Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2023/00325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* оршин суух, Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Т-д холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сараар олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Д.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:С.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЭ.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сараар олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

1.Д.А миний бие нь Э.Т-д 1988 оны 10 сарын 04-ны өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл сувилагч мэргэжлээр тасралтгүй 35 жил ажиллаад 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэг, 82.1.4 дэх заалтуудад тус тус зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг 4 сараар олгохыг даалгуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Д.А нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Т-д 1988 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл Э.Т-д сувилагчаар тасралтгүй 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрд үнэнчээр ажилласаны төлөө тэтгэвэрт гарахад төрөөс шагнал урамшуулал болгож, 36 сарын тусламж өгдөг, үүндээ ч урамшиж ажилладаг. 4 сарын тэтгэмжийг 2022 оны Хөдөлмөрийн шинэчилсэн хуулиар хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Үүний дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд Э.Т-с боломжгүй гэсэн хариу өгсөн. Би авах ёстой гэдэг үүднээс шүүхэд хандсан. 36 сарын тусламж авах бүх материалаа бүрдүүлээд өгсөн байгаа. Надаас өмнө тэтгэвэрт гарсан хүмүүст ЗГ-ын 2019 оны 7 дугаар тогтоолын 4.4 дэх хэсэг тэтгэвэр, тэтгэмжийг давхардуулж олгохгүй гэсэн заалт үйлчлээгүй байж надад яагаад үйлчилж байгаа юм бэ? Ийм байдлаар хохирсон зөндөө хүмүүс байна. Яагаад алагчилж үйлчлээд байгаа юм бэ? Тусламж, тэтгэмж хоёр өөр ойлголт би гомдолтой байна гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А-г төрд ажилласан гэдэг тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг зогсоосон байгаа. Салбарын хуулиар тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг зохицуулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай хуульчилсан байгаа. Гэтэл энэ хууль салбарын хуулиар зохицуулсан харилцаан дээр үйлчлэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж журмаар хуульчилсан байгаа. Эрүүл мэндийн салбар мөн адил 36 сарын тэтгэмж олгох тухай журамтай байгаа. Энэ нь төрийн албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад 1 удаагийн буцалтгүй тусламж олгох тухай ЗГ-ын 2019 оны 7 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолын 4.4 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийг давхардуулж олгохгүй гэж заасан байгаа. Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж журамласан байгаа учраас энэ хүн нэг бол 36 сарын тэтгэмж авна эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 4 сарын тэтгэмж авна. Энэ хүн эрүүл мэндийн салбараас тэтгэвэрт гарч байгаа учраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар 36 сарын тэтгэмж авна гэж заасан байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5-д заасан үндэслэл үүсэхгүй байгаа юм. Манай байгууллагаас энэ хүнийг аль илүүг нь сонгоосой гэж хүсэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Та алагчилж үйлчлээд байна гэж битгий буруугаар ойлгоорой. Өмнө давхардуулж олгож байсан тохиолдол байсан юм байна. Гэтэл энэ хүмүүст 1 удаагийн тусламж олгох байтал, танайх давхардуулж олгосон байна гээд аудитын дүгнэлт гараад, акт тавигдсан буцаагаад энэ мөнгийг нэхэмжлэх гэж байна. Тэгэхээр хэн нэгэнийг илүүд үзээд олгосон асуудал байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, таны тайлбарлаад байгаа зүйл үндэслэлгүй байна, та аль тэтгэмжээ авах гэж байна вэ? сайн бодоорой гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Т-ийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн ***** дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2023 оны 04 сарын 18-ны өдрийн ****дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг, хариуцагч талаас итгэмжлэл, хариу тайлбар, Э.Т-ийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн *** дугаартай албан бичиг, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгэр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмж олгох ажилтнуудын нэр, хэмжээ гэх тооцоолол болон тэтгэвэрт гарсан албан хаагчдын мэдээлэл, итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А-ийн хариуцагч Э.Т-д холбогдуулан гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сараар олгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч Д.А нь шаардлагын үндэслэлээ: 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэг, 82.1.4 дэх заалтуудад тус тус зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг 4 сараар олгохыг даалгуулах гэж тодорхойлсон бол хариуцагч Ажилтан тэтгэвэрт гарахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан 1 удаагийн тэтгэмж, эсвэл салбарын хууль тогтоомжид олгохоор заасан 36 сарын мөнгөн тусламжийн аль илүүг сонгох боломжтой учраас давхардуулж олгохгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.Э.Т-ийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн *** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар  Д.А-г өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлт гаргасан тул 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил, албан тушаалаас чөлөөлсөнд бус, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгоогүй гэж маргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно82.1.4-д Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заажээ. Хавтаст хэргийн 13 дугаар талд тэтгэмж олгох ажилтнуудын нэр, хэмжээ гэх хүснэгтийн 7-д Э.Т Д.А сувилагч нийт улсад ажилласан жил 39.8, төрийн албанд ажилласан жил 35 жил гэсэн байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар тэтгэмж авах эрхтэй бөгөөд тэрээр улсад 10 ба түүнээс дээш жил ажилласан болох нь талуудын тайлбар бусад баримтаар тогтоогдож байна. /

3.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж заасан байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.5-д зааснаар Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч энэ хуулийн 82.1-д заасан хэмжээний тэтгэмж олгоно гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад тусламж, тэтгэмж хоёр нь өөр өөр ойлголт тул хуульд зааснаар тэтгэмж авах эрх надад үүснэ гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй гэж үзэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сараар тооцож олгохыг Э.Т-д даалгахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-д Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэсэн заалт нь зөвхөн тэтгэмж олгохтой холбоотой зохицуулалт болохоос тусламж олгохтой холбоотой зохицуулалтад хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, 82.5-д зааснаар нэхэмжлэгч Д.А өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгохыг Э.Т-д даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ