Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

Ш.Р-д холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ш.Р-д холбогдох эрүүгийн 2013003300244 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Д, шүүгдэгч Ш.Р, түүний өмгөөлөгч С.Н, хяналтын прокурор Х.Ө нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1957 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт Ц сумын 0 дугаар багт оршин суудаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, K уах овогт Ш Р /РД: 00000/ нь Байгалийн ургамлын тухай хууль, түүнд нийцүүлэн Байгаль орчныг хамгаалах төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг тус тус зөрчиж, 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Ц сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр, “Харгай салаа” гэх газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар “Жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтын 168-д заасан ховор ургамлын жагсаалтад орсон Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111,75 кг-ыг түүж, бэлтгэн хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5,587,500 төгрөгийн бодит хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч K уах овогт Ш Р-ыг зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р-ыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаах шийтгэж, Ш.Р-аас ургамлын аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 27.937.500 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Р-ын давж заалдах гомдолд: “Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Мөн шүүгдэгч Ш.Р би гэмт хэрэг үйлдсэн үед ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй, харин Алтай сонгиныг бэлтгэсэн үед өөрийн мориор очиж бэлтгэж 5 шуудай сонгиныг мориор гэрт хүргүүлэн хадгалсан. Уг 5 шуудай сонгиныг сумын төвд мориор хүргэж аймаг, сум хооронд таксигаар явдаг фургон маркийн машины жолооч Х.Д-ы хувийн машинд тавьж явуулсан. Харин гэмт хэрэг үйлдсэний дараа бусдын тээврийн хэрэгсэлд 5 шуудай сонгиныг тавьж явуулсан байсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Ц сумаас Өлгий сум руу зохиох зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 5 шуудай сонгиныг тээвэрлэсэн гэж үзэж Х.Д-ы эзэмшлийн Уаз фургон маркийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5 сая төгрөгийг шүүгдэгч Ш.Р надаар гаргуулахаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Уаз фургон маркийн 00-00 БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл миний хувийн эзэмшлийн хөрөнгө биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга. галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан, Уаз фургон маркийн машины үнийг Ш.Р надаар төлүүлэх, албадан гаргуулах шийдвэр гаргасан хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Р-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг зүйлчлэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Р-ыг гэм буруутайд тооцож шийтгэх тогтоол гаргахдаа тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын үндэслэл тогтоогдов.

            Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2013003300244 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор Ш.Р-ын “Баян-Өлгий аймгийн Ц сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Харгай салаа гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын эхээр зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 кг ховор ургамал болох Алтайн сонгино түүж бэлтгэн, хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

            Улмаар прокурорын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Ш.Р-ын “Баян-Өлгий аймгийн Ц сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Харгай салаа гэх газраас 2020 оны 9 дүгээр сарын эхээр ховор ургамал болох Алтайн сонгиныг зохих зөвшөөрөлгүйгээр 111.75 кг түүж бэлтгэн, хадгалж, Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу тээвэрлэн хүргүүлж, байгаль экологид 5.587.500 төгрөгийн бодит хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүх Ш.Р-ыг “зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Ш.Рыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар УАЗ Фургон загварын тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

            Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинжийг, тухайлбал  ховор ургамлыг[1] түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг зохих зөвшөөрөлгүйгээр үйлдсэнээс гадна “хуульд зааснаас өөр зорилгоор” үйлдсэн тохиолдолд сая гэмт хэргийн бүрдэл шинж бүрэн хангагдахаар хуульчилсан байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийн зүйлчлэн шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргаж шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн дурдсан шинжийг орхигдуулж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            Хэл зүйн үүднээс тайлбарлан авч үзвэл, хуулийн уг бичвэр дэх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ “1.Зохих зөвшөөрөлгүйгээр” гэсний дараах таслал /”,”/ нь энэ тохиолдолд Монгол хэлний “ба” холбох үгийн утгыг илэрхийлж, “зохих зөвшөөрөлгүйгээр”, “хуульд зааснаас өөр зорилгоор” гэсэн хоёр ойлголтыг тоочих, “эдгээр ойлголтуудыг хамтатгах” гэсэн утгыг тухайлж гаргах замаар өгүүлбэрийн гишүүдийг зэрэгцүүлэн холбосон байна. Уг таслалыг “эсхүл” холбох үгийн утга агуулгатай адилтгаж үзэхгүй, харин “ба” холбох үгийн адил зэрэгцүүлэн холбох үүргийг гүйцэтгэсэн тул гэмт этгээд ховор ургамлыг “зохих зөвшөөрөлгүйгээс” гадна “хуульд зааснаас өөр зорилгоор” түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдана гэж үзнэ.

            Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн уг зүйл, хэсгийг Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулан, системчилсэн аргаар тайлбарлан авч үзвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуульд заасан зорилго” гэдгийг, тухайлбал ховор ургамлын хувьд Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Иргэд ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор...” гэж хуульчилсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, иргэд байгалийн ховор ургамлыг “өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах” хуульд заасан зорилгоор, зохих зөвшөөрлөөр ашиглаж болно.

   Харин Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зохих зөвшөөрөлгүйгээр /эсхүл зөвшөөрөлд заасан хугацаа, хэмжээ, ургамал түүж бэлтгэх журам зөрчиж/ байгалийн ховор ургамлыг ахуйн хэрэгцээнд ашиглах зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол мөн хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Үүнээс дүгнэвэл, зохих зөвшөөрөлгүйгээр, Байгалийн ургамлын тухай хуульд заасан зорилгоор байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан бол Зөрчлийн тухай хуулиар, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус, ялгамжтай хуульчилсан тул шүүгдэгч Ш.Р-ын хувьд байгалийн ховор ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн эсэхийг /санаа, зорилгыг/, түүний холбогдсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар тогтоох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул хэргийн үйл баримттай буюу гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэх талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдолд урьдчилсан дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД                                                       Н.Мөнхжаргал

                                                                                                 С.ӨМИРБЕК

 

 

 

 


[1] Шүүгдэгч Ш.Рахатын түүсэн гэх ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтад багтсан Алтайн сонгино /Ailium altaicuro, galanthum / мөн болох талаар шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар дүгнэлтэд тусгагдсан байна.