Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 103/ШШ2023/00455

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ш.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Д-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Д.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Миний бие Ш.Т 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр "*****" ХХК-д өөрийн эзэмшдэг 80 хувийн хувьцаагаа 160,000,000 төгрөгөөр Д.Д-д худалдсан, мөн хувьцаанд ногдох компанийн эрхээ Д.Д-д шилжүүлсэн. Д.Д нь надад 42,000,000 төгрөгийг дутуу өгсөн бөгөөд энэ мөнгөө нэхэхээр удахгүй өгнө түр байж бай гэх мэтээр хойшлуулсаар байсан тул миний бие 2022 оны зун Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "*******" ХХК-ийн 80 хувийн хувьцаагаа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн шийдвэр, магадлалын агуулга нь Д.Д 160,000,000 төгрөгийн ихэнхийг нь өгсөн учир гэрээг цуцлахгүй, харин үлдэгдэл 42,000,000 төгрөгөө Д.Д-с нэхэмжилж авах эрхтэй талаар дурдсан. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Д-с 42,000,000 төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Сая шүүгчийн уншиж танилцуулсаны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 160,000,000 төгрөгөөр "*******" ХХК-ийн эзэмшлийн 80 хувийн хувьцаагаа зарсан. Гэрээнд зааснаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлбөрийг бүрэн барагдуулж дуусгах байсан. Гэтэл тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй, одоогоор 118,000,000 төгрөг төлсөн байгаа. Энэ мөнгийг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгах байтал 2018 он хүртэл хэсэгчилж, цувуулж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой бүх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. 2018 он хүртэл цувуулж өгч байгаад сүүлдээ үлдэгдэл 42,000,000 төгрөгийг удахгүй өгнө, хүлээж байгаарай гэдэг боловч одоог хүртэл өгөхгүй, Т гэдэг хүнийг маш хүнд байдалд оруулсан. Сүүлдээ Т аргаа бараад, шантраад компанийнхаа хувьцааг буцааж авъя гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2 шатны шүүхээр яваад шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгт өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрт төлбөрийг ихэнх хэсгийг барагдуулсан учраас гэрээг шууд хүчингүй болгоход учир дутагдалтай байна, тиймээс үлдэгдэл 42,000,000 төгрөгийг шүүхэд хандаад гаргуулж авч болно гэсэн байсан, тэгээд үлдэгдэл 42,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.5-т заасан заалтыг ярьж байна. Энэ 2 бол тусдаа өөр асуудал байгаа юм. Ямар ч байсан компанийн 80 хувийн хувьцааг худалдаж авсан 160,000,000 төгрөгийн үнийн дүнд ****** банкны зээлийн үлдэгдэл 42,000,000 төгрөг тооцно гэсэн үг байхгүй шүү. Нэгэнт компанийг худалдан авч байгаа бол компанийн нэр дээр ****** банкны зээлийн үлдэгдэл 41,500,000 төгрөг байгаа, тэрийг хаачих, тэгээд манай компанийн 80 хувийн хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдаад авчих гэсэн. Энэ 160,000,000 төгрөг, 41,500,000 төгрөгийг 2 тусдаа оруулсан. Хэрвээ 41,500,000 төгрөгийг 160,000,000 төгрөгт багтаж байгаа гэсэн бол гэрээний заалт өөрөөр боловсруулагдах байсан. Тэр гэрээнд ямар нэгэн хоёрдмол утга агуулаагүй 2.5, 2.6 дахь хэсгээр зохицуулсан байгаа, үүнийг ялгаж салгаж ойлгоорой гэж хэлмээр байна. Мөн "*******" ХХК-тай холбоотой нотлох баримт гаргаж өгсөн гээд байна. Би нотлох баримттай танилцсан, энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт гаргаж өгсөн байсан. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байна гэрээгээр бол энэ 160,000,000 төгрөг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлөгдөж дуусах байсан. Гэтэл 2019 он хүртэл удааширч бага багаар төлөгдөөд, нэхэмжлэгч аргаа бараад хувьцаагаа буцаагаад авъя гэж шүүхэд хандаж байсан. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг ярих гэж байгаа бол манайх дунд нь хувьцаагаа буцаагаад авъя гэж шүүхэд хандаж байсан. Энэ нь ерөөсөө нэг юмны 2 тал байгаа юм. Нэхэмжлэлээ 100 хувь дэмжиж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч гэсэн хүсэлтэй байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Т болон хариуцагч Д.Д нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр "*******" ХХК-ийн 80 хувийн хувьцаа буюу 2480 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Бидний өнөөдөр маргаж байгаа асуудал бол 118,000,000 төгрөг дээр ямар ч маргаан байхгүй, 42,000,000 төгрөг дутуу төлсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаж байна. Бидний зүгээс 42,000,000 төгрөгийг тус гэрээний 2.5-т заасан Худалдан авагч нь ******* банкны зээлийн 41,500,000 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэсэн тул ******* банкны зээлийн төлбөр 42,000,000 төгрөгийг төлж дуусгасан. Үүнийг хавтаст хэргийн ******* дугаар талд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ нь бид нар 160,000,000 төгрөгөөр тухайн 80 хувийн хувьцааг худалдаж авч,****** банкны зээлийн 41,500,000 төгрөгийг төлөөд, үлдсэн 118,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хэрвээ ингэж тохироогүй байсан бол нийт үнийн дүнгээ ****** банкны зээлийн 41,500,000 төгрөгийг нэмж бичих нь зохистой байсан. Тэгэхээр 201,500,000 төгрөг гэсэн гэрээ бидний дунд байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл 160,000,000 төгрөгийн тодорхой хэсгийг өөрт нь төлсөн, үлдсэн хэсгийг талууд тохироод тухайн үед ****** банкны зээлийн үлдэгдэл 41,500,000 төгрөг байгаа гэж хэлсэн учраас түүнийг худалдах, худалдан авах гэрээнд тусгаад, гэрээ байгуулагдсан цагаас хойш тасралтгүй 2016 оны 4 дүгээр сараас эхлэн 6 дугаар сар хүртэл бүгдийг нь буюу ****** банкны зээлийг хааж дуусгасан байдаг. ****** банкинд өртэй гэдгийг талууд хэн аль нь мэдэж байсан учраас энэ мөнгийг 160,000,000 төгрөгт оруулан тооцно гэж бичсэн. Энэ нь тодорхой зүйлүүдээр харагддаг, эндээс харвал Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заагаад хувьцаа шилжүүлэх гэрээний 2.3 дахь хэсэгт хөрөнгө, тусгай зөвшөөрөл нь худалдах, худалдан авах гэрээний 2.4 дэх хэсэг буюу 160,000,000 төгрөгт багтсан болно гэдгийг тухайлан заасан байна. Тэгэхээр эндээс энэ өр төлбөр нь тусдаа харилцаа төдийгүй, энэ компанийн хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр худалдаж авсан юм байна гэж харагдаж байна. Ингээд манай зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэсэн учраас нэхэмжлэгчид төлөх өр төлбөр байхгүй гэж маргаж байна. Мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдсан, өнгөрсөн асуудал компани худалдах асуудлаас татгалзах тухай яриа гарснаас хойш буюу 2022 оноос хойш 6 жил гаруй хугацааны дараа яригдсан. Энэ хугацаанд энэ асуудлаар нэг ч удаа ярьж байгаагүй, 42,000,000 төгрөгийг нэхэмжлэгч тал дутуу авсан гэж мэдэж байсан бол өмнө нь үлдэгдэл төлбөрөө авъя гэж нэхэх боломж байсан. Энэ үйл баримт нь юуг нотолж байна вэ? гэхээр ****** банкны зээлийн төлбөрийг 160,000,000 төгрөгт тооцож гэрээ байгуулсныг нотлоод байгаа юм. Шүүхийн магадлал дээр нэг зүйл дурдсан байгаа. Талуудын хооронд үүссэн маргаан бол "*******" ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан бол биш юм. Энэ бол "*******" ХХК дээр хөрөнгө оруулалт хийсэн асуудалтай холбоотой маргаан байгаа, энэ маргаан шүүхээр шийдвэрлэгдээд дууссан. Энэ нь өнөөдрийн худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдахад огт хамааралгүй гэж үзэж байна. Мөн шүүхэд нэг нотлох баримт гаргаж өгсөн байгаа, "*******" ХХК, "*******" ХХК-тай 2020, 2021 оноос эхлээд маргаантай явж байсан. Энэ маргаад байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж шүүх үзэхдээ охин компани байсан учраас гэж дүгнэсэн байсан. Энэ нь хавтаст хэрэгт хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг гаргаж өгсөн байгаа. Энэ өдөр "*******" ХХК нь "*******" ХХК-ийн охин компани байхаа больсон буюу бидний хөрөнгө оруулалттай холбоотой маргаан нь энд хамаагүй юм. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 42,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагүй нь ****** банкны зээлийн үлдэгдэл 42,000,000 төгрөгийг оруулж тооцсоныг мэдэж байгаа гэдгийг нотолж байгаа юм. Манайхаас гаргаж өгсөн нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолж байгаа. "*******" ХХК-тай биш "*******" ХХК-тай маргасан, "*******" ХХК нь "*******" ХХК-ийн охин компани юм бол 1 асуудал яриад байна гэж тайлбарлаад байна. Лансын Хишиг ХХК нь Төв магис ХХК-ийн охин компани байхаа больсон. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор ийм шийдвэр гарсан. Тийм учраас эрх зүйн хувьд 2 өөр асуудал гэдэг нь нотлогдож байна. 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн юм байна лээ. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь зааснаар худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Тиймээс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ямар нэгэн шаардлага гаргах эрх байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байна. Шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө энэ зүйлийг мэдэж байсан учраас ямар ч маргаан гаргахгүй 6 жил болсон юм. Энэ нь Голомт банкны зээлийн үлдэгдэл 42,000,000 төгрөг нь гэрээний 160,000,000 төгрөгт орж байгааг мэдэж байсан гэдгийг нотолж байгаа юм. Гэрээг эрэмблэхдээ 2.4, 2.5, 2.6 гэж дугаарласан зүйл байгаа, гэхдээ Компанийн тухай хууль болон эрх шилжүүлэх гэрээгээр харах юм бол хөрөнгө нь тусгай зөвшөөрлийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт багтана гэж заасан. Хөрөнгө гэдэгт юуг ойлгох вэ? гэдгийг Компанийн тухай хуулиар зохицуулсан байгаа, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар, Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэгчийн ***** банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас нотлох баримтаар Голомт банкны мемориалын баримтын хуулбар, ****** банкаар гүйлгээ хийсэн баримтын хуулбар, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ш.Т нь нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 2480 ширхэг хувьцааг 160,000,000 төгрөгөөр хариуцагч Д.Д-д худалдсан, гэрээний үнийн дүнд 118,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй болно.

Хариуцагч тал .., гэрээний 2.5-т заасан Голомт банкны 41,500,000 төгрөг нь 160,000,000 төгрөгийн хувьцаа худалдан авах үнэд багтсан мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа Бид нар 160,000,000 төгрөгөөр тухайн 80 хувийн хувьцааг худалдаж авч, ****** банкны зээлийн 41,500,000 төгрөгийг төлөөд, үлдсэн 118,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Хэрвээ ингэж тохироогүй байсан бол нийт үнийн дүнгээ ***** банкны зээлийн 41,500,000 төгрөгийг нэмж бичих нь зохистой байсан. Тэгэхээр 201,500,000 төгрөг гэсэн гэрээ бидний дунд байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл 160,000,000 төгрөгийн тодорхой хэсгийг өөрт нь төлсөн, үлдсэн хэсгийг талууд тохироод тухайн үед ***** банкны зээлийн үлдэгдэл 41,500,000 төгрөг байгаа гэж хэлсэн учраас түүнийг худалдах, худалдан авах гэрээнд тусгаад, гэрээ байгуулагдсан цагаас хойш тасралтгүй төлж дуусгасан байдаг. ****** банкинд өртэй гэдгийг талууд хэн аль нь мэдэж байсан учраас энэ мөнгийг 160,000,000 төгрөгт оруулан тооцно гэж бичсэн гэж тайлбарладаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах шийдвэрийг үндэслэн гэрээний 2.4-т ..,"*******" ХХК-ийн 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдын хурал/-ын шийдвэрийг үндэслэн худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг компанийн нийт хувьцааны өөрийн эзэмшлийн 80 хувь болох 10,000 төгрөгийн үнэ бүхий 2480 ширхэг хувьцааг 160,000,000 худалдаж байна гэж, 2.5-т Хувьцаа худалдан авагч тал нь ****** банкны 41,500,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж дуусгана гэж, 2.6-т худалдан авагч нь төлбөрийг 20** оны ** дугаар сарын **-ний өдөр хувьцааны үнэ болох 160,000,000 төгрөгийг төлж дуусгасан байна гэж тус тус тохиролцсон./хх-ийн 3-4 хуудас/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үгийн шууд утгаар тайлбарлавал хувьцааг 160,000,000 төгрөгөөр худалдан авч, мөн ****** банкинд төлөх 41,500,000 төгрөгийн өрийг хамт авсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 5 удаагийн гүйлгээгээр нийт 118,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хамгийн сүүлийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн байна. Түүнээс хойш нэхэмжлэгч Ш.Т-г хариуцагч Д.Д залилсан асуудлаар Цагдаагийн байгууллагаар шалгуулсан, Д.Д нь Ш.Т-т холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж 57,271,000 төгрөг, хохиролд 78,243,900 төгрөг гаргуулахаар, Ш.Т нь Д.Д-д холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлэх, "*******" ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Т-г тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болох нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 313 дугаар шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1758 дугаартай магадлалын хянавал хэсэгт тус тус тусгагджээ.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2 дахь хэсэгт Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус заасан.

Үүнээс дүгнэхэд талууд 20** оны ** дүгээр сарын **-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шүүхэд мэтгэлцээгүй ч уг гэрээтэй холбоотой асуудлаар удаа дараа маргаж байсан тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 42,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 42,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Т-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамж 367,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ