Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01597

 

 2023 08 14 210/МА2023/01597

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 103/ШШ2023/00325 дугаар шийдвэртэй, Д.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой 4 сарын тэтгэмжийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д.А- миний бие Б-д 1988 оны 10 сарын 04-ний өдрөөс 2023 оны 04 сарын 03-ны өдөр хүртэл сувилагч мэргэжлээр тасралтгүй 35 жил ажиллаад 2023 оны 04 сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, 82.5 дахь хэсэгт тус тус зааснаар 4 сарын тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж заасан. Эрүүл мэндийн салбар мөн адил 36 сарын тэтгэмж олгох журамтай. Төрийн албан хаагчдад өндөр насны тэтгэвэрт гарахад 1 удаагийн буцалтгүй тусламж олгох тухай Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоолын 4.4-т тэтгэвэр, тэтгэмжийг давхардуулж олгохгүй гэж заасан. Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн салбараас тэтгэвэрт гарч байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар 36 сарын тэтгэмж авах тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасан үндэслэл үүсэхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.4, 82.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А-т өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгохыг Б-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-өөс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

4.1. Д.А нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт заасан тэтгэмжийг давхардуулан олгох боломжгүй.

 

4.2.Шүүхээс Төрийн албаны тухай хуульд тусламж гэж, Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэмж гэж байна гэж нэг харилцааг буруугаар тайлбарлан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4.4-т хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж тодорхой заасан.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хуулийн үйлчлэх хүрээг заасан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны үр дагаварт тэтгэмж олгодог. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой тэтгэмж гаргуулахыг шаардсан. Иймд тусламж, тэтгэмж гэх агуулга нь өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа бие даасан ойлголт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх бий. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүр мөсөн зогсоох үндэслэл болохгүй гэж заасан. Үүнээс үзэхэд, тэтгэмж, тусламж гэдэг ойлголтыг ялгаатай болохыг заагласан. Энэ маргааны эрх зүйн эх сурвалжид Хөдөлмөрийн тухай хууль, хэм хэмжээ тогтоосон актууд үйлчилнэ. Хөдөлмөрийн тухай хуулиар тэтгэмжийн асуудлыг зохицуулсан. Тусламжийн асуудлыг хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулсан боловч ажилласан жил хүрэхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2.   Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой 4 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...сувилагчаар тасралтгүй 35 жил ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, 82.5 дахь хэсэгт заасан 4 сарын тэтгэмжийг авах эрхтэй... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...тэтгэмжийг давхардуулан олгохгүй... гэж тайлбарласан байна.

3.   Б-ийн даргын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай *** дугаар тушаалаар сувилагч Д.А нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг 2023 оны 04 сарын 03-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгожээ.

 

Үүнтэй холбоотойгоор ажил олгогч байгууллагаас Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан 36 сарын тэтгэмж нийт 27,993,210 төгрөгийг Д.А-т олгуулахаар уламжилсан, Д.А нь дээрх 36 сарын тэтгэмж авахад шаардлагатай материалыг бүрдүүлэн өгсөн болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

4.   Анхан шатны шүүх тэтгэмжийн мөн чанар, шинжийг анхааралгүйгээр ...тэтгэмж, тусламж ялгаатай ойлголт... гэсэн агуулгатай дүгнэлтийг хийж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзнэ.

 

Учир нь, тэтгэмж нь хуульд заасан болзол, шаардлагыг хангасан тохиолдолд нэг удаа олгох мөнгөн хөрөнгө бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж нь нэг ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, хуульд заасан дээрх мөнгөн тэтгэмж болон буцалтгүй тусламж нь төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог, төрийн албанд ажилласан жилээс хамааран хэмжээ нь тооцогддог, нэг удаагийн мөнгөн хөрөнгө байна.

 

5.   Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан ба Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж зохицуулжээ.

 

6.   Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

7.   Хариуцагч байгууллагаас зарим ажилтанд тэтгэмж давхардуулан олгосон гэх асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 103/ШШ2023/00325 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.4, 82.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б-д холбогдох, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой 4 сарын тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР