Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 175

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч П.Өлзийсайхан түүний өмгөөлөгч Г.Нямдалай,

шүүгдэгч О.Батсүх түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

хохирогч Б.Мөнгөнтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.2 дахь, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  Монгол овогт Пүрэвбатын Өлзийсайхан, Боржигон овогт Очирваанийн Батсүх нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020074 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 34 дүгээр байрны 60 тоотод оршин суух, Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг Хайрханы 39 дүгээр байр 10 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Монгол овогт Пүрэвбатын Өлзийсайхан /РД:ТЯ89011912/

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо 33 дугаар байрны 32 тоотод оршин суух, Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг Хайрханы 8 дугаар байр 56 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Очирваанийн Батсүх /РД:ТЯ89031410/

 

Шүүгдэгч П.Өлзийсайхан нь О.Батсүхтэй бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 2016 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” төвийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мөнгөнтулгын толгой нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөн бие махбодид нь зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод хоёр шүдний сулрал бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

  Шүүгдэгч О.Батсүх нь П.Өлзийсайхантай бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 2016 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” төвийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мөнгөнтулгын толгой нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөн бие махбодид нь зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод хоёр шүдний сулрал бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Прокурорын уншиж танилцуулсан яллах дүгнэлт үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгч О.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр бүгд үнэн зөв нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.Мөнгөнтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн орой 12:00 цагийн үед 3 найзын хамт юм ууж суухаар болсон. “Миланж” кароекед ортол Өлзийсайхан, Батсүх 2 байсан. Бид нэг нутгийн хүмүүс болохоор нэг ширээнд хамт сууж архи уусан. Удалгүй маргаан болоод Өлзийсайхан бид хоёр хоорондоо муудалцаад барьцалдаж аваад салсан. Өлзийсайхан бид хоёр тухайн газраас гараад дахин муудалцаж хоорондоо зодолдсон. Удалгүй Батсүх хүрч ирээд Өлзийсайхан бид 2-ыг салгах гэж ирээд Батсүх бид 2 муудалцаад хоорондоо зодолдсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Бид нарыг Ундрал салгаад намайг гэрт хүргэж өгсөн. Надад гомдол, санал болон нэхэмжлэх байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.Батсүх П.Өлзийсайхан нар нь бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 2016 оны 12 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” төвийн орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Мөнгөнтулгын толгой нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөн бие махбодид нь зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод хоёр шүдний сулрал бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараахь баримтууд болох:

Хохирогч Б.Мөнгөнтулгын “2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай аймгийн Шарын гол сумынхан 7 хоног бүрийн лхагва гаригт заал авдаг ба манай сургуулийн зааланд тоглож байгаад  шөнийн 12 цагийн үед дууссан байгаа. Заалаа авчихаад 25 дугаар эмийн сангийн урд талын меланж гэх паабад ороход Батсүх, Өлзийсайхан, Ундрал нар бас ганц нэг танихгүй залуучууд байсан ба би таньдаг учраас ширээнд суухад надад архи хийж уусан. ...Архи уугаад караокед дуулцгаасан. Тэгээд би дуулж байгаад наашаа хараад Ундрахтай юм ярьж байхад инээчихсэн юмаа. Тэрийг Өлзий миний талаар ярьж байна гэж бодсон уу үл ойлголцол болоод чи яагаад инээгээд байгаа юм бэ, чи хүн доромжлоод байна уу гэхэд би чамайг мэднэ ш дээ, хоёулаа багадаа тоглож өссөн шүү дээ, танай аав, ээжийг мэднээ, удам судрыг чинь мэднээ гэхэд Өлзий чи намайг муулаад л байх шиг байна даа гээд уурлаад чи миний удам судрыг мэддэг хэн юм бэ, мэдэх юм бол хэлчих гээд надруу дайраад байсан. ...Бид хоёр босч ирээд чи ер нь юу гээд байгаад юм бэ гээд бие биенээ заамдалцаж аваад цохилцохгүй зууралдаж байгаад салсан. Тэгээд караокены цаг ч дуусаад тэндээс гарах болоод тооцоогоо хувааж төлчихөөд бүгдээрээ гарцгаасан байгаа. Караокеноос гараад үүдэнд байж байтал Өлзий над руу дахиж ойртож буцаж ирээд чи миний удам судрыг мэддэг юм бол одоо хэлчих гэхэд бид 2 дух духаараа мөргөлдөөд чи миний удмыг хэлчихээ гээд намайг түлхэхээр нь би зөрүүлж түлхсэн. Тэгээд тухайн үед хэн нь хэнийг эхэлж цохисныг нь санахгүй байна. Бид хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд би Өлзийг газар унагаагаад хөл рүү  өшиглөөд татаж чирсэн. Тэгтэл Батсүх хүрч ирээд миний араас тэврээд намайг салгаад холдуулсан. Тэгэхээр нь би Батсүхийг чи ер нь яагаад байгаа юм бэ хоёр хүний голоор орлоо гэхэд Батсүх чи муу хэзээ ийм том болчихсон юм бэ гэхээр нь хоёулаа зодолдъё гомдолгүй гээд үзье гэхэд Батсүх бас куртикээ тайлаад миний толгой руу эхэлж цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь цохьсон. Батсүх бид хоёр барилцаж аваад бие биенээ цохилцож байгаад би мөсөн дээр хальтраад уначихсан ба босч ирэх гэж байтал Батсүх миний баруун шанаа руу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл толгой манарсан ба хажуу талаас нь Өлзий орж ирээд зүүн талын шанаа руу өшиглөсөн. Тэгээд Батсүх 2-3 удаа өшиглөсөн. Өлзийг яг өшиглөх үед зүүн талын шанаа орчим яс хугарах шиг мэдрэмж төрөөд хөндүүр болоод манарсан. Би яг энэ үед 4 хөллөсөн, доошоо харсан байрлалтай байсан ба олон өшиглүүлснээс болоод ямар нэгэн үг хэлж чадахгүй дуу гарахгүй байсан. Ундрах харин хүрч ирээд салгаад намайг босгосон. ...Зүүн хацар ясны хугарал гэмтлийг Өлзийсайхан миний биед учруулсан байгаа. ...Харин Батсүх болохоор миний баруун хацар луу өшиглөөд гэдэс рүү 2 удаа өшиглөөд хавирга руу гараараа цохиж байсан. Бусад гэмтэл нь ч гэсэн өшиглөх үед үүссэн байгаа юм. Батсүх ч  гэсэн нүүр лүү цохисон байсан. Сүүлд нь унасан байхад мөн өшиглөж байсан. ...Гомдолтой байнаа. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/

“...Ундрал Америкын Нэгдсэн улс руу явсан гэсэн. Хэзээ ирэх талаар нь мэдэхгүй байна. ...Гомдол санал байх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

 

О.Батсүхийн хохирогчоор өгсөн “Караокены гадна гэрч ирээд байж байхад Өлзийсайхан буюу Өлзий, Мөнгөнтулга нар дахиад Өлзий би хэний хүүхэд юм бэ гэхэд Мөнгөнтулга Өлзийсайханг мангастаад Өлзий дахиад ойрттол нүүр лүү нь шууд цохьсон. Гэтэл Өлзий зөрүүлээд цохилцоод тэр хоёр заамдалцаад бие биеэ цохьсон. Өлзийг Мөнгөнтулга газар унагаагаад дээр нь гараад өшиглөөд гараараа цохиод байсан. Би тэгэхээр нь одоо болноо гээд харж тэсэлгүй Мөнгөнтулгыг цээжнээс хойноос нь гараараа холбоод тэврээд одоо болноо  хангалттай гээд цааш нь болготол Мөнгөнтулга Батсүх муу лалраа чамд би хэлээ биздээ эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн биз дээ алнаа чамайг гээд миний нүүр лүү  шууд цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохьсон.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 846 тоот актад:

1.  Б. Мөнгөнтулгын биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар,  шанааны  зөөлөн эдийн няцрал, 2 нүдний  салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод хоёр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 27 дугаар хуудас/

            Шинжээч эмч Б.Ганзоригийн “Зүүн хацар ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал нь хүндэвтэр гэмтэл үүсэх үед үүссэн байж болно. Зүүн хацар ясны нум хэсэгтээ 2 ширхэг ясны хэлтэрхий үүсгэсэн. Цөмөрсөн хугарлттай байнаа. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг авсан хүн үйлдэл хийж үг хэлэх боломжтой байгаа. Зүүн хацарт хүч үйлчлэх үед хугарал үүсэх боломжтой байгаа. Харин баруун хацарт хүч үйлчлэхэд зүүн хацар яс хугарахгүй байгаа. Зүүн хацар луу өшиглүүлэх үед хугарал үүсч болноо. Хацар ясны хугарал гэмтэл нь нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин бусад гэмтэл нь өөр өөр газарт үүссэн гэмтэл учраас олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

            О.Батсүхийн сэжигтэн яллагдагчаар өгсөн “...Би Мөнгөнтулгыг бага байхаасаа 2000 оноос хойш таних байгаа. ...Гэтэл Өлзийсайхан, Мөнгөнтулга нар муудалцаад зодолдоод байсан учраас би салгах гэж байгаад л ийм зүйл болчихсон байгаа.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/

“...Би өмнөх хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40 дүгээр хуудас/

            П.Өлзийсайханы сэжигтэн яллагдагчаар өгсөн “...би Тэмүүжинтэй юм ярилцаад инээлдэж байхад Мөнгөнтулга зөв зүгээр байж байгаад чиний удмыг мэднэ шүү би чамаас ах шүү гэхээр нь би юу яриад байгаа юм бэ гээд инээгээд өнгөрсөн байсан. ...Мөнгөнтулга миний нүүр лүү 2 удаа мангастаад зайл ална шүү гэж хэлсэн. Би нөгөөх асуултаа асуугаад яг юуг нь мэдэх юм бэ гэхэд Мөнгөнтулга гадуурх куртикээ тайлаад миний нүүрэн тус газарт дахиад нэг удаа цохьсон ба би Мөнгөнтулгыг зөрүүлээд нэг удаа цохьсон Тэгээд бид хоёр барилцаж аваад би газар унаад миний дээрээс Мөнгөнтулга дэвсээд үстээд босгохгүй дээрээс өшиглөөд байсан. Миний толгой руу өшиглөж байхдаа сэмжтэй чинь холино шүү гээд орилоод байсан ба Батсүх 2 удаа салгах гэж оролдтол ойртвол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Гэтэл Батсүх Мөнгөнтулгыг татаад салгасан ба Батсүх, Мөнгөнтулга 2 барилцаад ноцолдоод эхэлсэн. Гэтэл Ундрал намайг татаж босгосон. Батсүх, Мөнгөнтулга 2 салсан ба би хувцас урагдсан байсан болохоор куртикээ тайлаад зогсож байсан. Намайг харж байхад Мөнгөнтулга, Батсүх 2 зодолдоод байсан. Бие биенээ цохьсон байхаа би сайн хараагүй ээ.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 42-43 дугаар хуудас/

“...Би өмнөх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учраас нэмж хэлээд байх зүйл алгаа” гэсэн мэдүүлэг /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч П.Өлзийсайхан нь О.Батсүх нарын энэ үйлдэл нь бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Батсүх П.Өлзийсайхан нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 52, 55 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Хохирогч Б.Мөнгөнтулгаас шүүхэд “...О.Батсүх, П.Өлзийсайхан нарт бие болон сэтгэл санааны хувьд гомдолгүй болохоо үүгээр тодорхойлж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэсэн  хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлжээ.

Иймд шүүгдэгч О.Батсүх П.Өлзийсайхан нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож гаргуулах төлбөргүй байна.

Хохирогч Б.Мөнгөнтулгын биед тогтоогдсон хүндэвтэр гэмтэлийг шүүгдэгч О.Батсүх, П.Өлзийсайхан нарын үйлдэлтэй холбоотой бөгөөд тэдгээр нь хохирогчийг бүлэглэн зодсоны улмаас үүссэн нь нотлогдсон тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Батсүх П.Өлзийсайхан нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлуудыг ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Монгол овогт Пүрэвбатын Өлзийсайханыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Очирваанийн Батсүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар   П.Өлзийсайханыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

О.Батсүхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Өлзийсайхан, О.Батсүх нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар О.Батсүх П.Өлзийсайхан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Батсүх П.Өлзийсайхан нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд тэдгээрт хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар О.Батсүх, П.Өлзийсайхан нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Батсүх П.Өлзийсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Батсүх П.Өлзийсайхан нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ