Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00101

 

2024 01 08 210/МА2024/00101

 

 

Л.Ды нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04677 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: Ю.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 18,500,000 төгрөг, олох байсан орлого 80,000,000 төгрөг, нийт 98,500,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгийн үнэ 75,849,000 төгрөг гаргуулах,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Л.Д нь Ю. той харилцан тохиролцож 2022 оны 08 дугаар сарын үед ОХУ-аас улс хооронд дамнасан тээвэрлэлтээр 39,400 кг төмсийг 2 ширхэг автомашинаар тээвэрлэж, Улаанбаатар хотод авчирсан. Тээврийн хөлсийг автомашин тус бүрт нь 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь тээврлэлтийн хөлс 18,500,000 төгрөгийг төлөөгүй.

1.2 Төмсийг ачаад Хиагтад 5 хоног, Алтанбулагт 6 хоног, нийт 11 хоног Ю. ийн гаалийн төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар хүлээсэн. 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод Ю. ийн заасан газар буюу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ТЭЦ-4 үйлдвэрийн замын урд байрлах автомашины зогсоолд төмстэй автомашинуудыг байршуулсан. Ю. нь ачааг 3 хоногийн хугацаанд буулгаж, тохиролцсон хөлсийг төлөх, автомашиныг буцааж өгөх нөхцөлтэйгөөр төмсийг авттомашинтай нь хамт авч үлдсэн. Түүнд автомашиныг ачсан төмснөөс нь чөлөөлж өгөхийг удаа дараа сануулсан боловч чөлөөлж өгөөгүй тул 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2 ширхэг автомашинаа дотор нь байгаа төмстэй хамт авч явсан. Ю. нь автомашинаас төмсөө буулгаж авахгүй, тээвэрлэлтийн үлдэх төлбөрөөс цувуулж өгч аргацаах болсон.

1.3 Ю. ийн буруутай үйлдлийн улмаас миний бие ачаа тээврийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, олох байсан орлого 80,000,000 төгрөгийг алдсан. Иймд хариуцагчаас тээврийн хөлсний үлдэх төлбөр 18,500,000 төгрөгийг, олох байсан орлого 80,000,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Би өөрийн худалдан авсан төмсөө нэхэмжлэгчээр тээвэрлүүлэхээр тохиролцож, 2 ширхэг автомашины тээврийн хөлсний урьдчилгаанд нийт 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийн төлбөрийг Монголд ирээд төмсөө борлуулаад өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөг буюу 400,000 рублийг нэхэмжлэгчид төлсөн.

2.2 Автомашины зогсоолд байрлуулан, төмсөө худалдахаар өдөрт 8-10 хүнийг цалинжуулан, төмс ялгуулан шуудайлуулж байтал 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тэнд ажиллаж байсан хүмүүс над руу утасдаж ...жолооч нь ирээд машин асаагаад төмстэй чигээр нь аваад явчихлаа гэсэн. Би тэр дор нь Л.Д руу залгаж асуухад ...би төмсний ченж олсон, энэ төмсийг чинь зараад өөрийн хөлсөө гаргаж авна гэж хэлсэн. Би түүнд төмсийг эргүүлж өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Нэхэмжлэгч нь миний зөвшөөрөлгүйгээр төмсийг авч зугтсанаас болж надад үлэмж хэмжээний хохирол учирсан. Би түүнтэй утсаар байнга ярьж байсан бөгөөд төмсний борлуулалтын орлогоос боломжийн хэмжээгээр тээврийн хөлсийг төлж байсан. Тодруулбал, Л.Ды ХААН банкны 5029729387 дугаар дансанд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үлдэх тээврийн хөлсийг төмсний борлуулалтыг хийсний дараа өгөхөөр тохиролцсон байсан боловч төмснүүдийг авч зугтсанаас би их хэмжээний алдагдалд оруулсан.

3.2 Гаалийн мэдүүлгээр 31,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 39,224 кг төмсөнд ОХУ-ын гааль дээр 28,000 рубль буюу 1,428,000 төгрөгийн татвар төлсөн. Монголын гааль дээр 9,925,473 төгрөгийн татвар төлсөн. Мөн тээврийн зардалд 40,000,000 төгрөг төлсөн зэргээс үзвэл 1 кг төмсний өртөг нь 2099 төгрөг болж байна. Л.Ды ачиж ирсэн 2 ширхэг автомашинаас тус бүрээс нь 2,0 тонн төмс буулгаж амжсан. Үлдэгдэл тус бүр 18 тонн жин бүхий төмсний нийт өөрийн импортын үнэ өртгийг нь нэг кг-ыг 2099 төгрөгөөр тооцвол 75,564,000 төгрөгийн үнэ бүхий 36 тонн ууттай төмснүүд болон 285,000 төгрөгийн үнэ бүхий ногоо хийх зориулалттай 700 ширхэг сеткэн шуудайнууд байсан.

3.3 Гэрчүүд 1 тонн буюу 1000 кг-аар савласан том шуудай төмснөөс 2 шуудайг буулгасан байсан гэж мэдүүлж байгаагаас үзэхэд 36 тонн төмс авч явсан болох нь тогтоогдож байна. Л.Д шүүхэд гаргасан тайлбартаа ...ачиж явсан төмсөө бусдад зарж борлуулсан гэх боловч хэдэн тонн төмсийг, хэдэн төгрөгөөр, хэнд борлуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Л.Ды зүгээс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ю. ийн өмч болох төмсийг авч явснаар Ю. Л.Ды өмнө хүлээсэн тээврийн хөлсний үлдэгдлийг төлөх боломжгүй нөхцөл байдал бий болгосон. 700 ширхэг сеткен шуудайтай холбоотой нотлох баримт зураг байгаа боловч зургаас ширхэг тоо нь харагдахгүй учраас шүүхэд гаргаж өгөөгүй.

3.4 Талууд ачиж оруулж ирсэн ачааг хэд хоногийн дотор буулгаж авах байсан талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Тохиролцоо байхгүй тул Ю. ийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд эд хөрөнгийн үнэ 75,849,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ю. машинаас төмсийг буулгахгүй хэрнээ арваад хүнийг хөлсөлж төмсөө ялгаж, Барс зах дээр төмсөө бөөндөж зарж байсан. Мөн ялгасан төмсөө зөөж аваачаад худалдан борлуулсан талаар гэрч нар мэдүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд төмсөө авах талаар хэлсэн боловч аваагүй тул муудсан төмсийг ялгаад, үлдсэн төмсийг 4,725,000 төгрөгөөр зарсан.

4.2 31,000,000 төгрөгийн гаалийн мэдүүлэгт тээврийн хөлсний зардал орсон. Уг зардлаа 2 дахин нэмсэн нь ойлгомжгүй. 80,000 рубль буюу 40,000,000 төгрөгөөр тээврийн зардлыг тооцож, 31,000,000 төгрөгөөс гаалийн төлбөр төлсөн атлаа 75,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Гаалийн татвар төлсөн гэж байгаа боловч гаалийн баримт өгөөгүй ба гаалийн татвар төлөөгүй гэдгийг тээвэр хийсэн жолооч нар хэлсэн. Тооцоо нийлсэн баримт буюу төмсийг худалдаж авсан баримт дээр хариуцагчийн зүгээс маргасан, хариу тайлбар гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, 442,169 рублиэр төмсийг нийт 2 өдөр дамнан 3 ширхэг автомашинд ачсан. Төмсийг худалдаж авах үеийн рублийн ханшаар тооцоход 52.77 төгрөг байгаа. Энэ дүнг нийт авсан төмсний хэмжээгээр үржүүлхэд нийт 23,333,358 төгрөгөөр төмс худалдаж авсан байна. Алтанбулагт 4 ширхэг автомашин төмс ачиж ирсэн. 1 ширхэг автомашинд тооцогдож байгаа үнийг 23,333,258 төгрөгт хуваахаар 1 ширхэг автомашины төмсний үнэ 5,833,314 төгрөг байна. Хэрэв Л.Д 2 ширхэг автомашин төмсийг бүгдийг нь аваад явсан гэж үзэх юм бол тухайн төмсний үнэ 11,666,629 төгрөг болж байна.

Зах зээлийн ханшаар төмсийг бөөндөж зарахдаа хэдэн төгрөгөөр зарж байсан талаар үнийг судалж үзэхэд 21,600,000 төгрөг болж байгаа. 10 хоногийн хугацаанд Ю. муудсан төмсөө ялгаад, төмсөө зараад, зохих газар хадгалж байсан байхад мөнгийг хэд дахин нэмсэн ч 75,000,000 төгрөг гарах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ю. оос 18,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Доос 4,725,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ю. ид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 71,124,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 803,400 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 537,195 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю. оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 245,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дд, нэхэмжлэгч Л.Доос сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 90,550 төгрөгийг гаргуулан хариуцагч Ю. ид тус тус олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх Л.Ды төмс ачсан машинаа авч зугтсан үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн. Ямар төрөл, хэлбэртэй, хэдэн тонны хэмжээтэй төмс ачуулсан, хэдийг нь тээвэрлэгч Л.Дд алдсан зэрэг үйл баримтыг мэдэх хүн бол ачааны эзэн Ю. . Түүний тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй. Сөрөг нэхэмжлэлийг Л.Д нотлох баримтаар няцааж чадаагүй.

6.2 Хоёр машинд түс бүр 20,0 тонн буюу нийт 40,0 тонн төмсийг ОХУ-аас ачуулсан үйл баримт тогтоогдсон. Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт хоёр тээврийн хэрэгсэл, нийт бохир жин 39,429 кг, гаалийн татварт 9,925,43 төгрөг төлсөн гэх мэдээлэл агуулагдсан. Гэрч Л. а ...Очоод ажиллаж байгаад хоёр том уут төмс буулгаад байж байтал машин явсан. Машин яагаад явсан талаар мэдэхгүй... гэж мэдүүлсэн. Нэг том уутанд 1,0 тонн төмс савлагдсан талаар нэхэмжлэгч мэдүүлсэн. Гэрч Г.Ы ...Бид хоёр хүмүүсээс асууж сурагдаж байгаад Энхжингийн урд байдаг цагдаагийн газар очсон. Тухайн цагдаагийн газар хоёр удаа очсон. Цагдаа манай шийдэх хэрэг биш байна, шүүхийн шийдэх хэрэг байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Машины тэвшин дээр төмс ачсан байдлыг харуулсан фото зургаас нэг шуудайд 1,0 тонн төмс буюу 1000 кг төмс ачсан болохыг үзэгдэх байдлаар нь тодорхойлох боломжтой.

6.3 Гэрч Л. ын мэдүүлгээр 2 машинд үлдсэн төмсний хэмжээг тодорхойлох боломжгүй гэж шүүхийн дүгнэлтийн үндэслэл нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна. Гэрч Л. аас гадна тухайн өдөр болсон үйл явдлын талаар гэрч Г.Ы, нэхэмжлэгч нар тайлбарладаг. Шүүх гэрч Д. ын мэдүүлгийг өөр бусад баримтаар давхар нотлуулах шаардлага тавьж байгаа нь хуульд байхгүй шаардлага. Ю. нь Л.Дд тээврийн хөлсний талыг ОХУ-д урьдчилж өгсөн, үлдэх хэсгийг Монголд ирээд төлж байсан бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан.

6.4 Нэхэмжлэгчийн ...төмс ихэнхи нь муудсан байсан тул ялгаад, бусдад 4,725,000 төгрөгөөр борлуулсан гэх тайлбар хуулийн хэлбэр, шаардлага хангаагүй нотлох баримт.

6.5 Шүүх нэхэмжлэгчийн авч явсан машинд хэдэн тонн төмс байсныг тогтоохдоо түүний тайлбар, төмс зарсан гэх баримт зэргийг үндэслэл болгоод хариуцагчийн тайлбар, гэрчүүдийг мэдүүлгийг үгүйсгэсэн нь логик алдаатай, хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны дарааллын хувьд хохирч байгаа Ю. машинд хэдэн тонн байсан гэх анхдагч нотлох баримтуудаа хангалттай шүүхэд гаргаж өгсөн тул хууль бусаар өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан Л.Д харин өөрийнх нь машинд 36,0 тонн төмс байгаагүй гэдгийг нотлох үүрэг хүлээх ёстой.

Харин Л.Д 2023 оны 08 дугаар сарын 19-нд авч зугтаасан төмсөө 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Төмсөө буцааж авна уу гэх бичвэр Ю. ийн фейсбүүк хаяг руу явуулсан гэсэн шүүхийн дүгнэснээс үзэхэд тэрээр төмсийг гэрийнхээ хашаандаа газар хаяад даруй 15 хонуулсан байна. Зуны халуун наранд төмсийг гадаа асгаж орхиход 2-3 хоногийн дотор ялзарч чанар нь муудаж хүнсэнд хэрэглэх боломжгүй болдог. Бусдын чанар нь түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг авч зугтаад, 15 хоногийн дараа чанарыг нь муутгаад буцааж өгөх үйлдэл хийсэн Л.Ды үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлтийг хийж чадсангүй.

Дээрх үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэл 75,849,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүх Л.Дыг төмс ачсан автомашиныг авч зугтаасан гэж үйлдэл хийгээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад тухайн автомашиныг авч явахад тодорхой хэмжээний төмс байсныг тайлбарласан. Мөн төмсөө ирж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч муудсан төмсөө ирж аваагүй ялган худалдсан.

7.2 Хариуцагч нь автомашин тус бүрт 36 тонн төмс авч явсан учраас 75,849,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

7.3 Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6 гэрчээс мэдүүлэг авсан. Тухайн үед гэрч н.А, н., н.Б нар нь ОХУ-аас төмс тээвэрлэж ирсэн, н.Ы, н.Буянжаргал, Ю. нар нь тээвэрлэсэн төмсийг худалдан борлуулсан гэж мэдүүлдэг. н. ын ажиллаж байсан 7976 УНЗ автомашинаас 2 тонн шуудай төмс буулгасан. Мөн 5157 УНХ автомашины талаар болон нийт хэдэн тонн төмс авч явсныг мэдэхгүй гэж тайлбарладаг. Хэрэгт цугларсан нотлох баримтыг анхан шатны шүүхээс тал бүрээс нь үнэн зөв үнэлж дүгнэсэн.

7.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхэд гаргасан шаардлага, тайлбараа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй. Л.Д нь өөрийн тээвэрлэсэн 2 автомашинд нийт 36 тонн төмс байсан талаар маргаагүй. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн гэх гаалийн тэмдэглэлд нийт хэдий хэмжээний төмс байсан талаар тусгагдсан. Л.Ды 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-аас тээвэрлэж ирсэн төмсийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ю. ийн хэлсэн газарт хүргэж өгсөн. Тухайн төмсийг Ю. 3 хоногийн дотор хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Гэвч Ю. тухайн автомашиныг суллаж өгөөгүй бөгөөд төмсийг худалдан борлуулах зэргээр 10 хоног болсон. Уг хугацаанд Л.Д автомашиныг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч Ю. 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

7.5 Ю. нь 36 тонн төмсийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор буулган авсан. Уг нөхцөл байдал нь Ю. ийг 10 хоног төмсийг худалдан борлуулсан гэж мэдүүлэгтээ дурдсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гэрч н. а 7976 УНЗ гэх автомашинаас 2 тонн төмс буулгасан гэж тайлбарладаг. Хавтаст хэргийн 21, 27 дугаар талд 2 автомашинд нийт 41 тонн шуудай төмс байсан талаар тэмдэглэсэн. Тухайн автомашиныг орхисноос хойш 10 хоногийн хугацаанд ажлын хөлсийг аваагүй. Мөн хугацаа хэтэрсэн 7 хоногийн сул зогсолтын төлбөрийг мөн адил аваагүй. ОХУ-аас тээврийн хэрэгслийн доторх тэвшинд нь төмсийг авч явсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Л.Д нь Ю. той уулзаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ю. өөрийн төмсийг 10 хоногийн турш зах дээр худалдан борлуулсан. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ю. ид холбогдуулан тээврийн хөлсний үлдэгдэл 18,500,000 төгрөг, олох байсан орлого 80,000,000 төгрөг, нийт 98,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, төмс болон сеткэн шуудайн үнэ нийт 75,849,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч Л.Д нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-аас Монгол улс руу автомашинаар төмс тээвэрлэх, хариуцагч Ю. нь тээвэрлэлтийн хөлс 40,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцож, хариуцагч тээвэрлэлтийн хөлсний урьдчилгаанд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд нийт 21,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, нэхэмжлэгч нь төмсийг хариуцагчийн заасан газарт 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүргэж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна талууд энэ талаар маргаагүй.

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

3.2. Хариуцагч нь хэлэлцэн тохиролцсон хөлс болох 40,000,000 төгрөгөөс 18,500,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэн, хариуцагчаас 18,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн. Талууд үүнд давж заалдах гомдол гаргаагүй.

3.3. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлого 80,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв. Харин анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол шаардахтай холбоотой зохицуулалтаар тодорхойлогдоно. Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

4. Тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөөгүй, төмсийг тээвэрлэсэн автомашинаас буулгаж авахгүй байсан тул нэхэмжлэгч нь тухайн автомашиныг тодорхой хэмжээний ачсан төмсний хамт авч явсан үйл баримт тогтоогдсон.

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.5 дахь хэсэгт заасан тээвэрлэгчийн хариуцлагатай холбоотой зохицуулалтаар тодорхойлогдож байхад анхан шатны шүүх мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Иймд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

4.2. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.5 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 393.4-т заасан нөхцөл байдал байсан боловч гэм хор учирсан шалтгаан нь дээрхээс өөр бол гэм хорыг тээвэрлэгч хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд заасан тээвэрлүүлэгчийн шаардах эрх нь тээвэрлэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон хохирлын хэмжээ, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон нөхцөлд хэрэгжих боломжтой.

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн автомашиныг ачаатай төмсний хамт авч явсан үйлдлийг Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзэн, сөрөг шаардлагаас төмсний үнэ 4,725,000 төгрөгийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Учир нь, нэхэмжлэгчийн дээрх үйлдлийн улмаас хариуцагчид учирсан хохирлын хэмжээг хариуцагч нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь 75,849,000 төгрөгийн үнэ бүхий төмс болон сеткэн шуудайг нэхэмжлэгч авч явсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, ...нэхэмжлэгч өөрийнх нь машинд 36,0 тонн төмс байгаагүйг нотлох үүрэгтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.4. Анхан шатны шүүх гэрч Л. ын мэдүүлгээр нэхэмжлэгчийн авч явсан гэх төмсний хэмжээг тогтоох боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нотолгооны бусад хэрэгслээр тогтоогдох учиртай бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар гэрчийн мэдүүлэгт дурдсан үйл баримт тогтоогдоогүй байна. Түүнчлэн, гэрэл зураг нь дээрх үйл баримтыг буюу нэхэмжлэгчийн авч явсан гэх төмсний хэмжээг бүрэн нотлохгүй. Иймд гэрчийн мэдүүлэг болон гэрэл зургийг анхан шатны шүүх үнэлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохдоо улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийг буруу баримталсныг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.

6. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /2 хх-8/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх талуудын хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцжээ. /2 хх17, 32/

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/04677 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3-т гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт гэж, 2 дахь заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д гэснийг 393 дугаар зүйлийн 393.5 дахь хэсэгт гэж, 3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН