шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн материал худалдан авах мөнгөн төлбөрөийн зарим хэсгийг өөрсдөд зарцуулсан хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

23. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Э нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсантай холбоотойгоор өөрт учирсан хохирол болох 1,800,000 төгрөгийн ажлын хөлс, материалын зардалд шилжүүлсэн 1,257,000 төгрөгийн 50 хувь болох 628,500 төгрөг, нийт 2,428,500 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Б, А.Э нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, материалын 50 хувь болох 628.500 төгрөг, материалын зах зээлийн ханшаас үүсэх зөрүү төлбөр 382,000 төгрөг буюу 1,010,500 төгрөгт холбоглох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 224 дүгээр зүйлийн 224.2.2, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Б, А.Э нараас 2,428,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,010,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч  Ж.Эаас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 69,974  төгрөгийг  улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч  Б.Б, А.Э нараас 53,806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Ж.Эт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД