Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01825

 

 

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01825

 

 

 

Ж.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21ий өдрийн 181/ШШ2023/02237 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Э....ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б.., А.Э...нарт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хохиролд нийт 3,439,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э.., хариуцагч Б.Б.., А.Э.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Баянзүрх дүүрэгт байрлах Б...хорооллын 2 өрөө шинэ байрандаа дотор засал чимэглэл, интерьер дүүжин тааз хийлгэхээр Б.Б..., А.Э... нартай амаар харилцан тохиролцож, ажлын хөлсөнд 1,800,000 төгрөгийг урьдчилан өгсөн.

 

1.2. Хариуцагч нартай явж, дүүжин тааз хийх чанартай, сайн материалуудын тооцоог гаргаж, материалын зардал 1,257,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Барилгын материалын үнэ өнөөдрийн ханшаар 1,689,000 төгрөг болж нэмэгдсэн. Тодруулбал, өөрийн зардлаар тус 18-н барилгын материалаас 15-г нь авах шаардлагатай байгаа. Үүнийг одоогийн зах зээлийн ханшаар бодоход үнийн дүнгийн зөрүү 382,000 төгрөг болж байна.

1.3. Дүүжин таазыг стандартын дагуу, сайн чанарын материалаар мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ гэж тохиролцсон ч дүүжин таазны ажлын 70-80 хувь нь дутуу, жижиг өрөөний дүүжин таазны хоёр хэсгийн байршлийг сольж буруу хийсэн байсан. Мөн, интерьер дүүжин тааз нь шаардлага хангаагүй, үзэмжгүй, болхи, гүйцэтгэлийн үр дүн муу, цаашид эдгээр дүүжин таазыг ашиглах боломжгүй.

 

1.4. 2022 оноос өнөөдрийг хүртэл дутуу үлдсэн ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд холбоо барьж ажлаа гүйцэтгэж, засч өгөхийг шаардсан боловч надаас санаатайгаар зугтаж, холбогдох боломжгүй болсон.

 

Иймд цаашид итгэл үзүүлж, ажлыг дуусах боломжгүй болсон тул хариуцагч нарт ажлын хөлсөд урьдчилан төлөсөн 1,800,000 төгрөг, материалын зардал 1,257,000 төгрөг, материалын үнийн дүнгийн зөрүү 382,000 төгрөг, нийт 3,439,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэжээ.

 

2.             Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. Бид харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн шинэ орон сууцны том болон жижиг өрөөнд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зурагт байгаа хэлбэрээр дүүжин тааз хийж өгөхөөр болсон.

 

2.2. Уг ажлын хөлс 2,000,000 төгрөгөөр тохиролцсоноос 1,800,000 төгрөгийг урьдчилж авсан. Мөн дүүжин таазанд хийгдэх материалын үнэ 1,257,000 төгрөг болох тооцоо гаргаж, нэхэмжлэгчээс хүлээн авсан.

 

2.3. Хүнд, хэцүү нөхцөлд өөрсдийн хүлээн авсан хөлсөнд дүйцэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлыг бүрэн гүйцэд дуусгаж өгөөгүйг хүлээн зөвшөөрнө. Мөн зарим материал, гэрэл чийдэнгүүдийг авах ёстой байсан боловч аваагүй.

 

2.4. Нэхэмжлэгч нь өөрөө хөдөө орон нутагт ажилладаг байсан тул утсаар холбогдож хийж буй ажлын зураг бичлэгийг явуулахад болж байна гэдэг байсан. Гэтэл одоо шүүхээр их хэмжээний мөнгө шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3.             Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 224 дүгээр зүйлийн 224.2.2, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар хариуцагч Б.Б... А.Э... нараас 2,428,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э...т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,010,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Э...аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,974 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б.., А.Э... нараас 53,806 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э...т олгож шийдвэрлэжээ.

 

4.             Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Ж.Э...ын өмчлөлийн орон сууцанд 2,000,000 төгрөгөөр дүүжин тааз хийж өгөхөөр тохиролцож, урьдчилгаанд 1,800,000 төгрөгийг авсан.

 

4.2. 2 өрөөний дүүжин таазны ажлыг 14 хоногийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн. Тухайн үед Ж.Э... нь хөдөө орон нутагт ажилладаг байсан учраас хийж байгаа ажлын явцыг видео дуудлага хийж харуулахад ...таалагдаж байна, ажлын явц сайн болж байна гэж хэлдэг байсан.

4.3. Дүүжин таазны материалд хүлээн авсан 1,257,000 төгрөгийн тооцоонд орсон материалуудын үнэ гэж 674,600 төгрөгийн материалыг нэхэмжлэгчээс аваагүй. Учир нь нүдэн гэрэл суулгах ажил нь тог цахилгаантай холбоотой ажил бөгөөд тухайн байр нь бүрэн ашиглалтад ороогүй, дотроо тог цахилгаангүй тул гүйцэтгэх боломжгүй байсан. Хариуцагч нараас шалтгаалаагүй уг нөхцөлийг анхан шатны шүүх хянаж үзээгүй.

 

4.4. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу дүүжин таазнуудыг бүрэн хийж гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгч нь ажлын хөлс, материалын зардлыг бүрэн нэхэмжилсэн байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 21-ний өдрийн 02237 дугаартай шүүхийн шийдвэрийн 2,428,500 төгрөгийг гаргуулах хэсгээс 1,753,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 674,600 төгрөгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Дүүжин таазны дизайныг гарган хариуцагч нарт өгсөн боловч явцын дунд өөрчлөх санаа гаргаж, түүнийг хүлээн зөвшөөрч хийлгэхээр болсон.

 

5.2. Би хөдөө орон нутагт тогтмол ажилладаг тул өдөр бүр очиж, шалгах боломжгүй байсан. Ажил дуусаж, дүүжин таазыг шалгахад муруй хэлбэртэй, алдаатай хийгдсэн байсан.

 

5.3. Харин хариуцагч нар гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

2. Нэхэмжлэгч Ж.Э. нь хариуцагч Б.Б.., А.Э... нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 1,800,000 төгрөг, материалын үнэ 1,257,000 төгрөг, материалын зөрүү төлбөр 382,000 төгрөг, нийт 3,439,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч ...бид өөрсдийн хүлээн авсан хөлсөнд дүйцэх ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргажээ. /1-р хх. 1-2, 32-38/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Нэхэмжлэгч Ж.Э... нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэгт шинээр баригдсан 2 өрөө орон сууцны том болон жижиг өрөөнүүдэд дүүжин тааз хийлгэх зорилгоор Б.Б.., А.Э... нартай харилцан тохиролцжээ.

3.б. Нэхэмжлэгч Ж.Э... нь ажлын хөлс 1,800,000 төгрөг, материалын үнэ 1,257,000 төгрөгийг хариуцагч Б.Б.., А.Э... нарт шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байна. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1-р хх. 7-8/

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна.

4.1. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс төлсөн мөнгөний хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн гэж маргасан нь маргааны зүйл болжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч нар гэрээний үүргийг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

 

6. Хариуцагч нар нь өөрсдийн хүлээн авсан хөлсөнд дүйцэх ажлыг хүнд хэцүү нөхцөлд олон хоног хийсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.1. Түүнчлэн хариуцагч нар нь дүүжин тааз хийх зөвшөөрөлгүй, мөн ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй талаар тайлбар гарган, хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД