Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/04677

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 27 101/ШШ2023/04677

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***********хот, ******** дүүрэг, **** дугаар хороо, ********гудамж,******** байр ******** тоотод оршин суух******** овогт ********-ийн******** /Регистрийн дугаар********1/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********хот, ******** дүүрэг, ******** дугаар хороо, ******** дугаар хороолол, ********байр ******** тоотод оршин суух ******** овогт********-ийн ********/Регистрийн дугаар********/-д холбогдох,

 

Тээврийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөг, олох байсан орлого 80,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, эд хөрөнгийн үнэ 75,849,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролоцгчид:

нэхэмжлэгч Л.Д

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Н /үнэмлэхийн дугаар ********/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н

гэрч Ж.М

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н********

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ю.Птой харилцан тохиролцож 2022 оны 8 сарын үед Оросын холбооны улсаас улс хооронд дамнасан тээвэрлэлтээр төмс тээвэрлэж оруулж ирсэн. Түүний тээвэрлүүлсэн төмс нь 39,400 кг болсон ба 2 ачааны авто машинаар тээвэрлэж ***********хотод авчирсан. Тээврийн хөлсийг машин тус бүрт нь 20,000,000 төгрөгөөр тохиролцсон ба хөлснөөс 18,500,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ю.Пид итгэж олон мянган км замыг нойр, хоолгүйгээр туулж ирсэн байхад тэрээр тохиролцсон хөлсөө өгөхгүй зугтаж байгаад гомдолтой байна. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаж үндэслэлгүйгээр 75,849,000 төгрөгийг нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Ю.П нь 2022 оны 7 сарын 11-ний өдөр намайг Москвад байхад Монгол руу ачаа ачих уу гэж өөрөө анх холбогдсон. Миний хувьд ачаа олдохгүй, мөнгөгүй, хүнд нөхцөлд байсан асуудал байхгүй бөгөөд надад туслаач гэж холбогдоогүй байтал огт үндэслэлгүй гүтгэсэн байна. 2022 оны 7 сарын 12-ны өдөр төмс ачихаар ярилцаж тохиролцсон боловч үүнээс хойш 7 хоног төмс байхгүй гэдэг шалтгаанаар хүлээсэн. 2022 оны 7 сарын 18, 19-ний өдөр Ю.П нийт 3 машин төмс ачуулсан. Нийт 3 удаагийн гүйлгээгээр төмсөө худалдаж авсан, төлбөрийн баримтыг хамт явсан жолооч өгсөн, хэргийн материалд хавсаргасан. Төмсийг ачаад нийт 8 хоног яваад Хиагт дээр буюу ОХУ-ын хил дээр ирсэн. Нэг машиныг Монгол Улсаас дуудсан учраас 2 машин дээр төмсөө тэнцүүлэн ачсан. Үүний дараа 2 машинаа Монгол руу буцаасан. Хиагт дээр 5 хоног, Алтанбулаг дээр 6 хоног буюу 11 хоног Ю.Пийн гаалийн төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар хүлээсэн. 2 машинд нийт 39.224 тонн төмсийг ачсан нь гаалийн баримт дээр байгаа, нийт 41 ширхэг уут буюу 2 машинд 20, 21 тонноор подонд ачсан. Нэг подон нь 959.682 кг төмс гэж гаалийн баримт дээр бичсэн байгаа. 7 сарын 19-ний өдрөөс 8 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Ю.Пийн төмсийг Л.Д тээвэрлэсэн ба энэ хооронд нийт 12 хоног зөвхөн гаалийн хяналтын бүсэд алдагдсан. Гаалийн төлбөрийг Ю.П төлөхгүй удаашруулж, халуун зун бүгчим байхад олон хоног гаалийн хяналтын бүсэд байсан. 8 сарын 10-ны өдөр ***********хотод орж ирээд Ю.Пийн заасан газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 үйлдвэрийн замын урд байрлах автомашины зогсоолд*****УНХ, *****УНЦ дугаартай машинуудыг байршуулж орхисон. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлд зааснаар ачааг заасан газар хүргэж өгсөн бөгөөд түргэн муудах бүтээгдэхүүнийг хурдан тээвэрлэх ёстой ч барааны эзэн гаалийн төлбөрийг төлөхгүй удаашруулж, дараагийн тээвэрлэлтийн ажлыг удаашруулах нөхцөл байдал үүсгэсэн. Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.2-т зааснаар хүнсний бүтээгдэхүүн түргэн муудах хохирлын асуудал Л.Доос шалтгаалаагүй учраас хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 8 сарын 10-ны өдөр ирэхэд Ю.П ачааг 3 хоногийн хугацаанд буулгаж, тохиролцсон үнэ хөлсийг төлөх, машиныг буцааж өгөх нөхцөлтэйгөөр төмсийг машинтай хамт авч үлдсэн. Машиныг чөлөөлж өгөх талаар удаа дараа сануулсаар байхад ямар ч оролдлого гаргаагүй учраас 2022 оны 8 сарын 19-ний өдөр очиж 2 машинаа дотор нь байгаа төмстэй нь хамт авч явсан. Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1-т Тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй гэж заасан. Машинаа авч явахдаа тэнд байсан хүмүүст төлбөрийг төлөөд төмсөө аваарай гэж албан ёсоор мэдэгдсэн. 2022 оны 8 сарын 12-ны өдөр Москвагаас ***********руу ачаа тээвэрлэх ажлын санал ирсэн ба би саналыг зөвшөөрч иргэн Ж.М--тай гэрээ хийгээд 2022 оны 8 сарын 15-ны өдөр явахаар тохирсон. Гэтэл Ю.П машинаас төмсөө буулгаж авахгүй үлдэгдэл төлбөрөөс цувуулж өгч аргацаах болсон. Ж.М--ад машинаа хүнээс авч чадахгүй, тохирсон хугацаандаа явах боломжгүй байгаагаа хэлэхэд тэрээр над руу тээврийн хөлсний урьдчилгаа хөлс шилжүүлэх байснаа больсон. Миний үндсэн ажил олон улсын ачаа тээвэр бөгөөд энэ үйл ажиллагаагаар би өөрийн амьдралаа залгуулж ирсэн. Гэтэл Ю.П нь зөвхөн өөрийн бизнесийг бодож бусдын амьдралаа залгуулдаг бизнесийг үл тоож, машиныг маань чөлөөлж өгөөгүйгээс би ачаа тээврийн захиалгаа алдаж, хамтран ажиллаж байсан үйлчлүүлэгчийнхээ итгэлийг алдсан. Миний бие анхнаасаа машин дээрээс төмсөө зараарай гэж хэлээгүй, өөрийнх нь хэлснээр 3-4 хоногт төмсөө буулгаад авна гэхээр нь итгээд машинаа үлдээгээд явсан. Гэтэл миний олох байсан орлогыг хааж, машиныг маань чөлөөлж өгөхгүй дураараа аашилж байсан тул өөрийнхөө машиныг очиж авсан. Ю.Пид төмсөө аваад тооцоогоо дуусгахыг хэлсэн боловч төмсөө ирж аваагүй. Миний хувьд өөрөө өөртөө тусалж, өөрийн машинаа бусдын эзэмшлээс авахын тулд машинд байгаа төмстэй нь хамт авч явахаас өөр арга байгаагүй. Учир нь Ю.П уг төмсөө буулгах өөрийн гэсэн агуулах сав, дэлгүүр байхгүй, машиныг чөлөөлж өгөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, хэлсэн хугацаандаа машиныг чөлөөлж өгөөгүй, харин ч өдрөөр хүн хөлсөлж машин дээрээс маань төмсөө заруулахаар ажиллуулж байсан. Тиймээс би өөрийн машинаа авч, машинд байсан муудсан төмсийг ялгаж, үлдсэн төмсийг зах зээлийн үнээр нь зарж борлуулсан. Тухайн үед төмсийг нь худалдсан тухай баримт байгаа. Миний бие ачааг хадгалах үүрэг хүлээгээгүй. Би сүүлийн 10-д жил олон улсын ачаа тээвэр эрхэлж байгаа бөгөөд Ю.Пийн хэлснээр төмсний бизнес эрхлэх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, олон жил хамтран ажиллаж байгаа болно. Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр ачаагаа тогтоосон газарт хүргэж өгснөөр жолоочийн үүрэг, хариуцлага дуусгавар болдог. Ю.П нь заасан газраа ачаагаа хүлээж авсан атлаа бусдын тээврийн хэрэгслийг чөлөөлж өгөхгүй, өөрийн ачаагаа буулгаж авахгүй байгаа энэхүү үйлдлээс бий болсон хариуцлага, эрсдлийг хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл миний бие ачааг тээвэрлүүлэгчийн заасан газарт авчирч үүргээ биелүүлсэн тул өөрийн тээврийн хэрэгсэлийг хэзээ ч авах эрхтэй гэж үзэж байна. Гэтэл өөрийн машинаа авсныхаа төлөө өнөөдөр миний бие бусдын эд зүйлийг дээрэмдсэн, 75,849,000 төгрөгийн төмс авсан мэтээр гүтгүүлж байна. Ю.П нь 2022 оны 8 сарын 15-ны өдөр миний тээврийн хэрэгсэлийг чөлөөлж өгөөгүйгээс миний ачаа тээвэрлэх ажлын захиалга цуцлагдсан. Өөрөөр хэлбэл Ю.Пийн буруутай үйлдлийн улмаас миний бие өөрийн амьдралын эх үүсвэр болох ачаа тээврийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон. Ю.П нь хэлэлцэн тохирсон газартаа ачаагаа хүлээж авсан атлаа ажлын хөлсийг бүрэн төлөөгүй, жолооч хүн ачаа тээвэртээ явж орлого олдог гэдгийг мэдсээр байж автомашинуудыг чөлөөлж өгөөгүй, автомашиныг эзэнд нь хүлээлгэж өгөөгүй, өдрийн тоогоор гардаг сул зогсолтын төлбөр төлөөгүй, ачаа тээврийн захиалгыг нь цуглуулж олох байсан орлогыг алдагдуулж маш их хохироосон. Хариуцагч Ю.Пийн буруутай үйлдлээс болж миний бие олох байсан орлого 80,000,000 төгрөгийг алдсан тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар өөрт учирсан гэм хорын хохиролоо гаргуулахыг хүсч байна. Хариуцагчаас тээврийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөг дээр олох байсан орлого 80.000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үнэн бодит байдалд огт нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Машинаа авахын тулд дотор нь байгаа төмсийг нь тэр чигт нь дураараа хулгайлаад аваад явсан зүйл байхгүй. 2022 оны 8 сарын 09-ний өдөр буулгаад 8 сарын 19-ний өдөр авах хүртэл хугацаанд нийт 10 хоногийн хугацаанд төмсөө буулгахыг хүлээсэн. Ю.П машинаас төмсийг буулгахгүй хэрнээ арваад хүнийг хөлсөлж төмсөө ялгаж, Барс зах дээр төмсөө бөөндөж зарж байсан. Мөн ялгасан төмсөө зөөж аваачаад худалдан борлуулсан талаар гэрч нар мэдүүлсэн. 2022 оны 8 сарын 19-ний өдрөөс 9 сарын 15-ны өдрийн хооронд төмсөө аваач гэж хэлсэн боловч төмсөө огт аваагүй учраас муудсан төмсийг ялгаад үлдсэн төмсийг 4,725,000 төгрөгөөр зарсан. Үлдэгдэл тээврийн хөлсөө гаргаж авахын тулд муудаагүй төмсийг зарсан, үүнтэй холбоотой баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Хэрэв 36 тонн төмстэй байсан бол удаа дараа төмсөө ав гэж мэдэгдэхэд тэр даруй ирж авах байсан, гэтэл ирж аваагүй. Ю.П тээврийн хөлсийг гүйцээж өгөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй. Л.Д нь ямар нэгэн хохирол учруулаагүй, зөвхөн тээврийн хөлсөө төлүүлэхийн тулд үлдэгдэл төмсийг барьцааны эрхээ хэрэгжүүлж авсан. Барьцааны эрхийг хангуулах, барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үүрэгтэй боловч тухайн эд зүйл нь түргэн муудах бүтээгдэхүүн байсан учраас дуудлага худалдаагаар орохыг хүлээх боломж байгаагүй учраас муудаагүй төмсийг ялгаж зарсан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоход татгалзах зүйл байхгүй. 75,849,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 39.224 кг төмсийг 31 сая төгрөг буюу гаалийн мэдүүлэгт заасан үнэлгээгээр үнэлсэн байсан. Харин ОХУ-ын гаалийн татварт 1,428,000 төгрөг, Монгол Улсын гаальд 9,925,473 төгрөг, тээврийн зардалд 40 сая төгрөг гээд нийт мөнгөнүүдийг бүгдийг нь нэмж байгаад 1 кг төмсийг 2,099 төгрөг гэж тооцож гаргасан байсан. Гэтэл 31 сая төгрөгийн гаалийн мэдүүлгийг үзэх юм бол тээврийн хөлсний зардал орчихсон. Энэ зардлаа 2 дахин нэмээд байгаа нь ойлгомжгүй байна. 80,000 рубль буюу 40 сая төгрөгөөр тээврийн зардлыг тооцож оруулаад 31 сая төгрөгөөс гаалийн төлбөр төлсөн мөртлөө нэхэмжлэхдээ 75 сая төгрөг болгож нэхсэн нь үндэслэлгүй. ОХУ өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг экспортоор гаргаж байгаа тохиолдолд гаалийн татвар төлдөггүй. Гэтэл гаалийн татвар төлсөн гэж хэлж байгаа боловч гаалийн баримт өгөөгүй, гаалийн татвар төлөөгүй гэдгийг тээвэр хийсэн жолооч нар хэлж байгаа. Тооцоо нийлсэн баримт буюу төмсийг худалдаж авсан баримт дээр хариуцагчийн зүгээс маргасан, хариу тайлбар гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл 442,169 рублиэр төмсийг нийт 2 өдөр дамнан 3 машинд ачсан. Төмсийг худалдаж авах үеийн рублийн ханшаар тооцоход 52.77 төгрөг байгаа. Энэ дүнг нийт авсан төмсний хэмжээгээр үржүүлж үзэхэд нийт 23,333,358 төгрөгөөр төмс худалдаж авсан байна. Алтанбулаг дээр 4 машин төмс ачиж ирсэн, 1 машинд тооцогдож байгаа үнийг 23,333,258 төгрөгт хуваахаар 1 машины төмсний үнэ 5,833,314 төгрөг байна. Хэрэв Л.Д 2 машин төмсийг бүгдийг нь тэр чигт аваад явсан гэж үзэх юм бол тухайн төмсний үнэ 11,666,629 төгрөг болж байна. Гаалийн баримт дээрээс 2 машинд 39,224 кг төмс байсан нь харагдана. Энэ талаар маргахгүй, өөрөөр хэлбэл төмсний үнэ 11,666,629 төгрөг байна. 41 подон гэж хэлээд байгаа нь 1 том модон сеткэн дээр байрлуулсан 1 том шуудайны тоог хэлээд байгаа. 1 подон нь 956,682 кг гэж гаалийн баримт дээр заасан дүнгээр нь бодоод үзсэн ч 41-ийг 956,682 кг-аар үржүүлэхээр 39,223 болж байгаа. Хэрэв машин тус бүрт 20,5 ширхэг подон байсан гэж үзэх юм бол 2022 оны 8 сарын 09-19-ний өдрийн хооронд 10 өдөр 2 машинаас подоныг буулгасан байна. 2022 оны 8 сарын 19-ний өдөр ажилласан гэрч хэлэхдээ би 1 өдөр ажилласан, тэр өдөр машинаас 2 подоныг буулгасан гэж гэрчилсэн. Хэрэв 1 машинд 20 подон гэж үзэх юм бол өдөрт 2 подон төмс буулгасан гэвэл 10 өдрийн хугацаанд ихэнх төмсөө буюу 20 подон төмс буулгасан байх боломжтой. Мөн 1 шуудайнд 1000 кг төмс орно гэж үзвэл нийт 20 шуудай болно, Ю.Пийн хэлж байгаагаар 1 машинд 18 тонн төмс байсан гэж үзэх юм бол нийт 360 шуудай гэсэн тооцоо гарч байгаа. 1 шуудай төмсний үнийг тухайн үеийн зах зээлийн ханш 30,000 төгрөгөөр тооцож үзэх юм бол нийт 10,800,000 төгрөг, 2 машинд гэж үзэх юм бол 21,600,000 төгрөг болж байгаа. Энэ бол тухайн бараа зарж байгаа хүний зардал, ашиг, бүх юм нь ороод тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 шуудай төмс 30,000 төмс байсан байгаа юм. Тийм учраас бид шуудай төмсөндөө хувааж байж тухайн үеийн зах зээлийн ханшаар бөөндөж зарахдаа хэдэн төгрөгөөр зарж байсан бэ гэдэг талаар үнийг судалж үзэхэд 21,600,000 төгрөг болж байгаа. 10 хоногийн хугацаанд Ю.П муудсан төмсөө ялгаад төмсөө зараад зохих газар хадгалж байсан байхад мөнгийг хэд дахин нэмсэн ч гэсэн 75 сая төгрөг гарах ямар ч үндэслэл байхгүй учраас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байна. Бид тухайн үед 2022 оны 8 сарын 10-ны өдөр төмсний ханш унасан байсан гэдгийг нотлох үүднээс статистикийн үзүүлэлт гаргаж өгсөн. Түргэн муудах бүтээгдэхүүн, муудсан төмс байсан гэдгийг мэдэж байсан, Л.Дд төлбөрийн тооцоотой байсан учраас Ю.П нь үлдэгдэл төлбөр тооцоондоо төмсөө тооцуулан борлуулах сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ю.П миний бие ОХУ-ын Москва хотод байсан иргэн Л.Дтой утсаар холбогдоход тэрээр Туркээс жимс ачиж ирсэн чинь ирсэн жимс нь муудсан тул хөлсөө авч чадаагүй, мөнгөгүй хүнд байдалд байна гэхээр нь би туслах санаатай өөрийн худалдан авсан төмсөө тээвэрлүүлэхээр 2022 оны 7 дугаар сарын 11-нд утсаар ярилцаж, ОХУ-ын Ставрополь мужийн Ипатово хотоос төмс ачуулахаар тохиролцож, 2 машины тээврийн хөлсний урьдчилгаанд тус бүр 10,000,000 төгрөгийг буюу нийт 20,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийн төлбөрийг Монголд ирээд темсее борлуулаад өгөхөөр тохиролцсон. 2022 оны 7 сарын 12-нд ОХУ-ын Москва хотод Л.Дтой ярьж тохирсон ёсоор урьдчилгаанд 20,000,000 төгрөг буюу тухайн үеийн валютын ханшаар тооцож 400,000 рублийг шилжүүлж өгсөн. Ингээд миний төмс ачигдаад Монголд ирээд Л.Ды MAN TGA*****УНХ болон Volvo *****УНЦ дугаарын машинуудыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ 4-ийн замын урдах автомашины зогсоолд байрлуулан, төмсөө худалдаалахаар өдөрт 8-10 хүмүүсийг цалинжуулан төмс ялгуулан шуудайлуулж байтал 8 дугаар сарын 19-ний өдөр тэнд ажиллаж байсан хүмүүс над руу утасдаж жолооч нь ирээд машин асаагаад төмстэй чигээр нь аваад явчихлаа гэсэн. Би тэр дор нь Л.Д руу чи яагаад миний төмсийг аваад явчихаж байгаа юм бэ гэхэд би төмсний ченж олсон, энэ төмсийг чинь зараад өөрийн хөлсөө гаргаж авна гэж хэлсэн. Би түүнд энэ хууль бус үйлдлээ таслан зогсоож төмсийг минь эргүүлж өгөхийг шаардсан боловч тэрээр өгөөгүй. Тэгэхээр нь би Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан боловч цагдаагийн байгууллага "Энэ бол иргэд хоорондын маргаан байх тул иргэний журмаар шүүхэд ханд" гээд гомдлыг хүлээн аваагүй. Би шүүхэд нэхэмжлэлээ бэлдэх хооронд Л.Д шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тэрээр миний зөвшөөрөлгүйгээр миний эд хөрөнгө болох төмсийг авч зугтаснаас болж надад үлэмж хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэлдээ намайг тээврийн төлбөр төлөх болон түүнтэй уулзах, утсаар ярихаас зайлсхийлсэн гэсэн нь цэвэр гүтгэлэг. Би түүнтэй утсаар байнга ярьж байсан бөгөөд төмсний борлуулалтын орлогоос боломжийн хэмжээгээр тээврийн хөлсийг төлж байсан. Тодруулбал, Л.Ды ХААН банкны************ тоот дансанд 2022 оны 8 сарын 16-нд 500,000 төгрөг, 8 сарын 17-нд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэх тээврийн хөлсийг төмсний борлуулалтыг хийсний дараа өгөхөөр тохиролцсон байсан боловч төмснүүдийг авч зугтаснаас намайг их хэмжээний алдагдалд оруулсан. Хэрэгт хавсаргагдсан байгаа гаалийн мэдүүлгээр нийт 39,224 кг төмс 31,000,000 төгрөгийн үнэлгээтэй бараа юм. Ингэж үнэлж ОХУ-ын гааль дээр 28,000 рубль буюу 1,428,000 төгрөгийн татвар төлсөн, монголын гааль дээр 9,925,473 төгрөгийн татвар төлсөн, дээр нь тээврийн зардалд 40,000,000 төгрөгийг хоёр машинд төлөх гэж үзвэл нэг кг төмсний өртөг 2099 төгрөг болж байна. Л.Ды ачиж ирсэн 2 машин дээрээс тус бүрээс нь 2,0 тн төмс буулгаж амжсан бөгөөд үлдэгдэл тус бүр 18 тонн жин бүхий төмсний нийт өөрийн импортын үнэ өртөгийг нь нэг кг-ыг 2099 төгрөгөөр тооцвол 75,564,000 төгрөгийн үнэ бүхий 36 тонн ууттай төмснүүд болон 285,000 төгрөгийн үнэ бүхий ногоо хийх зориулалттай 700 ширхэг сеткэн шуудайнууд байсан. Тухайн үед зах зээл дээр төмсний үнэ ханш өндөр байхад би төмсөө борлуулсан бол тэр мөнгөөрөө дахин бизнестээ эргэлдүүлээд явах бүрэн боломжтой байсан. Л.Д төмс ачсан машиныг авч явснаар дээр нь байсан төмсний хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй болгосон боловч гэрчүүд 1 тонн буюу 1000 кг-аар савласан том шуудай төмснөөс 2 шуудайг буулгасан байсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд 36 тонн төмс авч явсан болох нь тогтоогдож байна. Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа ачиж явсан төмсөө бусдад зарж борлуулсан гэх боловч хэдэн тонн төмсийг хэдэн төгрөгөөр хэнд борлуулсан тухай хуулийн хэлбэр шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Төмсний хэмжээний үнэлгээний талаар нэхэмжлэгч маргадаг боловч өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн гаалийн бүрдүүлэлтийн баримтыг үндэслэн төмсний өртгийг тооцоолон сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас төмсний үнийг тогтоох зорилгоор Үндэсний статистикийн хорооны веб сайтаас мэдээлэл гаргаж өгсөн боловч энэ баримтаар тухайн үеийн төмсний ханшийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлийн тухайд Ю.П, Л.Д нарын хооронд хийгдсэн аман тохиролцоо нь Иргэний хуулийн 380, 386 дугаар зүйлд заасан ачаа тээвэрлэлтийн гэрээ. Энэхүү гэрээ амжилттай хэрэгжсэн гэж үзэх бөгөөд тээвэрлэгч Л.Д ачааг ОХУ-аас Монгол Улсад амжилттай тээвэрлэн, ачаа илгээгч Ю.Пид хүлээлгэн өгсөн. Үүгээр Л.Ды үүрэг дууссан бөгөөд тээврийн хөлсөө хуульд заасан журмын дагуу шаардах эрх нээлттэй болсон. Харин Л.Ды зүгээс 2022 оны 8 сарын 19-ний өдөр бусдын өмч болох төмс ачсан машиныг авч явсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд оруулсан үйлдэл гэж үзнэ. Тийм учраас Ю.Пийн шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйгэж зааснаар зохицуулагдаж байна. 75,849,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй. Л.Ды зүгээс 2022 оны 8 сарын 19-ний өдөр Ю.Пийн өмч болох төмсийг авч явснаар Ю.П Л.Ды өмнө хүлээсэн тээврийн хөлсний үлдэгдлийг төлөх боломжгүй нөхцөл байдал бий болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 80,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлээс давуулан гарах зорилго агуулж зохиомол баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Учир нь Л.Дтой ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан гэх иргэн Ж.М-- нь шүүх хуралдаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгөхдөө гэрээний талаар бүрэн дүүрэн нотлогдох түвшинд мэдүүлэг өгч чадаагүй. Хаанаас, хэзээ, ямар зорилгоор тээвэрлэлт хийх болсон, өмнө нь тээвэр хийлгэж байсан эсэх, ямар шалтгаан нөхцөл байдлаар цаг хугацаа давчидсан, ийм хэмжээний орлого, зарлагын баримт гаргасан эсэх, уг тээврээ өөр ямар байгууллага, иргэнээр хийлгэсэн тухай баримт байгаа эсэх зэрэг Л.Ды олох байсан орлого гэх зүйлийг нотлох үндэслэл бүхий мэдээлэл өгсөнгүй. 700 ширхэг сеткен шуудайтай холбоотой нотлох баримт зураг байгаа боловч зургаас ширхэг тоо нь харагдахгүй учраас шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлоо гаргуулахыг хүсэж байна гэж тодорхойлсон. Гэтэл хэрэг хэлэлцэх явцад шүүх бүрэлдэхүүний асуултад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ өөрчилж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар тодорхойлж байна. Энэ нь гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн байдлаар өөрчилж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар биш, Иргэний хуулийн 227 болж хувирч байна. Эрх зүйн үр дагаврын хувьд заавал шүүх бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэх шаардлагагүй байсан гэж харж байна. Ю.П ямар үүргийг хэрхэн зөрчсөн талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл ачиж оруулж ирсэн ачаагаа яг хэд хоногийн дотор буулгаж авах ёстой байсан гэдэг талаар хэлэлцээд тохиролцоод бичгээр байгуулсан гэрээ байхгүй, ийм нарийн тохиролцоо байхгүй учраас Ю.Пийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Харин ч Ю.П төмсөө борлуулаад 2022 оны 8 сарын 16, 17-ны өдөр үлдэгдэл тээврийн хөлсөө өгөөд явж байсныг гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлээд явж байсан гэж үзнэ. Тийм учраас зөвшөөрөлгүйгээр иргэний өмчийг авч явсан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. Дээр дурдсан үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн Л.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ю.Пийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг уншиж танилцуулсан учраас 2 хуудас тайлбараа хэрэгт хавсаргуулъя гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн бичгийн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-1-2, 3/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх-4/, 2022.08.24-ний өдрийн итгэмжлэл /1хх-5/, 2022.08.09-ний өдрийн Гаалийн мэдүүлгийн баримт /1хх-6-7/, 2020.01.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ /1хх-11-18/, 2022.12.27-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /1хх-45/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-48, 127/, 2023.05.22-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-134-136/, 137/, 2022.08.12-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээ /1хх-138-140/, фото зураг /1хх-143-145/, Сбер банкны онлайн гүйлгээний баримт /1хх-154-159/, 2022.09.15-ны өдрийн зарлагын баримт /1хх-197/, Үндэсний статистикийн хорооны сайтын мэдээлэл,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.10.25-ны өдрийн хариу тайлбар /1хх-27-28/, сөрөг нэхэмжлэл, /1хх-29-30/, ХААН банкны ...............дугаартай дансны хуулга, шилжүүлгийн баримт /1хх-31, 32/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-33/, 2022.10.25-ны өдрийн итгэмжлэл /1хх-55/, 2023.06.29-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар /1хх-200, 201-202/, фото зургийн хуулбар,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч А.Бын мэдүүлэг /1хх-116-117/, гэрч П.Бийн мэдүүлэг /1хх-118-119/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /1хх-120-121/, гэрч Л.Б-ын мэдүүлэг /1хх-122-123/, гэрч Г.Б-ын мэдүүлэг /1хх-124-125/, гэрч Ц.Ө-гийн мэдүүлэг /1хх-171-172/, 2023.08.03-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-227-232/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ю.Пид холбогдуулан тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөг, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд олох байсан орлого 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь түүний өмчлөлийн төмсийг зөвшөөрөлгүй авч явсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж, өөрт учирсан хохиролд 36 тонн төмсний үнэ 75,564,000 төгрөг, ногоо хийх зориулалттай 700 ширхэг сеткэн шуудайны үнэ 285,000 төгрөг, нийт 75,849,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4. Зохигчид тээвэрлэлтийн хөлс төлөх болон төмс ачсан машиныг тохирсон хугацаанд суллаж өгөөгүй шалтгаанаар машиныг авч явсан үйл баримттай холбогдуулан хэн алинд нь хохирол учирсан гэсэн үндэслэлээр харилцан шаардлага гарган маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Л.Д, Ю.П нар нь 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-д байхдаа төмс ачих талаар харилцан тохиролцож, Л.Д нь ОХУ-аас өөрийн машинаар төмс тээвэрлэн ирж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ***********хотод Ю.Пийн заасан газар буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 үйлдвэрийн замын урд байрлах автомашины зогсоолд ****** УНХ, */***** УНЦ улсын дугаартай машинуудыг байршуулж, хариуцагчийн эзэмшилд үлдээсэн.

 

5.2. Ю.П нь Л.Дд 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тээвэрлэлтийн хөлсний урьдчилгаанд 20,000,000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн.

 

5.3. Л.Д нь машинд ачсан төмсийг тохирсон хугацаанд буулгаж машиныг суллаж өгөөгүй, тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөхийг сануулсаар байтал төлөөгүй шалтгаанаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 машиныг тодорхой хэмжээний төмстэй авч явсан.

 

6. Зохигчид дээр дурдсан Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу төмс тээвэрлэсэн болон тээврийн хөлсөнд тодорхой төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Д нь хариуцагчийн ачааг тээвэрлэх, хариуцагч Ю.П нь тээвэрлэлтийн хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

7. Тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд

 

7.1. Нэхэмжлэгч Л.Д нь 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ***** УНС улсын дугаартай машинд цэвэр жингээр 19,667 тонн, бохир жингээр 19,772 тонн,***** УНХ улсын дугаартай машинд цэвэр жингээр 19,557 тонн, бохир жингээр 19,657 тонн төмсийг Монголын Улсын хилээр гаалийн мэдүүлэг бүрдүүлэн тээвэрлэн оруулж ирсэн болох нь хэрэгт авагдсан Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. /1хх-6, 7/

 

7.2. Зохигчид төмс тээвэрлэх 1 машины тээврийн хөлсийг 20,000,000 төгрөгөөр тооцож, 2 машины тээврийн хөлсөнд нийт 40,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хөлсний урьдчилгаанд 20,000,000 төгрөг буюу тухайн үеийн валютын ханшаар тооцож 400,000 рублийг, мөн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 21,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

7.3. Хариуцагч нь тээвэрлэлтийн хөлсийг нийт 40,000,000 төгрөгөөр тохиролцсон болон 21,500,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Л.Ды машинд байсан түүний өмчлөлийн төмсийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч явсаны улмаас хохирол учруулсан тул төлбөрийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

7.4. Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ю.Пийн тээвэрлэлт хийлгэсэн төмсийг заасан газарт нь хүргэж өгсөн болон тээвэрлэлтийн хөлсөнд хариуцагчаас нийт 21,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

8. Олох байсан орлого 80,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд

 

8.1. Нэхэмжлэгч Л.Д нь тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Москвагаас ***********руу ачаа тээвэрлэх ажлын санал ирж иргэн Ж.М--тай гэрээ байгуулж, 8 дугаар сарын 15-ны өдөр явахаар тохирсон боловч хариуцагч Ю.П машинаас төмсөө буулгаж авахгүй удаасан буруутай үйлдлийн улмаас олох байсан орлогоор хохирсон гэж тайлбарлан хариуцагчаас 80,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан үндэслэлээр өөрт учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тус шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэлээр шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

8.2. 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.М--, Л.Д нарын хооронд байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан ба уг гэрээнд тээвэрлэгч нь Улаанбаатар-Москва-***********гэсэн чиглэлээр ачаа тээвэрлэх ажлыг 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлэх, тээвэрлэх ажлыг зохих ёсоор гүйцэтгэж 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тээвэрлүүлэгчийн тогтоосон газарт хүргэж өгөх, тээвэрлэлтийн хөлсийг нийт 80,000,000 төгрөг, тээвэрлэлт эхлэхээс өмнө ажлын хөлсний 50 хувийг, ачаа барааг хүлээлгэн өгснөөр үлдсэн 50 хувийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-138-140/

 

8.3. Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээг байгуулсан цаг хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд тээвэрлэн ирсэн төмсийг буулгахыг зөвшөөрч өөрийн машиныг хариуцагч Ю.Пийн эзэмшилд үлдээсэн байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэрч Ж.М-- шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ ...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр явах байсан, тэрнээс хойш би 6 хоног хүлээсэн... гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч 8 дугаар сарын 19-ний өдөр машинаа авч явсан байх тул Ж.М--тай байгуулсан гэрээний дагуу явах боломжтой байсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч Л.Д 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бусадтай гэрээ байгуулан дараагийн ачаа тээвэрлэлтийг хийхээ мэдэж байсан тохиолдолд 8 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө хариуцагчид хандан мэдэгдэж, өөрийн машиныг суллаж авах ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй байна.

 

8.4. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос урьдчилсан тооцоо, тохиролцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч нь бусад этгээдтэй гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх боловч 80,000,000 төгрөгийн орлогыг 2022 оны 8 дугаар сарын 12-19-ний өдрийг хүртэлх хугацаанд олох байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ж.М--тай байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгчид 80,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

9. 36 тонн төмсний үнэ 75,564,000 төгрөг, ногоо хийх зориулалттай 700 ширхэг сеткэн шуудайны үнэ 285,000 төгрөг, нийт 75,849,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

9.1. Хариуцагч нь түүний өмчлөлийн төмсийг зөвшөөрөлгүй авч явсан үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн машины ачаанд 36 тонн төмс байсан гэж 1 кг төмсний үнийг 2,099 төгрөгөөр тооцон нийт 75,564,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.

 

9.2. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн хөлсний үлдэгдлийг хариуцагчаас авч чадаагүй тул өөртөө тусалж, мөн тээвэрлэгчийн барьцаалах эрхийн хүрээнд машинаа авч явсан тул хариуцагчид хохирол учруулаагүй, машины тэвшинд байсан төмсийг бусдад зарж борлуулсан 4,725,000 төгрөгийг тээвэрлэлтийн хөлсний тооцоонд оруулан тооцох боломжтой гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

9.3. Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1-д Тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй гэж заасан бөгөөд тээвэрлэгч буюу нэхэмжлэгч Л.Д өөрийн тээвэрлэн ирсэн ачаа болох төмсийг тээвэрлүүлэгч буюу хариуцагч Ю.Пид хүлээлгэн өгч, түүний захиран зарцуулах эрх үүссэний дараа тодорхой хэмжээний төмсийг авч явсан байх тул нэхэмжлэгчийг ачаа барьцаалах үйлдлийг хууль ёсны дагуу явуулсан гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгч өөртөө туслах аргыг хэрэгжүүлсэн гэж байх боловч түүний уг үйлдэл нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй байна.

 

9.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Л.Д өөрийн машиныг авах гэж очих үед ачааг газар дээр нь буулгаж, үлдээх боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй, тэрээр тодорхой хэмжээний төмсийг дур мэдэн авч явснаар хариуцагчийн эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь авч явсан төмсний үнэ буюу хариуцагчид учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

9.5. Хариуцагч нь машин тус бүрт 18 тонн төмс, 2 машинд нийт 36 тонн төмс үлдсэн байсныг нэхэмжлэгч авч явсан гэж тайлбарлаж, энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа гэх тайлбарыг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр А.Б, П.Б, Б.Э, Л.Б, Г.Б, Ц.Өнар асуугдсан./1хх-116-125,171-172/

 

Машинаас төмс буулгаж байсан талаар гэрч Л.Б мэдүүлэхдээ ...Би он сарыг нь сайн санахгүй байна, 8 сарын 17-20-ны хооронд байх. Найзынхаа зарын дагуу яриад би очсон, ямар газар гэдгийг нь мэдэхгүй. ...Очоод ажиллаж байгаад хоёр том уут төмс буулгаад байж байтал машин явсан... гэж мэдүүлсэн ба тус гэрчийн мэдүүлгийг үндэслэн 2 машинд үлдсэн төмсний хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 үйлдвэрийн замын урд байрлах автомашины зогсоолд*****УНХ, *****УНЦ дугаартай автомашинуудыг тээвэрлэж ирсэн төмстэй нь үлдээсэн, Ю.П нь зарын дагуу хүмүүс хөлслөн төмс буулгаж, ангилан ялгаж шуудайлах ажлыг 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн болох нь тогтоогдож байх тул 8 дугаар сарын 17-19-ний өдөр ажилласан гэрч Л.Б-ын мэдүүлгээр хариуцагчийн машинаас буулгасан болон машинд үлдсэн төмсний хэмжээг тодорхойлох боломжгүй, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

 

9.6. Хариуцагч нь 36 тонн төмсийг буулгаж амжаагүй байсныг нэхэмжлэгч авч явсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн авч явсан 2 машины ачаанд хэдий хэмжээний төмс байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн машинд 36 тонн төмс үлдсэн байсныг баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн тооцооллыг үндэслэлтэй тооцоолол гэж дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

9.7. Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 машиныг авч явсаны дараа хариуцагч Ю.П руу төмсийг ангилан ялгаж, муудсаныг нь хаяж, үлдсэнийг нь ууталж, төмсөө ирж авахыг мэдэгдсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба хариуцагч нь түүнтэй уулзаж төмсөө аваагүй байна. /1хх-217-232/

 

Нэхэмжлэгч нь ачаанд байсан төмсийг ангилан ялгаж 4,725,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх тайлбарыг гаргаж холбогдох зарлагын баримтыг ирүүлсэн, хариуцагч нь тухайн үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул нэхэмжлэгчээс төмсний үнэд 4,725,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

 

9.8. Хариуцагч нь 2 машины ачаанд ногоо хийх зориулалттай 700 ширхэг сеткэн шуудай байсан гэж нэхэмжлэгчээс шуудайны үнэ 285,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч ийм үнийн дүнтэй 700 ширхэг шуудай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ю.Поос тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 80,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Доос төмсний үнэ 4,725,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ю.Пид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,124,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 803,400 төгрөг /245,450 төгрөг, 557,950 төгрөг/-ийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,195 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 90,550 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

12. Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ю.Поос 18,500,000 /арван найман сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 /наян сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Доос 4,725,000 /дөрвөн сая долоон зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ю.Пид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71,124,000 /далан нэгэн сая нэг зуун хорин дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 803,400 төгрөг /245,450 төгрөг, 557,950 төгрөг/-ийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,195 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю.Поос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дд, нэхэмжлэгч Л.Доос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 90,550 төгрөгийг гаргуулан хариуцагч Ю.Пид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Б.УНДРАА