Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01784

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01784

 

 

 

2023.09.20 210/МА2023/01784

 

М.Х-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02336 дугаар шийдвэртэй

М.Х-н нэхэмжлэлтэй,

Б ч м- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,515,384 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Х-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2022 оны 12 сарын 06-ны өдөр Б ч м- ХХК-тай харилцан тохиролцож, 65 ширхэг видео контент бүтээх ажлыг 17,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний 3.4-т зааснаар 1 ширхэг видеог 261,538 төгрөгөөр үнэлж ажил гүйцэтгэхээр тохирч, нийт 23 ширхэг видеог 2023 оны 02 сарын 16-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаанд нийт 6,015,384 төгрөгийн видеог бүтээж, үүнээс 2022 оны 12 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг авсан. Үлдэгдэл 1,015,384 төгрөгийг Б ч м- ХХК нь өгөөгүй.

1.2. Түүнчлэн Б ч м- ХХК-ийн хүсэлтээр 2023 оны 01 сарын 07-ны өдөр Автотээврийн үндэсний төвийн устгагдсан мэдээлэл буюу гэнэт амь орсон нүүрс тээврийн машинууд нэртэй 1 ширхэг контент, мөн 2023 оны 01 сарын 10-ны өдөр. С.Б- хөнгөн гэмт хэрэг хэмээн хэлсний учир 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх үү нэртэй 1 ширхэг контент, мөн 2023 оны 02 сарын 16-ны өдөр Ховд аймагт болсон 3 тэрбум төгрөгийн тендерийн хулгай" нэртэй 1 контент буюу нийт 3 контентыг тус бүрийг нь 500,000 төгрөгөөр үнэлж нийт 1,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр амаар тохиролцсон боловч ажлын хөлсийг одоо болтол төлөөгүй.

Иймд "Б ч м- ХХК-тай 2022 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрт 1,015,384 төгрөг, гэрээгээр ажиллаж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн 3 контентын ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,515,384 төгрөгийг Б ч м- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь нэхэмжлэгч М.Х-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үнэн. Гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь манай компанид 2022 оны 12 сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд нийт 6 сарын хугацаанд ажиллаж, гэрээнд заасан 25 ширхэг видео контентыг бэлэн болгож зүгшрүүлэх байсан. Гэтэл М.Х-н хийсэн контент нь чанарын шаардлага хангахгүй муу болсон ба гэрээнд заасан хугацаандаа ажиллаагүй, 2023 оны 3 сараас алга болсон. Нийт 65 ширхэг контентыг бүрэн хийж дуусгаагүй. М.Х- нь гэрээнд заасан ажлаа хугацаандаа тоо ёсоор нь хүлээлгэж өгөөгүй ч хөлсийг нь хангалттай төлсөн гэж үзэж байна.

2.2. Мөн 3 ширхэг контентын хөлсөнд 1,500,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Учир нь энэ мөнгийг 2023 оны 02 сарын 15-ны өдөр захирлын туслах Н.Н-гээр дамжуулан өгсөн. Мөнгийг захирлын данснаас шилжээгүй болохоор М.Х- аваагүй мэтээр нэхэмжилжээ. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа үлдэгдэл төлбөр нэхэмжилсэн, 3 ширхэг контентын мөнгө 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан атлаа аваагүй гэж үндэслэлгүйгээр 2,515,384 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б ч м- ХХК-аас 2,515,384 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,396 төгрөгөөс 55,196 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б ч м- ХХК-аас 55,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь 1,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тус мөнгийг хүлээн авсан талаар маргадаггүй. Харин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт авсан, тус маргаанд хамааралгүй гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч уг тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх хариуцагчийг нотлох үүргийн хувьд няцаагаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нь 2022 оны 12 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид 100,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч зураглалын хөлсөнд хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч няцааж чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь уг мөнгийг зураглалын хөлсөнд хүлээн авсан болохоо өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл шүүх мөн адил хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарыг няцааж чадаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

4.3. Түүнчлэн хариуцагч "Б ч м-" ХХК болон Авлигатай тэмцэх газрын хооронд байгуулагдсан "ажил гүйцэтгэх гэрээ-г хяналгүй дүгнэлт хийсэн дутагдалтай болсон. Зохигчийн хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үндсэн гэрээ нь Авлигатай тэмцэх газартай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан эсэх, ажлын үр дүнг хүлээж авсан эсэх, чанарын шаардлага хангасан эсэхийг шүүх дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Миний бие Ми брендийн таблетыг Т.Ц-д 1,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд энэ хэрэгт хамаагүй юм. Хариуцагчийн зүгээс таблетын үнэ 1,000,000 төгрөг хэмээн бичсэн чат нь хэрэгт авагдсан. Би контентын зураг авалт болон видео эвлүүлгийг хийж байсан. Т.Ц- нь 2 жүжигчин болон Авлигатай тэмцэх газартай хамтарч зохиол гаргасны дагуу би бичлэгийг нь хийсэн. Мөн 100,000 төгрөгөөр талбайд нүүрсний хэргийн жагсаалын талаар бичсэн. Үүнтэй холбоотой баримт миний компьютерт байгаа. 1,500,000 төгрөгийн тухайд гэвэл туслахаасаа 3,000,000 төгрөг зээлж, 3,300,000 төгрөг болгож өгсөн. Түүний 1,500,000 төгрөгийг надад 02 сарын 15-ны өдөр өгсөн гэж тайлбарласан. Миний чатад 03 сарын 13-ны өдөр ирэх 7 хоногт би 1,500,000 төгрөгийг өгнө гэж хэлсэн талаар байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Х- нь хариуцагч Б ч м- ХХК-д холбогдуулан 65 ширхэг контент бүтээх ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 1,015,384 төгрөг, мөн 3 ширхэг контент бүтээх ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,515,384 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 65 ширхэг контентийн ажлыг бүрэн дуусгалгүй орхиж явсан, контент нь чанарын шаардлага хангаагүй тул тохирсон хөлсийг төлсөн, 3 ширхэг контентийн хөлсийг бүрэн төлсөн гэх тайлбарыг гаргаж маргажээ.

 

3. Талууд 2022 оны 12 сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Б ч м- ХХК нь Авлигатай тэмцэх газрын захиалгын дагуу 1:30 минутийн хугацаанд багтах 40 ширхэг, долоо хоногт нэг удаа тогтмол гаргах 25 ширхэг, нийт 65 ширхэг видео контентийг 2022 оны 12 сарын 04-ний өдрөөс 2023 оны 06 сарын 04-ний өдрийн хооронд нэхэмжлэгч М.Х-гаар хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 17,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Гэрээний 3.4-т нэг ширхэг видеоны үнэ 261,540 төгрөг байхаар, мөн гэрээний 3.3-т гэрээ байгуулснаас хойш 9 хоногийн дотор ажлын хөлсний 50 хувийг, үлдэх 50 хувийг 6 сарын хугацаанд хариуцагч хэсэгчлэн тооцож нэхэмжлэгчид төлөхөөр талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаагүй, тохирсон хөлсийг бүрэн төлсөн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч М.Х- гэрээгээр тохиролцсон ажлаас 23 ширхэг видео контентийг хийж гүйцэтгэсэн, уг ажлыг хариуцагч Б ч м- ХХК хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Хариуцагч нь ажлын хөлснөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 12 сарын 21-ны өдөр нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 23 ширхэг видео контентийн үнэд тохирох 6,015,420 төгрөгийн хөлснөөс 1,015,420 төгрөгийг дутуу төлснийг анхан шатны шүүх зөв дүгнэж, хариуцагч Б ч м- ХХК-аас талуудын хооронд 2022 оны 12 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний үүрэгт 1,015,420 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвийн устгагдсан мэдээлэл буюу гэнэт амь орсон нүүрс тээврийн машинууд нэртэй 1 ширхэг, мөн С.Б- хөнгөн гэмт хэрэг хэмээн хэлсний учир 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх үү нэртэй 1 ширхэг, мөн Ховд аймагт болсон 3 тэрбум төгрөгийн тендерийн хулгай" нэртэй 1 ширхэг контент бүтээх ажилд, ажил тус бүрийг 500,000 төгрөгийн, нийт 1,500,000 төгрөгийн хөлстэйгээр 2023 оны 01 сарын 07-ны өдрөөс 02 сарын 16-ны өдрийн хугацаанд зураглаачаар ажиллахаар амаар тохирсон үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Харин уг ажлын хөлс 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Дээрх 3 ширхэг контент бүтээх ажилд нэхэмжлэгчийн зураглаачаар ажилласны хөлс 1,500,000 төгрөгөөс хариуцагч 1,100,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, 2023 оны 07 сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж, нэхэмжлэгч нь 1,100,000 төгрөг хүлээн авсныг зөвшөөрч, уг төлбөрөөс 1,000,000 төгрөг нь контент бүтээх ажилд хамааралгүй, харин Ми брэндийн Пад 5 таблетийг хариуцагч Б ч м- ХХК-ийн захирал Т.Ц- өөрийн хүүхдэд 1,000,000 төгрөгөөр худалдаж авсны төлбөр, 100,000 төгрөг нь нүүрсний хэргийн мөнгө байх гэж тус тус тайлбарласан байна.

Хариуцагч 1,500,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээс 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг өөр мөнгөн төлбөрийн үүргийг төлсөн гэж тайлбарласан боловч зохигчийн хооронд үүссэн дээрх хоёр гэрээний үүргийн харилцаанаас өөрөөр, зохигч эсхүл нэхэмжлэгч М.Х-, хариуцагч Б ч м- ХХК-ийн захирал Т.Ц- нарын хооронд Ми брэндийн Пад-5 таблетийг худалдсантай холбоотой 1,500,000 төгрөгийн үүргийн харилцаа үүссэн гэх байдлыг нэхэмжлэгч нотлоогүй байна. Хариуцагч 1,100,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн авсан тухай маргаагүй ч уг мөнгөн төлбөр нь нэхэмжлэгчийн зураглаачаар ажилласны хөлс бус таблетийн үнэ гэх тайлбар нь хэргийн баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг анхааралгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 1,100,000 төгрөг нь түүний зураглаачаар ажилласны хөлсөнд хамаарахгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч нь Автотээврийн үндэсний төвийн устгагдсан мэдээлэл буюу гэнэт амь орсон нүүрс тээврийн машинууд, мөн С.Б- хөнгөн гэмт хэрэг хэмээн хэлсний учир 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрөх үү, мөн Ховд аймагт болсон 3 тэрбум төгрөгийн тендерийн хулгай" нэртэй 3 контент бүтээх ажилд нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийн хөлс төлж зураглаачаар ажиллуулахаар тохиролцсоноос 1,100,000 төгрөгийг төлж 400,000 төгрөгийн хөлсийг төлөөгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ч м- ХХК-аас 400,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тус 3 контент бүтээх ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч хөлсөө бүрэн төлөөгүйг нотолно гэх агуулгаар хариуцагчтай Фэйсбүүк цахим шуудангаар харилцаж байсан гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасантай нийцэхгүй буюу уг Фэйсбүүк цахим шуудангийн (messenjer) баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг шүүхэд гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол уг баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй журамтай. Иймд уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

6. Харин нэхэмжлэгч нь Ми брэндийн Пад 5 таблетийг хариуцагч Б ч м- ХХК-ийн захирал Т.Ц-д 1,500,000 төгрөгөөр худалдсан гэх тайлбартай холбоотойгоор уг асуудлаар зохих этгээдэд хандан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02336 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ч м- ХХК-аас 1,415,384 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,100,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж өөрчилж, 60 дугаар зүйлийн 60.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ