Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02336

 

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/02336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Х-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б Ч М ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,515,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гэрч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б Ч М ХХК-тай харилцан тохиролцож, 17,000,000 төгрөгийн үнэ бүхий 65 видео контент бүтээх Ажил гүйцэтгэх гэрээг /хөлсөөр ажиллуулах гэрээ/ байгуулсан юм. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т 1 видеог 261.538 төгрөгөөр үнэлж ажил гүйцэтгүүлэх-ээр тохирч, нийт 23 видеог 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаанд нийт 6,015,384 төгрөгийн видеог бүтээж, үүнээс 2022.12.21-ний өдөр 5,000,000 төгрөгийг хүлээн авсан. Гэвч үлдэгдэл 1,015,384 төгрөгийг өгөөгүй.

Түүнчлэн захиалагчийн хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баримт: Автотээврийн үндэсний төвийн устгагдсан мэдээлэл буюу гэнэт амь орсон нүүрс тээврийн машинууд нэртэй 1 ширхэг контент,

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр. Баримт: С.Б хөнгөн" гэмт хэрэг хэмээн хэлсний учир 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх үү? нэртэй 1 ширхэг контент,

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр. Баримт: Ховд аймагт болсон 3 тэрбум төгрөгийн тендерийн "хулгай" нэртэй 1 контент буюу нийт 3 контентыг тус бүрийг 500,000 төгрөгөөр үнэлэн нийт 1,500.000 төгрөгөөр гүйцэтгэхээр амаар тохиролцсон боловч ажлын хөлс 1,500,000 төгрөгийг төлөөгүй үүргээ зөрчсөн.

Иймд "Б Ч М ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрт 1,015,384 төгрөг, гэрээгээр ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн 3 контентын ажлын хөлс болох 1,500,000 төгрөг, нийт 2,515,384 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нэхэмжлэгчтэй Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч болох М.Хнь манай компанид 2022 оны 12 сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд нийт 6 сарын хугацаанд ажиллаж, гэрээнд заасан 25 видео контентыг бэлэн болгох буюу зүгшрүүлэх ёстой байсан. Гэтэл М.Хгийн хийсэн контент нь чанарын шаардлага хангахааргүй муу болсон мөн гэрээнд заасан хугацаандаа ажиллаагүй /2023 оны 3 сараас алга болсон/, 65 контентыг бүрэн хийж дуусгаагүй, гэрээнд зааснаар хүлээлгэж өгөөгүй. М.Х гэрээнд заасан ажлаа хугацаандаа тоо ёсоор нь хүлээлгэж өгөөгүй ч хөлсийг хангалттай төлсөн гэж үзэж байна.

Мөн 3 контентын хөлсөнд 1,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь энэ мөнгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр захирлын туслах Н.Нямсүрэнгээр дамжуулан бүрэн өгсөн. Захирал миний данснаас шилжээгүй болохоор М.Х аваагүй мэтээр нэхэмжилжээ. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн, 3 контентын мөнгө болох 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан атлаа аваагүй мэтээр үндэслэлгүйгээр 2,515,384 төгрөг нэхэмжилсэн М.Хгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-Ажлын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тохиролцсон баримт,

-Иргэний үнэмлэхийн хуулбар,

-Дансны хуулга,

-2022 оны 12 сарын 06-ны өдрийн №5 дугаартай Хөлсөөр ажиллуулах гэрээ,

 

Хариуцагчаас:

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

-Итгэмжлэл,

-Төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Вэбсайтын фото зураг

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч М.Х нь хариуцагч Б Ч М ХХК-д холбогдуулан өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын дутуу шилжүүлсэн хөлс, төлбөрт нийт 2,515,384 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.а. Нэхэмжлэгч М.Х нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.Х нь Б Ч М ХХК-тай харилцан тохиролцож, 65 видео контентыг 17,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөлсөөр ажиллуулах нэртэй гэрээг байгуулсан. Гэрээгээр видео нэг бүрийн үнийг 261,538 төгрөг байхаар тохирсон, улмаар 25 видео контентыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн боловч 5,000,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн, харин үлдэгдэл 1,015,384 төгрөгийг төлөөгүй. Мөн нэг бүрийг нь 500,000 төгрөгөөр тохиролцож, 3 видео контентыг хийж, хүлээлгэн өгсөн боловч ажлын хөлс 1,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул 2,515,384 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж мэтгэлцжээ.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзжээ. Үүнд: Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч гэрээний дагуу нийт 65 видео хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, 25 ширхэг видео контентыг хүлээн авсан хэдий ч чанарын шаардлага хангаагүй, доголдолтой байсан, мөн гэрээний дагуу М.Х ажлаа хүлээлгэж өгснийг нотлох баримтгүй тул 1,015,384 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Түүнчлэн нэг бүрийг нь 500,000 төгрөгөөр тохиролцож 3 контент хийлгүүлсэнтэй холбоотойгоор шаардсан 1,500,000 төгрөгийг захирлын туслах Н.Нээр дамжуулан бэлнээр өгсөн байхад дахин нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч М.Х нь Б Ч М ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөлсөөр ажиллуулах нэртэй гэрээг байгуулжээ.

5.а/ Гэрээний ерөнхий нөхцөлөөр Авлигатай тэмцэх газрын захиалгад хамаарах 1 минут 30 секунд хүртэлх хугацаатай 40 ширхэг видео, долоо хоног бүр тогтмол нэг удаа гарах 25 ширхэг, нийт 65 ширхэг видео контентыг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 17,000,000 төгрөг байхаар гэрээний үндсэн нөхцөлийг зохигч харилцан тохиролцсон байна.

5.б/ Түүнчлэн зохигчид ажлын хөлсний 50 хувь болох 8,500,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор шилжүүлэх, үлдэгдэл 8,500,000 төгрөгийн төлбөрийг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд 708,350 төгрөгөөр 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар, нэг видео контентын хөлсийг 261,540 төгрөг байхаар, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд заасан хугацаанд гүйцэтгэхээр тохирсон, Б Ч М ХХК гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлсийг М.Хд төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул хөлсөөр ажиллах нэртэй боловч зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

5.в/ Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлаас 23 видео контентыг хийж гүйцэтгэн дуусгавар болгосонтой холбоотойгоор ажлын үлдэгдэл хөлс 1,015,384 төгрөгийг, мөн сүүлд амаар тохирч, 1 видео бүрийн үнийг 500,000 төгрөгөөр, нийт 3 контентын ажил хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор 1,500,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч нь үлдэгдэл төлбөр 2,515,384 төгрөгийг төлөхгүй, учир нь гүйцэтгэгчийн хийсэн ажлын доголдлын улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй, мөн төлсөн мөнгийг дахин шаардсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эдгээр үндэслэл, татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

6. Учир нь М.Х нь нийт 23 видео контентыг хийж, хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогджээ. Иймд гэрээнд зааснаар /17,000,000:65=261,538; 261,538 х 23=6,015,384/ 6,015,384 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

7. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т зааснаар урьдчилгаа төлбөрт хамаарах 8,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн байх тул 1,015,384 төгрөгийн үүргийг хариуцагч гүйцэтгээгүй байна.

8. Хариуцагч Б Ч М ХХК нь нэхэмжлэгч М.Хгийн хүлээлгэн өгсөн 23 видео контентын тоо, хэмжээний хувьд маргаагүй боловч гэрээнд заасан чанарын шаардлага хангасан контентыг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй учир үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцсэн шалтгаан үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой холбоотойгоор гомдол, санал гарсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

9. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар захиалагч хуулиар тогтоосон хэм хэмжээний дагуу шаардах эрхтэй боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй чанаргүй гүйцэтгэсэн гэх ажлуудын талаар гэрээний хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байна.

10. Нөгөө талаас нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 65 видео контент хийх ёстой байсан боловч хариуцагч байгууллага нь гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан цаашид ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэх тайлбарыг хариуцагч үндэслэлтэйгээр няцааж чадаагүй болно.

11. Гэрээний талуудын ажлын гүйцэтгэлийн үлдэгдлийн талаар ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага эрх зүйн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй.

12. Иймд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,015,384 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг захиалагч төлөх ёстой байна.

13. Нэхэмжлэгч М.Х нь дээр дурдсан гэрээнээс гадна захиалагчийн хүсэлтээр 3 ширхэг видео контентыг тус бүрийг нь 500,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр амаар тохирч, захиалгын дагуу ажлыг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул гаргуулна гэж шаардсан.

14. Дээрх шаардлагатай холбоотойгоор хариуцагчаас 3 контентын мөнгөн төлбөр 1,500,000 төгрөгийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр захирлын туслах Н.Нямсүрэнгээр дамжуулан бүрэн өгсөн гэх тайлбарыг Б Ч М ХХК бичгээр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч нь захиалгын дагуу 3 контентыг хийж гүйцэтгэсэн, нэг бүрийн үнийг 500,000 төгрөгөөр тохирсон үйл баримт хариу тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

15. Харин ажлын хөлс болох 1,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар зохигч маргасан боловч нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхтэй гэж дүгнэв.

16. Учир нь хариуцагч Б Ч М ХХК-ийн захирал Т.Цы туслах Н.Нээр дамжуулан ажлын хөлс 1,500,000 төгрөгийг М.Хд өгснийг нотлох зорилгоор гэрчээр шүүх хуралдаанд асуугдсан Н.Нямсүрэн нь 1,500,000 төгрөгийг М.Хд бэлнээр өгөөгүй болохыг гэрчилжээ.

17. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 1,000,000 төгрөгийг М.Хд шилжүүлсэн талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч М.Х нь Б Ч М ХХК-ийн захирал Т.Ц нь өөрийн хүүхдэдээ таблет 1,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчээс худалдаж авсан мөнгөн төлбөр байсан тул зохигчийн хооронд байгуулсан гэрээний маргаанд хамааралгүй гэсэн тайлбарыг хариуцагч нотлох үүргийн хувьд няцааж чадаагүй байна.

18. Мөн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М.Хд 100,000 төгрөгийг хариуцагч гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх тайлбартай холбоотойгоор нэхэмжлэгч М.Х маргаанаас тусдаа зураглалын хөлсөнд хүлээн авсан гэж тайлбар гаргасныг хариуцагч няцааж чадаагүй байна.

19. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг өөрөө хэрэгжүүлэх ба ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэх өөрийн татгалзалд хамаарах баримтыг гаргах, нотлох үүргийг хариуцагч хэрэгжүүлнэ.

20. Нэхэмжлэгч М.Хд 1,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх тайлбар, татгалзал нь баримтаар хангалттай нотлогдоогүй, нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрч байх тул харилцан тохирсон 1,500,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх үүргийг хариуцагч биелүүлээгүй байна гэж үзэв.

21. Дээр дурдсан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,015,384 төгрөг, 3 контент гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг, нийт 2,515,384 төгрөгийг Б Ч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М.Хд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Б Ч М ХХК-иас 2,515,384 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Хд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,396 төгрөгөөс 55,196 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б Ч М ХХК-иас 55,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД