| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/03358/И |
| Дугаар | 101/ШШ2023/04242 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/04242
| 2023 10 02 | 101/ШШ2023/04242 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П ХХК холбогдох
Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 104,727,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан товлосон цагт хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ЭХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Э ХХК нь П ХХК-тай 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх 15/2022 дугаар гэрээг байгуулж, П ХХК-иас төмөр турба, булан төмөр, тор зэрэг бараа материалыг 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компани П ХХК-д нийт 214,452,050 төгрөгийг бараа материалын төлбөр болон, тээврийн зардал төлсөн. Гэтэл П ХХК-иас манайд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 45 хувьтай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг л нийлүүлсэн. Бидний хоорондын гэрээгээр тохиролцсон хугацаа хэтэрч байсан боловч манай компаниас ковид болон бусад нөхцөл байдлуудыг ойлгож, хариуцагч компаний үйл ажиллагаанд хүлээцтэй хандсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр тохиролцсоны дагуу үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байсан тул үлдэгдэл төлбөр болох материалын үнэ 100,137,285 төгрөг, тээвэр 19,213,350 төгрөг, нийт 119,350,635 төгрөгийг буцаан шаардсан хүсэлтийг П ХХК-д хүргүүлсэн. П ХХК-иас манай компаний дээрх хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн ба 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 24,000,000 төгрөгийг төлсөн боловч өөр төлөлт дахиж хийгээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байна. Бид 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2 талаас тооцоо нийлж тулгасан ба П ХХК нь манай компанид 104,727,990 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталсан.
Иймд хариуцагч П ХХК-иас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хариуцагч компаний гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ биелүүлэх тодорхой хугацаа зааж шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул 100 хувь шилжүүлсэн 214,452,050 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 104,134,414 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэв.
2. Хариуцагч П ХХК шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.
3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ЭХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15/2022 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, ЭХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн HTL/22/322 дугаартай албан бичиг, Монгол банкнаас зарласан валютын ханш, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны баримтын жагсаалт, Голомт банкны мемориалын баримтууд, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Төмрийн захиалга П ХХК-иас гэсэн баримт, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн П ХХК-ийн баримтыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч нь хариу тайлбар бичгээр ирүүлээгүй, П ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэл, шүүгчийн захирамжид гаргасан гомдол болон уг гомдолтой холбоотой хавсарган ирүүлсэн баримтуудыг тус тус хариуцагч шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ЭХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан 104,727,990 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2а. Хариуцагчид 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
2б. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3а. Зохигчдын хооронд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 15/2022 дугаартай Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, П ХХК нь гэрээнд заагдсан чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан барилгын бараа материал /төмөр турба, булан төмөр, тор/-ыг Э ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, Э ХХК нь гэрээний дагуу захиалга хийгдэх үед нийт төлбөрийн 40 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрээс тээвэрлэгдэх үед төлбөрийн 60 хувийг шилжүүлэхээр тохирсон байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.
3б. ЭХХК нь 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны хооронд урьдчилгаа 40 хувийн төлбөрт нийт 71,818,000 төгрөгийг П ХХК-д шилжүүлсэн, 60 хувийн төлбөрт 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үлдэгдэл төлбөрт 109,010,690 төгрөгийг төлж, тээврийн зардалд 33,623,360 төгрөг төлсөн, нийт 214,452,050 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны мемориалын баримтууд, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, Тооцооны баримтын жагсаалт-аар тогтоогдож байна.
Тооцооны баримтын жагсаалт-аас үзвэл 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 24,000,000 төгрөгийг П ХХК нь ЭХХК-д буцаан шилжүүлсэн байх ба талууд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлж, Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд П ХХК нь 104,727,990 төгрөгийн өртэй гарсан болохыг харилцан зөвшөөрсөн байна.
Дээрхээс үзэхэд П ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийн 45 хувьтай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, харин гэрээний 2.5-д заасан үүргээ бүрэн биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, улмаар нэхэмжлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 24,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийн хувьд ЭХХК-тай тооцоо нийлжээ.
4. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225,1, 225.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсний улмаас гэрээнээсээ татгалзаж, урьдчилгаа төлбөр болон тээврийн зардалд шилжүүлсэн үлдэгдэл төлбөрийг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заажээ.
5. Хариуцагч П ХХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/14008 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжид 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдолдоо ...Манай П ХХК нь ЭХХК-тай байгуулсан гэрээ болон гэрээний үлдэгдэл төлбөр, мөнгөн дүнтэй холбогдох ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа ... гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг тусгасан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
6. Шүүх хуралдааны товыг хариуцагч нь мэдсэн боловч шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 681,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч П ХХК-иас 104,727,990 /нэг зуун дөрвөн сая долоон зуун хорин долоон мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 681,590 /зургаан зуун наян нэгэн мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЭХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/14008 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ