Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0473

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* *******” НҮТББ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.П*******, Н.С*******, 

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л*******,

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК, 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И*******,

Маргааны төрөл: “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэл, нэрийн баталгаажуулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П*******, Н.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/1449 дүгээр татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

2.  “******* *******” НҮТББ-ын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03/23 дугаар албан бичгээр “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэст хандахад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/1449 дүгээр албан бичгээр онц, онч гэсэн үгийн язуур нь өөр утгыг илэрхийлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-д зааснаар дээрх нэрийг бусдыг төөрөгдүүлэх ижил төстэй гэж үзэх үндэслэлгүй байна гэх хариуг хүргүүлжээ.

3.  Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай “******* *******” НҮТББ-ын нэртэй төстэй, андуурагдахуйц, нэгхэн үсгийн зөрүүтэй хуулийн этгээд байгаа талаар олж мэдлээ. Улмаар манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, болзошгүй, бусдад андуурагдах нөхцөл байдал бий болоод байна. Үүнээс үүдэн манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд бодитой эрсдэл тулгарч болзошгүй байна.

Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Журам батлах тухай” 41 дүгээр тушаалаар хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журмыг баталсан. Уг журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байдаг. Хуулийн этгээдэд нэр олгох, баталгаажуулах, журмын 3 дугаар зүйлийн 3.1-т "Хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байхыг хориглоно", 3 дугаар зүйлийн 3.3-т “Хуулийн этгээдийн нэр нь гадаад үгийн авиан дуудлага болон бичвэрийн хувьд ижил төсөөтэй байж болохгүй", Жишээлбэл: Нэкст, Некст гэх мэт гэж заасны дагуу бичвэрийн хувьд ижил төстэй байхыг хориглосон байдаг.

Гэтэл “******* *******” ХХК нь Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас харахад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан байна. Харин манай “******* *******” НҮТББ нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсгэн байгуулагдсан. “******* *******” ХХК нь Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам” тус оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэнээс даруй 7 сар гаруй хугацааны дараа нэрийн баталгаажуулалт хийлгэн үүсгэн байгуулагдсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “"хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг;" хэлнэ гэж заасныг зөрчиж, “******* *******” ХХК гэх нэрийг тус компани баталгаажуулан авсан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эсхүл зөрчигдөж болзошгүй хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь манай байгууллага юм.

Уг асуудалтай холбогдуулан хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хандсан. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1/1449 тоот хариу өгөх тухай албан бичгээр бидний гомдлыг хангахаас татгалзсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд андуурагдаж болох ижил, төсөөтэй нэр олгож хуулийн этгээдийг бүртгэсэн нь “******* *******” нь “******* *******"-тэй олон нийт тус 2 байгууллагыг нэг гэж андуурагдах эсвэл шууд холбоотой гэж ойлгох улмаар манай байгууллагын ажил хэргийн нэр хүндийг уг компани ашиглах, мөн эсрэгээр компанийн үйл ажиллагааны үр дүн, алдаа зөрчил, сөрөг нэр хүнд манай “******* *******”-ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, “******* *******” НҮТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл бий болжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;" гэж заасны дагуу “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 сарын 13-ний өдрийн 1/1449 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, "******* *******” ХХК-ний нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгт авагдсан баримт болон нээлттэй мэдээллийн сангаас харахад 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл ******* ******* НҮТББ байгуулагдсанаас хойш 3 жилийн дараа, мөн Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам батлагдсанаас хойш 8 сарын дараа үүсгэн байгуулагдсан байна. 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журамд заасны дагуу төсөөтэй, андуурагдахуйц шинжийг агуулсан байхад Улсын бүртгэлийн газраас нэрийг олгосон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг хэлнэ гэж заасныг зөрчиж ******* *******, ******* ******* гэж андуурагдахуйц нөхцөл байдал үүссэн байхад баталгаажуулсан байна. 

Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр илж, төсөөтэй байж болохгүй” гэж заасан байдаг. Давхардсан гэдэг нь бүртгэлд ижил нэр байхыг ойлгоно. Бусдыг төөрөгдүүлэхээр ижил гэдэгт ******* *******, ******* ******* гэсэн ижил утгаар, төсөөтэй байж болохгүй гэдэгт Улсын бүртгэлийн тухай хуулиар журамлаж Засгийн газраас баталсан 2018 оны Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10-т ямар нэрийг олгож болохгүй вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Уг журмын 3.10.4-т баталгаажуулах нэр нь 1-т бичвэр, /бичвэр гэдэгт хариуцагч нь тайлбарлахдаа 1 үсгийг зөрүүтэй, утга санаа нь өөр байна гэсэн./ 2-т хэлбэр, /хэлбэрийн хувьд ******* *******, ******* ******* гэсэн 2 үетэй/, авианы дуудлагын хувьд ******* *******, ******* ******* гэж төвөгтэй байдал үүсгэж байна. Хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол хориглоно гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ц, ч үсэг нь өөр гэж тайлбарлаж байгаа хэдий ч бичвэр, хэлбэр, авиа дуудлагын хувьд төсөөтэй байвал олгож болохгүй.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10.4-т нэгт бичвэр, хоёрт хэлбэр, гуравт авианы дуудлагын 100 хувь ижил биш, төсөөтэй байх ёстой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төсөөтэй гэдэг үгийн тайлбарыг авахыг хүссэн. Өнөөдрийн маргааны хувьд 100 хувь ижил биш, гэхдээ төсөөтэй. Төсөөтэй байснаар аливаа хуулийн этгээдийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд Иргэний хуулиар хамгаалагдсан халдашгүй байх ижилт төсөөтэй нэр олгосноор ******* *******, ******* ******* хоёр нэрийг нэг гэж андуурагдахаар байна. Төрийн бус байгууллага уу, компани уу гэдэг нь ялгагдахгүй, авиа дуудлагын хувьд төсөөтэй байна. Эсхүл шууд холбоотой гэж ойлгогдохоор байна. Мөн манай байгууллагын нэрийг ашиглаж 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК нь алдаа зөрчил, сөрөг хандлага бүхий асуудал бий болбол нэр нь төстэй учир бусдад манай байгууллагыг гэж ойлгох бодит нөхцөл байна гэж харж байна. Ийм нөхцөл үүсгэж болохгүй гэдэг үүднээс Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар ижил, төсөөтэй байж болохгүй гэж, -Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.10.4-т заасны дагуу бичвэр, хэлбэр, авиа дуудлагыг анхаарч үзэх ёстой. Авиа, дуудлага төсөөтэй байвал олгож болохгүй. Заалтыг зөрчиж хариуцагч байгууллага олгосон. 

Хууль хэрэглээний хувьд Засгийн газрын 2018 онд батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.10.4-т заасан төсөөтэй шинжийг хангаж байна. Хэлбэр, үе, авиа дуудлагын хувьд ялгагдах боломжгүй нөхцөлийг үүсгэж байна. Ийм учраас ******* ******* төрийн бус байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуульд заасан давтагдашгүй олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд үүссэн нэр бусдад андуурагдах үндэслэл байна.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичигт “*******” гэдэг үгийг маш сайн, бүрэн төгс, "*******” гэдэг үгийг утасны эрчид бөөмөрсөн хэсэг, оновч оноц мэргэн үг гэж тус тус тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл тухайн үгнүүд нь бичвэрийн хувьд ойролцоо буюу 1 үсгээр ялгагдахаар байгаа боловч утга санааны хувьд тэс өөр үгнүүд болох нь тодорхой байна.

Тухайн нэрийг баталгаажуулах үед Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ыг мөрдөж байсан ба уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “*******, онч гэдэг үгийг олон нийт ялгаж ойлгодог. Улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл 2018 онд шинэчлэгдсэн. 2015 онд байгуулагдсан “******* *******” ХХК-ийн нэрийг нээлттэй мэдээллийн сангаас харах боломжтой байсан. Нэг үсгээр ялгагддаг утга өөр үг маш олон байдаг. Жишээ нь: Нар, сар, хар. Утгын хувьд тэс өөр. Иргэний хуулийн 27 дугаар зүйл болон бусад хууль журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нөлөөлж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ 2 байгууллагыг төөрөгдүүлсэн андуурсан зүйл одоогоор байхгүй.” гэв. 

8. Гуравдагч этгээд татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

“”******* *******” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан, Монгол Улсын хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол сургалт, бизнес орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах эрхэм зорилготой, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд худалдаа үйлдвэрлэл, жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалт, санхүүгийн төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн компани юм.

Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эхлүүлж, зохих бүхий л стандартыг хангаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн органик гэрчилгээг авсан. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг төгөлдөржүүлэх хүрээнд Оюуны өмчийн газарт бүртгүүлж барааны тэмдэгийн гэрчилгээг авсан.

Өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд Монгол улсад татвараа төлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг төрийн бус байгууллагатай андуурсан тохиолдол гарч байгаагүй болно.

Манай компани хууль дүрмийн дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг, татвар хураамж, даатгалаа зохих ёсоор төлж ирсэн бөгөөд нэр алдарт дуртай нэгэн нь хүчингүй болгуулахаар санаархах эрхгүй гэж бодож байна.

Нэр хүнд хөөсөн ямар нэгэн байгууллага улс төрийн болон ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа эрхэлдэг хэдэн хүний нэгдэл байгууллагын нэр хүндэд эрсдэл учруулж болзошгүй гэж тайлбарлан компанийн бүртгэлийг хүчингүй болгохоор шаардан буй нь үндэслэлгүй бөгөөд ёс зүйгүй хэрэг байна.

Иймд энэ ТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсад нэр алдартай Гацуурт, Гачуурт гэсэн 2 ХХК байдаг. Энэ 2 компани андуурагдаж байна гэж маргаж байгаагүй. 1 чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани шүү дээ. Гачуурт нь газар усны нэр, гацуурт гэдэг нь шилмүүст модны нэр. Хуульчдын дунд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* НҮТББ нь ялгамжтай үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлж чадахгүйгээр татвараа бүрэн төлдөг, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа компанийн нэрийг хүчингүй болгуулъя гэж шүүхэд хандаж байгаа нь хуульчийн хувьд ч, байгууллагын хувьд ч илтэд үндэслэлгүй, ёс зүйгүй гэж үзэж байна.

2018 онд Хууль зүйн сайдын баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”, 2018 онд Засгийн газрын тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам” нь агуулгын хувьд ижилхэн. Яг ямар тохиолдолд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахгүй байх вэ гэдэг ойлголтыг тодорхой зааж өгсөн. 

Манай байгууллагын нэр хүндийг ашиглах, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлаж байна. 2018, 2019 онд “******* *******” ТББ-ын үйл ажиллагаа идэвхгүй байсан. Харин “******* *******” ХХК-ийн хувьд Олон Улсад бүртгэлтэй, Олон Улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол дахь үйл ажиллагаагаа хамтардаг Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Сорсын сан зэрэг эдгээр байгууллагууд “******* *******” ТББ биш, “******* *******” ХХК-ийг мэднэ. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар хууль зөрчсөн, хуульд зааснаар өөр ажиллагаа хийсэн гэж харагдахгүй байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.“Шинээр, өөрчлөн байгуулах замаар шинээр хуулийн этгээд байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.” 14.2.“Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна:”, Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”-ын 4.1.“Улсын бүртгэгч нь энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд хуулийн этгээдийн нэрийг шалгаж, холбогдох хууль тогтоомжид нийцсэн тохиолдолд баталгаажуулна.” гэж тус тус заасны дагуу “******* *******” ХХК нэрийн баталгаажуулалтыг хийлгэхээр хандсаны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас хууль, журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэж гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийсэн нь хуульд нийцсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
  2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээс үзвэл  (http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8090041) нэхэмжлэгч нь Хууль эрх зүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа, сургалт явуулах чиглэлээр, харин  гуравдагч этгээд нь жимс болон хүнсний ногоо боловсруулах, хүнсний жижиглэнгийн болон бөөний худалдаа, жимс жимсгэний мод, бут сөөг тариалалт, жимс жимсгэнэ тариалалт, бизнесийн зөвлөгөө өгөх, жимс болон хүнсний ногоо худалдаалах, хүлэмжийн аж ахуй (http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6008879) гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Я.Цийн Монгол хэлний товч тайлбар толь”-д 

*******ᠣᠨᠴᠠ гэдгийг маш, нэн, туйлын, гойд, маш сайн; манай охин онц дүнтэй шалгагдав; онц хүчтэй шар; онц хүрдан морь; онц зүтгэлтэй ажилтан; "Таван онц"-ын тэмдэгтэй сурагч; 2. бүрэн төгс, чухал; *онц бүрэн эрхт элчин сайд; онц их хурал; гадаад худалдааны онц эрхийг улсын гарт авах (https://tsevel.toli.query.mn/search?q=%D0%BE%D0%BD%D1%86)  гэж; 

ончᠣᠨᠴᠢ гэдгийг оновч; *онч сайтай; онч муутай, оноц, ноц; аньстай газар; ончий нь олох (нарийн эв зүйгий нь олох), утасны эрчид тунасан, атирсан газар (https://tsevel.toli.query.mn/search?q=%D0%BE%D0%BD%D1%87) гэж тус тус тайлбарласан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, онц болон онч гэх үг нь өөр өөр утгыг илэрхийлдэг, бичвэр өөр байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна. 

  1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10.“Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:”, 3.10.4.“баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг;” гэж заасан бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байх шинжид хамаарахгүй байна. 
  1. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.“Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна.”, 27.2.“Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна.”, 27.3.“Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.”, 27.5.“Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.” гэж заажээ.

Гуравдагч этгээд “******* *******” ХХК нь хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад өөрсдийн оноосон нэрийг бүртгүүлэхээр хандаж, нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд шалгаж шийдвэрлэдэг. 

Хариуцагч төрийн захиргааны байгууллагын бүртгэж, баталгаажуулсан гуравдагч этгээдийн нэр нь нэхэмжлэгчийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй биш байх бөгөөд дээрх нэрний улмаар тус 2 байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Дээрх байдлаар гуравдагч этгээдийн нэрийн бүртгэлийг баталгаажуулсан нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2."”нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;” гэж зааснаар нэхэмжлэгч “******* *******” НҮТББ-ын хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, аливаа хэлбэрээр зорилт, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/1449 дүгээр албан бичиг нь хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан “******* *******” НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/1449 дүгээр татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, “******* *******” ХХК-ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН